| Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Янжиндулам |
| Хэргийн индекс | 125/2017/0046/З |
| Дугаар | 04 |
| Огноо | 2018-01-04 |
| Маргааны төрөл | Газар, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Янжиндулам би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Д” БГБХ-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Дарви сумын Засаг даргад холбогдуулан гаргасан,
Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Дарви сумын засаг даргын 2017 оны 08 сарын 30-ны өдрийн А/143 тоот газар эзэмшүүлэх тухай захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар, хариуцагч Д.Т, гэрч Х.Бямбасүрэн, Н.Мөнхсоёл, Д.Эрдэнэ-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Д” БГБХ нөхөрлөлийн захирал Д.З шүүхэд хандан гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай “Д” нөхөрлөл нь 1996 оноос хойш хүнс, барааны дэлгүүр, гуанзны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Ховд-Улаанбаатар, Улаанбаатар-Ховдын чиглэлийн автобусаар зорчиж буй иргэдэд голлон үйлчилдэг байгууллага юм.
Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга Д.Т-ийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/143 дугаар газар эзэмшүүлэх тухай захирамж нь манай нөхөрлөлийн болон Дарви суманд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн шийдвэр гэж үзэж байна. Учир нь Засаг дарга Д.Т нь үйлчилгээний зориулалтаар олгох 1 га газрыг эзэмшүүлэх шийдвэр болон дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмыг бусдад мэдэгдэлгүй, нууц далд аргаар захирамж гаргасан нь бидний газар эзэмших эрх болон худалдаа үйлчилгээ эрхлэхэд харшилсан шийдвэр гэж үзэж байна. Уг захирамж нь Э ХХК-д үйлчилгээний цогцолбор барих зориулалтаар Дарви сумын Булган баг, Цэцэрлэгт хүрээлэнгийн өмнө, замын уулзварын баруун талд 1 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “...газар эзэмших хүсэлт гаргасан иргэн аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ...” гэснийг, мөн хуулийн 33.4-д “...аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэснийг, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д заасныг тус тус зөрчсөн. Өөрөөр хэлбэл Дарви сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг “Э ” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч, Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга Х.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу сумандаа хот шиг амьдаръя, баруун бүсийн төв болъё гэсэн зорилт дэвшүүлсэн. 2017 оны эхээр олон улсын төсөл, хөтөлбөрийн байгууллагууд, иргэд, бизнес эрхлэгчидтэйгээ уулзаж, энэ чиглэлээр ажил хийх талаар танилцуулж байсан. Энэ хугацаанд ямар нэгэн төсөл ирээгүй юм. “Э” ХХК нь төсөл, хүсэлтээ ирүүлсэн бөгөөд өөр төсөл, газар эзэмших хүсэлт ирээгүй. Газар олгох талаар бизнес эрхлэгчдэд мэдэгдэж байсан. 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр сумын нийт иргэдийн дунд хэлэлцүүлэг хийсэн. Нийт 145 иргэн оролцсоноос 3 хүн татгалзаж, 141 хүн зөвшөөрсөн. Бизнес эрхлэгчдийг урьсан боловч хэлэлцүүлэгт ирээгүй. Д.З нь манай сумын бизнес эрхлэгч хүн бөгөөд сумын төв дээр дэлгүүрийн зориулалтаар, гуанз үйлчилгээний зориулалтаар 2 газар эзэмшдэг. Э ХХК-д олгосон газар нь нэхэмжлэгчийн эзэмшдэг газартай давхцал байхгүй. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор орон сууц болон үйлчилгээний зориулалтаар газар олгохоор төлөвлөгөөнд орсон газрыг олгосон юм. Ийм учраас Д.З-г нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Газрын тухай хуулиар газрыг эзэмших, ашиглах, өмчлөх харилцааг зохицуулдаг. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Э ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манай байгууллага зах зээлийн болон эрэлт хэрэгцээний судалгааны дүнд үндэслэн нийтийн эрх, ашгийг хангах зорилгоор Стандарт хэмжил зүйн газрын 2016 онд батлагдсан авто замын үйлчилгээний цогцолборын MNS5537:2016 стандартад нийцүүлэн Улаанбаатар хот, Ховд аймгийг холбосон А0305 дугаартай авто замын үйлчилгээний цогцолбор байгуулах төслийг санаачлан боловсруулсан. Тус төслийг Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга Д.Т-д 2017 оны 8 дугаар сарын 5-ны өдөр миний бие өөрийн биеэр танилцуулж, 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр авто замын үйлчилгээний төсөл, аж ахуйн зориулалтаар газар эзэмших тухай хүсэлтийг Дарви сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн болно. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, Засгийн газрын 10 дугаар тогтоолоор батлагдсан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ын дагуу төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга 2017 оны 08 сарын 30-ны өдрийн А/143 дугаар захирамжийг гаргасан. Дээрх шийдвэрийг үндэслэн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2017 оны 8 сарын 30-ны өдрийн 0813-2017/00021 дугаартай гэрээг байгуулан, 000306650 дугаартай аж ахуйн нэгж байгууллагын эзэмших гэрчилгээг авсан. Иргэн Д.З нь Дарви сумын Засаг даргын А/143 дугаар захирамжийг ямар үндэслэлээр хүчингүй болгох хүсэлт гаргасан нь тодорхойгүй байна. Мөн Дарви сумын Засаг даргын А/143 дугаар захирамж нь хууль, тогтоомжийг зөрчөөгүй гэж аймгийн Засаг дарга Д.Галсандондогийн албан бичигт дурдсан байна. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын хууль бус ажиллагааны улмаас “Д” нөхөрлөлийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх акт гарсан гэж үзэж байна. Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/143 дугаар захирамж гарснаар Дарви суманд үйл ажиллагаа явуулж байгаа 40 орчим аж ахуйн нэгжийн эрх ашгийг хөндөж байгаа юм. Анх 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хашаа татаад эхлэхээр иргэд газар олголтын талаар мэдсэн. Энэ барилга баригдсанаар бидний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, эрх ашгийг боох юм байна гэж үзээд бизнес эрхлэгчид уулзалт хийж Засаг даргад өргөх бичгийг барьсан бөгөөд тухайн үед Засаг дарга нь асуудал шийдэгдсэн гээд хөөж гаргасан байдаг. Ингээд 3 хоногийн дараа захирамж гарсан. Гэтэл захирамж гарахаас өмнө уг газар олгогдсон байсан ба 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ард түмний нэрээр төсвийн байгууллагын ажилчдыг дуудаж, санал хураахад 3 хүн нь эсэргүүцсэн байна. Үүнийг ард түмнээс санал асуусан гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сумын Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 32 дугаар зүйлийн 32.1-т заасныг баримтлан “Э” ХХК-д газар олгосон. “Э” ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүсэлт гаргаж, 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр албан бусаар газрыг эзэмшиж байсан юм.
Газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зааснаар тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг олгох ёстой байсан. Гэтэл газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, аймгийн төлөвлөгөөнд тусгагдсан гэж тайлбарлаж байна. Төсөл сонгон шалгаруулах журмыг 2016 онд Засгийн газар баталсан ба уг журмын 2.1-д газар эзэмшүүлэх шаардлагад газар эзэмшүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан байхыг шаарддаг болохыг анхаарах ёстой. Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан журмын 7.1-д зааснаар төсөл сонгон шалгаруулалтын зар (цаашид “зар” гэх)-ыг уг ажиллагааг явуулахаар товлосон өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө дараах байдлаар нийтэд мэдээлэх ёстой байсан ба мэдээлсэн гэдгийг нотлох ёстой. Мөн журмын 9.1-д зааснаар төсөл сонгон шалгаруулахдаа ажлын хэсгийг томилох ёстой байсан. Гэтэл 1 компани санал ирүүлсэн тул ажлын хэсэг байгуулаагүй гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Сумын Засаг дарга нь уриалгаа мэдээлээгүй, хууль бусаар “Э” ХХК-д газар олгосон гэж үзэж байна. Өнөөдөр “Д” БГБХ нь нэхэмжлэл гаргасан боловч цаана нь олон хүний эрх ашиг хөндөгдөж байгааг шүүх анхаарч үзнэ үү. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор 2018 онд уг газрыг олгохоор газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж ирсэн байна. Уг захирамж хүчингүй болгосон боловч 2018 оны төлөвлөгөөг барьж газар олгоно гэж байгаа бол энэ нь боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Өнөөдөр суманд ашигтай байсан, ард иргэдэд мэдэгдэж, санал асуусан бол Ховд аймгийн Дарви сумын иргэд хамтраад төсөл хэрэгжүүлэх боломжтой байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Д” БГБХ нөхөрлөлийн захирал Д.З нь Ховд аймгийн Дарви сумын Засаг даргад холбогдуулан “Ховд аймгийн Дарви сумын засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/143 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хууль журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баритуудыг үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Э ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Дарви сумын Засаг даргын Тамгын газарт “Бумбат үйлчилгээний цогцолбор барих төслийг боловсруулж, 1 га хэмжээтэй газар эзэмших хүсэлт гаргасныг хүлээн авч, Дарви сумын Засаг дарга 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/143 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар Э ХХК-нд үйлчилгээний цогцолбор барих зориулалтаар Дарви сумын Булган баг Цэцэрлэгт хүрээлэнгийн өмнө, 4 замын уулзварын баруун талд 1,0 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, №000306650 дугаар газар эзэмших гэрчилгээ олгож, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.
Дарви сумын Засаг дарга 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/143 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжид Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3 “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах.”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” заасныг үндэслэсэн байна.
Нэхэмжлэгч Дарви сумын Засаг дарга нь Э ХХК-нд А/143 дугаар захирамжаар 1га газрыг эзэмшүүлэхдээ
1.Нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлт гаргах эрхийг,
2.Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй
3.Төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдаа явуулалгүйгээр олгосон тул маргаан бүхий актыг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж маргаж, хариуцагч уг газрыг төсөл сонгон шалгаруулах журмын дагуу олгосон, уг газарт Э ХХК-наас өөр иргэн, аж ахуйн нэгж төсөл ирүүлээгүй, газар эзэмших хүсэлт гаргаагүй тул төсөл сонгон шалгаруулах комисс томилолгүйгээр Э ХХК-нд газрыг олгосон нь хууль зөрчөөгүй гэж тайлбарлаж байна.
1.Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ын 7.1-д “Төсөл сонгон шалгаруулалтын зарыг уг ажиллагааг явуулахаар товлосон өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө дараах байдлаар нийтэд мэдээлнэ” гэж заасан байна.
Хариуцагч шүүх хуралдаанд “2017 оны эхээр олон улсын төсөл, хөтөлбөрийн байгууллагууд, иргэд, бизнес эрхлэгчидтэйгээ уулзаж, энэ чиглэлээр ажил хийх талаар танилцуулж байсан. Энэ хугацаанд Э ХХК нь төсөл, хүсэлтээ ирүүлсэн бөгөөд өөр төсөл, газар эзэмших хүсэлт ирээгүй. Газар олгох талаар бизнес эрхлэгчдэд мэдэгдэж байсан гэж тайлбарлах боловч хариуцагч нь маргаан бүхий газрыг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу эзэмшүүлээгүй болох нь хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөн Дарви сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааныг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар “Төлөвлөгөө батлах тухай” тогтоолын хавсралтаар сумын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан бөгөөд 05 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад Дарви сумын Булган багт Төв замын дагуу замын баруун талаар 5 байрлалд 0,25 га газрыг худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалтаар дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр баталсан байхад хариуцагч нь төсөл сонгон шалгаруулалтаар тухайн газрыг эзэмшүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Энэ нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” гэж заасан төрөөс газрын талаар баримтлах зарчмыг болон Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “Энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл, шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ.” гэж заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл төрийн мэдлийн, нийтийн эзэмшлийн 10000 м.кв газрыг дуудлага, худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр “Э” ХХК-нд давуу эрхээр эзэмшүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн “... хэрэв төсөл сонгон шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмын дагуу иргэдэд уг газрыг эзэмшүүлэх талаар нийтэд мэдээллэсэн, зарлал тавигдсан бол манай нөхөрлөлийн зүгээс уг газрыг эзэмших хүсэлт гаргаж дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй байсан гэвч уг эрхийг олголгүйгээр газрыг Э ХХК-нд олгосон....” гэж тайлбарлаж байгаа ба Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг зөрчиж адил хүсэл сонирхол бүхий этгээдүүдэд тэгш бус хандсан шударга бус шийдвэр гаргасан гэж дүгнэх үндэслэлтэй.
Түүнчлэн Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “ газар, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”, 31 дүгээр зүйлийн 31.1-д “Газар эзэмших хүсэлт гаргагч нь Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна” гэж заасан бөгөөд маргаан бүхий газарт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулахгүйгээр шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлт гаргах эрхийг зөрчсөн байна.
2.Дарви сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааныг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар “Төлөвлөгөө батлах тухай” тогтоолын хавсралтаар сумын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан бөгөөд 05 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад Дарви сумын Булган багт Төв замын дагуу замын баруун талаар 5 байрлалд 0,25 га газрыг худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалтаар дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр баталжээ.
Дарви сумын Засаг даргын 2017 оны А/143 дугаар захирамжаар Э ХХК-нд олгосон Дарви сумын Булган баг Цэцэрлэгт хүрээлэнгийн өмнө, 4 замын уулзварын баруун талд 1,0 га газрын зарим хэсэг нь сумын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, өөрөө хэлбэл газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан хэмжээнээс илүү хэмжээгээр эзэмшүүлсэн болох нь Дарви сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар “Төлөвлөгөө батлах тухай” тогтоолын 1-р хавсралт, гэрч Л.Самдангийн “...сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 05 дугаар тогтоолоор Дарви сумын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө баталсан ба уг төлөвлөгөөнд иргэн, ахуйн нэгж, байгууллагад үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх зориулалтаар төв замын баруун талд 0,25 га буюу 2500 кв метр газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр төлөвлөгөөнд тусгагдсан. Уг төлөвлөгөөнд тусгагдсан газрын 2100 орчим кв метр газар нь Э ХХК-ний эзэмшлийн 1га газартай давхцаж байгаа. Өөрөөр хэлбэл Э ХХК-ний эзэмшлийн 7900 кв метр орчим газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэх мэдүүлэг, шүүхээс уг газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлох баримтуудаар нотлогдож байна.
Дээрх нөхцөл байдал нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 33.4-д “.......аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” заасныг зөрчжээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/143 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2017 оны 08 сарын 30-ны өдрийн А/143 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас /Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын Тамгын газраас/ 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЯНЖИНДУЛАМ
Нэхэмжлэгч “Д” БГБХ нөхөрлөлийн захирал Д.З нь Ховд аймгийн Дарви сумын Засаг даргад холбогдуулан “Ховд аймгийн Дарви сумын засаг даргын 2017 оны 08 сарын 30-ны өдрийн А/143 тоот газар эзэмшүүлэх тухай захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
“Э” ХХК нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасны дагуу 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын Тамгын газрын даамалд газар эзэмших хүсэлтээ төслийн хамт гаргасныг хүлээн авч, Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/143 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар Газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 21.4.3, 32 дугаар зүйлийн 32.1 дэх заалтыг баримтлан “Э” ХХК-д үйлчилгээний цогцолбор барих зориулалтаар Ховд аймгийн Дарви сумын Булган баг Цэцэрлэгт хүрээлэнгийн өмнө, 4 замын уулзварын баруун талд 1,0 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна.
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасан. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ын 7.1-д “Төсөл сонгон шалгаруулалтын зар (цаашид “зар” гэх)-ыг уг ажиллагааг явуулахаар товлосон өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө дараах байдлаар нийтэд мэдээлнэ” гэж заасан байна.
Хариуцагч шүүх хуралдаанд “2017 оны эхээр олон улсын төсөл, хөтөлбөрийн байгууллагууд, иргэд, бизнес эрхлэгчидтэйгээ уулзаж, энэ чиглэлээр ажил хийх талаар танилцуулж байсан. Энэ хугацаанд “Э” ХХК нь төсөл, хүсэлтээ ирүүлсэн бөгөөд өөр төсөл, газар эзэмших хүсэлт ирээгүй. Газар олгох талаар бизнес эрхлэгчдэд мэдэгдэж байсан. 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр сумын нийт иргэдийн дунд хэлэлцүүлэг хийсэн...” гэж тайлбарласан. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд газар олголт, төсөл сонгон шалгаруулалтын талаар иргэдэд мэдэгдээгүй, хэрвээ мэдэгдсэн бол хүсэлтээ төслийн хамт гаргах боломжтой байсан гэж тайлбарласан. Мөн Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2/366 дугаар албан бичгээр “Д” БГБХ нь Цэцэрлэгт хүрээлэнгийн өмнө, 4 замын уулзварын баруун талд 1,0 га газрыг эзэмшихээр хүсэлт гаргаагүй болох нь нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл төсөл сонгон шалгаруулалтаар газар олгох талаар нийтэд мэдээлсэн гэдэг нь нотлогдохгүй байна.
Иймд Газрын тухай хуулийн 31, 32 дугаар зүйлүүдэд заасан нэхэмжлэгч Д.З-ын газар эзэмших хүсэлт гаргах эрх болон хуульд заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчим зөрчигдсөн байна.
Мөн Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ын 9.1-д зааснаар төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийг төсөл хүлээн авах хугацаа дуусах өдөр томилж, төсөл сонгон шалгаруулах ажлыг эхлүүлэх ёстой. Хариуцагч нь шүүх хуралдаанд энэ талаар “...“Э” ХХК нь ганцаараа төсөл ирүүлсэн болохоор ажлын хэсэг томилох шаардлагагүй гэж үзсэн...” гэж тайлбарласнаас үзвэл төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулагдаагүй болох нь тогтоогдож байгаа бөгөөд “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ын 9.1 дэх хэсэгт зөрчигдсөн байна.
Ховд аймгийн Дарви сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолын хавсралтаар баталсан 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Ховд аймгийн Дарви сумын Булган баг Цэцэрлэгт хүрээлэнгийн өмнө, 4 замын уулзварын баруун талд 1,0 га газар нь тусгагдаагүй байхад “Э” ХХК-д дээрх газрыг сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/143 дугаар захирамжаар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсгийг зөрчсөн байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын 2017 оны 08 сарын 30-ны өдрийн А/143 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Дарви сумын Засаг даргын Тамгын газрын даргаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЯНЖИНДУЛАМ