Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 1020

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Энхжин,                                             

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Шүүгдэгч Х.Э, түүний өмгөөлөгч А.Баярмагнай,

Хохирогч Ш.Гансүх нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Х-н Эт холбогдох эрүүгийн 1909033121048 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Монгол-3000 ХХК-нд менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид хороолол 9-13 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ХГ 73020574 / Боржигон овогт Х-н Э нь:

 

- 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол-3000 төвийн автомашины зогсоолд тээврийн хэрэгслээ байршуулахаар нэвтрэх үедээ зогсоолын хаалтыг удаан онгойлгосон гэх шалтгаанаар тус төвд хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж байсан иргэн Ш.Гансүхтэй маргалдаж, улмаар түүнийг газар унаган зодож, эрүүл мэндэд нь бүсэлхийн 2 дугаар нугаламын зүүн талын хөндлөн сэртэнгийн далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ш.Гансүх мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Захирлын жолооч машинаасаа бууж ирээд миний нүүр рүү мөргөөд, үүрээд газар шидсэн. Тэгээд намайг зодсон. Тухайн үед уг жолоочийн бичиг баримт нь газар унасан байсан чинь уг жолооч залуу надад хандан “Гөлөг минь. Наад бичиг баримтаа аваад өг” гээд над руу дайраад байсан. Тэр хавийн хүмүүс болиоч гэж хэлсэн тул уг этгээд үйлдлээ таслан зогсоосон. Миний нуруу өвдөөд байхаар нь гэмтлийн эмнэлэг орж зураг авахуулсан чинь нурууны сэртэн яс хугарсан байна гэж хэлсэн гэжээ. / хх 9-12 /

Гэрч Ш.Бүрэнбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Х.Э ах хамгаалагчтай заамдалцсан зогсож байсан. Тэгээд би хажуунаас нь “Болиоч” гэж хэлсэн. Тэр үед Х.Э ах тавиач чи гээд заамдсан гарыг нь тавиулах гээд байгаа бололтой дугтраад, тэр хамгаалагч тавихгүй байсан. Тэгсэн чинь Х.Э ах тавиач гээд заамдсан байдалтай байж байгаад түлхсэн. Би хүүхдээ аваад эргээд харсан чинь хамгаалагч газар өвдөглөсөн байдалтай босож ирж байсан гэжээ. / хх 14 /

 

Гэрч Ж.Дамдинсүрэн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Ш.Гансүх нэг хүнтэй заамдалцаад зогсож байсан. Би “Боль” гэж хэлээд цааш явсан. Төд удалгүй эргээд харахад Ш.Гансүх өвдөглөөд босож байсан. Ш.Гансүх “Ёо ёо” гээд зогсож байсан гэжээ. / хх 40 /

 

Гэрч Ш.Ууганбаатар мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Ш.Гансүх залгаад шуурхай ирэх шаардлагатай байна. Энд асуудал үүссэн гэж хэлсэн. Тэрний дагуу би яваад очиход тус компанийн захирлын жолооч маргаан үүсгээд үүрээд шидсэн. Нуруу өвдөөд байна. Явж үзүүлэх шаардлагатай байна гэсэн. Эхнэр ирсэн авч явах гэж байна гэхээр нь би оронд нь үүрэг гүйцэтгэсэн гэжээ. / хх 41 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10218 дугаар дүгнэлтэнд:

1. Ш.Гансүхийн биед бүсэлхийн 2 дугаар нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн далд хугарал гэмтэл тогтоодлоо. зэрэг болно.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлслэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. / хх 16 /

 

Шүүгдэгч Х.Эыг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 35-36 /

 

Шүүгдэгч урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 33 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Х.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энэхүү хэрэг нь 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр болсон. Машины зогсоол руу ороход хаалттай байдаг. Гаднаас ороход төв замын урсгалыг хаачихдаг тул дотор талаас гарч ирж байгаа машинд  би ухарч зай тавих ямар ч боломжгүй байсан болохоор гарах гэж байгаа машины жолоочид хандаж “Байж бай” гээд сигнал дарсан. Үүнийг Ш.Гансүх өөрийг нь тэгж байна гэж ойлгоод хараалын үг хэлсэн. Би “чиний ажил шүү дээ” гэхэд Ш.Гансүх хамгаалагч гэдэг хүн биш юм уу гээд заамдаж авсан. Ингээд Ш.Гансүхийг мөрлөөд эргэхэд унасан. Дараа нь би ажил руугаа ороход дарга бид 2-ыг өрөөндөө дуудаж “Та 2 нэг газар ажилладаг хүмүүс, одоо бие биенээсээ уучлалт гуй” гэсэн тэгээд уучлалт гуйгаад салсан. Хохиролд 500.000 төгрөг авсан гэв.

 

Хохирогч Ш.Гансүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний бие 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “Монгол 3000” ХХК дээр хамгаалагчийн үүргээ гүйцэтгэж байхад Х.Э очихын завдалгүй сигналдаад байсан тул би “Чи ямар сүртэй юм бэ” гэхэд Х.Э машинаасаа буугаад нүүр рүү мөргөөд, намайг үүрээд шидсэн. Тухайн үед бид 2 тэгээд салсан. Миний нурууны сэртэн яс хугарсан байсан. Тухайн үед өвдөөгүй ч 3-4 цагийн дараа нуруу өвдөж эхэлсэн. Захиралд Х.Э бид 2 жаахан муудсан гэж хэлэхэд бид  2-ыг уулзуулаад гар бариулаад салсан. Хэсэг хугацааны дараа захирал дуудаад 50.000 төгрөг өгөөд болно биз дээ гэж хэлсэн. Би эхнэртээ болсон явдлын талаар хэлээд нуруу өвдөөд байна гэхэд эхнэр ирээд 50.000 төгрөгийг захиралд буцааж оруулж өгсөн. Эхнэр  бид 2 гэмтлийн эмнэлэг дээр очиж зургаа авахуулсан. Гэмтэл орж зургаа авахуулахад хүндэвтэр гэмтэл учирсан гэсэн. Хохиролд 500.000 төгрөг авсан. Нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Шүүгдэгч Х.Э нь 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол-3000 төвийн автомашины зогсоолд тээврийн хэрэгслээ байршуулахаар нэвтрэх үедээ зогсоолын хаалтыг удаан онгойлголоо гэх шалтгаанаар тус төвд хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж байсан иргэн Ш.Гансүхтэй маргалдаж, улмаар түүнийг үүрч нийцэн газар унагаж, эрүүл мэндэд нь бүсэлхийн 2 дугаар нугаламын зүүн талын хөндлөн сэртэнгийн далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Захирлын жолооч машинаасаа бууж ирээд миний нүүр рүү мөргөөд, үүрээд газар шидсэн. Гэмтлийн эмнэлэг орж зураг авахуулсан чинь нурууны сэртэн яс хугарсан байна гэж хэлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Ш.Гансүхийн мэдүүлэг / хх 9-12 /, ... Х.Э ах “Тавиач” гээд заамдсан байдалтай байж байгаад түлхсэн. Эргээд харсан чинь хамгаалагч газар өвдөглөсөн байдалтай босож ирж байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ш.Бүрэнбаярын мэдүүлэг / хх 14 /, ...Ш.Гансүх нэг хүнтэй заамдалцаад удалгүй эргээд харахад Ш.Гансүх өвдөглөөд босож байсан. Ш.Гансүх “Ёо ёо” гээд зогсож байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ж.Дамдинсүрэнгийн мэдүүлэг / хх 40 /, ...Ш.Гансүх залгаад шуурхай ирэх шаардлагатай байна гэхээр нь захирлын жолооч маргаан үүсгээд үүрээд шидсэн гэж хэлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ш.Ууганбаатарын мэдүүлэг / хх 41 /, ... Ш.Гансүхийн биед бүсэлхийн 2 дугаар нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн далд хугарал гэмтэл тогтоодлоо. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10218 дугаар дүгнэлт / хх 16 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Х.Эыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Х.Э нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн тул, түүний үйлдсэн хэргийн нийгсийн хор аюул, учруулсан хохирол, түүний хувийн байдлыг харгалзан түүнд хуульд заасан 1500 нэгж буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар улсын яллагч санал гаргасныг хүлээн авах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Х.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                                                                                                 

1. Шүүгдэгч Боржигон овогт Х-н Эыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр санаатай хохирол учруулсан гэмт хэрэг гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Х-н Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгж буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Х.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Э нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

7. Х.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Х.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ОЮУНЧИМЭГ