Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 194

 

 

 

 

 

 

 

 

 

    2020           04            03                                         2020/ШЦТ/194                                 

                                                                                                                      

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г-ийн М-эд холбогдох эрүүгийн 2017 2603 0529 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ц.Отгонсүрэн, шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга М.Солонго шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, эрэгтэй, 41 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

- Баянгол дүүргийн шүүхийн 1995 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 402 дугаартай  таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн  123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 02 жил хорих ял шийтгэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих оногдуулсан тогтоол биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 116 дугаартай  таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял оногдуулсан тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 353 дугаартай  таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих, мөн хуулийн 241 дүгээр зүйлд зааснаар 1 жил хорих, 240 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял тус тус шийтгэж, хөнгөн ялыг хүндэд багтааж нийт 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 116 дугаартай  таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн,  биечлэн эдлэх ялыг бүгд 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял гэж тогтоосон,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 18 дугаартай  шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 11 жил хорих ял, 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял, 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял, 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хөнгөн ялуудыг хүндэд багтааж, бүгд 11 жилийн хугацаагаар хорих ял   оногдуулан, уг ял дээр Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 353 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 03 жил 06 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 01 сар 24 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг бүгд 12 жил 01 сар 24 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар онц аюултай гэмт хэрэгтэнээр тооцогдсон,  2014 оны 4 сарын 11-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай Б овогт Г-ийн М-э /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Г.М нь:

- 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингисийн хүрээ” амралтын газрын автомашины зогсоол дээр байсан хххх улсын дугаартай “Тоёота кроун” загварын автомашинд байсан иргэн Б.Д-ий эзэмшлийн Samsung S6 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч, 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингисийн хүрээ” амралтын газрын 508 тоот амралтын гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч иргэн О.Н-ийн эзэмшлийн Iphone 7 маркийн гар утсыг хулгайлан авч, 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Мөн шүүгдэгч нь:

- Цахим хэрэгсэл ашиглан Erdenee Erdene гэх нэрээр харилцан “Банк бус санхүүгийн байгууллага ажиллуулдаг, Англи Улс руу явна, эхнэр эдийн засагчаар Англид сурдаг,  машинууд зарна, авах уу, эсхүл авах хүн мэдэж байгаарай” гэж мессеж, зураг илгээх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас мобайл банк үйлчилгээг ашиглан 5540хххх99 дугаарын данснаас В.А-гаас шилжүүлсэн 2.000.000 төгрөгийг залилан авсан,

- хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр иргэн С.Х-т өөрийгөө Э гэж танилцуулан, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны 05173 дугаар салбараас 5026хххх41 тоот данс руу 5.000.000 төгрөг,

- 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 5069хххх99 тоот данс руу 10.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, залилсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.

 

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Г.Мэс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Тухайн хэрэг гарсан 2017 оны 4 сарын 27-нд урьдын танил найзуудтай уулзаад тэр оройдоо Нисэхийн тийшээ Чингисийн хүрээ амралтын газарт Халзанхүүгийн машинтай очсон. Бид “Чингисийн хүрээ” амралтын газар очиж, бүгд архи уусан байсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ч өөрийгөө удирдан хянах чадвартай байсан. Гар утсыг нь хулгайлан авсан хохирогч нарт учруулсан хохирлыг бэлэн мөнгөөр бүрэн нөхөн төлж барагдуулсан. Тухайн цаг хугацаанд дүүгийнхээ компанид ажиллаж байсан учир дүүгээсээ цалингийн урьдчилгаа хохирлыг төлсөн.

Мөн залилсан гэх хэргийн хохирогч нар болох Алимаагаас 2.0 сая төгрөг авсан, мөн иргэн Х-аас 15.0 сая төгрөг авсан нь үнэн. Энэ бүгд үнэн, энэ хэргийг би ганцаараа үйлдсэн. Миний хувьд прокурорын сонсгсон ялыг хүлээн зөвшөөрч байгаа. Хэргийн зүйлчлэл гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг бүрэн нөхөн төлсөн байгаа. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Сүүлийн 17.0 сая төгрөгийг ээжийнхээ нэр дээр байдаг хашаа байшинг зараад өгсөн юм. Өндөр настай эхийнхээ хамт амьдардаг, ээжийгээ асарч сувилах шаардлагатай, мөн хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан хөнгөн ял шийтгэж өгнө үү. Дахин хэрэг зөрчилд холбогдохгүй.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 201726030529 дугаартай хэргээс:

 

Нэг. “Чингисийн хүрээ” амралтын газарт үйлдэгдсэн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлан авсан гэх үйлдэлтэй холбоотой:

 

1.1. 2017 оны 4 сарын 28-ны өдрийн хэрэг учрал гарсан Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингисийн хүрээ” амралтын газарт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 03-07х/,

 

1.2. Хэрэг гарсан өдрийн “Чингисийн хүрээ” амралтын газрын гаднах хяналтын камерийн бичлэг бүхий дискинд үзлэг хийсэн тэмдэглэл, дуу дүрсний бичлэг бүхий 1 ш дискийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол /хэргийн 1-р хавтас 08-10х, 45х/,

 

1.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Д-ий хохирогчоор өгсөн:

“...Би 2017 оны 4 сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө нөхөр Мөнхбаяр, нөхрийн найз Цогоо, Дээгий, Номин-Эрдэнэ нарын хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингисийн хүрээ” амралтын газарт амрахаар очсон. Тухайн үед бид нар манай нөхрийн эзэмшлийн хххх улсын дугаартай Тоёота Кроун маркийн, саарал өнгийн машинтай явсан юм. Амралтын газар очоод гэр авч, машинаас эд зүйлсээ авч гэр рүүгээ зөөж байх үед автомашины хаалга цоожлогдоогүй, онгорхой байсан.

Гэртээ эд зүйлсээ зөөж оруулж тавьчихаад буцаж ирээд машинаас гар утсаа авах гэхэд машинд байсан гар утас алга болсон байсан. Машины урд талд би өөрийн эзэмшлийн 89992422 дугаартай, Samsung S6 маркийн саарал өнгийн гар утсаа цэнэглээд орхисон байсан юм. Уг алдагдсан гар утсанд содон шинж тэмдэг байхгүй. 2017 оны 4 сарын 20-нд төрсөн ах Билгүүн Солонгос Улсаар каргогоор илгээсэн, бэлгэнд авсан гар утас байгаа юм. Тухайн үед миний утас асаалттай, цэнэгэнд байсан. Бид нарыг амралтын газар очоод эд зүйлсээ зөөж байхад манай машины ар талд Приус-20 маркийн зогсож байсан.

Жолооч нь дотор сууж байсан. Өөр хүн байсан эсэхийг мэдэхгүй, анзаарч хараагүй. Тэр хүмүүс авсан байж магадгүй, гэхдээ тэр хүмүүсийг хулгай хийгээд авчихна гэж бодоогүй учир тухайн үед уг машины улсын дугаар, өнгийг анзаарч хараагүй.

Би эд зүйлийн үнэлгээтэй танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. ...Миний хувьд өөрт учирсан хохирлоо бүрэн төлүүлсэн, миний гар утсыг хулгайлан авсан хүнээс үнэлгээгээр тогтоогдсон үнэ болох 900.000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан. Иймд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Би шүүх хуралд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 46-47х, 108х/,

 

1.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Н-ийн хохирогчоор өгсөн:

“...Би 2017 оны 4 сарын 26-ны өдөр найз Энхтулга, бүтэн нэрийг нь мэдэхгүй байна Очоо нарын хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингисийн хүрээ” нэртэй амралтын газарт 508 дугаартай гэр аваад хоносон. Хоёр дахь өдрөө буюу 4 сарын 27-ны орой 00 цагийн орчим гэрт сууж байхад хар бараандуу царайтай хүн хаалгаар шагайгаад “өө уучлаарай, андуурсан байна” гэж хэлээд хаалга хаачихсан.

Бид нар тухайн үед пиво уугаад сууж байсан бөгөөд орой 01 цаг өнгөрч байхад унтаж амарсан. Гэрийн хаалгыг түгжилгүй хэсэг унтчихсан байсан. Намайг унтаж байхад гэрт хүн яваад байх шиг санагдахаар нь хамт байсан найз Энхтулгад “гэр дотор хүн яваад байгаа юм биш үү” гэж хэлэхэд тэрээр босож хаалга түгжсэн. Тэгэхдээ хаалга түгжихээс өмнө хүн ороод авчихсан юм шиг байна лээ, өглөө 09 цагийн үед гар утсаа хайгаад олоогүй.

2017 оны 4 сарын 11-ний өдөр найз Баттөмөрөөс бэлгэнд авсан, Iphone 7 маркийн гар утсаа хулгайд алдсан. Би эд зүйлийн үнэлгээтэй танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. ...Би өөрт учирсан 1.700.000 төгрөгийн хохирлоо нөхөн төлүүлсэн, одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 111-112х, 114х/,

 

1.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Энхтуяагийн гэрчээр өгсөн:

“...Би хххх улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашиныг 2017 оны 5 саын 26-ны үед Чүлтэмийн Лхамсүрэн гэдэг хүнд бэлэн мөнгөөр зарсан юм. Уг машиныг зарахаас өмнө манай хүргэн Энхмэндийн нэр дээр бүртгэлтэй байдаг байсан. Энхмэнд одоо хөдөө ажлаар явж байгаа байх. Машиныг зарах үедээ бид хоёр хамт яваад, Энхмэнд нэрээ Лхамсүрэнгийн нэр дээр шилжүүлж өгөөд, би мөнгийг нь авсан.

Би Л.Халзанхүү гэдэг хүнтэй хамтран амьдраад 1 жил болж байна. хххх улсын дугаартай машиныг Халзанхүү хааяа унаж гадуур таксинд явна гээд явдаг байсан. Яг унасан өдрүүдийг нь бол хэлж мэдэхгүй байна, ер нь хааяа унадаг байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 48х/,

 

1.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Алтантүлхүүрийн гэрчээр өгсөн:

“...Би Г.М, Л.Халзанхүү нартай 2017 оны 4 сарын 27-ны өдөр уулзаж гадуур явсан. Тэгэхэд Мөнх-Эрдэнэ “хэдүүлээ Нисэхэд байдаг “Чингисийн хүрээ” амралтын газар очъё, тэнд гоё байдаг юм” гэхээр нь Халзанхүүгийн унаж явсан хххх улсын дугаартай бор саарал өнгийн Тоёота Приус-20 маркийн автомашинтай Нисэх орсон.

Тэнд очиход шөнийн 01 цаг болж байсан байх. Бид нар бүгд архи уучихсан байсан юм. Амралтын газар очингуут Мөнх-Эрдэнэ бид нарыг “машиндаа байж бай” гээд буугаад явсан. Би эргээд харахад амралтын газарт нилээн олон гэр байсан ба тэдний дунд хэсэгт байх гэр рүү явж ороод, буцаж гарч ирээд шууд машиндаа суусан.

“Энийг авчихлаа” гээд Мөнх-Эрдэнэ Iphone 7 маркийн гар утас гаргаж үзүүлсэн. Тэгээд хөдлөх гэж байтал манай машины урдуур саарал өнгийн Тоёота Кроун маркийн автомашин ирж зогсоод, дотроос нь 2 согтуу залуу, 1 хүүхнийг сугадаад амралтын газрын гэр рүү яваад орчихсон. Тэд нар буухдаа машинаа түгжээгүй. Тэгэхэд Мөнх-Эрдэнэ “түр байж бай, энэ машин дотор юу байгааг нь харчихаад ирье” гээд бууж очоод машины баруун хойд талын хаалгыг онгойлгоод Samsung S6 маркийн гар утас аваад, буцаж ирээд суусан.

Бид гурав тэндээсээ хөдлөөд хотын төв орж “шөнө утас авдаг ченж байдаг” гэхээр нь Теди ортол ямар ч хүн байгаагүй. Халзанхүү, Мөнх-Эрдэнэ хоёр утаснуудаа хувааж авах гээд хоорондоо муудалцаад байхаар нь би буугаад такси бариад яваад өгсөн. Тоёота Приус-20 маркийн хххх улсын дугаартай машин нь Халзанхүүгийн машин байгаа юм. Мөнх-Эрдэнэ тухайн үед машины зүүн урд талд буюу жолоочийн хажууд сууж явсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 115-116х/,

 

1.7. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн ХУ2-19-137Н дугаартай:

“...үнэлэгдэж буй гар утаснууд нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2017 онд зах зээлийн үнэлгээгээр Iphone 7 маркийн гар утас нь 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/, Samsung S6 Edge маркийн гар утас нь 900.000 /есөн зуун мянга/, нийт 2.600.000 /хоёр сая зургаан зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдэнэ.” гэсэн хохирогч Б.Д-, О.Н- нарын алдагдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 2-р хавтас 204-205х/,

 

Хоёр. Хохирогч В.А-, Д.Х- нарын эд хөрөнгийг цахим хэрэгсэл ашиглан залилан авсан гэх үйлдэлтэй холбоотой:

 

2.1. Эрүүгийн 201726030529 дугаартай хэрэгт эрүүгийн 201715000145 дугаартай хэргийг нэгтгэх тухай прокурорын 2018 оны 01 сарын 02-ны өдрийн 4 дугаартай тогтоол баримт /хэргийн 2-р хавтас 67х/,

 

2.2. Эрүүгийн 201726030529 дугаартай хэрэгт эрүүгийн 17100 0894 0762 дугаартай хэргийг нэгтгэх тухай прокурорын 2019 оны 10 сарын 29-ний өдрийн 223 дугаартай тогтоол баримт /хэргийн 2-р хавтас 197-198х/,

 

2.3. Таньж олуулах ажиллагаа явуулсан 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Мөрдөгчийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 204-207х/,

 

2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад В.А-гийн хохирогчоор өгсөн:

“...2017 оны 4 сарын эхээр “Эрдэнээ Эрдэнэ” гэсэн хаягтай хүнтэй чатаар орж ирэхэд бид хоёр танилцсан. Хэсэг хугацаа өнгөрсний дараа 2017 оны 5 сарыг 08-ны өдөр над руу 99186031 гэсэн дугаараас залгаад “надад 15.0 сая төгрөгийн хэрэг байна, чамд 2.0 сая төгрөг байна уу. Маргааш өглөө 11 цагт данс нээхээр авсан мөнгөө буцаагаад өгнө” гэхээр нь би итгээд, тухайн үед өөрт байсан 1.6 сая төгрөгийг Гансүх овогтой Сувд-Эрдэнэ гэх хүний данс өгөхөөр нь шилжүүлсэн.

Удалгүй 30 орчим минутын дараа 350.000 төгрөгийг хүнээс зээлж аваад, мобайл банкаар шилжүүлсэн. Өдөр 17 цагийн орчим над руу “миний фейсбүүк хаяг устсан байна, орж болохгүй байна” гэсэн утгатай мессеж ирсэн. Удалгүй “Булган аймаг руу миний машиныг хүн авна гэсэн, одоо хүргэж өглөө” гэсэн мессеж ирсэн. Би шөнө 12 цагийн орчим залгаж үзэхэд “Булганд ирсэн, машин авах хүнтэйгээ яриа хийж байна” гээд утсаа тасалсан.

Өглөө 08 цагийн үед над руу “найз нь аваар хийчихлээ, нэг хүний бие нь маш муу байна” гэсэн мессеж ирсэн. Энэ цагаас хойш удалгүй “нөгөө бие нь муу байсан хүн өнгөрчихлөө” гэсэн мессеж ирээд, дараа нь “одоо ингээд хот руу явж, чиний мөнгийг олж өгнөө” гэсэн. Тэгээд ер утсаа авахгүй байгаад, утсаа бүр унтраагаад алга болсон ба дахин холбогдоогүй байна.

...Би өөрийнхөө мобайл банкаар хоёр хувааж эхлээд 1.650.000 төгрөг, 20 минутын дараа 350.000 төгрөгийг шилжүүлсэн. ...Би гомдолтой байна, худал хэлж хүний мөнгийг залилан мэхэлсэн хүнээс бэлэн өгсөн 2.0 сая төгрөгийг хүүтэй нь хамт гаргуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 210-211х/,

 

2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Сувд-Эрдэнийн гэрчээр өгсөн:

“...2017 оны 5 сарын 08-ны өдөр ...Хаан банкны АТМ орох гээд явж байхад 100 айлын орчим араас бордуу царайтай, пиджактай, цэвэрхэн хувцастай залуу ирээд “Би Хангай хотхоны хойно газар аваад, барилга барьж байгаа юм, гэтэл виза картаа залгиулчихлаа, таны дансанд бэлэн мөнгө хийлгээд аваадхъя, 2.0 сая төгрөг шилжүүлэх байх” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө дансыг өгөөд, эхний удаа 1.650.000 төгрөг, дараа нь 350.000 төгрөг тус тус авч өгсөн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 212-214х/,

 

2.6. Хохирогч В.А-гийн Хаан банкин дахь 5540хххх99 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 1-р хавтас 226х/,

 

2.7. Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний шинжээчийн 2017 оны 9 сарын 03-ны өдрийн 140 тоот:

1. Шинжилгээнд ирүүлсэн бичлэгүүд нь шинжилгээнд тэнцэнэ.

2. 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 100 айлын ХААН банкны теле хяналтын камерийн бичлэгт бичигдсэн хүн Г.М мөн байна.

3. Хүний гадна дүр төрхийн анатомийн болон үйл хөдлөлийн ерөнхий болон хувийн онцлог шинжээрээ мөн байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 2-р хавтас 03-09х/,

 

2.8. ХААН банкин дахь Бадарчийн Баатарын эзэмшлийн 5026хххх41 тоот, Ч-гийн С-ийн эзэмшлийн 5069хххх99 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулганд тус тус үзлэг хийсэн тухай 2019 оны 11 сарын 06-ны өдрийн Мөрдөгчийн тэмдэглэл /хэргийн 2-р хавтас 160х, 163-166х/,

 

2.9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Х-ын хохирогчоор өгсөн:

“...2017 оны 9 сарын 27-ны өдрийн 22 цагийн орчимд миний 9911.... гэсэн дугаарын утас руу 99105648 дугаарын утаснаас 2 удаа дуудлага орж ирсэн. Би тухайн үед ярьж чадаагүй байсан бөгөөд эргээд нөгөө дугаар луу залгаж ярих гэсэн боловч авахгүй салгаад байсан. Тэгсэнээ дахин нөгөө дугаараас залгаад, танилцах санал тавьсан.

Утсаар ярьж байгаад 2-3 хоногийн дараа 1 дүгээр сургуулийн урд байдаг Айриш пабад уулзсан. Тэгэхэд надтай уулзсан хүн миний огт мэддэггүй казино, мөрийтэй тоглоом зэрэг сонирхолтой зүйл маш ихээр ярьж өгсөн. Ярьсан зүйл нь надад таалагдаад, нилээн удаад сонсож ярилцаад суусан. Тэр миний таньдаг олон хүнийг таньж, нэр ус, хийдэг ажлыг нь ярьж байсан болохоор тэр хүн ер нь нийгэмд нилээн байр сууриа олсон хүн байна гэсэн итгэл үнэмшил төрж байсан.

...Тэгээд одоо он, сар, өдрийг нь санахгүй байна “чи надад яаралтай 10.0 сая төгрөг зээлээч, 7 хоногийн дараа 10 хувийн хүүтэй буцааж өгье” гэхээр нь “надад байгаа нь 5.0 сая төгрөг” гэж хэлээд би дансанд нь шилжүүлж өгсөн. Тэр үед өөрийнхөө биш өөр хүний дансаар авсан юм. Тухайн үед Хятад, Монгол Улсын хамтарсан форум болж байсан бөгөөд “тэрэнтэй холбоотой мөнгө орж ирсэн, тэгэхэд Монгол банкинд саатчихлаа, тэндээс мөнгө авахаараа өгчихнө” гэхээр нь би шилжүүлсэн юм.

7 хоног болоод мөнгөө асуухад “намайг Авилгатай тэмцэх газраас шалгаж байна, түр байж байгаарай” гэж хэлсэн. “Хятад Улсаас орж ирсэн мөнгө хууль бус байна гээд шалгаад байна” гэж хэлж байсан. ...Ингээд 2017 оны 10 сарын сүүлээр надтай интернетээр буюу we сhat-аар холбогдоход “Би Тайванд байна, хэдэн ширхэг хөөрөгний толгой авлаа” гээд надад зураг явуулсан. Надтай байнга холбоотой байдаг байсан.

Тэгээд 2017 оны 10 сарын сүүлээр Э буюу Мөнх-Эрдэнэ гэх залуу “би сая Буянт-Ухаад буулаа, тэгсэн чинь нөгөө шүрэн толгойнууд жоохон асуудалтай болоод байна, хилийн байцаагчид хэдэн төгрөг өгөх хэрэгтэй байна, яаралтай 10.0 сая төгрөг шилжүүлээч, би шүрээ зарчихаад тэр дор нь мөнгийг чинь өгье, эсхүл чи надаас шүр сонирхвол тэрэнд оролцуулаад бодъё” гэхээр нь итгээд би “Номин сан” хадгаламж зээлийн хоршооноос 10.0 сая төгрөг зээлж аваад өгсөн данс руу нь шилжүүлсэн.

Ингээд нийтдээ 15.0 сая төгрөг алдаад, одоо хүртэл буцааж аваагүй. 10.0 сая төгрөг шилжүүлээд буцаад залгахад утас нь холбогдохгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 170-171х, 172-173х/,

 

2.10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Сэндэрийн гэрчээр өгсөн:

“...Манай хойд аав Гочоогийн Мөнхбаатарын дүү болох Гочоогийн Мөнх-Эрдэнэ гэдэг хүн надаас 200.000 төгрөг зээлж авсан бөгөөд бүр 2016 онд зээлсэн байсан. Тэгээд мөнгөө авч чадахгүй явж байгаад 10.0 сая төгрөг миний данс руу ордог өдөр нь буюу 2017 оны 10 сарын 23-ны өдрийн өмнөх өдөр нь байх Мөнх-Эрдэнэ “дансаар чинь мөнгө авчихъя, тэгээд чи надад зээлсэн 200.000 төгрөгөө авчих” гэсэн. Тухайн өдөр манай ажил дээр буюу Нарантуул захын хажуу талын цайны газар дээр Мөнх-Эрдэнэ ирээд миний дансыг аваад, нөгөө хүнд утсаар яриад миний дансыг өгч баыйсан.

...Би Нарантуул захын ар талд байрлах Хаан банкны экспресс банк руу очоод 5.0 сая төгрөгөөр нэг гаргаж, 4.7 сая төгрөгөөр нэг гаргаж өгсөн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 178-179х/,

 

3. Шүүгдэгч Г.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, яллагдагчаар өгсөн:

“...Би бусдад учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч нар ямар нэгэн гомдол саналгүй болсон. Тухайн үед Халзанхүү согтуу унтаж байсан ба Алтантүлхүүр машин бариад явж байсан. Би тэд нарт хулгай хийсэн талаараа хэлээгүй, гар утсыг таньдаг хүнээсээ авсан гэж хэлсэн.

“Чингисийн хүрээ” амралтын газрын авто зогсоолд байсан Тоёота Кроун маркийн машины хойд хаалгыг онгойлгоод гар утас хулгайлж байх үед Алтантүлхүүр харсан эсэхийг бол мэдэхгүй байна, Халзанхүү унтаж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 118х, 121-122х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 1-р хавтас 72х, 143х, 2-р хавтас 26х/, гэрч Г.Мөнхцэцэгийн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 117х/, Баянгол дүүргийн шүүхийн 1995 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 402 дугаар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 116 дугаар, Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 353 дугаар таслан шийдвэрлэх тогтоолуудын хуулбар, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолын хуулбар баримтууд, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт баримтууд /хэргийн 1-р хавтас 77-81х, 128-129х, 130-131х, 132-134х, 135-139х, 2-р хавтас 27-28х, 29-30х, 31-33х, 34-38х, 43х/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 142х, 223х, 2-р хавтас 23х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үнэлсэн ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.М-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.  

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт: 

 

Нэг. Шүүгдэгч Г.М нь:

1.1. 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингисийн хүрээ” амралтын газрын автомашины зогсоолд байсан хххх улсын дугаартай “Тоёота кроун” загварын автомашинд цэнэглээд орхисон иргэн Б.Д-ий эзэмшлийн Samsung S6 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хохирогч Б.Д-д 900.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол,

1.2. Мөн өдөр, мөн газарт буюу 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингисийн хүрээ” амралтын газрын 508 тоот амралтын гэрт хууль бусаар нэвтрэн орж, иргэн О.Н-ийн эзэмшлийн Iphone 7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хохирогч О.Н-т 1.700.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

- 2017 оны 4 сарын 28-ны өдрийн хэрэг учрал гарсан Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингисийн хүрээ” амралтын газарт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 03-07х/,

- Хэрэг гарсан өдрийн “Чингисийн хүрээ” амралтын газрын гаднах хяналтын камерийн бичлэг бүхий дискинд үзлэг хийсэн тэмдэглэл, дуу дүрсний бичлэг бүхий 1 ш дискийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол /хэргийн 1-р хавтас 08-10х, 45х/,

- хохирогч Б.Д-, О.Н- нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг баримтууд /хэргийн 1-р хавтас 46-47х, 108х, 111-112х, 114х/,

-  гэрч Б.Энхтуяа /хэргийн 1-р хавтас 48х/, Б.Алтантүлхүүр нарын мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 115-116х/,

- Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн ХУ2-19-137Н дугаартай:

“...үнэлэгдэж буй гар утаснууд нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2017 онд зах зээлийн үнэлгээгээр Iphone 7 маркийн гар утас нь 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/, Samsung S6 Edge маркийн гар утас нь 900.000 /есөн зуун мянга/, нийт 2.600.000 /хоёр сая зургаан зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдэнэ.” гэсэн хохирогч Б.Д-, О.Н- нарын алдагдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 2-р хавтас 204-205х/ болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрсөн” талаархи мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,

 

Хоёр. Мөн шүүгдэгч нь:

2.1 Цахим хэрэгсэл ашиглан “Erdenee Erdene” гэх фейсбүүк хаягаар харилцан иргэн В.А-тай танилцаж, улмаар “өөрийгөө Банк бус санхүүгийн байгууллага ажиллуулдаг, Англи Улс руу явна, эхнэр эдийн засагчаар Англид сурдаг,  машинууд зарна, авах уу, эсхүл авах хүн мэдэж байгаарай” гэх зэргээр мессеж, зураг илгээх, түүнчлэн “яаралтай мөнгө хэрэгтэй байна, 2.0 сая төгрөг ...11 цагт данс нээхээр авсан мөнгөө буцааж шилжүүлнэ, машинаа зарах гээд Булган явж байна, машин авах хүнтэйгээ яриа хийж байна, аваар хийчихлээ, хүний бие муу байна” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан В.А-гаас 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас мобайл банк үйлчилгээг ашиглан өөрийн 5540....99 дугаарын данснаас шилжүүлсэн 2.000.000 төгрөгийг хэрэгт гэрчээр асуугдсан Г.Сувд-Эрдэнийн дансаар шилжүүлэн авч залилсан,

2.2. Өөрийгөө Э гэх нэрээр иргэн С.Х-т танилцуулан танилын харилцаа үүсгэсэн байхдаа “яаралтай мөнгөний хэрэг болоод байна, 10.0  сая төгрөг зээлээч, 7 хоногийн дараа 10 хувийн хүүтэй буцаан төлнө, гаднаас хөрөнгө оруулалтаар орж ирсэн мөнгө Монгол банкинд саатчихлаа, мөнгөө авахаараа өгнө” гэж 2017 оны  10 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны 05173 дугаар салбараас 5026...41 тоот дансаар /Б.Баатар эзэмшигчтэй/ 5.000.000 төгрөг,

2017 оны 10 сарын 23-ны өдөр “би Тайваниас Буянт-Ухаад ирлээ, авчирсан хэдэн ширхэг хөөрөгний шүрэн толгой асуудал болоод байна, хилийн байцаагчид мөнгө өгөх шаардлагатай байна, яаралтай 10.0 сая төгрөг шилжүүлээч, шүрээ зарчихаад мөнгийг нь өгье, эсхүл чи өөрөө шүр сонирхвол үнэнд нь оруулаад тооцъё” гэж 10.000.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 5069....99 тоот дансаар тус тус шилжүүлэн аван хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулж залилсан болох нь:

-  эрүүгийн 201726030529 дугаартай хэрэгт эрүүгийн 201715000145 дугаартай хэргийг нэгтгэх тухай прокурорын 2018 оны 01 сарын 02-ны өдрийн 4 дугаартай тогтоол баримт /хэргийн 2-р хавтас 67х/,

- эрүүгийн 201726030529 дугаартай хэрэгт эрүүгийн 17100 0894 0762 дугаартай хэргийг нэгтгэх тухай прокурорын 2019 оны 10 сарын 29-ний өдрийн 223 дугаартай тогтоол баримт /хэргийн 2-р хавтас 197-198х/,

- таньж олуулах ажиллагаа явуулсан 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Мөрдөгчийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 204-207х/,

- хохирогч В.А-гийн Хаан банкин дахь 5540хххх99 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 1-р хавтас 226х/,

- хохирогч В.А- /хэргийн 1-р хавтас 210-211х/, Д.Х- /хэргийн 2-р хавтас 170-171х/ нарын мэдүүлэг баримтууд,

- гэрч Г.Сувд-Эрдэнэ /хэргийн 1-р хавтас 212-214х/, гэрч Ч.Сэндэр /хэргийн 2-р хавтас 178-179х/ нарын мэдүүлэг баримтууд,

- Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн хэлтсийн шинжээчийн 2017 оны 9 сарын 03-ны өдрийн 140 дугаартай актын:

1. Шинжилгээнд ирүүлсэн бичлэгүүд нь шинжилгээнд тэнцэнэ.

2. 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 100 айлын ХААН банкны телехяналтын камерийн бичлэгт бичигдсэн хүн Г.М мөн байна.

3. Хүний гадна дүр төрхийн анатомийн болон үйл хөдлөлийн ерөнхий болон хувийн онцлог шинжээрээ мөн байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 2-р хавтас 03-09х/,

- ХААН банкин дахь Бадарчийн Баатарын эзэмшлийн 5026хххх41, Ч-гийн С-ийн эзэмшлийн 5069хххх99 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулганд тус тус үзлэг хийсэн тухай 2019 оны 11 сарын 06-ны өдрийн Мөрдөгчийн тэмдэглэл /хэргийн 2-р хавтас 160х, 163-166х/ болон шүүгдэгч Г.Мэс шүүхийн хэлэлцүүлгийн явцад үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 115х, 118-120х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримтуудаар тус тус бүрэн хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч Г.М-ийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингисийн хүрээ” амралтын газрын автомашины зогсоолд байсан хххх улсын дугаартай “Тоёота кроун” загварын автомашинд цэнэглээд орхисон иргэн Б.Д-ий эзэмшлийн Samsung S6 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хохирогч Б.Д-д 900.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, мөн өдөр, мөн газарт буюу 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингисийн хүрээ” амралтын газрын 508 тоот амралтын гэрт хууль бусаар нэвтрэн орж, иргэн О.Н-ийн эзэмшлийн Iphone 7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хохирогч О.Н-т 1.700.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учруулсан үйлдэл нь хэрэг учрал гарсан тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг ...онц аюултай гэмт хэрэгтэн үйлдсэн” гэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан хэдий ч түүнд холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хууль 2017 оны 07 сарын 01-ны өдрөөс хүчин төгөлдөр болж, дагаж мөрдөж эхэлсэнтэй холбоотойгоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг булаах, дээрэмдэх, уулгалан довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд, түүнчлэн онц аюултай гэмт хэрэгтэн үйлдсэн бол” гэсэн уг гэмт хэргийн онц хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хассан тул прокуророос Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргээр зүйлчилж ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх” зарчимд нийцсэн, хуулийн үндэслэл бүхий  байна.

 

Иймд шүүгдэгч Г.Мөн-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.

 

Мөн шүүгдэгч нь:

- цахим хэрэгсэл ашиглан “Erdenee Erdene” гэх фейсбүүк хаягаар харилцан иргэн В.А-тай танилцаж, улмаар “өөрийгөө Банк бус санхүүгийн байгууллага ажиллуулдаг, Англи Улс руу явна, эхнэр эдийн засагчаар Англид сурдаг,  машинууд зарна, авах уу, эсхүл авах хүн мэдэж байгаарай” гэх зэргээр мессеж, зураг илгээх, түүнчлэн “яаралтай мөнгө хэрэгтэй байна, 2.0 сая төгрөг ...11 цагт данс нээхээр авсан мөнгөө буцааж шилжүүлнэ, машинаа зарах гээд Булган явж байна, машин авах хүнтэйгээ яриа хийж байна, аваар хийчихлээ, хүний бие муу байна” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан В.А-гаас 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас мобайл банк үйлчилгээг ашиглан өөрийн 5540....99 дугаарын данснаас шилжүүлсэн 2.000.000 төгрөгийг хэрэгт гэрчээр асуугдсан Г.Сувд-Эрдэнийн дансаар шилжүүлэн авч залилсан, 

- өөрийгөө Э гэх нэрээр иргэн С.Х-т танилцуулан танилын харилцаа үүсгэсэн байхдаа “яаралтай мөнгөний хэрэг болоод байна, 10.0  сая төгрөг зээлээч, 7 хоногийн дараа 10 хувийн хүүтэй буцаан төлнө, гаднаас хөрөнгө оруулалтаар орж ирсэн мөнгө Монгол банкинд саатчихлаа, мөнгөө авахаараа өгнө” гэж 2017 оны  10 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны 05173 дугаар салбараас 5026...41 тоот дансаар /Б.Баатар эзэмшигчтэй/ 5.000.000 төгрөг,

2017 оны 10 сарын 23-ны өдөр “би Тайваниас Буянт-Ухаад ирлээ, авчирсан хэдэн ширхэг хөөрөгний шүрэн толгой асуудал болоод байна, хилийн байцаагчид мөнгө өгөх шаардлагатай байна, яаралтай 10.0 сая төгрөг шилжүүлээч, шүрээ зарчихаад мөнгийг нь өгье, эсхүл чи өөрөө шүр сонирхвол үнэнд нь оруулаад тооцъё” гэж 10.000.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 5069....99 тоот дансаар тус тус өөрийн эзэмшилд шилжүүлэн, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулж залилсан гэм буруутай үйлдэл нь нотлогдож тогтоогдсон ба  прокуророос шүүгдэгчийн дээрх гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр хэргийн зүйлчлэлийг тогтоож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хуулийн үндэслэл бүхий байна.

 

Хэргийн шүүгдэгч Г.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргааагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Г.М-ийг “...хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон ...бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг өөртөө шилжүүлэн авч” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилсан. 

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Хэргийн шүүгдэгч Г.М нь өөрийн үйлдсэн хулгайлах болон залилах гэмт хэргийн улмаас нэр бүхий хохирогч Б.Д-, О.Н-, Д.Хобаяр, В.А- нарт тус бүр учирсан эд хөрөнгийн хохирлыг бүрэн нөхөн төлсөн, тэдгээр хохирогч нар нь прокурорын хяналтын шатанд болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “хохирол төлбөр нөхөн төлснийг хүлээн авсан, гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй” талаар мэдүүлж, хүсэлтээ бичгээр гаргасан баримттай /хэргийн 3-р хавтас 40-46х, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул шүүгдэгч Г.М-ийн хувьд гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан, эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэвэл зохих баримт бүхий хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв.    

 

Шүүгдэгч Г.М нь урьд ял шийтгүүлж байсан тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 1-р хавтас 72х, 143х, 2-р хавтас 26х/, шийтгэх тогтоолын хуулбар баримтууд /хэргийн 77-81х, 128-129х, 130-131х, 132-134х, 135-139х, 2-р хавтас 27-28х, 29-30х, 31-33х, 34-38х, 43х / тус тус хэрэгт авагдсан ба 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар “ялтай байдал” гэх хууль зүйн үр дагаврыг халсан бөгөөд  “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж мөн хуулийн 6.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан.

Иймд шүүх шүүгдэгчийн урьд гэмт хэрэг үйлдэж хэд хэдэн удаа ял шийтгүүлж байсан нөхцөл байдлыг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал болгон дүгнээгүй болно.  

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан /Арван долдугаар бүлэг, Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг/ санаатай гэмт хэргийг хоёр ба түүнээс дээш удаа үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон үзэв.  

 

Шүүх, шүүгдэгч Г.М-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, мөн “...цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож ...бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг өөртөө шилжүүлэн авч “Залилах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтын “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэснийг журамлан хэрэглэх боломжтой гэж дүгнэв.

 

“Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоох” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу шүүх шүүгдэгч Г.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 08 /найм/ сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 01 /нэг/ жил 03 /гурав/ сарын хугацааагаар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг нийт 01 /нэг/ жил 11 /арван нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн болно.   

 

Энэ хэрэгт шүүгдэгч Г.М нь 2017 оны 6 сарын 03-нд сэжигтнээр хойшлуулшгүйгээр баривлагдаж, 2017 оны 6 сарын 05-ны өдрөөс 2017 оны 8 сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд сэжигтэн, яллагдагчаар, мөн 2019 оны 9 сарын 26-ны өдрөөс шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэх өдрийг хүртэлх хугацаанд яллагдагч, шүүгдэгчээр тус тус цагдан хоригдсон нийт 251 /хоёр зуун тавин нэг/ хоногийг “...баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны ял эдлэх ялд оруулан тооцох” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй /хэргийн 1-р хавтас 49-50х, 53х, 56х, 126х, 2-р хавтас 112-113х, 123х, 211х/.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий CD 3 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт мөрдөгчийн тогтоолоор битүүмжилсэн хххх улсын дугаартай, Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт Г.М-ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Д-, О.Н-, С.Х-, В.А- нар нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                      

 

                                                                 ТОГТООХ нь:

 

1. Б овогт Г-гийн М-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай,

- мөн цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон ...бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг өөртөө шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.

 

2. Б овогт Г-ийн М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 01 /нэг/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар,

- мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 08 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 08 /найм/ сарын хорих ял дээр мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад тус тус заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 01 /нэг/ жил 03 /гурав/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, Г.М-ийн биечлэн эдлэх ялыг нийт 01 /нэг/ жил 11 /арван нэг/ сарын хугацаагаар хорих ял гэж тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Мд оногдуулсан 01 /нэг/ жил 11 /арван нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.М-ийн цагдан хоригдсон нийт 251 /хоёр зуун тавин нэг/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий CD 3 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж,

- хэрэгт мөрдөгчийн тогтоолоор битүүмжилсэн хххх улсын дугаартай, Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлээс чөлөөлсүгэй.

 

7. Энэ хэрэгт Г.М-ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй,  гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Д-, О.Н-, С.Х-, В.А- нар нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай. 

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Г.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          С.БАЗАРХАНД