Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 199

 

 

 

 

 

 

 

 

    2020          04           07                                   2020/ШЦТ/199                                 

                                                                                                                      

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э-гийн Б-т холбогдох эрүүгийн 20100 0122 0140 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Хурц, хохирогч Б.У, шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Боорчи шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютерийн программ хангамж мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ах, дүү нарын хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Гэгээ 16 дугаар хотхоны 68а-34 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Э-гийн Б- /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Dream land хотхоны 24 дүгээр байрны гадна автомашины зогсоолд байрлуулсан байсан иргэн Б.Уын эзэмшлийн хххх улсын дугаартай Lexus-350 маркийн автомашины баруун талын гадна толийг гараараа цохиж хугалан 4.024.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Э.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо надад шүүхэд нэмж ярих зүйл байхгүй байна. Би хохирогчид хохирлыг нь төлөөгүй байгаа, гэхдээ хохирлыг нь нөхөн төлнө. Би гэмт хэрэг үйлдсэн гэдгээ 2 дугаар сард мэдсэн ба тухайн үеэс хойш би ажлаасаа гарсан байсан тул надад хохирлыг нөхөн төлөх санхүүгийн боломж байгаагүй. Би ойрын хугацаанд ажилд орно. Тэгээд хохирогчийн хохирлыг нь төлнө.

Хэрэг гарах тухайн үед архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байсан тул болсон явдлын талаар санахгүй байна. Хэдэн өдрийн дараа манай найз Хүслэн намайг дуудаж, цагдаагийн байгууллагын ажилтан намайг цагдаагийн хэлтэс рүү ирэхийг шаардсан талаар хэлсэн. Би удахгүй “Скайтел” ХХК-д ажилд орно. Би ах, дүү нарын хамт амьдардаг. Манай гэрийнхэн намайг хариуцлагаа өөрөө хүлээ гэж хэлсэн. Би өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу дээр маргахгүй. Энэ хэрэг гарсан өдрөөс хойш архи согтууруулах ундаа хэрэглээгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч Б.Уын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би гэмт хэрэг гарсан өдөр “Дрийм Ланд хотхон”-д эмчилгээ хийлгэж байсан. Би эмчилгээ хийлгэж дуусгаад машиндаа сууж гэртээ харьсан. Тухайн үед би машины толь эвдэрсэн гэдгийг анзаараагүй юм. Гэтэл манай хүүхэд машиныг толийг хэн нэгний нөлөөллөөр эвдэрсэн талаар хэлсэн тул би цагдаагийн байгууллагад хандаж, камер шүүлгэхэд шүүдэгч Э.Б нь миний машины толийг эвдэлсэн талаар мэдсэн.

Шүүгдэгч нь миний камертай толийг эвдэлсэн ба тэрхүү камертай толь нь Монгол улсын нутаг дэвсгэрт худалдаалагддаггүй, зөвхөн АНУ-аас захиалах шаардлагатай байдаг юм. Учир нь миний машин он залуу, шинэ загварын машин. Миний зүгээс шүүгдэгчээс хохирлоо нөхөн төлүүлэх хүсэлттэй байна. Өөрөөр гомдол саналгүй.” гэсэн мэдүүлэг,

 

 

Эрүүгийн 20100 0122 0140 дугаартай хэргээс:

 

1. Лексус 350 загварын 02-59 УНУ улсын дугаартай автомашинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 04-07х/,

 

2. Хэрэг гарсан гэх Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Dream land” хотхоны 24 дүгээр байрны авто зогсоолын хяналтын камерийн бичлэг бүхий Сиди 1 ширхэгийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон Мөрдөгчийн тогтоол, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 10х, 11-12хх/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Уын хохирогчоор өгсөн:

“...2020 оны 01 дүгээр сарын 04-ний 18 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Дрийм ланд хотхоны ертөнцийн зүгээр зүүн талд авто машины ил зогсоол дээр өөрийнхөө 02-59 УНУ улсын дугаартай, Лексус-350 загварын 2016 онд үйлдвэрлэгдсэн автомашинаа байрлуулаад, 22 цагийн орчим гараад ирэхэд миний машины баруун талын толийг эвдэж, суурийн хугалж, тольны гадна гэрийг хагалсан байсан.

Уг хотхоны хяналтын камерийг бичлэгийг шүүж үзэхэд үл таних залуучууд эвдсэн байсан. Би өөрийнхөө машины толийг янзлуулах гэсэн боловч АНУ-аас 1.800 ам доллараар захиалах шаардлагатай болсон болохоор тухайн хүмүүсийг олж тогтоон намайг хохиролгүй болгож өгнө үү. Би өөрийнхөө машины толийг 4.5 сая төгрөгөөр үнэлж байна. ...Би гомдолтой байна, хуулийн дагуу шалгаж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хэргийн 16х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Хүслэнгийн гэрчээр өгсөн:

“...Би 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гэртээ байж байхад 18-19 цагийн үед найз Номунбилэгт дуудаад Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэг хотхоноос ирээд аваач гэхээр нь би яваад очиход Номунбилэгт, Баярбилэг хоёр хоорондоо маргалдаж байсан. Машинд суух гээд явж байхад Баярбилэг уурандаа зогсоол дээр байсан Лексус 350 загварын хар өнгийн машины баруун талын толийг гараараа цохиж эвдсэн юм. Би Баярбилэгт “наад машин чинь сүүлийн оны машин, чи яаж байгаа юм бэ” гэхэд Баярбилэг дуугарахгүй, маш их согтуу, Номунбилэгттэй хэрүүл хийгээд байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Номунбилэгтийн гэрчээр өгсөн:

“...Би 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр найз Намуунаа гэх охины гэрт Баярбилэг бид нар архи уусан бөгөөд бид хоёр 19-20 цагийн үед харих гээд найз Хүслэнг дуудаж, байрнаас гараад явж байсан. Тэгээд Баярбилэг бид хоёр маргалдаж, хоорондоо хэрүүл хийхэд манай найз надад гомдоод, уурандаа зогсоол дээр байсан хар өнгийн машины баруун толийг гараараа цохиж эвдсэн. Би тухайн үед бас согтуу байсан. ...Баярбилэг Лексус маркийн хар өнгийн машины толийг цохих шиг болсон.” гэсэн мэдүүлэг /хэргийн 25х/,

 

6. Хөрөнгө, даатгалын хохирлийн үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн үнэлгээчийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Х-389 дугаартай: 

“...Иргэн Б.Уын 02-59 УНУ улсын дугаартай Лексус-RX350 маркийн автомашины баруун толь хагарч хугарсан гэх эд зүйлс, хохирлын ...зах зээлийн үнийг тогтооход шууд зардлын дүн 4.018.400 төгрөг, шууд бус зардлын дүн 6.000 төгрөг, нийт хохирлын дүн нь 4.024.400 /дөрвөн сая хорин дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөг...” гэж тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 29-30х/,

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Э.Бийн яллагдагчаар өгсөн:

...Би ял сонсгож, яллагдагчаар татаж байгаа Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би архи, согтууруулах ундааны  зүйл хэрэглэсэн байх үедээ бусдын автомашины толийг хугалсан байна. Би хохирогч Б.Утай уулзаж, хохирлоо барагдуулахаар болсон.” гэсэн мэдүүлэг /хэргийн 41х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 42х/, бакалаврын дипломын хуулбар /хэргийн 45-47х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 48х/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Бийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Dream land хотхоны 24 дүгээр байрны гадна автомашины зогсоолд байрлуулсан байсан иргэн Б.Уын эзэмшлийн хххх улсын дугаартай Lexus 350 маркийн автомашины баруун талын гадна толийг гараараа цохиж хугалан гэмтээсэн, үүний улмаас хохирогч Б.Уын эд хөрөнгөд 4.024.400 төгрөгийн хохирол учирсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:

- Лексус 350 загварын 02-59 УНУ улсын дугаартай автомашинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 04-07х/,

 хэрэг гарсан гэх Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Dream land” хотхоны 24 дүгээр байрны авто зогсоолын хяналтын камерийн бичлэг бүхий Сиди 1 ширхэгийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон Мөрдөгчийн тогтоол, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 10х, 11-12хх/,

- хохирогч Б.Уын: “...2020 оны 01 дүгээр сарын 04-ний 18 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Дрийм ланд хотхоны ертөнцийн зүгээр зүүн талд авто машины ил зогсоол дээр өөрийнхөө 02-59 УНУ улсын дугаартай, Лексус35 загварын 2016 онд үйлдвэрлэгдсэн автомашинаа байрлуулаад 22 цагийн орчим гараад ирэхэд миний машины баруун талын толийг эвдэж, суурийн хугалж, тольны гадна гэрийг хагалсан байсан.

Уг хотхоны хяналтын камерийг бичлэгийг шүүж үзэхэд үл таних залуучууд эвдсэн байсан. Би өөрийнхөө машины толийг янзлуулах гэсэн боловч АНУ-аас 1.800 ам доллараар захиалах шаардлагатай болсон болохоор тухайн хүмүүсийг тогтоон намайг хохиролгүй болгож өгнө үү. Би өөрийнхөө машины толийг 4.5 сая төгрөгөөр үнэлж байна. ...Би гомдолтой байна, хуулийн дагуу шалгаж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хэргийн 16х/,

- Хөрөнгө, даатгалын хохирлийн үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн үнэлгээчийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Х-389 дугаартай: 

“...Иргэн Б.Уын 02-59 УНУ улсын дугаартай лексус-RX350 маркийн автомашины баруун толь хагарч хугарсан гэх эд зүйлс, хохирлын ...зах зээлийн үнийг тогтооход шууд зардлын дүн 4.018.400 төгрөг, шууд бус зардлын дүн 6.000 төгрөг, нийт хохирлын дүн нь 4.024.400 /дөрвөн сая хорин дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөг...” гэж тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 29-30х/,

- гэрч Ч.Хүслэнгийн: “...Машинд суух гээд явж байхад Баярбилэг уурандаа зогсоол дээр байсан Лексус 350 загварын хар өнгийн машины баруун талын толийг гараараа цохиж эвдсэн юм. Би Баярбилэгт “наад машин чинь сүүлийн оны машин, чи яаж байгаа юм бэ” гэхэд Баярбилэг дуугарахгүй, маш их согтуу, Номунбилэгттэй хэрүүл хийгээд байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23х/,

- гэрч Н.Номунбилэгтийн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр найз Намуунаа гэх охины гэрт Баярбилэг бид нар архи уусан бөгөөд бид хоёр 19-20 цагийн үед харих гээд найз Хүслэнг дуудаж, байрнаас гараад явж байсан. Тэгээд Баярбилэг бид хоёр маргалдаж, хоорондоо хэрүүл хийхэд манай найз надад гомдоод, уурандаа зогсоол дээр байсан хар өнгийн машины баруун толийг гараараа цохиж эвдсэн. Би тухайн үед бас согтуу байсан. ...Баярбилэг Лексус маркийн хар өнгийн машины толийг цохих шиг болсон.” гэсэн мэдүүлэг /хэргийн 25х/болон шүүгдэгч Э.Бээс мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Гэмт үйлдлийн улмаас бусдын эд зүйлс, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал нь алдагдаж, тухайн эд хөрөнгийн ашигтай байдал, чанар үр дүн алдагдах, түр хугацаагаар зориулалтын дагуу ашиглаж, хэрэглэх бололцоогүй болгохыг “гэмтээх” гэж ойлгох бөгөөд тухайн нөхцөлд учирсан гэмтэл нь засвар үйлчилгээгээр сэргээгдэж, анхны байдалдаа орж нөхөн сэргээгдэх боломжтой байдаг.  

 

Бусдын эд хөрөнгийг гэмтээсэн үйлдлийн улмаас эд хөрөнгийн өмчлөгч, хууль ёсны эзэмшигчид бага хэмжээнээс дээш хохирол учирснаар уг гэмт хэрэг төгс үйлдэгдэгсэнд тооцогдох хэлбэрийн болон материаллаг бүрэлдэхүүний шинжийг агуулахаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан байна. 

 

Шүүгдэгч Э.Бийн 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Dream land хотхоны 24 дүгээр байрны гадна автомашины зогсоолд байрлуулсан байсан иргэн Б.Уын эзэмшлийн хххх улсын дугаартай Lexus 350 маркийн автомашины баруун талын гадна толийг гараараа цохиж хугалан гэмтээсэн, үүний улмаас хохирогч Б.Уын эд хөрөнгөд 4.024.400 төгрөгийн хохирол учирсан үйлдлийг Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргээр зүйлчилж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий байна.

 

Шүүгдэгч Э.Бийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Б.Уын эзэмшлийн 02-59 УНУ улсын дугаартай Лексус-350 маркийн тээврийн хэрэгслийн баруун толь зэрэг эд хөрөнгөд гэмтэл учирч, уг автомашины эвдрэл хохирлын үнэлгээг нийт 4.024.400 төгрөг гэж тогтоосон автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ хийх эрх бүхий хөрөнгийн үнэлгээчин гаргасан байх тул хууль ёсны, үнэн зөв баримт гэж шүүх үнэлсэн ба уг үнэлгээний дүн, шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрсөн талаар хэргийн оролцогч талуудаас гомдол гаргаагүй байна. 

Иймд тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг эрх бүхий мэргэшсэн үнэлгээчийн дүгнэлтээр тогтоогдсон “4.024.400” төгрөг гэж тодорхойлон тогтоосныг шүүх үндэслэл бүхий гэж дүгнэсэн ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “бага хэмжээний хохирол”-оос дээш хохиролд хамаарах юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж “гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно гэж, мөн энэ хуульд заасан “нэг нэгж” нь “нэг мянган” төгрөгтэй тэнцүү байна” гэж мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан.  

 

Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Э.Бийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 4.024.400 /дөрвөн сая хорин дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эд хөрөнгө гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.      

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан. 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, үүрэг бүхий этгээд эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх,  гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй. 

 

Шүүгдэгч Э.Бийн үйлдсэн эд хөрөнгө гэмтээх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Уын эд хөрөнгөд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Х-389 дугаартай /хэргийн 29-30х/ хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлтээр 4.024.400 /дөрвөн сая хорин дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь хэрэгт шинжээчээр ажилласан, хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, шинжилгээ хийх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй, үнэлгээний байгууллагын үнэлгээчин тогтоогдсон ба шүүх эдгээр дүгнэлтийг хууль ёсны, үнэн зөв үндэслэл бүхий үнэлж дүгнэсэн, мөн дээрх эд хөрөнгийн үнэлгээ дүгнэлтэд хэргийн хохирогч болон шүүгдэгч талууд тус тус маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Э.Бээс 4.024.400 /дөрвөн сая хорин дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулж, хохирогч Баатарын Ургамалд олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 47х/ тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч Э.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй. 

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй болон гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн  хувийн байдал,  эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчаас гаргасан санал зэргийг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор Э.Бт 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй.       

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерийн бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт Э.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.          

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

 

         ТОГТООХ нь:

 

1. Б овогт Э-гийн Б-ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 4.024.400 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Бт 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт Э.Бээс 4.024.400 /дөрвөн сая хорин дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулж, хохирогч хххх тоотод оршин суух хаягтай, /РД:хххх/, Бг овогт Б-ын У-д олгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерийн бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Энэ хэрэгт Э.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Э.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.БАЗАРХАНД