| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхүндэвийн Наранбаяр |
| Хэргийн индекс | 201/2017/00006/И |
| Дугаар | 201/МА2017/00006 |
| Огноо | 2017-02-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 201/МА2017/00006
Дорнод аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын нэхэмжлэлтэй, *******т
холбогдох иргэний хэргийн тухай
Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Энхцэцэг даргалан, шүүгч Д.Байгалмаа, ерөнхий шүүгч Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд явуулсан давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 138/ШШ2016/01397 дугаар шийдвэртэй, Дорнод аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын нэхэмжлэлтэй, ******* холбогдох 6 338 460 төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын давж заалдах гомдлоор 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцсон:
Нарийн бичгийн дарга Г.Намуунзул
Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******
Нэхэмжлэгч Дорнод аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь тус байгууллагын даргаар ажиллаж байхдаа хууль бусаар шийдвэр гаргаж, *******д өндөр насны тэтгэвэрт гарахад нь 3 694 230 төгрөгийн тэтгэмж олгосон, *******д ажилгүй байсан хугацааны цалин гэж 1 749 830 төгрөгийг олгосон, *******д ажил хавсарсны цалин гэж 754 000 төгрөг олгосон болох нь аудитын шалгалтаар тогтоогдсон. Энэ шийдвэрүүдээс болж манай байгууллага *******, ******* нарт тус бүр 70200 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид нөхөн төлөхөөр болсон. Иймд Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5 дахь хэсгийн “Зөрчлийн хэлбэр, хүлээлгэх хариуцлагаас үл хамааран энэ хуулийг зөрчсөний улмаас төрд хохирол учруулсан буруутай этгээд уг хохирлыг төлж барагдуулна” гэсэн заалтын дагуу дээрх хохирлыг буюу 6338460 төгрөгийг *******ээс нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: ******* нь үндэслэлгүйгээр мөнгө гаргуулж авсан нь тогтоогдсон, мөн тэрээр миний буруу гэж тогтоогдвол би авсан мөнгөө төлнө, та нар төлөхгүй гэж хэлсэн тул *******д олгосон 3694230 төгрөгийг *******ээс гаргуулахаар нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Дорнод аймгийн Боловсрол, соёлын газар тус мөнгийг *******гээс нэхэмжлэх ёстой. *******тэй холбоотой шаардлагын хувьд түүнийг томилохоосоо өмнө хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлээгүй өмнөх дарга *******, ******* нарын буруутай холбоотой, мөн дээд шатны байгууллагаас ирүүлсэн үүргийг биелүүлж өмнөх удирдлагын зөрчлийг арилгасан учраас ******* хариуцахгүй. Иймд түүнд олгосон 1749830 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжийн 70200 төгрөгийг *******ээс гаргуулахыг зөвшөөрөхгүй байна. *******тай холбоотой нэхэмжлэлийн тухайд эзгүй байгаа албан хаагчийн үүргийг түр орлон гүйцэтгүүлэхдээ 40 хувийн нэмэгдэл олгосон нь буруу гэж аймгийн аудитын газрын тайланд бичсэн байсан. ******* нь үүнийг үндэслэн *******гаар 754000 төгрөгийг буцаан төлүүлэх тушаал гаргасныг ******* эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Одоогийн дарга ******* нь захиргааны хэргийн шүүх дээр *******гийн нэхэмжлэлийг зөвшөөрч, хэргийг хэрэгсэхгүй болгуулсан. Ингэснээр дарга ******* нь *******д 40 хувийн нэмэгдэл олгосон *******ийн шийдвэрийг зөв гэж хүлээн зөвшөөрсөн тул одоо *******ээс нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй. Иймд *******д олгосон нэмэгдэл цалин 754000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 138/ШШ2016/01397 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар хариуцагч *******ээс 5514260 төгрөг гаргуулан Дорнод аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 824200 төгрөгийг хэрэгсэхгүй болгон,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 103178 төгрөгийг гаргуулан улсын орлого болгон,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэн,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдан,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдан шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: Боловсрол, соёл, урлагийн газрын даргыг томилох эрх бүхий субъект болох аймгийн Засаг дарга, харъяалах яамнаас хуульд заасан журмын дагуу шалгаж гэм буруутай албан тушаалтныг тогтоогоогүй байхад нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан, улмаар шүүх энэ нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсгийг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй байна.
Харин анхан шатны шүүх зохигчдын хоорондын маргаантай харилцааний эрх зүйн үндэслэлийг тодорхойлохдоо Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Тухайлбал ******* нь тухайн байгууллагад өөрт нь ажиллаж байгаа ажилтан, мөн *******ийн үйлдлээр *******д хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй учраас энэ хэргийн зохигчдын хоорондын маргаан нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн зохицуулалтад хамаарахгүй юм. Харин төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын шалгалтаар тогтоогдсон, төсөв захирагчийн Төсвийн хууль зөрчсөн үйлдлийн үр дагаврыг арилгахтай холбоотой тул нэхэмжлэлд тодорхойлсны дагуу Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5 дахь хэсгийн зохицуулалтад хамаарна.
Гэхдээ хэргийн үйл баримт ба холбогдох хуулийн зохицуулалтыг нягтлан үзвэл “хариуцагч *******ээс 5514260 төгрөг гаргуулан Дорнод аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 824200 төгрөгийг хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Үүнд:
1. *******д өндөр насны тэтгэвэрт гарахад нь 3 694 230 төгрөгийн тэтгэмж хууль бусаар олгосон тухайд
Хэргийн үйл баримт:
Хариуцагч ******* нь Дорнод аймгийн Боловсролын газрын даргаар ажиллаж байхдаа, 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/07 дугаар тушаал гарган, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийн “ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэсэн заалтыг үндэслэн, өмнө нь тус байгууллагын даргаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан *******д 6 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж 3 694 230 төгрөгийг олгожээ. /хх-ийн 22-р тал/
Гэтэл Дорнод аймгийн Аудитын газраас Дорнод аймгийн Боловсролын газрын 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг баталгаажуулах явцдаа, дээрх үйл баримтыг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсгийн “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэх заалтыг зөрчиж, тэтгэвэрт гарсан ажилтанд төсвөөс 3694230 төгрөгийг илүү олгосон гэж дүгнэн, илүү олгосон тэтгэмж 3 694 230 төгрөгийг төлүүлэхээр төлбөрийн акт тогтоожээ. Гэхдээ аудитын газрын актаар тогтоосон төлбөрийг уг мөнгийг авсан *******гээр төлүүлэх үү эсхүл мөнгийг олгох шийдвэр гаргасан *******ээр төлүүлэх үү гэдгийг тодорхой заагаагүй байна. /хх-ийн 52-р тал/
Түүнчлэн ******* аудитын акт өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэн, актыг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч захиргааны хэргийн анхан шатны шүүх аудитын актыг үндэслэлтэй гэж дүгнэн, *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. /хх-ийн 9-р тал/
Хууль хэрэглээний талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлт:
Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5 дахь хэсгийн “Зөрчлийн хэлбэр, хүлээлгэх хариуцлагаас үл хамааран энэ хуулийг зөрчсөний улмаас төрд хохирол учруулсан буруутай этгээд уг хохирлыг төлж барагдуулна” гэсэн зохицуулалт хэрэгжихэд дараахь нөхцөлүүд бүрдсэн байхыг хууль шаарджээ.
Үүнд:
1.Төсвийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлын эсрэг үйлдэл, эс үйлдэл,
2. болгоомжгүй эсхүл санаатай гэм буруу
2. төр буюу нэхэмжлэгчид хохирол учирсан байх
3.Зөрчил, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байх
******* нь Боловсролын газрын даргаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг буруу хэрэглэн, *******д хууль ёсны үндэслэлгүйгээр 3694230 төгрөгийг олгосон болохыг аудитын актаар тогтоожээ. Төсвийн хөрөнгийг буруу зарцуулсан түүний энэ үйлдлээр Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасан “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” шаардлага зөрчигдөн, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д тусгагдсан “санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх” зарчим алдагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд төсвийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд харшилсан үйлдэл тогтоогдсон гэж үзэв.
“******* нь *******т хандан Хөдөлмөрийн хуулийн дагуу тэтгэвэрт гарсны тэтгэмжээ авмаар байна. Миний мөнгө төсөвт суусан байгаа. Хэзээ нэг цагт намайг Хөдөлмөрийн хуулийн дагуу тэтгэмж авсныг буруу гэвэл би төлөхөөс та нар төлөхгүй гэж хэлсэн” гэсэн тайлбараас үзвэл *******д Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан тэтгэмжийг олгох нь хууль зөрчсөн үйлдэл болж болзошгүйг ******* мэдсэн атлаа холбогдох хууль тогтоомжийг судлах, дээд шатны төсвийн захирагчаас мэргэжил арга зүйн туслалцаа авах зэргээр үндэслэлтэй нягтлан үзэлгүйгээр шийдвэр гаргасан явдлыг төсөв захирагч хүний хувьд байх ёсгүй хайхрамжгүй байдал гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд *******ийн болгоомжгүй гэм буруу тогтоогдсон гэж үзэв.
*******д үндэслэлгүйгээр олгогдсон 3694230 төгрөг нь төсвийн хөрөнгөөр санхүүжигдсэн бөгөөд буцаан төлөгдөөгүй байгаа тул төрд дээрх хэмжээний хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй юм.
Хэрэв ******* уг хууль бус шийдвэрийг гаргаагүй бол төрд хохирол учрахгүй байсан тул хариуцагчийн хууль бус үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна гэж үзэв.
Хариуцагч тал энэ шаардлагыг “******* нь үндэслэлгүйгээр мөнгө гаргуулж авсан нь тогтоогдсон, мөн тэрээр миний буруу гэж тогтоогдвол би авсан мөнгөө төлнө, та нар төлөхгүй гэж хэлсэн тул *******д олгосон 3694230 төгрөгийг *******ээс гаргуулахаар нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Дорнод аймгийн Боловсрол, соёлын газар тус мөнгийг *******гээс нэхэмжлэх ёстой” гэсэн үндэслэлээр татгалзжээ. /хх-ийн 37-р тал/
Гэвч энэ нь Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5 дахь хэсгийн зохицуулалт хэрэгжихэд саад болох үндэслэл болохгүй юм. Учир нь хуулийн энэхүү зохицуулалтаар төсвийн санхүүжилтийг хүлээн авагч иргэн, хуулийн этгээдийн бус, харин төсөв захирагчийн хариуцлагыг тогтоосон байна.
2. *******д ажилгүй байсан хугацааны цалин гэж 1 749 830 төгрөгийг олгосон тухайд
Хэргийн үйл баримт:
Хариуцагч *******ийг Дорнод аймгийн Боловсролын газрын даргаар ажиллаж байх хугацаанд Дорнод аймгийн Засаг даргын тамгын газраас “байгууллагын даргын тушаалаар 2013, 2014 оны эхний хагас жилд шинээр болон ажлын байрны тодорхойлолт эрхлэх асуудлын чиг үүрэг нь өөрчлөгдөн томилогдсон 2 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хянуулаагүй томилсон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсгийг зөрчсөн..., *******, ******* нарын томилсон шийдвэрийг хүчингүй болгож зөрчлийг арилгуулах, урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хянуулах шаардлагатай. Цаашид томилгоотой холбоотой шийдвэр гаргахдаа анхаарч ажиллах хэрэгтэй байна” гэсэн агуулгатай 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 5/2508 дугаартай албан бичгийг ирүүлжээ. /хх-ийн 53-р тал/
******* нь дээрх албан бичиг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсгийн “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ” гэх заалт, 29 дүгээр зүйлийн 29.2.4-ийн “энэ хуулийн 11, 12, 15, 16 дугаар зүйлд заасныг зөрчсөн, энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, энэ хуулийн 29.2.3-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халах” гэх заалтыг тус тус үндэслэн 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн б/29 дугаар тушаалаар *******г үүрэгт ажлаас нь чөлөөлжээ . /хх-ийн 61-р тал/
Гэвч ******* Дорнод аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргаснаар тус зөвлөлийн 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолоор “...Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.5-д зааснаар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авилгатай тэмцэх газарт хүргүүлнэ” гэж заасныг тус байгууллагын удирдлага тухайн үед хүргүүлэн ажиллаагүйн улмаас аймгийн Боловсролын газар төрийн жинхэнэ албан хаагчийг хохироосон байна гэж үзсүгэй, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасны дагуу Авилгатай тэмцэх газарт хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хүргүүлэн, зөрчилгүй бол *******г буцаан албан тушаалд нь томилохыг аймгийн Боловсролын газрын дарга *******т даалгасугай” гэж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 62-р тал/
Улмаар ******* нь *******гийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн албан бичгээр Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн, Авлигатай тэмцэх газраас урьдчилсан мэдүүлгийг хянасан талаарх хариуг 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн албан бичгээр ирүүлсэн, ******* нь 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс *******г ажилд нь эгүүлэн томилсон байна. /хх-ийн 63, 74, 75-р тал/
Хэдийгээр *******д ажилгүй байсан хугацааны цалин олгосон тушаалын хуулбар хэрэгт авагдаагүй боловч, Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2015 оны 9 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсгээс үзвэл /хх-ийн 6-р тал/ ******* нь 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн б/49 дүгээр тушаал гарган, *******д ажилгүй байсан хугацааны цалин гэж 1749830 төгрөг олгожээ.
Гэтэл Дорнод аймгийн Аудитын газрын 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн актаар дээрх үйлдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-ийн “ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно”, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-ийн “Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, 6 дугаар зүйлийн 6.4.1-ийн “Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэн, мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-ийн “Зөрчлийн хэлбэр, хүлээлгэх хариуцлагаас үл хамааран энэ хуулийг зөрчсөний улмаас төрд хохирол учруулсан буруутай этгээд уг хохирлыг төлж барагдуулна” гэсэн заалтын дагуу 1749830 төгрөгийг дарга *******ээр төлүүлэхээр шийдвэрлэжээ. /хх-ийн 53-р тал/
Хууль хэрэглээний талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлт:
******* нь *******гийн хөдөлмөрийн харилцааны асуудлыг буруу зохицуулснаараа төсвөөс 1749830 төгрөгийн илүү зардал гарахад хүргэн Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-ийн “Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, 6 дугаар зүйлийн 6.4.1-ийн “Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах” гэсэн заалтуудыг зөрчсөн болох нь Дорнод аймгийн Аудитын газрын актаар тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна.
******* нь *******гийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг Авлигатай тэмцэх газарт хүргэгдээгүй явдалд ажилтан буруугүй байгааг анхаарах, түүнчлэн хэрэв уг зөрчлийг арилгахын тулд *******г ажлаас чөлөөлөх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн бол урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлж хянуулах ба буцаан ажилд нь томилох ажлыг аль болох богино хугацаанд шуурхай гүйцэтгэсэн бол төсвөөс дээрх хэмжээний илүү зардал гарахгүй байх боломжтой байсан байна. Иймд төсөвт учирсан хохирол нь *******ийн хайхрамжгүй хандсан, болгоомжгүй гэм буруутай холбоотой гэж үзэх нь зүйтэй байна.
Иймд “томилохоосоо өмнө хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлээгүй өмнөх дарга *******, ******* нарын буруутай холбоотой, мөн дээд шатны байгууллагаас ирүүлсэн үүргийг биелүүлж өмнөх удирдлагын зөрчлийг арилгасан” гэх хариуцагчийн татгалзлаар түүнийг Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-д заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байна.
3. Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 9 дүгээр шийдвэрээр Боловсролын газраас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан *******д олгохоор шийдвэрлэсэн тул уг хохирлыг *******ээр төлүүлэх шаардлагын тухайд
Хэргийн үйл баримт:
*******д олгосон 1749830 төгрөгийг аудитын актаар төсөв захирагч *******ээр төлүүлэхээр тогтоосон ба харин ******* нь уг мөнгийг *******гөөр буцаан төлүүлэх тушаал гаргасан байна. Үүнийг ******* эс зөвшөөрч шүүхэд хандсанаар Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 9 дүгээр шийдвэрээр *******гийн нэхэмжлэлийг хангаж, ажил олгогчийн тушаалыг хүчингүй болгон, *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Боловсролын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэсэн байна. /хх-ийн 8-р тал/
Хууль хэрэглээний талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлт:
*******ийн тушаалыг хууль бус болохыг захиргааны хэргийн шүүхээс тогтоосон ба уг хууль бус тушаалын улмаас төсвийн байгууллага болох Дорнод аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар /одоогийн нэрээр/ 70200 төгрөгийн өглөг үүссэн нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасан “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д тусгагдсан “санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх” гэх заалтад нийцээгүй байна. Төсөв захирагч өөрийн хууль бус шийдвэрээрээ төсөвт нэмэлт өр үүсгэхийг Төсвийн тухай хуулиар зөвшөөрсөн байх учиргүй тул энэхүү шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг буруутгах үндэслэлгүй байна.
4. Давж заалдах гомдлын тухайд:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь “Боловсрол, соёл, урлагийн газрын даргыг томилох эрх бүхий субъект болох аймгийн Засаг дарга, харъяалах яамнаас хуульд заасан журмын дагуу шалгаж гэм буруутай албан тушаалтныг тогтоогоогүй байхад нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан, улмаар шүүх энэ нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсгийг зөрчсөн” гэж гомдол гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлийг тусгахдаа 65.1.3-т “шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал” гэж заасан байна.
Гэвч Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-д зааснаар төрд хохирол учруулсан буруутай этгээдээр төлүүлэх нэхэмжлэлийг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмыг Төсвийн хуулиар тогтоогоогүй учраас анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь заалтыг зөрчөөгүй байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулан, бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 138/ШШ2016/01397 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Монгол улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д” гэснийг “Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-д” гэж өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар гомдол гаргагч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103178 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ЭНХЦЭЦЭГ
ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.НАРАНБАЯР