Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 202

 

 

 

 

 

 

 

  

    2020            04           07                                      2020/ШЦТ/202                                 

                                                                                                                      

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ийн Б-д холбогдох эрүүгийн 19100 0829 0172 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч П.Энхболд, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Ууганцэцэг нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга М.Солонго шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, “Гэрэл” хүүхдийн асрамжийн газар нийгмийн ажилтан ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг гэх, хххх тоотод түр оршин сууж байгаа гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Б-ийн Б- /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 3 сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Комит сервис” ХХК-ийн “Лавай” хүнсний дэлгүүрийн няраваар ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөөс 670.150 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хувьдаа завшиж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:       

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Баас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг. Одоо надад шүүхэд нэмж хэлэх зүйл алга байна. Би тухайн байгууллагад бараа материалыг хүлээн авч, худалдагч нарт хүлээлгэн өгдөг байсан. Миний ажлын үүрэг Хөдөлмөрийн гэрээ болон ажил байдлын тодорхойлолтонд тусгагдсан эсэхийг санахгүй байна. Одоогийн байдлаар хохирол төлбөр төлөгдөөгүй байгаа, гэхдээ төлж барагдуулна. Би 2019 оны 3 дугаар сарын эхээр нэг л удаа 40 мянга орчим төгрөгийн бараа материалыг зөвшөөрөлгүй авсан. Ундаа, боорцог, набор зэрэг эд зүйлсийг дэлгүүр дотроос хувьдаа авч гарсан нь үнэн.

Харин 670.000 төгрөгийн бараа материалыг би авч гараагүй. Ер нь бол бараа материал байнга ирж, хүлээн авч, худалдагч нарт хүлээлгэж өгдөг байсан. Лхамсүрэн эгчийн хэлснээр байнга бараа материал дутагдаж, худалдагч кассчин нарын цалингаас суутгаж авдаг байсан. Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа, маргахгүй.

Гэхдээ би тухайн дэлгүүрээс 670.000 төгрөгийн бараа материалыг аваагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч нар нь 3 удаа солигдож надаас байцаалт авсан. Сүхбаатар гэдэг байцаагч надад “улсын шинжээчийн дүгнэлт гарсан байна, хохирлын дүн 670.000 төгрөг юм байна, хүлээн зөвшөөрч байна уу” гэхээр нь “хүлээн зөвшөөрч байна” гэж хэлсэн.

Гэхдээ би 40 мянга орчим төгрөгийн л эд зүйлс авсан. Тухайн шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гоо сайханы бараа бүтээгдэхүүнийг би авч гараагүй. Шүүхийн шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцаад гарын үсгээ зурсан төдий юм. Тухайн байгууллагад би няравын албан тушаал хашдаг, бараа бүтээгдэхүүнийг тоолж хүлээж аваад худалдагч нарт бүрэн хүлээлгэж өгдөг байсан учир би өөрийгөө буруутай гэж үзэж байна. Тооллого тооцоо хийхэд дутсан бараа бүтээгдэхүүн гэж ойлгож байгаа. Манайд склад агуулах гэж байдаггүй, манай өрөөнд худалдагч нар орж ирээд бараагаа авдаг. Би өөрөө мухарын өрөөнд суудаг байсан. Анх намайг ажилд орж байхад надаас барьцаа мөнгө авч байгаагүй.” гэсэн мэдүүлэг, 

 

Эрүүгийн 19100 0829 0172 дугаартай хэргээс:

 

1. “Комит Сервис” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн бараа материалын тооллого хийсэн тухай тайлангийн хуулбар /хэргийн 17х/,

 

2. “Комит Сервис” ХХК-ийн Б.Бтай 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хуулбар, тус компанийн Ерөнхий захирлын “Ажилд томилох тухай” тушаалын хуулбар, “Комит сервис” ХХК-ийн няравын ажлын байрны тодорхойлолт баримтууд /хэргийн 23х, 26х, 101-104х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч “Комит сервис” ХХК-ийн Лавай худалдааны төвийг төлөөлж Б.Л-гийн өгсөн:

“...2018 оны 3 дугаар сараас Б.Б нь манай байгууллагад няравын албан тушаалд ажиллахаар болсон. Б.Б нь ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Б.Б нь ажиллахдаа дэлгүүрийн барааг хүлээн авч, худалдагч нарт тарааж өгөх ажил үүргээ гүйцэтгэдэг байсан. Манай дэлгүүр нь 15 хоног тутам тооллого хийдэг. Уг тооллогоор байнга бараа материал дутдаг байсан.

Гэхдээ манай байгууллагын дотоод журмаар 15 хоног тутам тооллого хийгээд, дутсан бараа бүтээгдэхүүний үнийг худалдагч, кассын ажилтан, хамгаалалтын албаны ажилтан, нярав нарт тодорхой хувиар төлбөр ноогдуулж төлүүлдэг байсан. Мөн Б.Бы өөрийнх нь суудаг өрөөнд манай дэлгүүрт зарагддаг бараа бүтээгдэхүүнүүд болон уут сав нь байнга байдаг, өөрөө байнга хэрэглэдэг байсан. Би өөрөө Б.Баас асуухад кассанд бичүүлсэн гэж хэлдэг байсан.

Гэтэл манай хамгаалалтын албаны ажилтан Ж.Нарантунгалаг нь хяналтын камер шүүхэд Б.Б нь торонд өөрийн ахуйн хэрэглээний зүйлүүдийг хийгээд, өөрийн суудаг ширээн дээр тавиад, хэсэг хугацааны дараа бараа хүлээн авдаг нарийн хаалгаар гарч яваад машиндаа тавьчихаад эргэж орж ирж байгаа бичлэг байсан.

Тэгээд Б.Бд хэлэхэд буруугаа хүлээж байна гээд машинаа үлдээгээд явсан байсан. Б нь ерөнхийдөө буруугаа хүлээгээд өөрийн нэр дээр байгаа машинаа манай байгууллагын нэр дээр шилжүүлж байгаад өр төлбөрөө барагдуулахаар тохирсон. Тэгээд машиныг нь компанийн нэр дээр шилжүүлэх гэхэд торгууль ихтэй, татвар, даатгал байхгүй гэсэн шалтгаанаар компанийн нэр дээр шилжүүлэх боломжгүй болсон. Б.Б нь өөрөө ажиллаж байх хугацаанд өр төлбөрөө төлж барагдуулмаар байна гэхээр нь бид нар гадаа талбайн зохицуулагчаар ажиллаж байгаад өрөө төлчих гэхэд хүлээн зөвшөөрөөгүй. Тэгээд бид цагдаагийн байгууллагад хандсан.

Анх ажилд орохдоо 600.000 төгрөгийн цалинтай байсан байгууллагаас итгэл үзүүлээд цалинг нь нэмж 800.000 төгрөг болгосон. Манайх “Нью эстимэйтор” нэртэй аудитын газраар хяналт шалгалт хийлгэж, дүгнэлт гаргуулсан. Тухайн дүгнэлтийг хэрэгт хавсаргуулахаар өгсөн байгаа. Тухайн дүгнэлтээр Б нь яг хэдэн төгрөгийн бараа материал хувьдаа  завшсан талаар би мэдэхгүй байна.

...Ажил үүргийн хуваариар Б нь гэрээт компаниудаас ирүүлсэн бараа бүтээгдэхүүнийг хүлээн авч, тасаг хариуцсан худалдагч нарт хүлээлгэн өгч, сарын сүүлээр нягтлан бодогч нартай тооцоогоо нийлж ажиллах хуваарьтай. Манай компанитай гэрээт байгууллагуудаас бараа бүтээгдэхүүн хүргэн ирэх үед компанийн өмнөөс барааг хариуцан хүлээн авч байсан тул итгэмжлэн хариуцсан ажилтан мөн гэж үзэж байна. Компанийн санхүүгийн хэлтэс 2019 оны 02 сарын 03-ны өдөр бараа материалын тооллого хийхэд нийтдээ 5.485.780 төгрөгийн дутагдал илэрсэн тул хариуцан ажиллаж байсан Быг завшсан гэж үзэж байгаа юм. ...Энэ асуудлыг яаралтай шийдүүлж, компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх нөхцөл бололцоог хангаад явмаар байна.” гэсэн  гэсэн мэдүүлэг /хэргийн 31х, 69х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Өлзиймаагийн гэрчээр өгсөн:

“...2019 оны 3 сарын 12-ны өдөр өглөө 10 цагт дэлгүүр онгойж, орой 20 цагт хаадаг байсан. Тухайн үед би орлогоо тушаах гээд хамгаалагчийн хамтаар АТМ дээр байхад манай хамгаалалтын ажилтан Батбаяр намайг дуудаад “Дээр таныг дуудаж байна” гээд 2 давхарт гарсан. Тухайн үед манай нягтлан бодогч Наранцацрал, хамгаалалтын албаны дарга Нарантунгалаг, нярав Б нар байсан. Тэгэхэд манай хамгаалалтын албаны дарга надаас “Б өнөөдөр кассан дээр ундаа бичүүлсэн үү” гэж асуусан. Тухайн өдөр Б ямар ч бичилт хийлгээгүй учраас би “үгүй” гэж хэлсэн. Тэгээд тэр үед болсон асуудлыг мэдээд, мартсан бол бичүүлэхгүй яасан юм бэ гэхэд ичээд, чимээгүй зогсоод байсан.

Кассын ажилтан нарын тооллого тооцоог 15 хоног тутамд хийдэг, харин тасгийн худалдагч нарын барааг 1, 2 сард тоолдог байсан. Няравын барааг хэн тоолдог байсан талаар мэдэхгүй байна. Б дэлгүүрээс худалдан авалт хийдэг байсан, гэртээ авч байгаа бараагаа кассан дээр бичүүлээд, төв хаалгаар гарч, машиндаа хийчихээд эргээд ирдэг байсан. Тамхи авдаг, тамхиа өдөр өнжөөд бичүүлээд авдаг байсан. Б нь хүнийг сайн ажиглаж байж харьцдаг, ааш зангийн хувьд их найрсаг, төлөв даруу. Намайг ажиллаж байх үед сэжигтэй үйлдэл гаргаж байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 34х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Нарантунгалагийн гэрчээр өгсөн:

“...Манайд ажилладаг Батаа гэх залуу 2019 оны 3 сарын 12-ны өдөр “нярав Б байгууллагын байрнаас тортой зүйл аваад машиндаа хийчихлээ” гэж хэлсэн. Тухайн үед манай харуул хамгаалалтын ажилтан нарын чихэнд энэ яриа сонсогдож, надад хэлсэн юм.

2019 оны 3 сарын 12-ны өдрийн камерийг шүүж үзэхэд нярав Б нь өрөөнөөсөө тортой зүйл аваад гарч байгаа бичлэг харагдсан. Тэгээд дэлгүүр доторх камернуудыг шүүж үзэхэд ундаа, боов, зайрмаг зэрэг хүнсний бүтээгдэхүүн аваад өрөө рүүгээ ороод, Лавай гэсэн нэртэй цагаан өнгийн торонд авсан зүйлүүдээ хийгээд гарч байгаа харагдсан.

Уг нь манай няравын гарч явсан хаалгаар зөвхөн орлого ордог газар байгаа юм. Тэгээд тухайн өдрийн 21-22 цагийн орчим Бтай уулзахад хүлээн зөвшөөрөөгүй, “нэр төрд халдлаа, хуулийн дагуу шалгуулна” гэж хэлсэн. Тэгэхэд нь “хяналтын камерийн бичлэг байгаа” гэхэд “кассан дээр бичүүлээд авсан” гэж худал хэлсэн. Кассын ажилтан Өлзиймаа эгчийг дуудаад асуухад “Быг тухайн өдөр бараа аваагүй” гэсэн юм. Б баримт нь байгаа гэж байсан боловч баримт нь гарч ирээгүй. Тэгээд бичлэг үзүүлсэний дараа Б хүлээн зөвшөөрсөн. Б нь манай худалдааны төвд няраваар ажилд орохдоо ямар ч бичиг баримт өгөөгүй. Няравын өрөөнд лангуун дээр зарагдаж байгаа бүх бараа байдаг ба дэлгүүр тухайн бараагаа татаад коджуулаад худалдагч нарт тараадаг. Няравын өрөөнөөс бараа дутвал нярав өөрөө төлнө, харин худалдааны төв дотор бараа дутвал худалдагч, кассын ажилтан, хамгаалагч, нярав нар хамтран төлдөг. Гэхдээ барааны тооллогоор няравын хариуцсан бараанаас ч дутсан байж магадгүй гэж бодож байна. Б нь манай байгууллагад нэг жилийн хугацаанд ажилласан, төлөв даруу зантай, үг дуу цөөтэй, тамхи татдаг, архи уудаг эсэхийг нь мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 36-37х/,

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Наранцацралын /нягтлан бодогч/ гэрчээр өгсөн:

“...Миний санаж байгаагаар 2019 оны 3 сарын дундуур манай менежер Лхамсүрэн “харуулын ажилтан нараар камер шүүлгээд өгөөч” гэж байсан. Тухайн үед хамгаалалтын албаны ажилтан нар камер шүүгээд Быг лангуун дээрээс бараа аваад, кассан дээр бичүүлэхгүй, ганц тор бичүүлээд бусад бараагаа өрөө рүүгээ оруулаад, арын хаалгаар аваад гарч байгаа бичлэг үлдсэн байсан.

Тэрний дагуу Бтай уулзаж ярилцсан байсан. Тэгээд манай байгууллагын зүгээс хяналтын тооллого хийх болсон. Тооллогын ажиллагаанд манай худалдагч нар болон миний бие оролцсон. Тухайн үеийн тооллогонд Быг оролцуулаагүй. Тэгээд нийт 21 тасгийн бараанаас 5.485.780 төгрөгийн бараа дутсан. Энэ талаар удирдлагуудад мэдэгдэж, цагдаагийн байгууллагад хандсан. Манай байгууллага 2018 онд сар бүр тооллого хийдэг байсан. 2019 оны 1-р сард тооллого хийгээгүй. Харин 2,3 дугаар сард тооллого хийсэн.

Манайх бараагаа аваад шууд худалдагч нарт хүлээлгэж өгдөг байсан. Бд хүлээлгэж өгсөн баримт байхгүй. Худалдагч нар гарын үсэг зураад хүлээж авдаг байсан. Б нь зөвхөн орлого шивдэг, намайг завгүй үед бараа кодолдог, худалдагч нарт туслаад бараа өргөлцдөг байсан. Яг өөрөө гардаж бараа өөрөө хүлээн авдаггүй байсан. Хоёр өдрийн камерийн бичлэг дээрээс Б нь дэлгүүрээс бараа авчихаад касс дээр бичүүлээгүй, өөрөө аваад явчихсан учраас манай байгууллагын удирдлага түүнийг байгууллагын эд хөрөнгө завшсан гэж үзсэн юм.

Бы суудаг өрөөнд байгаа бүх бараанууд манай худалдагч нар дээр бүртгэлтэй байдаг, Бы өөрийн хариуцсан бараа гэж байхгүй. Байгууллагын дотоод журмаар худалдагч нар бараагаа хүлээж авдаг байсан учраас сар болгон хийсэн тооллогоор дутсан барааны 80 хувийг худалдагч нар, 2 хувийг кассын ажилтан, 2 хувийг харуулын ажилтан нар хариуцаж цалин дээрээсээ суутгуулдаг байсан. Манай байгууллагын тооллогоор гарсан дүн болох 5.485.780 төгрөгний дутагдал хэний буруугаас болж дутсан бараа гэдгийг мэдэхгүй байна. Уг дутсан мөнгийг манай компани ажилтан нараасаа төлүүлээд авчихсан юм аа. Миний ярьсан зүйл бүгд үнэн. Өөр нэмж ярих зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 39-40х/,

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хөрөнгийн мэргэшсэн үнэлгээчин, шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 045 дугаартай:

1. “Нью эстимэйтор аудит” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн бараа материалын үлдэгдэлд тооллого хийсэн тайлангаар:

“Худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Комит Сервис” ХХК-ийн 2019 оны 3 сарын 15-ны өдрийн бараа материалын үлдэгдэлд түүвэр тооллого хийсэн байна. Нийт 14.738 ширхэг 49.036.361 төгрөгийн үнэ бүхий бараанаас түүвэр тооллогоор нийт барааны 15 хувийг хамруулж, 2019 ширхэг 7.489.380 төгрөгийн барааг тоолсон бөгөөд  няравын үлдэгдлээр 2251 ширхэг үлдэгдэлтэй байхаас 142 ширхэг 670.150 төгрөгийн үнэ бүхий бараа дутсан байна” гэжээ.

Шинжээчийн дүгнэлтээр:

“Нью эстимэйтор аудит” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн бараа материалын үлдэгдэлд тооллого хийсэн тайлан нь тухайн үед үзсэн санхүүгийн анхан шатны баримт, тооллогонд хамрагдсан барааны хүрээнд үндэслэлтэй байна. Хэн, хичнээн хэмжээний хохирол учруулсан үйлдлийг эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй юм. Тооцооллыг /хавсралт 1, 2, 3/-аас харна уу.

2. “Комит Сервис” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Солонгын 2018 оны 4 сарын 30-ны өдрийн “Ажилд томилох тухай” 42 дугаар тушаалаар Б.Быг “Комит Сервис” ХХК-ийн Супермаркетийн няравын албан тушаалд 2018 оны 3 сарын 17-ны өдрөөс эхлэн 3 сарын туршилтын хугацаатайгаар томилсон байна.

“Комит Сервис” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Солонгын 2019 оны 3 сарын 14-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 9 дугаар тушаалаар Б.Быг 2019 оны 3 сарын 07-ны өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөлжээ. Дээрхи 670.150 төгрөгийн дутагдал нь Б.Бд холбоотой эсэхийг мөрдөн байцаалтаар тогтооно.

3. Шинжээч “Нью эстимэйтор аудит” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн бараа материалын тооллого хийсэн тайлангийн хүрээнд дутагдлын тооцоог гаргасан.

Шинжээчид 2018 оноос 2019 оны “Комит Сервис” ХХК-ийн Бэлтгэн нийлүүлэгчийн бэлэнээрхи тооцоо, Худалдан авалтын тооцоо, Тооцоо нийлсэн актууд зэрэг 10 хавтас санхүүгийн баримтууд ирсэн болно. Энэ дутагдлыг Б.Б гаргасан гэдэг үйлдлийг эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй, мөрдөн байцаалтаар тогтоохоор байна.

4. Б.Б нь ажлаа хүлээлгэж өгөх үеийн бараа материалын тооллогын талаархи тооцоолол ирүүлээгүй болно.

5. “Комит Сервис” ХХК-ийн Лавай супермаркетэд гарсан дутагдлыг ямар албан тушаалтан хариуцахыг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна.

6. Одоогийн байдлаар хохирлоос төлөгдөх дүн 670.150 төгрөгийн барааны үнийн дүнг төлөхөөр байна.

7. Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй болно.” гэсэн дүгнэлт, дүгнэлтийн 1, 2, 3 дугаар хавсралтууд /хэргийн 77-87х/,

 

8. “Нью эстимэйтор аудит” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн бараа материалын тооллого хийсэн тайлан, материалллын тооллогын хуудас баримтууд /хэргийн 92х-100х/,  

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Бы гэрчээр өгсөн:

“...2018 оны 03 сарын 25-ны өдөр зарын дагуу очиж уулзан анкет бөглөөд ажил орох хүсэлт гаргаад няравын ажилд ороод 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр намайг бараа материал дутаасан гээд ажлаас халсан.

Миний ажлын үүрэг нь бараа материал захиалж, хүлээн авч дэлгүүрийн худалдагч нарт хүлээлгэн өгдөг юм. Манай дэлгүүрт агуулах байдаггүй учраас няравын өрөөнд хадгалдаг, гэхдээ хэн дуртай нь орж ирдэг өрөө байгаа юм. 2019 оны 3 дугаар сард би шоколадны набор 1 ширхэг, түрхдэг сыр 1 ширхэг, 2 ширхэг 0.5 савлагаатай пепси, 2 литрийн пепси 1 ширхэг зэргийг дэлгүүрийн лангуунаас өөрөө торонд хийгээд аваад гарчихсан юм. Дараа нь байгууллагын дарга мэдээд намайг дур мэдэн бараа авлаа гээд ажлаас халчихсан. Аудитын дүгнэлтэд намайг бараа дутаасан гэж гарсан байна, би өөрөө бараа дутаасан гэдгийг мэдэхгүй байна.

Миний хувьд бараа захиалж хүлээж авахдаа болон худалдагч нарт барааг хүлээлгэн өгөхдөө тоо ширхэгээр нь хүлээлгэн өгдөг.  ...Ирсэн барааны кодыг  программ дээр шивж, манай нягтлан хянадаг. Манай худалдааны төвийнхөн надад бараа материал хүлээлгэн өгөөд хариуцах ёстой гэж хүлээлгэн өгөөгүй. Би гаднаас ирсэн бараа материалуудыг тоолж хүлээж аваад шууд худалдагч нарт өгдөг байсан. Хэрвээ надад бараа хүлээлгэж өгсөн бол дутсан барааны үнийг би төлөх нь зүйд нийцнэ. Дэлгүүрт учирсан гэх 5.485.780 төгрөгийн бараа материалыг хэн ямар байдлаар дутаасан талаар би мэдэхгүй байна. Манай дэлгүүр анхнаасаа эмх замбараагүй эхэлсэн, урьд урьдын саруудын хуримтлагдсан дутагдал байх гэж бодож байна. Манай дэлгүүрийн худалдагч нар өөрсдөө лангуун дээрээс хулгай хийгээд баригдаж байсан, гаднаас хулгай орсон зүйл байхгүй.

Дэлгүүрийн хувьд эхэндээ сар болгон тооллого хийдэг байсан. Тэр дундаа худалдагч нэг өдөр гараад хоёр өдөр амардаг, энэ хугацаанд худалдагч солигдох болгонд тооллого хийдэггүй. Сүүлдээ 15 хоногт худалдагч солигдоод тооллого хийдэг байсан. Заримдаа 2 сар ч тоолохгүй тохиолдол байдаг, ерөнхийдөө манай тооллогын асуудал их учир дутагдалтай. Барааны тооллого хийхдээ намайг оролцуулдаггүй, сүүлийн тооллогонд бас намайг оролцуулаагүй. Мөн манай дэлгүүрт түрээслэгч нар байдаг. Дэлгүүр, түрээслэгч нарыг тусгаарласан хаалт байдаггүй байсан. Мөн дэлгүүрт дохиолол байхгүй. Түлхүүр нь хамгаалагч нарт байдаг. Хамгаалагч нар ороод бараанаас авсан байхыг ч үгүйсгэхгүй гэж боддог.” гэсэн мэдүүлэг /хэргийн 44-47х/,  

 

Мөн шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн:

“...Би 2018 оны 3 сарын 25-ны өдөр “Комит Сервис” ХХК-ийн Лавай супермаркетийн няраваар анх ажилд орсон юм. Ингээд манай байгууллагын гэрээтэй байгууллагуудаас бараа материал ирэхэд хүлээн авч, лангуун дээр байрлуулан холбогдох орлого, зарлагыг тооцон хариуцан ажилладаг байсан.

Компанийн зүгээс намайг 2019 оны 3 сарын эхээр дэлгүүрийн бараа материал дутаасан гэх үндэслэлээр ажлаас халсан. Би ажиллаж байх хугацаандаа ганц, хоёр удаа дэлгүүрээс бараа материал аваад, буцааж төлөөгүй асуудал байгаа. Үүн дээр маргахгүй, хохирлоо бүрэн төлж барагдуулна. Би гэр лүүгээ хоол, хүнсний бараа материалыг авч явдаг байсан. Яг нэр төрлөөр нь хэлж чадахгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 108-109х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 49х/, шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 113х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан болон нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам зөрчигдсөн гэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.  

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:          

 

Хан-Уул прокурорын газрын хяналтын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Быг “2018 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 3 сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Комит сервис” ХХК-ийн “Лавай” хүнсний дэлгүүрийн няраваар ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөөс 670.150 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хувьдаа завшиж бага бус хэмжээний хохирол учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг тус шүүхэд ирүүлжээ.

 

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн субьектэд хамаарах ба тухайн этгээдэд  эд хөрөнгийн өмчлөгч, эсхүл бусад этгээдээс хууль, гэрээ ба албан тушаал эрхэлж буй байдлын үндсэн дээр эд зүйлс, өмч хөрөнгийг тодорхой хүрээнд итгэмжлэн олгосон буюу хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн байхыг итгэмжлэн хариуцах, “завших” гэдэг нь итгэмжлэн өгсөн бусдын эд зүйлс, эд хөрөнгийг хууль бусаар эргэлтэнд оруулахдаа өмчлөгчид эд зүйлс, өмч хөрөнгөтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр төлөхгүй байхыг тус тус ойлгох юм.  

 

Хэргийн нөхцөлд шүүгдэгч Б.Б нь “Комит Сервис” ХХК-ийн “Лавай” супермаркетад няравын албан тушаалд 2018 оны 03 сарын 17-ны өдрөөс 2019 оны 03 сарын 13-ны өдрийн хүртэлх хугацаанд ажиллаж байсан нь тус компанийн тодорхойлолт, түүнд цалин олгож байсныг гэрчлэх жагсаалт баримт, ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ /хэргийн 23х, 26х, 27-28х, 101-104х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон ба ажил олгогчоос түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний /2018 оны 10 сарын 20-ноос 2018 оны 12 сарын 31-ны өдрийг хүртэл хугацааны/ /хэргийн 23-р талд авагдсан/ 5.4, 5.5 дугаар зүйлд “ажилтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа өөрийн санаатай болон санамсар болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээрээ компанид хохирол учруулсан тохиолдолд тэрхүү учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлөх үүрэгтэй, ажилтан хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэх явцдаа ажил олгогчийн өмнө эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ” гэж, мөн “Комит Сервис” ХХК-ийн супер маркетийн няравын ажлын байрны тодорхойлолтын 5 дахь хэсэг дэх няравын “ажлын байрны гол үйл ажиллагаа” нь бараа захиалга хийх, бараа хүлээн авах, бараанд үзлэг шалгалт хийх, барааны буцаалт хийх, хадгалах, баглаа боодол шошголох ажлыг төлөвлөн гүйцэтгэх, эд хөрөнгийн тооллогыг сар бүр хийлгэх, тооцоогоо хянуулах, худалдагчдын бусад тооллогод оролцох зэрэг ажил болно гэж тодорхойлж, няравын ажлыг шууд харъяалан удирдах албан тушаалтан нь тус байгууллагын нягтлан бодогч байхаар заасан байна.

 

Тухайн хэргийн нөхцөлд улсын яллагчаас шүүгдэгч Б.Быг “Комит сервис” ХХК-ийн “Лавай” хүнсний дэлгүүрт няраваар ажилласан 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 3 сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд өөрийн итгэмжлэн хариуцсан бараа бүтээгдэхүүнээс 670.150 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хувьдаа завшсан гэж ялласан ба яллах талын эх сурвалж болгон “Нью эстимэйтор аудит” компанийн 2019 оны 03 сарын 19-ны өдрийн дүгнэлт /хэргийн 17х, 92х/,  ШШҮХ-ийн эдийн засгийн шинжилгээний хэлтсийн ахлах шинжээчийн 2020 он 02 сарын 17-ны өдрийн 045 дугаартай дүгнэлт зэргийг хэлэлцүүлсэн ба дээрх хоёр байгууллагын дүгнэлт баримтаар “Комит сервис” ХХК-ийн “Лавай” супермаркетын 2019 оны 03 сарын 15-ны өдрийн байдлаарх бараа бүтээгдэхүүний үлдэгдэлд түүвэр тооллого хийхэд нийт 142 ширхэг, 670.150 төгрөгийн үнэ  бүхий бараа бүтээгдэхүүн буюу хүнсний 27 ширхэг 137.760 төгрөгийн бараа,  гоо сайханы 26 ширхэг 192.720 төгрөгийн бараа, ус, ундааны төрлийн 89 ширхэг 339.670 төгрөгийн бараа тус тус дутагдалтай гарсан гэжээ.  

 

Хэргийн хохирогч “Комит сервис” ХХК-ийн хүсэлтээр хөндлөнгийн аудитын шалгалт хийсэн гэх “Нью Эстимэйтор аудит” ХХК нь / хэргийн 17х, 92-99х/ Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсгийн 15.4.2-т заасан журмын дагуу аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэх, “аудитын үйл ажиллагаа эрхэлж, аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан, иргэний санхүүгийн баримтыг хянаж дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх хараат бус, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй” гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, тус хуулийн этгээд нь энэ чиглэлийн мэргэшсэн үйл ажиллагааг эрхэлдэг эсэх нь тодорхойгүй, энэ талаар холбогдох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлээгүй байна.

 

Нөгөөтэйгүүр ШШҮХ-ийн эдийн засгийн шинжилгээний хэлтсийн ахлах шинжээчийн 2020 он 02 сарын 17-ны өдрийн 045 дугаартай дүгнэлтэд: “...дээрх 670.150 төгрөгийн дутагдал нь Бд холбоотой эсэхийг эдийн засгийн шинжилгээгээр тогтоохгүй, ...хохирлоос төлөгдөх дүн нь 670.150 төгрөг байна, ...2019 оны 3 сарын 19-ны өдрийн бараа материалын үлдэгдэлд тооллого хийсэн тайлан нь тухайн үед үзсэн санхүүгийн анхан шатны баримт, тооллогонд хамрагдсан барааны хүрээнд үндэслэлтэй байна, ...Б нь ажлаа хүлээлгэж өгөх үеийн бараа материалын тооллогын талаархи тооцоолол ирүүлээгүй, ...“Комит Сервис” ХХК-ийн Лавай супермаркетэд гарсан дутагдлыг ямар албан тушаалтан хариуцахыг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна, шинжээчид 2018 оноос 2019 оны  “Комит Сервис” ХХК-ийн бэлтгэн нийлүүлэгчийн бэлнээрх тооцоо, худалдан авалтын тооцоо, тооцоо нийлсэн актууд зэрэг 10 хавтас санхүүгийн баримт ирсэн” гэж тэмдэглэгдсэн зэргээс дүгнэлт хийхэд хохирогч “Комит сервис” ХХК нь өөрийн Лавай хүнсний супермаркетуудаар худалдаалагдах бараа бүтээгдэхүүнийг орлогод авч, тус дэлгүүрт няраваар ажиллаж байсан шүүгдэгч Б.Бд нэг бүрчлэн тоолж баримтаар хүлээлгэн өгч, зарлагдсан талаар Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хөтөлсөн анхан шатны санхүүгийн баримтгүй, мөн нярав Б.Быг өөрийг нь байлцуулан 7-14 хоногоор, эсхүл сар бүр, эсхүл улирал тутамд тооллого хийж байсан эсэх талаар баримтгүй, түүнтэй тооцоо нийлж бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн, хүлээж авсан, улмаар няраваас худалдагчид шилжүүлсэн гэх байдлыг нотлох үндэслэл бүхий санхүүгийн анхан шатны баримт нотолгоо хэрэгт үгүй байна.

 

Энэ нь хэрэгт гэрчээр асуугдсан тус байгууллагын нягтлан бодогч ажилтай С.Наранцацралын: “...Манайх бараагаа аваад шууд худалдагч нарт хүлээлгэж өгдөг байсан. Бд хүлээлгэж өгсөн баримт байхгүй. Худалдагч нар гарын үсэг зураад хүлээж авдаг байсан. Б нь зөвхөн орлого шивдэг, намайг завгүй үед бараа кодолдог, худалдагч нарт туслаад бараа өргөлцдөг байсан. Яг гардаж өөрөө  бараа хүлээн авдаггүй байсан. ...Бы суудаг өрөөнд байгаа бүх бараанууд манай худалдагч нар дээр бүртгэлтэй байдаг, Бы өөрийн хариуцсан бараа гэж байхгүй.

Байгууллагын дотоод журмаар худалдагч нар бараагаа хүлээж авдаг байсан учраас сар болгон хийсэн тооллогоор дутсан барааны 80 хувийг худалдагч нар, 2 хувийг кассын ажилтан, 2 хувийг харуулын ажилтан нар хариуцаж цалин дээрээсээ суутгуулдаг байсан.

...Манай байгууллагын тооллогоор гарсан дүн болох 5.485.780 төгрөгний дутагдал хэний буруугаас болж дутсан бараа гэдгийг мэдэхгүй байна. Уг дутсан мөнгийг манай компани ажилтан нараасаа төлүүлээд авчихсан юм аа...” гэсэн мэдүүлэг /хэргийн 39-40х/ баримтаар давхар нотлогдсон гэж дүгнэх үндэслэлтэй.

 

Түүнчлэн шүүгдэгч Б нь 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 11 цаг, 3 сарын 10-ны өдрийн 19 цагийн үед дэлгүүрийн лангуунаас хүнсний бүтээгдэхүүн цуглуулж аваад, цулуулсан барааг дэлгүүрийн кассад бичүүлэхгүй авч гарсан гэх үйлдлийн тухайд түүний авсан бараа бүтээгдэхүүний үнэ, төрөл хэмээг тогтоогоогүй, тухайн авсан бараа бүтээгдэхүүн нь “Комит Сервис” ХХК-ийн Лавай супермаркетаас дутагдсан 142 ширхэг нэр төрлийн 670.150 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн мөн байсан гэдгийг шууд нотлохгүй бөгөөд уг дэлгүүрийн хяналтын камерийн бичлэг нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирээгүй байна.

 

Шүүгдэгч Б.Бд ажил олгогч буюу эд хөрөнгийн өмчлөгчөөс /хохирогчоос/ гэрээ ба албан тушаал эрхэлж буй байдлын үндсэн дээр түүнд эд зүйлс, өмч хөрөнгийг тодорхой хүрээнд итгэмжлэн олгосон буюу хариуцуулсан, тодруулбал хэзээ, хэдэн төгрөгийн бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн, хүлээн авсан, эсхүл харилцагч, худалдагч нарт  нийлүүлэгдсэн барааны тоо хэмжээ хэд болох зэрэг нөхцөл байдлыг хангалттай, хөдөлбөргүй тогтоож, нотолсон баримт нотолгоо хэрэгт авагдаагүйгээс, прокуророос яллах дүгнэлтэд нэрлэн заасан баримтууд болон хохирогчийн мэдүүлэг /31х, 69х/, гэрч Б.Өлзиймаа /хэргийн 34х/, Ж.Нарантунгалаг /хэргийн 36-37х/  нарын мэдүүлэг зэрэг баримтад үндэслэн шүүгдэгч Б.Быг Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Комит сервис” ХХК-ийн “Лавай” хүнсний дэлгүүрт няраваар анх ажилласан 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 3 сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд өөрт нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу 142 нэр төрөл, тоо хэмжээний нийт 670.150 төгрөгийн эд хөрөнгийг хувьдаа ашиглах, үрэгдүүлэх, бусдад өгөх зэргээр захиран зарцуулж завшсан гэж дүгнэх бүрэн хангалттай үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэв.  

 

Иймд дээр дурьдсан үндэслэлээр прокророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Завших” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч Б.Бы гэм буруу нотлогдоогүй тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.   

 

Энэ хэрэгт Б.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурьдаж, хохирогчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 заалт, 36.6, 36.9,  36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон   

 

                                                              ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн прокуророос  овогт Б-ийн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.Быг цагаатгасугай.

 

2. Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

3. Энэ хэрэгт Б.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурьдаж, хохирогчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

 

4. Цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд өөрөө гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

5. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авахаар тогтоосугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                С.БАЗАРХАНД