Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 103/ШШ2017/00012

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Багагүний 2 дугаар гудамжны 15 тоотод оршин суух, Арслан овогт Төмрөөгийн Бадамхорлоогийн иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Б.Уранбилэгийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон, нарийн бичгийн дарга З.Ганцоож нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Бадамхорлоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Боржигон овогт Батжаргалын Уранбилэг нь Т.Бадамхорлоо надаас 2015.03.18-ны өдөр 3.900.000 төгрөгийг 9 сарын хугацаатайгаар, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлсэн мөнгөө, хүүний хамт одоог хүртэл өгөөгүй. Зээлээ төлөхийг шаардахад янз бүрийн шалтаг хэлсээр байгаад өөрөө алга болж, олдохоо больсон. Зээл авснаасаа хойш удалгүй яваад өгсөн байсан. Одоо Дорноговь аймгийн нэг суманд  хөдөө амьдарч байж магадгүй гэсэн сураг гарсан. Уранбилэгийн 99140541 дугаарын утсаар залгахаар өөр хүн аваад “зээлийг чинь төлнө гэж байна” гэж хэлээд хаана байгааг нь хэлдэггүй. Уранбилэг надаас зээл авах үедээ Багануур дүүргийн 5 дугаар хороо, Багагүний 1 дүгээр гудамжны 14 тоот хаягт оршин сууж байсан. Оршин сууж байсан газраас нь лавлагаа авахад шилжсэн байна гэсэн. Уранбилэг нь туранхай, шар царайтай, дунд зэргийн өндөртэй, содон шинжгүй. Уранбилэг надаас авсан зээл болон зээлийн хүүнд нэг ч төгрөг төлөөгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргах гэхээр оршин сууж байгаа газар нь тодорхойгүй байна. Иймд хариуцагч Б.Уранбилэгийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Б.Уранбилэг нь Бадамхорлоогоос 2015 оны 03 дугаар сард 9 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй 3.900.000 төгрөгийг зээлж авсан юм. Зээлж авснаас хойш зээл болон зээлийн хүүгээ төлөөгүй байгаа. Зээл авснаасаа хойш оршин суух хаягтаа байхгүй, шилжсэн байсан. Уранбилэгийн утсаар холбогдоход өөр хүн аваад зээлийг чинь төлнө гээд хэлдэг, Уранбилэгийн хаана байгааг хэлэхгүй, нуугаад байгаа юм. Уранбилэгийг хүнээс асууж сураглахад Дорноговь аймагт хөдөө суманд амьдарч байж магадгүй гэж хэлсэн байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргах гэхээр хариуцагчийн оршин суугаа газар тодорхойгүй учраас нэхэмжлэл гаргах боломжгүй болоод байна. Иймээс Уранбилэг нь зээлсэн мөнгөө төлөхгүй, оршин суугаа газар нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна гэв.

Шүүхээс хэрэгт авагдсан Багануур дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын албан тоот,  зээлийн гэрээ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

                                                             ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Бадамхорлоо нь Б.Уранбилэгийг эрэн сурвалжлуулахыг хүсчээ.  Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:  

        Б.Уранбилэг нь нэхэмжлэгч Т.Бадамхорлоогоос 2015.03.18-ны өдөр 3.900.000 төгрөгийг 9 сарын хугацаатайгаар, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлсэн бөгөөд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч түүний төлөөлөгчийн шүүхэд өгсөн тайлбар, Т.Бадамхорлоо, Б.Уранбилэг нарын хооронд байгуулсан 2015.03.18-ны өдрийн зээлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

    Нэхэмжлэгч Т.Бадамхорлоо нь Б.Уранбилэгээс зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж  нэхэмжлэл гаргах зорилготой байх боловч иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд Б.Уранбилэг нь   Багануур дүүргийн 5 дугаар хороо, Багагүний 1 дүгээр гудамжны 14 тоот оршин сууж байсан хаягтаа одоо амьдрахаа больсон,  уг хаягаас шилжиж явсан болох нь  Багануур дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор  нотлогдож байна.

       Иймд иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Уранбилэг нь оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаагаас хүсэлт гаргагч Т.Бадамхорлоо  нь хуульд заасан харьяаллын дагуу түүнийг  эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар  Боржигон овогт Батжаргалын Уранбилэгийг /РД:СЛ89102901/ эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.

2. Хариуцагчийг эрэн сурвалжилж, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3. Шийдвэрийн хувийг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баттуяад даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

5. Шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн  дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ                       П.ТУЯА