| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/1046/Э |
| Дугаар | 1033 |
| Огноо | 2019-12-09 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Н.Т |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 1033
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Энхжин,
Улсын яллагч Н.Түвшинбаяр,
Шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Д-н Хт холбогдох эрүүгийн 1909033931157 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “.....” ХХК-ний Вьетнам засварын газарт засварчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн .. дүгээр хороо, .. дугаар байрны .. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: У3 911221.. / Боржигон овогт Д-н Х нь:
- 2019 оны 09 дүгээр сарын 03-ны шөнө 06 цагийн үед Сүхбаатар дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” ХХК-ний Вьетнам засварын газраас иргэн Ч.Т 53-.. УНД улсын дугаартай Тоёота Клүгэр маркийн авто машиныг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ч.Т мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргий .... дүгээр хороо, Алтайн .. тоотод байрлах Д гэх захиралтай Вьетнам авто засварын газар 56-.. УНД улсын дугаартай Тоёота ... маркийн мөнгөлөг саарал өнгөтэй автомашинаа засуулахаар болж, Д.Х гэх залууд хүлээлгэж өгөөд 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр авахаар тохиролцож, урьдчилгаа 150.000 төгрөг машиныхаа түлхүүрийн хамт өгсөн. Гэтэл 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Д гэдэг хүн над руу 807880... гэсэн дугаарын утаснаас залгаж “Таны машиныг манай ажилтан Х унаад явсан байна” гэж хэлсэн. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэжээ. / хх 11-12, 43 /
Гэрч Ж.Д мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Сүхбаатар дүүргийн .. дүгээр хороо, Алтайн .. тоотод байрлах Вьетнам авто засварын газар ажиллуулдаг бөгөөд ажилтан Д.Х 56-.. УНД улсын дугаартай Тоёота .... маркийн мөнгөлөг саарал өнгөтэй автомашиныг засахаар 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээж авсан. Гэтэл 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн өглөөний 06 цагийн үед зөвшөөрөлгүй унаж алга болсон гэжээ. / хх 16-17 /
Яллагдагч Д.Х мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн ажилладаг Вьетнам авто засварын газар 15 цагийн орчимд 53-.. УНД улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёота .... маркийн автомашиныг засахаар би хүлээж авсан. 2019 оны 09 дүгээр сарын 02-ны орой 23 цагийн орчим хүртэл автомашиныг засаж байгаад хадам ахын төрсөн өдөр тэмдэглэх гээд ажлаас гараад гадуур явсан. 2019 оны 09 дүгээр сарын 03-ны шөнө 04 цагт би засварын газартаа ирээд найзтайгаа нэг том пиво хувааж уугаад гэр рүүгээ явах гээд найзтайгаа хамт 53-.. УНД улсын дугаартай автомашиныг унаж яваад Сонгинохайрхан дүүргийн далангийн зам дээр зүүрмэглээд замын хашлага мөргөөд хүлээж авсан машинаа мөргөлдүүлсэн юм. Тэгээд очихоосоо айгаад тэр өдөр ажил дээрээ очоогүй юм. 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр уг автомашиныг Сонгинохайрхан дүүргийн журмын хашаанаас аваад ажлын газар дээрээ авчирч хүлээлгэж өгсөн гэжээ. / хх 18-19 /
“...” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 28-32 /
Шүүгдэгч Д.Хыг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 25-26 /
Шүүгдэгч урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 38 / зэрэг болно.
Шүүгдэгч Д.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би орой пиво уучихаад гэр рүүгээ явах гээд унаагүй болсон учир хохирогчийн машиныг унаж яваад замын хашлага мөргүүлсэн. Тэгээд очихоосоо айгаад тэр өдөр ажил дээрээ очоогүй юм. Одоо хохирогчид машиныг нь засаад өгчихсөн байгаа гэв.
Шүүгдэгч Д.Х нь 2019 оны 09 дүгээр сарын 03-ны шөнө 06 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-ний Вьетнам засварын газраас иргэн Ч.Т 53-..УНД улсын дугаартай Тоёота Клүгэр маркийн авто авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөлгүйгээр авч явсан гэмт үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Би 56-63 УНД улсын дугаартай Тоёота Клүгер маркийн мөнгөлөг саарал өнгөтэй автомашинаа Д.Х гэх залууд засуулахаар өгсөн. Гэтэл Д нь “ Таны машиныг манай ажилтан Х унаад явсан байна “ гэж хэлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Ч.Т мэдүүлэг / хх 11-12, 43 /, ... Д.Х 56-.. УНД улсын дугаартай Тоёота Клүгер маркийн мөнгөлөг саарал өнгөтэй автомашиныг засахаар авсан бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн өглөөний 06 цагийн үед зөвшөөрөлгүй унаж алга болсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ж.Дгийн мэдүүлэг / хх 16-17 /, ...Би 53-..УНД улсын дугаартай автомашиныг унаж яваад замын хашлага мөргүүлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Д.Хын мэдүүлэг / хх 18-19 /, ...“..” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 28-32 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Д.Хыг авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Х нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн тул, түүний үйлдсэн хэргийн нийгмийн хор аюул, учруулсан хохирол, түүний хувийн байдлыг харгалзан түүнд хуульд заасан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар улсын яллагч санал гаргасныг хүлээн авах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Х нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Д.Хыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн залтад хамаарахгүй байх тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулахгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Д-н Хыг авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөлгүйгээр авч явсан гэмт хэрэг гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д-н Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Д.Х нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Х нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Д.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ