Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 1083

 

          

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Энхжин,          

Улсын яллагч П.Ганбаатар,  

Шүүгдэгч Н.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Шарнууд овогт Н-н Хт холбогдох эрүүгийн 1909043557485 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн Эрчим хүчний сургуулийн Цахилгаан систем автомажуулалтын 2 дамжааны оюутан, ам бүл 5, эцэг, эх ах, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, 103-10 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 51 дүгээр байрны 66 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / ЙЮ 00322814 / Шарнууд овогт Н-н Х нь:

 

- 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн номын сангийн гадаа иргэн И.Хангайг хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу найз охины зургийг фэйсбүүктэй оруулсан гэх шалтгааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:   

                                                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтууыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч И.Хангай мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Найз Төгөлдрийн хамт цай уугаад сууж байхад Х ирээд шилэн хүзүүн дээр алгадаад авсан. Би “Юу болсон бэ?” гээд босоод ирэхэд Х гаръя гэсэн. Би Хыг дагаад номын сангийн гадаа байх автомашины зогсоол руу очиход Х миний нүүр хэсэгт гараараа цохьсон. Манай найз Төгөлдөр намайг өмөөрч Хангайг хэвлий хэсэгт нь өшиглөсөн. Би Хын нүүр хэсэгт нь нэг удаа цохьсон. Тэгээд хүмүүс ирээд салгах гэж байхад Х миний хамар хэсэгт гараараа нэг удаа цохьсон. Миний биед учирсан гэмтлийг Х учруулсан. Тэрээр миний нүүр хэсэгт 2 удаа цохьсон гэжээ. / хх 15-16 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14005 дугаар дүгнэлтэнд:

 1. И.Хангайгийн биед хамар ясны хугарал , хамрын нуруу, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүд нь дангаараа болон нийлээд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэжээ. / хх- 10 /

 

Гэрч Б.Төгөлдөр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Нэг залуу хүрч ирээд Хангайгийн шилэн хүзүү рүү алгадаад гараад ир гэсэн. Би араас нь гартал тэр хоёр маргалдаж байгаад тэр залуу Хангайгийн нүүр рүү цохьсон гэжээ. / хх 18 /

 

Яллагдагч Н.Х мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би Хангайтай маргалдаж байгаад нүүр, хамар хэсэгт нь нэг удаа цохьсон. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэжээ. / хх 30 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14058 дугаар дүгнэлтэнд:

1. Н.Хын биед гэмтэл тогтоогдсонгүй гэжээ. / хх 9 /

 

Шүүгдэгч Н.Хыг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 29-30 /

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 23  / зэрэг болно.

Шүүгдэгч Н.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардалд 1.450.000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүгдэгч Н.Х нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн номын сангийн гадаа иргэн И.Хангайг хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу найз охины зургийг фэйсбүүктэй оруулсан гэх шалтгааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Х ирээд шилэн хүзүүн дээр алгадаад гаръя гэсэн. Би дагаад очиход Х миний хамар хэсэгт гараараа нэг удаа цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч И.Хангайгийн мэдүүлэг / хх 15-16 / ...И.Хангайгийн биед хамар ясны хугарал , хамрын нуруу, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14005 дугаар дүгнэлт / хх- 10 /, ... Хангайгийн нүүр рүү Х цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Төгөлдөрийн мэдүүлэг / хх 18 /, Би Хангайтай маргалдаж байгаад нүүр, хамар хэсэгт нь нэг удаа цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Н.Хын мэдүүлэг / хх 30 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Н.Х нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд эмчилгээний зардлыг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдлыг харгалзан, прокурорын санал болгосон 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч И.Хангай нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй / хх 38 / гэсэн тул шүүгдэгч Н.Х нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

            Шүүхээс шүүгдэгч Н.Хыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                                                

1. Шүүгдэгч Шарнууд овогт Н-н Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н-н Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь  / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Н.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Х нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Н.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.ОЮУНЧИМЭГ