Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганболдын Янжиндулам |
Хэргийн индекс | 125/2017/0044/З |
Дугаар | 05 |
Огноо | 2018-01-05 |
Маргааны төрөл | Газар, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Янжиндулам би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Э” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан,
Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/274 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Э” ХК-ийн захирал У.П шүүхэд хандан гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Усны аж ахуйн контор нь 1996 онд өмч хувьчлалаар 2 хуваагдаж, “Э” ХК, “Шандны булаг” гэж хоёр компани болсон. Манай компани “Э” ХК нь 1998 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа. “Э” ХК нь 2011 онд газар эзэмшлийн гэрчилгээгээ авч, газрын төлбөрөө төлж, үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн аймгийн Засаг даргын А/274 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн маргаж байгаа захиргааны акт нь 2012 онд гарсан юм. Ховд аймгийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 46 дугаар захирамжаар газар эзэмших зөвшөөрөл олгохдоо Газрын тухай хуулийн заалт, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2010 оны 257 дугаар тогтоолыг үндэслэж “Э” ХК-д 1 га газрыг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн нь газар эзэмших хуулиар тогтоосон журмыг зөрчсөн. Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 6/3 дугаар тогтоолоор аймгийн газар зохион байгуулалтын 2011 оны төлөвлөгөөг баталсан байдаг. 2011 оны төлөвлөгөөнд дээрх маргаан бүхий газар болох Жаргалант сумын Наран багийн нутаг дэвсгэр Усны аж ахуйн албан конторын 1 га газар нь тусгагдаагүй байна. Жаргалант сумын Наран багийн нутаг дэвсгэр дэх хуучин Усны аж ахуйн газрыг үйлдвэрийн зориулалтаар “Э” ХК-д эзэмшүүлэхдээ төсөл сонгон шалгаруулалт болон дуудлага худалдаагаар эзэмшүүлэх ёстой байсан боловч нэг аж ахуй нэгжид давуу эрх олгож, газрыг эзэмшүүлсэн байдаг. Мөн иргэн, хуулийн этгээдийн эзэмшлийн газартай ямар нэгэн байдлаар давхцалгүй байх ёстой. Гэтэл аймгийн Засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 70 дугаар захирамжаар иргэн О.Энхээ, Б.Одончимэг, Э.Уранцэцэг, Э.Пүрэвжамц, Э.Цэцэгсүрэн нарт гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлсэн газартай давхцуулан “Э” ХК-д газар эзэмшүүлсэн байна. Энэ нь Газрын тухай хуульд заасан шаардлагуудыг зөрчсөн үйлдэл юм. Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлэхэд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулж олгохоор заасан хуулийн шаардлагыг зөрчсөн учир урд гаргасан захирамжаа аймгийн Засаг дарга хүчингүй болгосон. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баримталсан боловч тухайн үед уг хууль хэрэгжиж эхлээгүй байсан юм. Гэхдээ “Э” ХК-ийн хувьцаа эзэмшигч У.Батзаяа нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын даргаар ажиллаж байхдаа хувьцаа эзэмшдэг компанидаа давуу эрх олгож, газар эзэмшүүлсэн учраас ашиг сонирхлын зөрчил үүссэн гэх үүднээс дээрх хуулийн заалтыг баримталсан байдаг. Аймгийн Засаг дарга нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар өмнө нь гаргасан алдаатай захирамжаа хүчингүй болгох эрхтэй юм. Газрын тухай хуулийн 61, 62 дугаар зүйлүүдэд газартай холбоотой маргааны талаар заасан. Мөн 2012 онд гарсан захирамжийг хүчингүй болгуулахаар 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргаж, 7 жилийн дараа шүүхэд хандсан байна. Иймд захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана. Нэхэмжлэгч нь захирамж хүчингүй болсон гэдгийг мэдсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн дүүрэн тогтоогдсон. Тухайн үед Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт мэргэжилтнээр ажиллаж байсан Ш.Түвшинбат нь “Э” ХК-д мэдэгдэх хуудас хүргэж байсан баримт хэрэгт авагдсан байна. Мөн О.Э-ийн өмчлөлийн газартай давхцан учраас О.Э нь удаа дараа шүүхэд хандан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж байсан. О.Э нь 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Сум дундын 25 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан ба нэхэмжлэлд хавсаргасан баримтад 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн аймгийн Засаг даргын А/274 дүгээр захирамжийг хавсаргаж байсан байна. Тухайн О.Э нэхэмжлэлийг У.П нь гардаж авч, тайлбар гаргаж, хэргийн материалтай танилцсан бөгөөд аймгийн Засаг даргын А/274 дүгээр захирамжийг мэдсэн нь тогтоогдож байна. “Э” ХК-ийн нэхэмжлэл дээр Газрын тухай хууль болон гэрээний дагуу хүлээн үүргээ биелүүлж, газрын төлбөрөө төлж, зориулалтын дагуу ашиглаж байсан, бидэнд захирамж гарсныг бидэнд мэдэгдээгүй гэж дурдсан байсан. Татварын тайлангаасаа балансаа хасуулахгүй болохоор газрын төлбөр нь гараад байдаг. Иргэн, хуулийн этгээд нь газар эзэмших эрх нь хүчингүй болсон тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлж, хасалт хийлгэх ёстой байсан. Гэтэл хасалтаа хийлгээгүй байсан ба энэ нь захиргааны актыг мэдээгүй, гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаан биш юм. Захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нь баримтаар нотлогдсон гэж үзэж байна. Газрын тухай хуулиар төр нь түрүүлж газар эзэмшиж авсан иргэний эрх хамгаалагддаг бөгөөд дараагийн иргэнд газар эзэмшүүлэхдээ давхцуулж эзэмшүүлж болохгүй гэх шаардлагатай байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна. 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн аймгийн Засаг даргын А/274 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргахдаа хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зорилгоор нэхэмжлэл гаргасан юм. 1996 оноос хойш Жаргалан компани нь “Э” ХК, “Шандны булаг” компани гэж 2 компани болж хуваагдаж, 2009 оны сүүлээс “Э” ХК-ийн хувьцааг У.Б нь 100 хувь эзэмшдэг болсон ба аймгийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 46 дугаар захирамжийн 3 дахь заалтаар “Э” ХК-д үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай 1 га газрыг эзэмшүүлэхээр болсон. 2011 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 46 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэж гарсан. Үүний дагуу “Э” ХК нь гэрээ байгуулж, газар эзэмших гэрчилгээ гаргуулан авч, хууль ёсны эзэмшигч болсон. Гэтэл 2011 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 46 дугаар захирамжаар 4 иргэнд газар эзэмшүүлсэн боловч 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/274 дүгээр захирамжаар ганцхан 3 дахь заалтыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй юм. Хэрвээ 2011 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 46 дугаар захирамж нь бүхэлдээ хууль бус бол бусад иргэдийн эрх, ашиг хөндөгдөхөөр тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргаж байна. 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/274 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийг үндэслэсэн байх боловч ийм заалт хуульд байхгүй юм. Иймд Газрын тухай хуулийг үндэслэл болгоогүй, байхгүй заалтыг үндэслэсэн учраас Газрын тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Газрын тухай хуульд заасан зарчмыг зөрчиж газар олгосон гэдгийг хариуцагч тал тодорхойлж чадаагүй гэж үзэж байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2.3, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтыг баримталсан боловч дээрх хууль нь 2011 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 46 дугаар захирамж гарах үед үйлчилж эхлээгүй байсан. Гэтэл хүчин төгөлдөр үйлчилж эхлээгүй хуулийг баримталж, зөвхөн “Э” ХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. Мөн гэрч Ш.Түвшинбатын мэдүүлгээр тухайн үед улс төрийн маргаантай байсан гэж мэдүүлсэн нь үндэслэлтэй юм. “Э” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга У.Батзаяа нь аймгийн Засаг даргын төлөө өрсөлдөж байсан юм. Үүний улмаас аймгийн Засаг дарга Г.Нямдаваа, У.Батзаяа нарын улс төрийн маргаан байсан гэж аймгийн Засаг даргын захирамж гарсан цаад шалтгааныг тодорхой тайлбарласан юм. 2011 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 46 дугаар захирамжаас зөвхөн “Э” ХК-д газар олгосон заалтыг хүчингүй болгосон нь улс төрийн маргаанаас болсон гэж ойлгож болно. Хавтаст хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд захиргааны байгууллага буюу Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас “Э” ХК-нд 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн аймгийн Засаг даргын А/274 дүгээр захирамжийг ямар нэгэн байдлаар хүргүүлсэн, мэдэгдсэн гэдэг нь нотлогдохгүй байгаа юм. Хуулийн дагуу захиргааны байгууллага өөрөө захиргааны актыг хүргүүлэх, мэдэгдэх үүрэгтэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д шийдвэрийг мэдэгдсэнээс хойш гэх ойлголт байдаг. Өмнө нь үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д захиргааны актыг хүлээн авсан, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдол гаргахаар зохицуулсан байсан. Хэрвээ захиргааны байгууллага нь захиргааны байгууллага үүргээ биелүүлж захиргааны акт гарсныг хүргүүлээгүй, мэдэгдээгүй бол хөөн хэлэлцэх хугацаа тоологддоггүй. Иймд захиргааны байгууллага нь захиргааны актыг хүргүүлсэн, мэдэгдсэн гэдэг нь нотлогдохгүй байх тул шүүх үүнийг харгалзан үзэж, нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэсэн. 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн аймгийн Засаг даргын А/274 дүгээр захирамжийг шүүх дээр ирж мэдсэн гэдэг нь захиргааны байгууллага хуульд заасан хүргүүлэх, мэдэгдэх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Энэ нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2012 оны явуулсан бичгийн бүртгэл, бусад нотлох баримтуудаар нотлогддоггүй. О.Э-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь газар чөлөөлүүлэх тухай байсан боловч О.Э нь нэхэмжлэлээсээ татгалзсанаар дуусгавар болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байх тул 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн аймгийн Засаг даргын А/274 дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Э” ХК-ийн Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан “Ховд аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/274 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Ховд аймгийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/274 дүгээр захирамжийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтан газар эзэмших эрхийн гэрчилгээг эзэмшиж байсан этгээдэд газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тухай шийдвэрээ мэдэгдэх үүрэгтэй.
Харин захиргааны байгууллага энэ үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчид энэ талаар мэдэгдэх тухай 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 394 дүгээр албан бичиг, мөн өдрийн 395 дугаар мэдэгдэх хуудсыг “Э” ХК-д гэж хаяглан гаргасан боловч зохих ёсоор мэдэгдээгүй болох нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2012 оны “явуулсан бичгийн бүртгэл”-д үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 33 дугаар зүйлийн 33.1.1, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 267 дугаар тогтоолыг тус тус үндэслэн “Э” ХК-д 2011 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Ховд аймгийн Засаг даргын 46 дугаар захирамжийн 3 дахь заалтаар Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн нутагт, хуучнаар Усны аж ахуйн албан контор, хашааны 1 га газрыг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлжээ.
Улмаар Ховд аймгийн Засаг дарга уг газрын эзэмших эрхийн гэрчилгээг 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/274 тоот захирамжаар хүчингүй болгосноор маргаан үүссэн байна.
Ховд аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/274 тоот захирамжид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 1.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2.3, 12.1 дүгээр зүйлд заалтуудыг үндэслэн Үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар газар эзэмших талаар Газрын хууль, Монгол улсын Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн 2011 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 46 дугаар захирамжийн 3 дугаар заалтыг хүчингүй болгожээ. /захирамжид үндэслэл болгосон хуулийн заалтыг маргаан бүхий актад бичигдсэн хэлбэрээр бичив/
Шүүх аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/274 тоот захирамжийг дараах үндэслэлээр хуульд нийцсэн байна гэж дүгнэлээ.
1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасан ба тухайн үед буюу 2011 онд аймгийн Засаг дарга “Э” ХК-нд Наран багийн нутагт, хуучнаар Усны аж ахуйн албан контор, хашааны 1 га газрыг эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа, төсөл шалгаруулах үйл ажиллагааг явуулаагүй болох нь “Э” ХК-ны нэгж талбарын хувийн хэрэг, мөн нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар нотлогдож байна.
2.Газрын тухай хуулийн 33.4 дэх хэсэгт “...аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж заасан.
Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 267 дугаар “Нутаг дэвсгэрийн хил заагийг тогтоох тухай” тогтоолоор аймгийн засаг даргын Ховд хотод газар эзэмшүүлэх, ашиглуулах нутаг дэвсгэрийн хил заагийг тогтоож, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 6-р хуралдааны 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 6/13 дугаар “Газар зохион байгуулалтын 2011 оны ерөнхий төлөвлөгөө батлах тухай” тогтоолоор тус аймгийн 2011 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг буюу бусдад эзэмшүүлэх, өмчлүүлэх газрын хэмжээ, байршлыг баталсан байх бөгөөд энэхүү төлөвлөгөөнд “Э” ХК-нд эзэмшүүлсэн 1 га газар нь тусгагдаагүй байна.
Дээрхээс дүгнэхэд Ховд аймгийн Засаг дарга 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/274 тоот захирамжаар “Э” ХК-нд 1 га газрыг анх эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дэх хэсэгт заасан заалтуудыг зөрчжээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 “Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө … хүчингүй болгоно” гэж, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж зааснаар Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд анхнаасаа хууль зөрчиж олгогдсон газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь холбогдох хуулийг зөрчөөгүй байх тул Ховд аймгийн Засаг даргад холбогдох, аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/274 тоот захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа маргаан бүхий захиргааны акт гарах үед Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль хэрэгжиж эхлээгүй байсан гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх тайлбартай маргаагүй хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч уг үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Хариуцагч нь “Э” ХК-д эзэмшүүлсэн газар иргэн О.Э-ийн эзэмшлийн газартай нь давхцаж байгаа талаар шүүх хуралдаанд тайлбар гаргаж байгаа боловч аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/247 дүгээр захирамжид “үйлдвэр үйлчилгээний зориулалтаар газар эзэмших талаар газрын тухай хууль зөрчсөн” гэх үндэслэлээр “Э” ХК-д газар эзэмшүүлсэн эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байх тул шүүхээс маргаан бүхий актад дурьдагдаагүй үндэслэлд буюу газрын давхцлын асуудалд дүгнэлт өгөх боломжгүй байна.
Харин хариуцагч маргаан бүхий акт болох А/274 тоот захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг 61 дүгээр зүйлийн 1.1 гэж бичиж хуулийн бичиглэлийн алдаа гаргасныг дурьдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЯНЖИНДУЛАМ