Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 219

 

 

 

 

 

 

 

  

    2020            04           13                                      2020/ШЦТ/219                                 

                                                                                                                      

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны Г овогт Э-ын М-т холбогдох эрүүгийн 19100 2966 0216 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Алтанцэцэг, өсвөр насны шүүгдэгч Э.М, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Соёлмаа, өмгөөлөгч М.Идэрхангай нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Сосорбарам шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2003 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 нас 4 сар 19 хоногтой, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Этүгэн” ахлах сургуулийн 10 дугаар ангид суралцдаг, ам бүл 3, эх, ах нарын хамт амьдрах, хххх  тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 21 дүгээр байрны 25 тоотод оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Г овогт Э-ын М- /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Өсвөр насны шүүгдэгч Э.М нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таван Туяа”  нэртэй дэлгүүрийн урд хэсэгт байрлах хашаа, гарааш хоёрын дунд насанд хүрээгүй буюу 15 нас 3 сар 4 хоногтой Э.А-ыг “пиво авч өгсөнгүй” гэх шалтгаанаар хоёр хацар болон шанаа, зүүн чих хэсэгт нь цохих, нүүр рүү нь 2 удаа өшиглөх зэргээр цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Өсвөр насны шүүгдэгч Э.Моос шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан:

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруу дээр маргахгүй тул одоо нэмж ярих зүйл байхгүй. Би хохирогч Э.А-ыг өмнө таньдаг байсан, манай нөгөө ангийн хүүхэд байгаа юм. Би түүнтэй юм ярьж байхад надтай хүндэтгэлгүй харьцаад байхаар нь маргалдсан. Би түүнээс архи, пиво нэхсэн асуудал байхгүй. Гэхдээ би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Нэг их хэрэглээгүй, гайгүй байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Цаашид архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй. Хэрэг болсон тухайн өдөр манай найз Лувсандондог “уу” гээд байсан болохоор би пиво уусан байсан. Би дахиж ийм асуудал гаргаж, ээжийгээ зовоохгүй. Хичээл номоо сайн хийх болно. Би хохирогчийн шанаан тус газар гараараа 2-3 удаа цохиж, гэмтэл учруулсан нь үнэн.” гэсэн мэдүүлэг,

 

2. Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Н.Соёлмаагаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан:

“...Манай хүүхэд уг нь их зөөлөн ааштай, ийм асуудал гаргахааргүй хүүхэд юм. Өмнө нь Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуульд сурч байгаад урилгаар “Этүгэн” сургуульд шилжин орсон хүүхэд. Хэрэг гарах өдөр би ажилтай байсан, маргааш нь хохирогчийн ээжээс болсон зүйлийн талаар мэдсэн. Уг нь би хүүхдэдээ сайн хэлж захидаг. Яагаад тэр өдөр ийм асуудалд орсныг мэдэхгүй байна. Одоо найз нөхөдтэйгээ нийлэхгүй, гэртээ хичээлээ хийж байгаа. Цаашид хүүхдийн хичээл сургууль, хүмүүжилд нь анхаарч хариуцлагатай байх болно.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19100 2966 0216 дугаартай хэргээс:

 

1. Насанд хүрээгүй Э.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн:

“...Би удахгүй сургуулийн шинэ жил болох гэж байгаа болохоор 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 52 дугаар сургуулийн 2 давхарын 207 тоот ангиа чимэглэчихээд гэртээ харих гээд найз Эрхэмбаяр, Соёл, Амаржаргал нартай хамт сургуулиас гарсан. Сургуулийн үүдэнд манай сургуулийн 12 дугаар ангид сурдаг Лувсандондог, Тэмүүлэн, М нар байсан бөгөөд тэр гурав согтуу байсан юм.

Тэгэхэд М нь манай найз Эрхэмбаярын гадуур хувцсыг нь тайлуулж авч өөрөө өмсчихөөд “нэг ширхэг пиво аваад ир, тэгээд хувцсаа ав” гэхэд Эрхэмбаяр “за” гэж хэлээд миний араас явах гэхэд М Эрхэмбаярыг бариад авчихсан. Лувсандондог надад “найзыгаа ирж ав” гэхээр нь би очоод “хүүхдийн гадуур хувцсыг нь өгөөч дээ” гэхэд Эрхэмбаярын гадуур хувцсыг өгсөн.

Тэгээд Лувсандондог, Тэмүүлэн, М, Эрхэмбаяр бид тавуулаа сургуулийн төмөр хашаагаар орох гээд урд хэсэгт зогсож байхад сургуулийн менежер Уранцэцэг гарч ирээд Тэмүүлэнг “чамаас архи үнэртэж байна, болиоч” гэж хэлсэн. Тэгэхэд М Эрхэмбаяр бид хоёрыг дагуулаад “ийшээ явъя” гээд явж байхдаа “2 ширхэг пиво авч өг” гэхээр нь “мөнгө байхгүй, чамд нэгийг л авч өгье, сургуулийн шинэ жил болох гээд мөнгөгүй, хэцүү байна” гэж хэлэхэд сургуулийн хажууд байдаг Таван Туяа дэлгүүрийн урд байдаг хашаа, гарааш хоёрын дунд намайг “яагаад байгаа юм бэ, чамайг ийм найз гэж бодоогүй” гээд хацар болон зүүн чих хэсэгт хэдэн удаа гэдгийг нь мэдэхгүй, гараараа цохисон.

Тэгээд би нүүрээ дараад доошоо суухад хоёр гарыг маань татаж байгаад нүүр рүү өшиглөсөн. Тэгэхэд сургуулийн технологийн багш Дорж бид хоёрыг хараад “М чи шилжчихээд яагаад ирж хүүхэд зодоод байгаа юм бэ, яваач ээ” гэхэд багшийн өөдөөс хэрэлдсэн маягаар “найзтайгаа уулзаж болдоггүй юм уу” гээд байсан. Тухайн үед намайг зодож байхад Эрхэмбаяр салгах гэхэд “цаашаа бай, ална шүү” гээд ойртуулахгүй байсан.

Тэгж байтал сургуулийн захирал Цэрэнханд гарч ирээд “юу болоод байгаа юм бэ” гэхэд Дорж багш захиралд хандан “энэ М гээд манай сургуульд сурч байгаад шилжсэн хүүхэд манай сургуулийн хүүхдийг зодсон байна” гэж хэлсэн ба захирал “яаж байгаа юм бэ” гэж хэлээд удалгүй яваад өгсөн. Тэгээд бид салцгаагаад явсан.

М бид хоёр өмнө нь найзууд байсан юм. Би шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би “Энэрэл дент” шүдний эмнэлэгт үзүүлж 1 сарын хугацаатай шүдний чиг тавиулсан, хамарны тасламтгай ясыг тэгшлүүлсэн. Мөн ГССҮТ-д үзүүлж, хамар болон шүдний эмчилгээ хийлгэсэн.

...Би хэргийн материалд хавсарган өгсөн баримтуудынхаа мөнгөн дүнг гаргуулан авсан. Цаашид ямар нэгэн эмчилгээ хийлгэхгүй, миний биеийн байдал зүгээр байгаа. Шүүх хуралд оролцохгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 09-10х, 29х/,

 

2. Шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 3830 дугаартай:

1. Э.А-ын биед 2 шүдний сулрал, уруулын дотор салстын язарсан шарх, зүүн хацар, зүүн чих, зүүн гарын 2, 3-р хурууны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 19-20х/,

 

3. Өсвөр насны шүүгдэгч Эрдэнэтогтохын Мын нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар баримтууд/хэргийн 35х, 36х/,

 

4. Өсвөр насны шүүгдэгч Э.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:

“...2019 оны 12 дугаар сарын 06-ны орой 18 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 52 дугаар сургуулийн хажуугаар өнгөрч байхад найзтайгаа таараад, юм яриад зогсож байхад зүс таних хүүхэд сургуулиас гараад ирэхээр нь би уулзаад, хоорондоо юм яриад явж байгаад би уурласан.

Тэгээд Анхбаярыг баруун гараараа зүүн шанаа, хацар хэсэг рүү нь 4-5 удаа цохиж, мөн хөлөөрөө 1-2 удаа уруул хэсэг рүү нь өшиглөсөн. Тэгээд түүнийг босгож, уучлалт гуйгаад эвлэрсэн юм. Бид хоёр юм ярьж байхад үл ойлголцоод маргаан гарсан, улмаар би Анхбаярыг цохисон. ...Би хийсэн үйлдэлдээ харамсаж байна, дахин ийм асуудал гаргахгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 45-46х/ болон өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Н.Болормаа /хэргийн 31-32х/, гэрч Т.Нэмэхбаяр /хэргийн 33-34х/ нарын мэдүүлэг, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 56/  зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд өсвөр насны шүүгдэгч Э.Мын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Өсвөр насны шүүгдэгч Э.М нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таван Туяа” нэртэй дэлгүүрийн урд хэсэгт байрлах хашаа, гарааш хоёрын дунд насанд хүрээгүй Э.А-ыг “пиво авч өгсөнгүй, чи яагаад байгаа юм бэ” гэх зэргээр өдөөн хоргоож, улмаар түүний хацар, шанаа болон зүүн чих хэсэгт нь цохих, нүүр рүү нь өшглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “...2 шүдний сулрал, уруулын дотор салстын язарсан шарх, зүүн хацар, зүүн чих, зүүн гарын 2, 3-р хурууны цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн:

- насанд хүрээгүй хохирогч Э.А-ын: “...2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 52 дугаар сургуулийн 2 давхарын 207 тоот ангиа чимэглэчихээд гэртээ харих гээд найз Эрхэмбаяр, Соёл, Амаржаргал нартай хамт сургуулиас гарсан. Сургуулийн үүдэнд манай сургуулийн 12 дугаар ангид сурдаг Лувсандондог, Тэмүүлэн, М нар байсан бөгөөд тэр гурав согтуу байсан юм. ...М нь Эрхэмбаяр бид хоёрыг дагуулаад “ийшээ явъя” гээд явж байхдаа “2 ширхэг пиво авч өг” гэхээр нь “мөнгө байхгүй, чамд нэгийг л авч өгье. Сургуулийн шинэ жил болох гээд мөнгөгүй, хэцүү байна” гэж хэлэхэд сургуулийн хажууд байдаг “Таван Туяа” дэлгүүрийн урд байдаг хашаа, гарааш хоёрын дунд намайг “яагаад байгаа юм бэ, чамайг ийм найз гэж бодоогүй” гээд хацар болон зүүн чих хэсэгт хэдэн удаа гэдгийг нь мэдэхгүй, гараараа цохисон. Тэгээд би нүүрээ дараад доошоо суухад хоёр гарыг маань татаж байгаад нүүр рүү өшиглөсөн. ...Тухайн үед намайг зодож байхад Эрхэмбаяр салгах гэхэд “цаашаа бай, ална шүү” гээд ойртуулахгүй байсан. ...М бид хоёр өмнө нь найзууд байсан юм. Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би “Энэрэл дент” шүдний эмнэлэгт үзүүлж 1 сарын хугацаатай шүдний чиг тавиулсан, хамарны тасламтгай ясыг тэгшлүүлсэн. Мөн ГССҮТ-д үзүүлж, хамар болон шүдний эмчилгээ хийлгэсэн. ...Би хэргийн материалд хавсарган өгсөн баримтуудынхаа мөнгөн дүнг гаргуулан авсан. Цаашид ямар нэгэн эмчилгээ хийлгэхгүй, миний биеийн байдал зүгээр байгаа. Шүүх хуралд оролцохгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 09-10х, 29х/,

- Шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 3830 дугаартай:

1. Э.А-ын биед 2 шүдний сулрал, уруулын дотор салстын язарсан шарх, зүүн хацар, зүүн чих, зүүн гарын 2, 3-р хурууны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 19-20х/,

- өсвөр насны шүүгдэгч Эрдэнэтогтохын Мын нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар баримтууд /хэргийн 35х, 36х/

- өсвөр насны шүүгдэгч Э.Моос үйлдсэн хэргийн талаар яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримдуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Насанд хүрээгүй хохирогч Э.А-ын биед учирсан “2 шүдний сулрал, уруулын дотор салстын язарсан шарх, зүүн хацар, зүүн чих, зүүн гарын 2, 3-р хурууны цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл нь өсвөр насны шүүгдэгч Э.М нь түүний зүүн шанаа, хацар руу гараараа цохих, уруул хэсэг рүү өшиглөж зодсоноос үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцох бөгөөд өсвөр насны шүүгдэгч Э.Мын насанд хүрээгүй хохирогч Э.А-ыг зодож, цохин эрүүл мэндэд нь  “...2 шүдний сулрал, уруулын дотор салстын язарсан шарх, зүүн хацар, зүүн чих, зүүн гарын 2, 3-р хурууны цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Хан-Уул дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд өсвөр насны Э.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэл үүссэн гэж шүүх дүгнэв.  

Хэргийн шүүгдэгч Э.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,

мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд хэргийн хохирогч Э.А-ын эрүүл мэндэд учирсан “...2 шүдний сулрал, уруулын дотор салстын язарсан шарх, зүүн хацар, зүүн чих, зүүн гарын 2, 3-р хурууны цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохиролд тооцогдоно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд” бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан байна. 

Хэргийн хохирогч, насанд хүрээгүй Э.А-, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхийн дагуу Э.А- нь баримт бүхий эмчилгээний зардал хохирол нийт 788.570 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь нөхөн төлж барагдуулсан болох нь:

- насанд хүрээгүй Э.А-ын: “...Би хэргийн материалд хавсарган өгсөн баримтуудынхаа мөнгөн дүнг гаргуулан авсан. Цаашид ямар нэгэн эмчилгээ хийлгэхгүй, миний биеийн байдал зүгээр байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн /хэргийн 29х/ мэдүүлэг,

- насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Мөнхцэцэгийн хавтаст хэргийн материалтай танилцан годмол саналгүй талаар илэрхийлсэн тэмдэглэл баримт /хэргийн 59х/ зэрэг баримттай тул гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс нөхөн төлж барагдуулсан гэж дүгнэв.

Өсвөр насны шүүгдэгч Э.М нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 56 дугаар талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон ба тэрээр анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдох юм.  

Түүнчлэн өсвөр насны шүүгдэгч Э.М нь 2003 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, гэмт хэрэг үйлдсэн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 16 нас 01 сар 08 хоногтой, хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх үед 16 нас 04 сар 19 хоногтой, 18 насанд насанд хүрээгүй болох нь хэргийн 35-36 дугаар талд авагдсан төрсний гэрчилгээний хуулбар баримт, нас тоолсон баримтаар нотлогдсон тул түүний хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн Наймдугаар бүлэгт заасан “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” тусгай журам үйлчилнэ.

Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн  онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр сууриа олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байх зорилго бүхий бөгөөд өсвөр насны шүүгдэгч Э.М нь Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг анх удаа үйлдсэн, тэрээр ерөнхий боловсролын “Этүгэн” ахлах сургуулийн 12 ангид дэвшин суралцаж байгаа, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж буй хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж, өсвөр насны шүүгдэгч Э.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд заасныг баримтлан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.  

Энэ хэрэгт өсвөр насны шүүгдэгч Э.М нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, насанд хүрээгүй хохирогч Э.А-, түүний хууль ёсны төлөөлөгч З.Мөнхцэцэг нар нь “хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон       

                                                         ТОГТООХ нь:

 

1. Г овогт Э-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны Э.Мт мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан өсвөр насны Э.Мыг хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан 01 /нэг/ жилийн хугацаанд “зан үйлээ засах сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэж, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг оршин суугаа газрын нутаг дэвсгэрийг харьяалах дүүргийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгууллагад даалган, хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч Н.Соёлмаад хариуцуулсугай.

 

4. Энэ хэрэгт өсвөр насны шүүгдэгч Э.М нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, насанд хүрээгүй хохирогч Э.А-, түүний хууль ёсны төлөөлөгч З.Мөнхцэцэг нар нь “хохирол нөхөн төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд өсвөр насны Э.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                            С.БАЗАРХАНД