Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 1022

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Энхжин,                                            

Улсын яллагч Т.Цэнд-Аюуш,

Шүүгдэгч Б.Х, М.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Б-н Х, Боржигон овогт М-н М нарт холбогдох эрүүгийн 1909036311162 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв. 

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архетекторч мэргэжилтэй, “Ворлд неэ медиа” ХХК-д дизайнер ажилтай, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 33 дугаар гудамж 357 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:УИ 95101014 / Боржигон овогт Б-н Х,  

 

2. Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архетекторч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт  Дорноговь аймаг, Замын-Үүд 4 дүгээр баг, Сүлд, Төмөр замчдын өргөн чөлөө гудамж 105 дугаар байр 11 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, 53-792 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД ЕО 95061817 / Боржигон овогт М-н М

 

- Б.Х, М.М нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Голомт капиталын 406 тоот өрөөнд нэвтэрч хохирогч Х.Эрдэмтөгсийн компьютерын процессорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4.588.277 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-“Шпиц” ХХК гэсэн бичигтэй хаалгаар ороход... өрөөний урд хэсэгт захирлын өрөө гэсэн бичигтэй өрөө байсан ба хаалга нь онгорхой, өрөөний хаалга цоожинд ямар нэгэн эвдрэл гэмтэл үгүй байв. Хар өнгийн ширээ сандал байсан ба ширээний доод хэсэгт алдагдсан гэх процессор байсан гэзрыг шинжээч 8 дугаарт тэмдэглэн гэрэл зургийг авлаа гэсэн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 9-12 /

 

-Хар өнгийн компьютерийн процессорыг хохирогч Х.Эрдэмтөгсөд хүлээлгэн өгсөн гэсэн Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх 13 /

 

М.Мөөс хар өнгийн компьютерийн процессорыг түр хураан авсан гэсэн Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл / хх 14 /

 

Хохирогч X. Эрдэмтөгс мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 09 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Голомт Капиталын 406 тоот миний өрөөнд байсан комьпютерын процессор алга болсон байсан. Миний компьютерын процессор нэлээн өндөр хүчин чадалтай нийт 6.500.000 төгрөгөнд боссон эд байгаа юм. Хулгайд алдсан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээн авлаа. Хулгай хийсэн хүмүүст хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэжээ. / хх 15-16 /

 

            “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 26-27 /

 

Шүүгдэгч М.Мийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 39-40 /

 

Шүүгдэгч Б.Хаш-Эрдэнийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 50-51 /

 

Шүүгдэгч нар урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 44, 55 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: М.М бид хоёр “Шпитц” ХХК-д ажиллаж байгаад  гарсан. Бид хамтарч хувиараа интерер дизайн хийе гээд төлөвлөж байх үед Нарангаас захиалга ирсэн. Ажлын хөлс нь боломжийн байсан хэдий ч хугацаа нь давчуу байсан. Ингээд М.Мт байсан түлхүүрийг аваад шөнө оффис руу орж, компютерийг авсан. Маск зүүсэн шалтгаан нь захиралтай таарамж муутай байсан болохоор өөрийгөө танигдуулахгүй гэж зүүсэн. Уг ажилд Х.Эрдэмтөгсийн компьютерыг авч хэрэглэсэн ч заръя гэж бодоогүй. Хэрэглэчихээд өгье гэж бодож байсан. Зарах санаа зорилго байгаагүй. Зүйл ангийг зөвшөөрөхгүй байна. Компьютерыг зөвшөөрөлгүй авсан нь үнэн  гэв.

 

Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Шпитц” ХХК-д анх 04 сард ажилд ороод 09 сард ажлаас гарахдаа өөрт өгсөн түлхүүрийг хүлээлгэж өгөөгүй тул надад байсан. Ажлаас гарах болсон шалтгаан нь хувиараа зургаа зурж бизнес эрхлэх нь ашигтай санагдаад гарсан. Гэтэл “Наран” ХХК-ний захирал Удвал яриад хурдан хугацаанд хийлгэх ажил байна гэж хэлсэн. Тухайн үед би өөрийн компьютераа ломбарданд тавьсан байсан. Ингээд Б.Хтэй ярилцаад “Шпиц”-ийн хэрэглэдэггүй илүү компьютерийн процессорыг түр хэрэглээд өгье. Хэрэглэдэггүй болохоор мэдэхгүй байх гэж бодоод шөнө очиж авсан. Би санаачилсан. Зөвшөөрөл аваагүй нь үнэн. ЦБ-с ярихаар нь эхлээд аваагүй гэж хэлсэн. Дараа нь үнэнээ хэлээд бүрэн бүтэн буцааж өгсөн. Зүйл ангийг зөвшөөрөхгүй байна. Компьютер нь түүх соёлын дурсгалт зүйл биш гэв.

 

Шүүгдэгч Б.Х, М.М нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний шөнийн 02.04 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Голомт капиталын 406 тоот өрөөнд байрлах “Шпиц“ ХХК-ний оффист М.Мт байсан түлхүүрээр онгойлгон нэвтэрч, хохирогч Х.Эрдэмтөгсийн компьютерын процессорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4.588.277 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:  ... Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 9-12 /, ...Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх 13 /, ...Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл / хх 14 /, ...2019 оны 09 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Голомт Капиталын 406 тоот миний өрөөнд байсан комьпютерын процессор алга болсон байсан. Голомт Капитал төвийн камерыг шүүж үзэхэд 02.04 минутанд  барилгын хашаагаар цагаан өнгийн номер дугаар тодорхойгүй прүсс 30 машин орж ирээд дотроос нь цайвар өнгийн жинсэн яктай бараан өнгийн юүдэнтэй цамцтай, цагаан өнгийн адидас стар нэртэй пүзтэй, цагаан өнгийн маска зүүсэн хүн орж ирээд манай оффисийн өрөөний хаалгыг түлхүүрдэж онгойлгоод миний процессорыг аваад явсан байсан  М.М ажиллах хугацаандаа түлхүүрийг авч үлддэг байсан. Б.Х, М.Мөнхтөр нарыг сэжиглэж байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч X.Эрдэмтөгсийн мэдүүлэг / хх 15-17 /, ...Зүйл ангийг зөвшөөрөхгүй байна. Гэм буруугаа хүлээж байна. Хэрэглэж байгаад буцааж өгсөн. Хулгай хийгээгүй. Зөвшөөрөлгүй авсан нь үнэн гэсэн яллагч Б.Хаш-Эрдэний мэдүүлэг  / хх 50-51 /,  ...Би санаачилж, бид хоёр ярилцаж тохиролцоод хуучин ажиллаж байсан компанийхаа компьютерын процессорыг түр ашиглаж байгаад өье гэж тохиролцоод түлхүүрээр нь Б.Х оффис руу орж авчирсан. Би цаана нь хүлээж байсан. Зүйл ангийг зөвшөөрөхгүй байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч М. Мийн мэдүүлэг / хх 19 /, ...процессорыг 4.588.277 төгрөгөөр үнэлсэн  “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 26-27 / зэрэг болно.

           

            Прокуророос М.М, Б.Х нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Мөрдөн шалгалтын явцад М.М, Б.Х нарыг бүлэглэн, “ Шпиц “ ХХК-ний өрөөнд нэвтэрч, хохирогч Х.Эрдэмтөгсийн компьютерийн процессорыг хулгайлан авч 4.588.277 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан / хх 04-05 /, яллах дүгнэлтэнд шүүгдэгч нарыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрсэн гэж гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлон бичсэн байх ба 2.2 гэж бичсэнг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.4-д заасан техникийн шинжтэй алдаа гэж үзсэн, хэн аль нь хүсэлт гаргаагүй тул шүүх хуралдаанаар залруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зөвтгөж шийдвэрлэх нь хуульд харшлахгүй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч М.М, Б.Х нарыг бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын хөрөнгийг хүч хэрэлэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, 4.588.277 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М.М, Б.Х нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн эд зүйлийг буцаан өгч хохирлоо барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч М.М, Б.Х нар нь хохирогчийн зөвшөөрөлгүйгээр, өөрт байсан түлхүүрийг тааруулан эд хөрөнгийг хууль бусаар авсан болохоо хүлээн зөвшөөрдөг бөгөөд  зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь компьютер нь түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технилогийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлсийг хулгайлаагүй гэсэн нь үндэслэлтэй тул урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, гэнэн зангаасаа болж гэмт хэрэг үйлдсэн, зан төлвийн хувьд эвдрээгүй, процессорыг буцаан өгч хохирлыг барагдуулсан, хохирлын хэмжээ, хор уршиг зэргийг харгалзан тэдгээрт хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, М.М, Б.Х нар нь  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурьдав.

 

Шүүхээс шүүгдэгч  М.М, Б.Х нарыг өмгөөлүүлэх эрхээр ньхангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн Эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул тэдгээрийн хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:  

 

1. Прокуророос М.М, Б.Х нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Боржигон овогт Б-н Х, Боржигон овогт М-н М нарыг бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын хөрөнгийг хүч хэрэлэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, 4.588.277 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

3. Шүүгдэгч Б-н Х, М-н М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-г журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д зааснаар тус бүрийг 1 / нэг / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, М.М, Б.Х нар нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.  

 

5. М.М, Б.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.  

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.М, Б.Х нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ОЮУНЧИМЭГ