Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 285

 

Ц.Эрдэнэбаярт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Д.Булганцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Болормаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Яринпил,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 577 дугаар магадлалтай, Ц.Эрдэнэбаярт холбогдох эрүүгийн 201525012290 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Яринпилийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой,

Орхон аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 157 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 371 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жил хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Түнтүүлэй овогт Цэнд-Аюушийн Эрдэнэбаяр нь Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Эрдэнэбаярыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жил хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, түүний цагдан хоригдсон 265 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтыг устгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Ц.Эрдэнэбаярын хувьд ноогдох хөрөнгөөс 5.877.892 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Болормаад олгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Эрдэнэбаяр, түүний өмгөөлөгч Ж.Яринпил нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Булганцэцэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Яринпил нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Яринпил хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “… шүүгдэгчийн үйлдэл нь хүнийг санаатай алах гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогддог. Хохирогч нь шүүгдэгчид хандан архи авч өг гэж хэлсэн бөгөөд мөнгө байхгүй гэхэд нь түүнийг нэгжиж, гар хүрэхээр нь шүүгдэгч болиулах зорилгоор санамсаргүй байдлаар газар байсан стаканаар цохисон” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Булганцэцэг “... шүүгдэгч Ц.Эрдэнэбаяр нь 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Хатанбаатартай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, амь насыг нь хохироосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Ц.Эрдэнэбаяр нь “архины мөнгө нэхсэн” гэх шалтгаанаар 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 125 дугаар байрны 19 тоотод хохирогч А.Хатанбаатарын зүүн чамархай руу шилэн аягаар цохиж “артерын өмнөд салаа, хураагуур судсыг гэмтээж тасалсан шарх” бүхий гэмтэл учруулж хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтуудаар нотлогдсон тухай анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гарахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч буюу хязгаарлах замаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв хэрэглэж шүүгдэгч Ц.Эрдэнэбаярын хувийн байдал болон үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хор уршигт тохирсон Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний ялыг оногдуулжээ.

Хүнийг санаатай эсхүл болгоомжгүй алах гэмт хэргийн обьект нь хүний амь нас боловч хор уршиг учруулсан санаа зорилго, сэдэлтээр нь ялгаж зүйлчилдэг болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар “... өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хор уршигийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн бол гэмт хэрэг шууд бус санаатай үйлдсэн” гэж үзнэ.

Хуулийн дээрх тодорхойлолтыг анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоосон хэргийн үйл баримттай харьцуулан дүгнэвэл шүүгдэгч Ц.Эрдэнэбаяр нь хохирогчийг алахыг хүсээгүй боловч шилэн аягаар толгой руу нь цохиж үхэлд хүргэх гэмтэл учруулж, амь нас нь хохирсон хор уршигт зориуд хүргэсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Харин хор уршиг учрах боломжтойг мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон хөнгөмсгөөр найдсан, эсхүл хор уршиг учрахыг мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан ч мэдэлгүй үйлдэж хайхрамжгүй хандсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул “... хэргийг Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэх” тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.    

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүхээс ТОГТООХ нь:

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 577 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Яринпилын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                                      Б.БАТЦЭРЭН

                        ШҮҮГЧ                                                                       Б.ЦОГТ