Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 965

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,                                  

Улсын яллагч Э.Оюунтунгалаг,

Шүүгдэгч С.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

                                                                              

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алтанбосго овогт С-н Гд холбогдох эрүүгийн 1909033890961 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Жаргалант сум, 4 дүгээр баг, Эмээл толгойд оршин бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Ногоон төгөл хотхоны 72 дугаар байрны 17 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / ВН 95051732 / Алтанбосго овогт С-н Г нь:

 

- 2019 оны 09 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ай лофт” нэртэй шөнийн цэнгээний газарт иргэн Д.Соёмбыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Д.Соёмбо мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2019 оны 09 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө “Ай лофт” нэртэй бааранд үйлчлүүлж байсан. Бүжгийн талбай дээр үл таних эмэгтэйг шүргээд гарсан. Би эргээд уучлалт гуйх гэж байтал хажуунаас нэг залуу шууд нэг удаа миний хамар хэсэг рүү цохьсон. Баарны хамгаалагч нарыг дуудаад цагдаа дуудсан гэжээ. / хх 4-7 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10684 дүгээр дүгнэлтэнд:

 1. Д.Соёмбын биед хамрын баруун хажуу хананы хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 14 /

 

            Яллагдагч С.Г мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 09 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө эхнэр Хулангийн хамт “Ай лофт” бааранд орж үйлчлүүлсэн. Бүжгийн талбай дээр бүжиглэж байхад нэг залуу эхнэрийн араас дайрч, намайг мөрлөж өнгөрсөн. Тэгээд би “Чи урд замаа харж яв л даа” гэхэд “Чи юу гээд байгаан юм” гээд гараа атгасан байдалтай ирэхээр нь урдаас нь зөөлөн цохьсон гэжээ. / хх 8-9 /

 

Шүүгдэгч С.Гг 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 26-27/

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 33 / зэрэг болно.

 

Шүүгдэгч С.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би хохирогч Д.Соёмбод хохирлын 120.000 төгрөгийг шилжүүлсэн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.  

 

Шүүгдэгч С.Г нь 2019 оны 09 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ай лофт” нэртэй шөнийн цэнгээний газарт иргэн Д.Соёмбыг мөрөллөө гэж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.  Үүнд: ...Би эргээд уучлалт гуйх гэж байтал хажуунаас нэг залуу шууд нэг удаа миний хамар хэсэг рүү цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Д.Соёмбын мэдүүлэг / хх 4-7 /, ... Д.Соёмбын биед хамрын баруун хажуу хананы хугарал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10684 дугаар дүгнэлт / хх 14 /, ...Би “Чи урд замаа харж яв л даа” гэхэд “Чи юу гээд байгаан” гээд урдаас нь цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч С.Ггийн мэдүүлэг / хх 8-9 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч С.Гг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

 

Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирогч Д.Соёмбо нь 300.000 төгрөг нэхэмжилсэн боловч “Натур” эмнэлэгт толгойн томографикийн оношлогоо хийлгэхэд 120.000 төгрөг төлсөн. / хх 18 / хэрэгт авагдсан. Дээрх хохирлыг шүүгдэгч нөхөн төлсөн байх тул цаашдын эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Г нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

            Шүүхээс шүүгдэгч С.Гг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                                                                                                                            

1. Шүүгдэгч Алтанбосго овогт С-н Гг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч С-н Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурьдаж, хохирогч нь  эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Г нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. С.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ОЮУНЧИМЭГ