Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2017/00004

 

 

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн ........ дүгээр хороо, Хөдөө хэсэгт оршин суух, ........... овогт Ж.Б улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Э.Шүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Дуут сумын Социализм нэгдэлд Уурын зуухны машинчаар 1982.10.01-ний өдрөөс 1990 он хүртэл ажилласан. Тэр үеийн ажилд орсон, ажлаас гарсан тушаал олдохгүй байгаа тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай байна. Уурын зуухны галч нь улирлын чанартай ажил бөгөөд 10 дугаар сараас, 4 дүгээр сарын 25-ныг хүртэл ажилладаг байсан. Зуны цагт нь малчин, манаач гээд маш олон ажлыг хийж байсан. Хөдөлмөрийн дэвтрээ 1998 онд Ховд аймгаас Багануур дүүрэгт нүүж ирэх үедээ алга болгосон. Иймд хавсаргасан баримтад үндэслэн миний дээрх хугацаанд улсад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү  гэв.

          Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Ж.Баатар нь Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам  нэгдэлд Уурын зуухны машинистаар 1982.10.01-ний өдрөөс 1990.01.01-ний өдөр хүртэл  ажиллаж байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Ж.Б нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох зорилгоо заахдаа “өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм“ гэжээ.

 

Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2016.11.15-ны өдрийн 1800, 2016.12.09-ний өдрийн 1880 тоот албан бичгүүдээр  Ж.Б ажилд томилогдсон болон ажлаас халагдсан тушаал архивт байхгүй болох нь тогтоогдож байгаа бөгөөд хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн байх тул түүний ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй байна.

Шүүх хүсэлтийг хангах  үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь: Нэхэмжлэгч Ж.Б нь Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд 1982.10.01-ний өдрөөс 1985.09.01-ний өдөр хүртэл уурын зуухны машинистаар, 1985.09.01-ний өдрөөс 1986.04.30-ны өдөр хүртэл малчин, уурын зуухны машинистаар, 1986.04.30-ны өдрөөс 1986.10.01-ний өдөр хүртэл  манаач, уурын зуухны машинистаар, 1986.10.01-ний өдрөөс 1989.05.04-ний өдөр хүртэл уурын зуухны машинистаар, 1989.05.04-ний өдрөөс 1990.01.01-ний өдөр хүртэл ногоочин, дарханаар тус тус ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн тайлбар

- Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн даргын 1985.09.02-ны  өдрийн 15 дугаартай ажилд томилох тухай тушаал,

- Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн даргын 1986.04.30-ны  өдрийн 22 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал

- Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн даргын 1986.10.01-ний  өдрийн 58 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал

- Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн даргын 1989.05.04-ний  өдрийн 36 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал

-1982, 1983, 1987 онуудад улсад ажиллаж байхдаа авахуулсан гэрэл зургууд

Гэрч Д.Г ын шүүхэд өгсөн: “Намайг Ховд аймгийн Дуут сумын уурын зууханд 1987 оны 08 дугаар сард ажилд ороход Ж.Б р нь уурын зуухны машинистаар ажиллаж байсан. Б р нь 1990 он хүртэл машинистаар тасралтгүй ажилласныг гэрчилж байна” гэх мэдүүлэг

Гэрч Г.Ч ын шүүхэд өгсөн: Ж.Б р нь 1974 оноос 1982 он хүртэл Ховд аймгийн Дуут сумын үйлдвэр бригадад норомчноор надтай цуг ажиллаж байгаад цэрэгт явсан. Цэргээс ирээд  1982.10.01-ний өдрөөс 1990 он хүртэл Ховд аймгийн Дуут сумын Уурын зууханд машинистаар тасралтгүй ажилласан. Улирлын чанартай ажил учир зундаа малчин, манаач, ногоочин гэх мэт олон ажил хийж байсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно. 

Уурын зуухны машинист буюу галчийн ажил нь улирлын чанартай ажил бөгөөд нэхэмжлэгч нь өвөлдөө уурын зуухны машинистаар ажиллаж зуны цагт малчин, манаач зэрэг ажлыг хийж байсан байна.

          Нотлох баримтуудыг үнэлэхэд: Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримт нь архивын хуулбар үнэн дардастай, гэрчүүдийн мэдүүлэг дээрх нотлох баримттай холбоотой, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн байх тул эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

             1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Чонос овогт Ж.Б. Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд 1982.10.01-ний өдрөөс    1985.09.01-ний өдөр хүртэл уурын зуухны машинистаар, 1985.9.1-ний өдрөөс 1986.04.30-ны өдөр хүртэл малчин, уурын зуухны машинистаар, 1986.04.30-ны өдрөөс 1986.10.01-ний өдөр хүртэл манаач, уурын зуухны машинистаар, 1986.10.01-ний өдрөөс 1989.05.04-ний өдөр хүртэл уурын зуухны машинистаар, 1989.05.04-ний өдрөөс 1990.01.01-ний өдөр хүртэл ногоочин, дарханаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

             2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

   5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                         

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 П.ТУЯА