| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2020/0397/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/393 |
| Огноо | 2020-04-24 |
| Зүйл хэсэг | 11.7.2.1., |
| Улсын яллагч | П.Бямбасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол
2020 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2019/ШЦТ/393
2020 04 24 2019/ШЦТ/393
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа,
Улсын яллагч П.Бямбасүрэн,
Шүүгдэгч Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Бямбасүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Ц.Д /РД:УД80040111/-д холбогдох 2009008420501 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, "Сетрек" нэртэй барилгын компанид туслах ажилтай, ам бүл 4, эхнэр, 15 нас, 17 настай хоёр хүүхдийн хамт тоотод оршин суух, урьд нь Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 647 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 аар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр 3 жил тэнсэж хянан харгалзсан, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 240 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Д овогт Ц.Д . /РД:УД80040111/,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Ц.Д нь Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 18 дугаар гудамж, 93 тоот гэртээ байнга архидан согтуурч, гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс буюу эхнэр Д.Б, 17 настай хүү Д.Б, 15 настай охин Д.Н нарын хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл хийсэн үндэслэлээр гурван удаа зөрчлийн шийтгэл оногдуулж байсан нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Д нь Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 18 дугаар гудамж, 93 тоот гэртээ байнга архидан согтуурч, гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс буюу эхнэр Д.Б, 17 настай хүү Д.Б, 15 настай охин Д.Н нарын эсрэг агсам согтуу тавьж, хэл амаар доромжилж, гэр бүлийн амгалан тайван байдал алдагдуулж, хоол унд асгаж, гэрийн эд зүйл эвдэж, шатаах үйлдэл гаргаж, хүүхдийн хажууд янз бүрийн бэлгийн чиг хандлага, зүй бус үг хэллэг хэлэх зэргээр тарчлаасан, шүүхээс гэр бүлийн гишүүн хүмүүсийг хэл амаар доромжилж агсам тавьж, хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл хийсэн үндэслэлээр гурван удаа зөрчлийн шийтгэл оногдуулж байсан тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Бямбасүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2009008420501 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Ц.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “Өгөөмөр” зах дээр машин засаж байгаад 15:00 цагийн үед 100 грамм архи уусан ба орой 18:00 цагийн үед дахин 100 грамм архи уусан. Орой болсон тул гэртээ харих замдаа 7 буудлаас 2 ширхэг 100 граммын архи авч уугаад гэртээ орсон. Намайг гэрт ороход эхнэр, хоёр хүүхдийнхээ хамт байсан ба би уусан архиндаа согтуурхаж хэдэн үг хэлсэн. Энэ үед эхнэр цагдаа дуудаж, намайг эрүүлжүүлэхэд хийсэн. Би эхнэр, хүүхдэдээ гар хүрч байгаагүй боловч архи уусан үедээ өөрийгөө удирдах чадваргүй, юу хэлж ярьж байгаагаа мэддэггүй. Би 3 удаа шүүхийн шийтгэвэрээр баривчилгаанд явж байсан ба архины хамааралтай болсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би эрүүл үедээ гэр бүлийнхэндээ муухай зан гаргадаггүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9, 31 дүгээр хуудас/,
-Хохирогч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...нөхөр Ц.Д нь 2010 оноос техникийн зах дээр ажилладаг болсноос хойш архи согтууруулах ундаа хэрэглэдэг болсон. Сүүлийн 5 жил 7 хоногтоо 3-4 удаа архи ууж байгаа, архинаас хамааралтай болсон, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хэл амаар доромжлон найз нөхөд, танил хүмүүстэй харддаг, гэр бүлийн гишүүдийг шалтгаангүй хэл амаар доромжилдог, том хүүгээ өөр хүний хүүхэд гэж хэлдэг, согтуу үедээ гэрийн эд зүйлийг эвдэлж өшиглөн, гэрийн бүрээс, хөшиг, цаваг шатаана гэж дайрдаг, зодож цохидоггүй боловч хэл амаар доромжилж дайрдаг, гэр бүлийн дотор уур амьсгал амгалан тайван байдал алдагдуулдаг бөгөөд Ц.Д нь 2-3 удаа хаалга үүдээ өшиглөж эвдэж, хоол унд асгаж гэрийн эд зүйл эвдэж шатаах үйлдэл гаргаж байсан. Мөн орой унтуулахгүй хоёр хүүхдийн хажууд янз бүрийн бэлгийн чиг хандлага зүй бус үг хэллэг болох “Чи хүнтэй явалддаг унтаж хэвтдэг буудалд орж залуучуудтай шаалцдаг, эрхтнийг нь хөхдөг, чи хошногдуулдаг хоёр нүх рүүгээ зэрэг хийлгэдэг” гэх мэтээр хэлдэг, манай гэрийн эд зүйлс бүгд зүгээр байгаа би эвдэрч янз бүр болохоор сольчихсон, энэ оны 01 дүгээр сард намайг ажилтай үед хүү Батзаяаг согтуу байхдаа нэг удаа алгадаж, маргалдсан ба намайг ажлаас ирэхэд агсам тавьсан тул би цагдаа дуудаж Ц.Д баривчилгаанд явсан. Мөн нэг удаа хүүгээ алгадсан байсан. Миний мэдэхийн өөрөөр бол цохиж зодож байгаагүй. 2019 оны 06 дугаар cap, 2019 оны 10 дугаар cap, 2020 оны 01 дүгээр сард шүүхээс баривчилгаа авсан, архи согтууруулах ундаа хэрэглэхээр ийм үйлдэл гаргадаг. Энэ хүнийг засаж залруулах ямар арга хэмжээ байж болох вэ. Тийм арга хэмжээг нь авхуулмаар байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 20 дугаар тал/,
-Насанд хүрээгүй хохирогч Д.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...2020 оны 02 дугаар сарын 18-ны орой ээж, ах, бид гурав гэртээ байж байхад аав гаднаас согтуу ирсэн ба ах энэ үед найзынхаа гэр рүү хонохоор явсан. Аав Ц.Д зүгээр сууж байснаа гэнэт ээж рүү дайрч, ээжийг янз бүрээр хэлээд доромжлон, агсам согтуу тавьж, гэрээ шатаана гэж хаалга үүд савж хаагаад, орилоод байсан ба ээж бид хоёр унтах гэж байхад унтуулахгүй, бид хоёрыг янз бүрээр доромжлон, 2-3 цаг болсон тул ээж цагдаа дуудаж, аавыг цагдаа эрүүлжүүлсэн. Бид хоёрыг аав цохиж зодож байгаагүй. Харин ахыг нэг удаа алгадаж байсан. Аав архи согтууруулах ундаа хэрэглэдэг, нэг уух юм бол 3-4 хоног уудаг. Өмнө нь ээж цагдаа дуудаж, аав баривчилгаа болон эрүүлжүүлэхэд нилээн хэдэн удаа явж байсан. Аав ах бид хоёрт сайн байдаг боловч архи уусан үедээ муухай харьцдаг. Намайг цохиж зодож байгаагүй. Аав ээжийг хардаад, янз бүрээр доромжилдог. Надад гомдол байхгүй. Миний аав архи согтууруулах ундаа хэрэглэхээ больчихвол муухай зан гаргахгүй. Эрүүл үедээ маш сайн байдаг. Энэ бүх зүйл архитай холбоотой. Аавыг архинаас гаргах арга хэмжээ хэрэгтэй байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
-Насанд хүрээгүй хохирогч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…2020 оны 02 дугаар сарын 18-ны орой би гэртээ ээж болон дүүгийн хамт байж байхад гаднаас аав Ц.Д нь согтуу орж ирээд согтуурхаад янз бүрийн юм яриад байсан тул би найзындаа хонохоор явсан. Маргааш нь намайг гэртээ ирэхэд аав агсам тавьж, ээжийг унтуулж, амраахгүй байсан тул цагдаа дуудаж эрүүлжүүлэхэд өгсөн гэж байсан. Манай аав архи согтууруулах ундаа их хэрэглэдэг. Архи уухаараа ээж, дүү бид гурвыг элдвээр хэлэн доромжилж, ээжийг харддаг. Архи уусан үедээ үглэж, хэрүүл хийн, бид нарыг унтуулдаггүй. Ийм үйлдэл гаргасныхаа төлөө баривчилгаанд явж байсан юм. Аав байнга архи согтууруулах ундаа хэрэглэж, гэр бүлээ амар тайван бус байлгадаг болохоор аав, ээж хоёрын харилцаа хөндий гэж хэлж болно, Надад гомдол байхгүй. Аав архи хэрэглэхгүй бол сайхан байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/
-Гэрч Д.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...Д.Б болон Ц.Д нар хамт амьдраад олон болж байгаа. Хүү, охин хоёртой бөгөөд хоёр хүүхэд нь том болсон… Ц.Д сүүлийн 5-6 жил архи согтууруулах ундаа хэрэглэж байгаа бөгөөд тархи толгой нь өвдөөд, архи уусан үедээ их сонин, сонин зүйл ярьдаг болсон. Гэр бүлийн гишүүдээ цохиж зоддог асуудал байхгүй. Харин архи уусан үедээ янз бүрээр хэлээд байдаг гэж сонсогддог. Эхнэрээ харддаг юм шиг байсан. Би гэртээ хэрүүл хийж, гэр бүлээ элдвээр яах гэж хэлдэг бэ гэхээр “Уучлаарай эгчээ би хэлсэн ярьсан хийж байгаа үйлдлээ архи уухаараа мэдэхгүй юм. Дахиж тэгэхгүй. Миний буруу гэж хэлдэг..." гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,
-Гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...энэ хоёр охин, хүү хоёрын хамт амьдардаг. Гэр бүлийн харилцаа тогтворгүй, Ц.Д нь архи согтууруулах ундааг 7 хоногт 2-3 удаагийн давтамжтай хэрэглэдэг. Архи уусан үедээ эхнэр Д.Б-ыг хардаж, агсам согтуу тавьдаг. Би Д.Б-тай нэг удаа нөхцөл байдлын үнэлгээ хийх гэж уулзаж байсан. Нөхрөө буруутгасан өнгө аястай зүйл ярьж байсан. Хороо хариуцсан хэсгийн байцаагчаас Ц.Д-ийг гурван удаа шүүхээр баривчилгаанд явсан гэдгийг сонссон. Ц.Д нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэр Д.Б-ыг хэл амаар доромжилж, хүүхдүүдийнхээ хажууд янз бүрийн үг хэллэг хэлдэг гэж байсан. Түүнээс гэр бүлийнхээ гишүүдэд гар хүрэх зодож цохих асуудал
байдаггүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/,
Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц, эмгэг судлалын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 411 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1. Ц.Д нь одоо архины хэтрүүлэн хэрэглээтэй байна. Ц.Д-д архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэлсэн, ярьсан зүйл, хийж байгаа үйлдлээ эрүүл болсон үедээ санадаггүй гэх нь архи согтууруулах ундаа их хэмжээгээр уусан тохиолдолд илэрдэг энгийн согтолтын шинж тэмдэгүүдийн нэг шинж юм.
2. Ц.Д нь архины хэтрүүлэн хэрэглээ, сэтгэцийн эмгэгтэй байна.
З. Ц.Д нь хэрэг хариуцах чадвартай.
4. Ц.Д нь болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 105-106 дугаар хуудас/,
- Аюулын зэргийн үнэлгээний маягт, аюулын зэргийн маягтаар эрсдэлийн
түвшин "Дунд" гэж үнэлэгдсэн үнэлгээ /хх-ийн 21 дүгээр хуудас/,
- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээн /хх-ийн 57-63 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, холбогдох баримтууд /хх-ийн 70-75 дугаар хуудас/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар гаргасан хохирогч Д.Б, яллагдагч Ц.Д нарын хүсэлт /хх-ийн 113-114 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээр дурдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын өгсөн тайлбар мэдүүлгээр шүүгдэгч Ц.Д нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “...эхнэр Д.Б-ыг хэл амаар доромжилж агсам тавьж хүсэл зоригийн эсрэг үйлдэл хийсэн...”, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “...эхнэр Д.Б-д агсам тавьж, эхнэр, хүүхдүүдээ хэл амаар доромжилж хүсэл зоригийн эсрэг үйлдэл хийсэн...”, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр эхнэр Д.Байгалд агсам тавьж, унтуулж амраахгүй хүсэл зоригийн эсрэг үйлдэл хийсэн...”, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө эхнэр Д.Байгалыг хэл амаар доромжилж, гэрээ шатаана гэж айлган сүрдүүлсэн гэх үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Д-ийг гэртээ байнга архидан согтуурч, гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс буюу эхнэр Д.Б, 17 настай хүү Д.Б, 15 настай охин Д.Н нарын эсрэг агсам согтуу тавьж, хэл амаар доромжилж, гэр бүлийн амгалан тайван байдал алдагдуулж, хоол унд асгаж, гэрийн эд зүйл эвдэж, шатаах үйлдэл гаргаж, хүүхдийн хажууд янз бүрийн бэлгийн чиг хандлага, зүй бус үг хэллэг хэлэх зэргээр тарчлаасан, шүүхээс гэр бүлийн гишүүн хүмүүсийг хэл амаар доромжилж агсам тавьж, хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл хийсэн үндэслэлээр гурван удаа зөрчлийн шийтгэл оногдуулж байсан нь “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн” гэж Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй байна гэж шүүхээс үзлээ.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ц.Днь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 875 дугаартай шийтгэвэрээр “эхнэр, хүүхдүүдээ хэл амаар дарамталсан” буюу хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар баривчлах шийтгэл оногдуулсан болох нь тогтоогдож байгаа хэдий боловч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг байнга буюу 3 ба түүнээс дээш удаа /зодсон, харгис хэрцгий харьцсан, тарчлаасан/ үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Мөн шүүгдэгч Ц.Д нь эхнэр Д.Б буюу “хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан” гэх дээрх зөрчлүүддээ Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар баривчлах шийтгэл хүлээж байсан болох нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн №458, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №875, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №103 дугаартай шийтгэвэрийн хуулбар, шүүгдэгч Ц.Д-ийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Д-ийн гаргасан зөрчлийн дээрх үйлдэлд нь Зөрчлийн тухай хуульд заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцааны хүний хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх хийхгүй байхыг албадсан” гэх үндэслэлээр шийтгэл хүлээсэн байхад дахин тухайн үйлдэлд Эрүүгийн хуульд заасан зүйл ангиар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”-д нийцэхгүй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуульд заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг”-ийн үндсэн шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга буюу 3 ба түүнээс дээш удаа, зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан байхыг шаардсан байна.
Шүүгдэгч Ц.Д-ийн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг болон хүүхдийн эсрэг байнга үйлдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Д нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 36.6, 36.9, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Д-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц Д-ийг цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ц Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН