| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0949/Э |
| Дугаар | 952 |
| Огноо | 2019-11-08 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.М |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 952
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,
Улсын яллагч Б.Мөнгөншагай,
Шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гөөг овогт Б-н О-од холбогдох эрүүгийн 1909023560939 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангай 22-34 тоотод оршин суух,
Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 47А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 2 сар хорих ял,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 223 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ЛЛ 82011676 / Гөөг овогт Б-н О нь:
- 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Чингисийн талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Чу Цэ Линг Эвагийн халааснаас Ай Фоне Икс Аар маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.592.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Чу Цэ Линг Эва мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Би 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод дүүгийн хамт аялах гэж ирсэн. Тэгээд 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр дүүтэй хамт Чингис хааны талбайн урд талын цэцэрлэг дотор явж байгаад халааснаасаа өөрийн Ай фон Икс Аар маркийн гар утсаа алдсан. Тэгээд тухайн үед бид хоёр хулгайчийг олоод гар утсаа эргүүлж аваад цагдаад хулгайчийг барьж өгсөн гэжээ. / хх 15-16 /
Хохирогч Чу Цэ Линг Эва гэрчээр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Тухайн үед би гарцаар гарч байсан ба гарцаар гарчихаад халаасандаа байсан гар утсаа үзтэл байхгүй. Тэгээд би байхгүй болохоор нь гайхаад зогсож байтал нэг эрэгтэй хүн хажуугаар өнгөрөөд буцаад над руу хараад цаашаа явахаар нь хулгайч байна гэж бодоод хойноос нь хөөгөөд барихад миний гар утсыг гаргаж өгөхөөр нь би утсаа аваад зогсож байтал тэр эрэгтэй хүн газраас чулуу авч цохих гэж оролдсон гэжээ. / хх 18-22 /
Гэрч Жу Жунг Лин мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Манай эгч халааснаасаа гар утсаа алдсан. Тухайн үед эгч бид хоёулаа зогсож байсан ба бид хоёрын ойр хавьд нэг эрэгтэй хүн байсан ба тэр эрэгтэй эгч бид хоёр руу сэжигтэй хараад байсан. Тэгээд эгч бид хоёр анхандаа тэр хүнийг сэжиглэхгүй явж байсан. Тэгтэл тэр эрэгтэй цаашаа модон дундуур ороод гүйгээд явахаар нь хулгайч юм байна гэж бодоод араас нь гүйгээд бариад авсан. Тэгтэл тэр эрэгтэй манай эгчийн гар утсыг гаргаж өгсөн гэжээ. / хх 21-22 /
Хохирогч Чу Цэ Линг Эва, гэрч Жу Жунг Линг нараар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл / хх 9-14 /
Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл / хх 08 /
Гэрч Б.О мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Төв шуудангийн урд уулзвар дээр явж байгаад гадаад улсын 2 иргэнтэй таарсан. Тэгээд тэр 2 иргэний нэгнийх нь өмдний баруун талын халааснаас Айфон маркийн гар утас авсан. Тэгээд удалгүй тэр иргэд намайг мэдээд миний араас гүйгээд ирэхээр нь би гар утсыг нь эргүүлж өгсөн. Тэгээд би цаашаа явах гэтэл араас орилоод дагаад байсан. Тэгээд цагдаа нар ирээд намайг бариад авсан гэжээ. / хх 23 /
“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 24-27 /
Шүүгдэгч Б.Оыг 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 31-32 /
Шүүгдэгч урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 34 / зэрэг болно.
Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Утсыг нь буцааж өгсөн. Одоо эхнэртэйгээ хамт ажил хөдөлмөр хийж байгаа. Дахин ийм хэрэг үйлдэхгүй гэв.
Шүүгдэгч Б.О нь 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Чингисийн талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Чу Цэ Линг Эвагийн халааснаас Ай Фоне Икс Аар маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.592.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр дүүтэй хамт Чингис хааны талбайн урд талын цэцэрлэг дотор явж байгаад халааснаасаа өөрийн Ай фон Икс Аар маркийн гар утсаа алдсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Чу Цэ Линг Эвагийн мэдүүлэг / хх 15-16 /, ... Тэр эрэгтэй эгч бид хоёр руу сэжигтэй хараад модон дундуур ороод гүйгээд явахаар нь араас нь гүйгээд бариад автал манай эгчийн гар утсыг гаргаж өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Жу Жунг Лингийн мэдүүлэг / хх 21-22 /, ...Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл / хх 9-14 /, ...Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл / хх 08 /, ...2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Төв шуудангийн урд уулзвар дээр явж байгаад гадаад улсын 2 иргэнтэй таараад нэгнийх нь өмдний баруун талын халааснаас Айфон маркийн гар утас авсан. Гар утсыг нь эргүүлж өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Оын мэдүүлэг / хх 23 /, ...“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 24-27 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Оыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.О нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул түүний хувийн байдлыг харгалзан түүнд хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Гөөг овогт Б-н Оыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Оын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
5. Б.О-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.О-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ