Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 1024

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Энхжин,                                            

Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч М.Б, 

Хохирогч М.Түвшинбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жанчивынхан овогт М-н Бд холбогдох эрүүгийн 1903010190464 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн, эрэгтэй, 31 настай, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний “Зуслан” хэрэглэгчдэд үйлчлэх төвийн салбарт борлуулалтын инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 21 гудамж, 524 В тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: МВ 88030717 / Жанчивынхан овогт М-н Б нь:

 

- 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт зуслан явах замд Тоёота Марк-2 маркийн 30-56 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.5-д заасан “Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас мотоциклийн жолооч М.Түвшинбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 3-9 /

 

              Жолоочийн согтууруулах ундаа хэрэглсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 10-11 /

 

            Хохирогч М.Түвшинбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2019 оны 08 дугаар сарын 30-ны орой 22 цаг өнгөрч байхад зуслангаасаа гараад хотын төв орох гээд Шарга морьтын уулзварын урдхан талд зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд явж байсан. Тухайн үед цагаан өнгийн Марк-2 маркийн машин миний урд талд 1 дүгээр эгнээнд явж байсан. Тэгтэл нөгөө машин гэнэт 2 дугааар эгнээ рүү оронгуутаа буцаад гэнэт баруун гар тал руугаа дохио өгөхгүй дараад гарц руу орох гэж байсан. Тухайн үед машин 2 дугаар эгнээнд орох үед би машин руу ойртоод ирчихсэн байсан. Тэгтэл нөгөө машин гэнэт миний урдуур эргэсэн. Би тухайн үед зогсож зайлж тойроод гарах боломжгүй байсан. Би машин руу ойртоод мөргөх гээд ирэхээр нь би мотоциклоосоо жоохон үсэрсэн. Мотоцикл чигээрээ очоод нөгөө машиныг мөргөөд газарт унасан. Би амьсгаа сайн авч чадахгүй байсан гэжээ.  / хх 22-24 /

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10537 дугаар дүгнэлтэнд:

            1. М.Түвшинбаярын биед зүүн талын 8, 9-р хавирганы хугарал, цээжинд зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг зүүн шагай, баруун тавхайд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь тухайн ослын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

            3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

            4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 44 /

 

            Итгэлт Эстимэйт ХХК-ний автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний 75572 дугаартай тайлан  / хх 47-49 /

 

              Тээврийн цагдаагийн албаны Мөрдөгчийн магадлагаанд:

              1. Тоёота Марк-2 маркийн 30-56 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан М.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.5-д заасан “Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна гэжээ.  / хх 58 /

Шүүгдэгч М.Бг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 67-70 /

Шүүгдэгч урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 81 / зэрэг болно.

 

Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Дохио өгөөгүй эргэсэн нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хохирогч М.Түвшинбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн орой би лагераас гэр рүүгээ харих гээд явж байх үед цагаан өнгийн марк 2 маркийн машин нэгдүгээр эгнээнээс хоёрдугаар эгнээ рүү дохио өгөхгүй баруун дарж гарч ирсний улмаас осол болсон. Осол болсны дараа цагдаа болон түргэний машин ирсэн. Шүүгдэгч нь хохиролд 6.000.000 төгрөг өгсөн. Миний хохирлыг барагдуулсан тул одоо нэхэмжлэх зүйлгүй, санал хүсэлтгүй гэв.

 

Шүүгдэгч М.Б нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны орой 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт зуслан явах замд Тоёота Марк-2 маркийн 30-56 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.5-д заасан “Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас мотоциклийн жолооч М.Түвшинбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: ...Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 3-9 /, ...Жолоочийн согтууруулах ундаа хэрэглсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 10-11 /, ...Тухайн үед цагаан өнгийн Марк-2 маркийн машин миний урд талд 1 дүгээр эгнээнд явж байснаа гэнэт 2 дугааар эгнээ рүү оронгуутаа буцаад баруун гар тал руугаа дохио өгөхгүй дараад би машин руу ойртоод ирчихсэн байсан. Миний урдуур эргэсэн. Мотоцикл чигээрээ очоод нөгөө машиныг мөргөөд газарт унасан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч М.Түвшинбаярын мэдүүлэг / хх 22-24 /, ... М.Түвшинбаярын биед зүүн талын 8, 9-р хавирганы хугарал, цээжинд зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг зүүн шагай, баруун тавхайд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10537 дугаар дүгнэлт / хх 44 /, ...Итгэлт Эстимэйт ХХК-ний автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний 75572 дугаартай тайлан  / хх 47-49 /, ...Тоёота Марк-2 маркийн 30-56 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан М.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.5-д заасан “Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна гэсэн Тээврийн цагдаагийн албаны Мөрдөгчийн магадлагаа / хх 58 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч М.Бг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч М.Б нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн тул түүний хувийн байдлыг харгалзан түүнд хуульд заасан торгуулийн ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.   

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч М.Түвшинбаяр нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй / хх 104 / гэсэн тул М.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч М.Бг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Жанчивынхан овогт М-н Бг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

2. Шүүгдэгч М-н Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, М.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Б нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.   

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ОЮУНЧИМЭГ