Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 201/МА2017/00005

 

                                                               Г.Мөнхтуяагийн нэхэмжлэлтэй,

Т.Хишигтогтоход холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Д.Байгалмаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул, хариуцагч Т.Хишигтогтох, хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 22-ны өдрийн 138/ШШ2016/01296 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Т.Хишигтогтохын давж заалдах гомдлоор Г.Мөнхтуяагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Хишигтогтоход холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 775640 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 01 сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Г.Мөнхтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хэрлэн сумын 6-р баг Шүр худалдааны төвд Хан-Оргил нэртэй хүнсний бөөний дэлгүүр ажиллуулж худалдаа эрхэлдэг. Манай дэлгүүрээс Хишигтогтох нь 2016 оны 07 сарын 09-нд 775640 төгрөгийн хүнсний бараа зээлээр худалдаж авсан. Хишигтогтох өмнө нь манай дэлгүүрээс бараа зээлээр худалдаж аваад хугацаандаа өгдөг байсан. Гэтэл уг зээлсэн барааныхаа төлбөрийг төлөөгүй байхад нь төлбөрөө өг гэж хэлэхэд Хишигтогтох 07 сарын 22-23-ны хавьцаа ирээд төлсөн гэж хэлэхэд нь би аваагүй гэдэг. Би үнэхээр авсан бол юу гэж хүнээс илүү мөнгө нэхэж байх вэ дээ. Үүний дараа манай эгчээс бараа зээлж аваад өмнөх өрөө төлөх талаар эгч маань хэлэхэд надад өгсөн гэж хэлсэн гэсэн. Тэр үед нь би Улаанбаатар хотод байсан. Энэ мэтчилэн худлаа ярьж зээлсэн барааныхаа үнийг өгөхгүйгээр завшиж байна. Тэр үед манай эгч зээл авахад нь өртэй байгаа талаар хэлэхэд тийм тийм мэдэж байгаа гэж хэлсэн гэсэн. Би Хишигтогтохоос мөнгө авсан бол дэвтэр дээрх бичилтийг дардаг, өгөөгүй учир дараагүй байгаа. Хишигтогтох 23-ны өдөр өгсөн гээд байгаа боловч би тэр өдөр 11 цагийн үед ирсэн, надтай хамт манай нөхөр, хамт ажилладаг Энхсайхан нар байсан. Тэд нар Хишигтогтохыг манай дэлгүүрт ирээгүйг мэднэ. Бид аймгийн баяр наадмын үеэр нэмэлтээр ажиллаж байсан. Хишигтогтох нь авснаа сана гээд байдаг. Энэ хүн өгсөн бол би юу гэж дэвтэртээ тэмдэглэхгүйгээр авах вэ дээ. Бид хоорондоо бараа зээлээр өгч авалцаад олон жил явсан. Би тухайн үед зарлагын падан хоёр хувь бичихэд Хишигтогтох бүгдийг нь аваад явчихсан. Иймээс 2016 оны 07 сарын 09-ний өдөр өгсөн барааны үнэ 775640 төгрөгөө аваагүй учир Хишигтогтохоос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Хишигтогтох шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Саяг-5 хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Шүр зах дээр үйл ажиллагаа явуулдаг Мөнхтуяагийн бөөний дэлгүүрээс олон жил бараа зээлээр худалдаж аваад төлбөрийг нь тооцдог байсан. 2016 оны 07 сарын 09-ний өдөр 775640 төгрөгийн бараа зээлээр худалдаж авсан нь үнэн. Мөнхтуяа надад 2 хувь падан бичдэг гэж байна. Энэ бол худлаа тухайн үед надад улаан шонхор тамхины цаасан дээр бичиж өгсөн. Баяр наадам байсан учир орлого сайн орсон. Авсан барааны төлбөрийг 07 сарын 23-ны өдөр буюу хагас сайн өдрийн 12 цагийн орчим /халуун өдөр байсан/ Мөнхтуяаг дэлгүүр дээрээ байхад нь очиж өгсөн. Би худалдагчаасаа задгай голдуу мөнгө аваад явж байсан. Би тооцоогоо голдуу банкаар данс руу хийчихдэг байсан юм. Тэр өдөр банкинд очиход хүн ихтэй байсан учир шууд дэлгүүр дээр нь очиж тооцоогоо хийсэн. Тэр үед дэлгүүрт нь хоёр, гурван хүн юм худалдаж аваад байж байсан. Би Мөнхтуяаг дуудаж тооцоогоо хийсэн. Би мөнгөө тус тусад нь тавиад хамгийн сүүлд 40 төгрөг тавьж тооцоо хийсэн. Би тухайн үед өрөө дараарай гэж хэлж байсан. Би тэр өдрийнхөө орлого зарлагыг өөрийнхөө дэвтэр дээр бичсэн. Мөнхтуяад зээлсэн барааны үнэ 775640 төгрөгийг төлсөн учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Би Мөнхтуяагаас бараа зээлээр авахдаа өмнөх зээлээ төлж байж авдаг. Манай дэлгүүр олон сая төгрөгөнд эргэдэггүй, бид зээлсэн барааныхаа үнийг сард нь багтааж төлдөг. Манай дэлгүүр сар бүр тооцоо нийлдэг ямар нэгэн өр авлага байхгүй гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 22-ны өдрийн 138/ШШ2016/01296 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Төмөрсүхийн Хишигтогтохоос 775640 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Гуугаагийн Мөнхтуяад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Мөнхтуяагийн улсын тэмдэгтийн хурамжинд урьдчилан төлсөн 23165.36 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Хишигтогтохоос 23165.36 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Мөнхтуяад олгохоор шийдвэрлэжээ.

            Хариуцагч Т.Хишигтогтох давж заалдах гомдолдоо: Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 22-ны өдрийн 138/ШШ2016/001296 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. ...Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаж чадаагүй байна. Миний зүгээс нэхэмжлэгч Мөнхтуяад үүргийн гүйцэтгэлийг биелүүлсэн бөгөөд энэ тухайгаа өөрийн өдөр тутмын ажлын хар тэмдэглэл болон компанийн нягтлан бодогч ажилтай гэрч Янжмаа, нөхөр гэрч Отгонбат нараар давхар нотлуулж гэрчлүүлсэн. Энэ баримт нотолгоог миний зүгээс үндэслэлтэй бөгөөд үнэн зөв хуулийн шаардлага хангаж чадна гэж үзэж байгаа юм. Гэтэл шүүх дээрх баримтыг үнэлэхдээ ...нэхэмжлэгчид өөрт нь төлбөрийг бэлнээр төлсөн гэдгээ шүүхэд ирүүлсэн тэмдэглэлийн дэвтэр, гэрч Д.Янжмаа, Б.Отгонбат нарын мэдүүлэг нотлоно гэж тайлбарлаж байгаа боловч дээрх нотлох баримтууд нь нэхэмжлэгчид 775640 төгрөгийг төлсөн гэдгийг нотлож чадахгүй байна гэж дүгнэсэн. Шүүх дээрх баримтуудыг яагаад нотолж чадахгүй болохыг үндэслэл заан тодорхой тайлбарлаж чадаагүй. Ингэснээрээ хууль бодит үнэнд нийцсэн, шийдвэр нь үндэслэлтэй байх шаардлагыг хангаж чадаагүй. Нэхэмжлэгч харин 775640 төгрөгийг Хишигтогтох надаас аваагүй гэдгийг юугаар яаж нотлооод байгаа юм ойлгохгүй байна. Мөнхтуяагийн хариуцлагагүй явдлаас болж би хохирч байна. Нэхэмжлэгч дэвтэр дээрээ тэмдэглэсэн тэмдэглэлээ дараагүй явдал нь нотлоод байгаа юм уу. Түүний хүсэлтээр асуулгасан гэрчүүд бүгд цаг хугацааны хувьд ойлголт буруутай байна. Би наадмаар тэдний ажил дээр очоогүй юм чинь тэд нар намайг харахгүй шүү дээ. Би анхнаасаа наадмын дараа очсон, наадмын дараа мөнгөө өгсөн. Наадмын дараа өгсөн гэдгээ шүүхэд мэдүүлсэн. 7 сарын 23-нд Мөнхтуяа нь ажил дээрээ 11 цагт очсон буюу тэр өдөр ажилласан болох нь нотлогдож байхад шүүхээс дээрх нотлох баримтуудыг үнэлээгүй, дүгнээгүй. Би ойлгохдоо дээрх нотлох баримтыг шүүх үнэн зөв гэж ойлгосны үндсэн дээр ийнхүү шийдвэрлэсэн гэж ойлгож байна. Тэгвэл нөхцөл байдал буюу үйл явдлыг хэрхэн хэдийд яаж тодорхойлж байгааг анхаарсан болов уу. Шүүхийн шийдвэрээр дахин мөнгө өгөх шийдвэр гарлаа гэхэд Мөнхтуяа үндэслэлгүйгээр хөрөнгөжих болоод байдаг. Тухайн сардаа зээлээ өгөөд дахин зээл авсан баримт нь байна. Зарчмын хувьд зээлтэй байхад дахин зээл олгодоггүй. Ийм ч үүднээс тэднийд би тооцоогоо дуусгаад л зээл дахин авдаг байсан. Өөр бусад худалдааны байгууллагатай ингэж харьцдаг. Мөнхтуяа стандарт падаан бичээгүй тамхины цаасан дээр бичиж өгсөнөө хүртэл мартаж байгаа хүн шүү дээ. Хэрэв падаан дээр бичсэн бол нэг хувь нь өөрт нь байх ёстой. Би падааныг бүгдийг нь яах гэж авч явах вэ дээ. Энэ мэтчилэн нэхэмжлэгч ор үндэсгүй гүтгэж байна. Мөнхтуяагийн дэлгүүр тооллого тооцоо хийгээд надаас орох мөнгө дутуу болох тухай, тухайн өдрийн зарлага, орлогын баримт тэмдэглэсэн зүйл байна уу. Ядаж өдөр бүр орлого зарлага бичдэг баймаар юм. Тэгвэл 07 сарын 23-нд орсон орлогын бүртгэл зайлшгүй байх ёстой. Үүнийгээ шүүхэд гаргаж нотлож чадахгүй байхад хариуцагчийн зүгээс гаргаж буй нотлох баримтыг үгүйсгэж байгаа нь шүүхийн зүгээс хуулийг зөв хэрэглэж чадаагүй байна. Хариуцагчийн зүгээс гаргаж буй нотлох баримтуудыг хууль ёсны бус гэж үзэж байгаа юм уу, эсвэл уг мөнгийг өгсөн гэдгийг нотлож чадаагүй гэх шүүхийн шийдвэр нь ойлгомжгүй байх тул гомдолтой байна. Нэхэмжлэгч Мөнхтуяагийн зүгээс зээлээр ч бай бэлнээр бай бараа худалдахдаа ямар нэгэн төлбөр авсан баримт огт үйлддэггүй, кассын машин ч байдаггүй газар юм. Тэдний зүгээс миний төлбөр төлсөн гэхэд огт баримт гаргаж өгч байгаагүй. Тэр үед ч өгөөгүй. Тогтсон зүйл нь дэвтэр дээрээ тэмдэглэл, тэгээд өөрсдөө түүнээс тэмдэглэл хөтлөх жишээтэй л явдаг. Миний зүгээс нэхэмжлэгчид мөнгө төлсөн болохоо хангалттай нотлож байгаа ба нэхэмжлэгч харин мөнгө аваагүй гэдгээ нотолж чадаагүй юм. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                             ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Г.Мөнхтуяа нь хариуцагч Т.Хишигтогтохоос зээлээр авсан барааны үнэ 775640 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Хариуцагч Т.Хишигтогтох нь 2016 оны 07 сарын 09-ний өдөр нэхэмжлэгч Г.Мөнхтуяагийн Дорнод аймгийн “Шүр” худалдааны төвд байрлах “Хан-Оргил“ хүнсний бөөний худалдааны дэлгүүрээс 775640 төгрөгийн хүнсний барааг /үнийг дараа төлөхөөр/ худалдан авсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогддог ба талууд энэ талаар маргаагүй болно.

            Хариуцагч Т.Хишигтогтох нь нэхэмжлэгч Г.Мөнхтуяагаас 775640 төгрөгийн  бараа авсан талаар маргадаггүй, харин худалдан авсан барааныхаа үнийг төлсөн үү, эсхүл төлөөгүй юу гэх үйл баримтын талаар маргасан ажээ.

            Хэргийн оролцогчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “ нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх ” үүрэгтэй байна.

             Маргаантай үйл баримт нь бэлэн мөнгөөр төлсөн эсэх тухай асуудал учраас шүүх энэ үйл баримтыг мөнгө хүлээн авсан талын гарын үсэг бүхий баримтаар нотлохыг талуудаас шаардах нь зүй ёсны асуудал юм. Гэтэл талуудын аль алинд уг баримт байхгүйгээс маргаантай үйл баримт тогтоогдоогүй бөгөөд үүнээс үүсэх эрсдэлийг аль талд нь хариуцуулахыг шийдвэрлэхдээ талуудын гэм бурууг харгалзан үзэх нь зүйтэй юм. Талуудын худалдааны харилцаанд тогтсон, худалдсан барааны төлбөрийг бэлэн мөнгөөр хүлээн авахдаа худалдагч тал /нэхэмжлэгч/ баримт өгдөггүй, зөвхөн өөрийн тэмдэглэлийн дэвтэрт тэмдэглэх төдийгөөр хязгаарладаг явдал нь энэхүү маргаан үүсэх, улмаар маргаантай үйл баримт аль нэг талаар тогтоогдохгүй байдалд хүргэсэн гэж үзэх үндэслэлтэй учраас нэхэмжлэгчийг гэм буруутай гэж үзэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хуулийн 263 дугаар зүйлий 263.1 дэх хэсэгт “ зээлээр худалдах худалдан авах гэрээг бичгээр хийнэ. “, 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэрээний нөхцөлд  “бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн төлөх төлбөрийн хэмжээ, хугацаа, төлбөл зохих хүүгийн хэмжээ, үнэ, эсхүл үнийг тодорхойлох журам “ зэргийг заавал тусгахаар зохицуулжээ. Гэтэл талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй, хуульд заасан шаардлагыг хангаагүй байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан  хэргийг шийдвэрлэж хууль хэрэглээний алдаа гаргасныг зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд хариуцагч Т.Хишигтогтохын давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23166 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч Т.Хишигтогтохын давж заалдах гомдлыг хангаж, Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 22-ны өдрийн 138/ШШ2016/01296 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Г.Мөнхтуяагийн Т.Хишигтогтохоос 775640 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “ ... үлдээж, ... “ гэснийг “ ... үлдээсүгэй.” гэж өөрчлөн, “ ... хариуцагч Т.Хишигтогтохоос 23165,36 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Мөнхтуяад олгосугай.” гэснийг хүчингүй болгосугай.

  1. Шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Хишигтогтохоос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 23166 төгрөг төлсөнийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Л.НАРАНБАЯР

              ШҮҮГЧИД                                                                Д.БАЙГАЛМАА

                                                                                               З.ЭНХЦЭЦЭГ