Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 836

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Э д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          Прокурор Н.Мөнгөнсүх,

          Яллагдагч Б.Э , түүний өмгөөлөгч Н.Ариунболд,

          Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

         

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 882 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Мөнгөнсүхийн бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 31 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч Б.Э д холбогдох эрүүгийн 2017 2502 0790 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Модчин овгийн Б.Э, 1992 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Ээрмэлийн 13 дугаар байрны 39 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УХ92072711/,

 

Б.Э  нь 2016 оны 9 дүгээр сараас 11 дүгээр сарын хооронд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт иргэн О.Д-с 9911-тэй дугаар хямдхан олж өгнө гэж 19.600.000 төгрөг буюу бага хэмжээний,

2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутагт иргэн С.Д-с 9911-тэй дугаар хямдхан олж өгнө гэж 3.000.000 төгрөг буюу бага хэмжээний,

2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт 9911, 9909-тэй дугаар хямдхан олж өгнө гэж иргэн Б.И-с 8.600.000 төгрөг, Н.Х-с 7.500.000 төгрөг буюу бага хэмжээний,

2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр иргэн А.Т-н эзэмшлийн “Тоёота Камери” загварын автомашиныг “Мөнх-Уян” ХХК-д барьцаанд тавьсан гэдгийг мэдсээр байж “Алтан дагуул” ХХК-д барьцаанд тавьж, А.Т-д 8.000.000 төгрөг, “Мөнх-Уян” ХХК-д 4.200.000 төгрөг, “Алтан дагуул” ХХК-д 7.570.000 төгрөгийн буюу бага хэмжээний,

2017 оны 4 дүгээр сарын 15, 18-ны өдрүүдэд иргэн Ц.М-с 9911-тэй дугаар хямд олж өгнө гэж Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн байрнаас 1.680.000 төгрөг буюу бага хэмжээний хохирол тус тус учруулан, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар хуурч залилан мэхэлсэн ба дээрх үйлдлийг байнга хийж амьдралын эх үүсвэрээ болгосны улмаас бусдад нийт 60.150.000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Э ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед яллагдагч болон түүний өмгөөлөгчөөс мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгүүлэх тухай хүсэлт гаргасныг харгалзан, анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан явуулахгүйгээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзээд хэргийг прокурорт буцаасан байна. Үүнд:

Сүхбаатар дүүргийн прокуророос Б.Э ыг “залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон хэмээн яллах дүгнэлт үйлдэж түүнд холбогдох эрүүгийн хэргийг тус шүүхэд шилжүүлжээ. Мөн Чингэлтэй дүүргийн прокуророос Б.Э ыг “залилах" гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдэж 2017 2503 1243 дугаартай хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Үүнээс гадна Б.Э  Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдийн Цагдаагийн хэлтэст тус бүр “залилах” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэгдсэн, яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа талаар мэдүүлсэн болно.

Дээрх нөхцөл байдлуудыг авч үзвэл нэг талаар яллагдагч Б.Э д холбогдох эрүүгийн хэргүүдийг тус тусад нь анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар хэлэлцэх нь түүний эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Хэрэв түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүхээс тогтоовол түүний хувьд хэд хэдэн шийтгэх тогтоолоор эсхүл хэд хэдэн гэмт хэрэгт ял оногдуулах нөхцөл байдал үүсч болзошгүй.

Нөгөө талаар Б.Э д холбогдох эрүүгийн хэргүүдийг тус тусад нь хянан шийдвэрлэж, хэрэв гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүхээс тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн тохиолдолд аль нэг шүүхийн шийдвэр нь нөгөө шүүхэд мэдэгдэхгүй өнгөрөх, цаг хугацааны хувьд нэг шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болоогүй байхад өөр шүүхээр хэрэг шийдвэрлэгдэх, үүний улмаас “ялыг нэмж нэгтгэх” асуудал орхигдох зэрэг үр дагаварууд үүсэхээр байна.

Ийм учраас яллагдагч Б.Э д холбогдох эрүүгийн хэргүүдийг нэгтгүүлэн шалгуулахын тулд “мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх” тухай өмгөөлөгч М.Ариунболдын хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

Харин яллагдагч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг төлөх хүсэлт гаргасан боловч чухам ямар байдлаар, хэнд хэдэн төгрөгийн хохирол төлбөр төлөх, хэдий хугацаанд төлөх зэрэг нь тодорхойгүй байх тул энэ хүсэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн байна.

Яллагдагч Б.Э д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах аль нэг үндэслэл тогтоогдоогүй тул хэрэг прокурорт очтол яллагдагчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э д холбогдох эрүүгийн 2017 2502 0790 дугаартай хэргийг Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.

 

Прокурор Н.Мөнгөнсүх бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх нь Б.Э ын өмгөөлөгч М.Ариунболдоос гаргасан “... Б.Э д холбогдох хэргүүдийг нэгтгэн шалгуулах шаардлагатай байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү ...” гэх хүсэлтийг хүлээн авч урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дугаар зүйлд “урьдчилсан хэлэлцүүлгээр дараах зүйлүүдийг хянан хэлэлцэж шийдвэр гаргана” гэж заасан 17 зүйл дурджээ.

Гэтэл анхан шатны шүүхэд гаргасан өмгөөлөгч М.Ариунболдын хүсэлтэд дурдсан хэргийг нэгтгэн шалгуулах асуудал нь дээрх 17 зүйлд байхгүй байхад шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь заалтад дурдагдаагүй асуудлыг хянан хэлэлцэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй байна.

Мөн анхан шатны шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахдаа Б.Э д холбогдох эрүүгийн хэргүүдийг тус тусад нь анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар хэлэлцэх нь түүний эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй байна гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн яг ямар заалтаар хэрхэн, яаж эрх зүйн байдал нь дордож байгаа талаар шүүгчийн захирамждаа дурдаагүй нь уг шүүгчийн захирамж хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж ял нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно ...” гэж заасан байх тул Б.Э д холбогдох эрүүгийн 2017 2502 0790 дугаартай хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэх бүрэн боломжтой байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү ...” гэв.

 

Яллагдагч Б.Э ын өмгөөлөгч М.Ариунболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... хэлэх тайлбар байхгүй, шүүгчийн захирамжийг дэмжиж байна ...” гэв.

 

Яллагдагч Б.Э  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүх яллагдагч Б.Э д холбогдох хэргийг өмгөөлөгч, яллагдагч нарын гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг зарлаж хэргийг хянан хэлэлцээд, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Б.Э ыг залилах гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд яллагдагч Б.Э ын Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргийн  Цагдаагийн хэлтэст тус тус залилах гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүссэн, яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа талаар мэдүүлсэн мэдүүлэг зэргийг үндэслэн яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулахүй байх үндэслэлээр хэргийг нэгтгэж шийдвэрлүүлэхээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай гэж үзэж прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл, яллагдагч Б.Э ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзвэл түүний хувьд хэд хэдэн шийтгэх тогтоолоор эсхүл хэд хэдэн гэмт хэрэгт ял оногдуулах нөхцөл байдал үүсэх бөгөөд холбогдох хэргүүдийг тус тусад нь хянан шийдвэрлэсэн тохиолдолд аль нэг шүүхээр шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр мэдэгдэхгүй байх, эсхүл нэг шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болоогүй байхад өөр анхан шатны шүүхээр хэрэг шийдвэрлэгдэх зэрэг байдлаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд заасан заалт биелэгдэхгүй орхигдож хууль зүйн үр дагавар үүсэж болзошгүй байх тул Б.Э д холбогдох хэргүүдийг нэгтгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Мөнгөнсүхийн бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 31 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 882 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Мөнгөнсүхийн бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 31 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Б.Э д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                                  Н.БАТСАЙХАН

 

                                                                                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ