Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 766

 

          

 

 

 

 

 

 

2020        04          27                                 2020/ШЦТ/766                                                           

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

 улсын яллагч П.Даваасүрэн,     

 шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн С.Эд холбогдох эрүүгийн 2006 00382 0431 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч,  энэ өдөр хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  С.Э, Монгол улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Да-Хүрээ” зах дээр автомашины сэлбэг зардаг гэх, ам бүл 5, ээж, хамтран амьдрагч, хоёр дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, “Эмнэлгийн” гудамж, 6-29 тоотод оршин суух, урьд хоёр удаагийн ял шийтгэлтэй, Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 933 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, /

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч С.Э нь 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар-Хадны 58-854 тоотод Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгч Г.Эрдэнэбатыг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэн, эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг.Шүүгдэгч С.Эгийн гэм буруугийн талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч С.Э нь 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар-Хадны 58-854 тоотод Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгч Г.Эрдэнэбатыг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэн, эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч С.Э гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Эгийн өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг[1],

2. Хохирогч Г.Эрдэнэбатын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгч, ахмад Э.Батзоригийн хамт тус хэлтэст дээрмийн гэмт хэрэгт шалгагдаж байгаа Б.Сэлэнгэд тогтоол танилцуулж, мэдүүлэг авахаар Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, 58-854 тоотод очиход Б.Сэлэнгэ болон түүний хамтран амьдрагч С.Э нар архи уугаад сууж байсан. Цаад талын өрөөний орон дээр 3 хүн хэвтэж байсан. Б.Сэлэнгэд тогтоол танилцуулаад бид нартай явж мэдүүлэг өгөх шаардлагатай байна гэхэд С.Э босч ирээд “...Би та нарт Сэлэнгийг өгч явуулахгүй. Та нар манай эхнэрийг оролддог гэсэн” гээд орилж чарлаад “би та нарыг хараад авчихсан, дараа нэг газар таарнаа” гэж хэлсэн. Батзориг Сэлэнгэтэй хамт гараад би араас нь гарах гэтэл С.Э намайг араас барьж аваад зууралдаад ноцолдож байгаад баруун гарын ядам хурууг хаалганы раманд хавчуулахаар нь би С.Эг түлхээд найзууд нь ирээд С.Эг салгаад авахад Батзориг бид хоёр Сэлэнгийг авч явсан” гэх мэдүүлэг[2],

3. Гэрч Э.Батзоригийн 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би мөрдөгч цагдаагийн дэслэгч Г.Эрдэнэбатын хамт эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаад байсан Б.Сэлэнгэ гэдэг хүнд тогтоол танилцуулахаар эрэн сурвалжилж, Баянзүрх дүүргийн Шар-Хадны эцэст Батсүх гэдэг хүний гэрт байгааг олж тогтоогоод очсон. Яваад ороход Сэлэнгэ, С.Э нар цонхны дэргэд архи уугаад сууж байсан. Г.Эрдэнэбат бид хоёр Сэлэнгэтэй уулзаж хэлтэс рүү явж мэдүүлэг өгөх шаардлагатай байгаа талаар хэлэхэд С.Э босч ирээд “Та нарт Сэлэнгээг өгч явуулахгүй. Та нар ууланд гарч оролддог гэлүү. Та нарын царайг хараад авсан дараа тааралднаа“ гээд орилж доромжилж, эсэргүүцэл үзүүлэн улмаар Эрдэнэбатын биед халдаж ноцолдсон. Би яваад очиход Эрдэнэбат С.Э миний гарыг хаалганд хавччихлаа гэж хэлэхээр нь хартал баруун гарын долоовор хурууны дээд хэсэгт зулгарсан байсан. Бид нарыг машинд суухад С.Э араас чулуу авч шидэхийг завдсан” гэх мэдүүлэг[3],

4. Гэрч Б.Сэлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр цагдаагийн албан хаагч гэх хоёр хүн манайд орж ирсэн. Гэтэл С.Э “та нар өглөө 6 цаг залгадаг, орой бас залгадаг. Ийм юм байж болох юм уу?” гэж хэлсэн. Тэр үед Батзориг гэх байцаагч намайг авч гарсан. Тэгээд намайг хувцсаа өмс гэхээр нь буцаад хашаа руу ортол Эрдэнэбат гэх байцаагч С.Эгийн гарыг өчөөд дарсан байдалтай байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг[4],

5. Гэрч Д.Баасанбатын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр манай найз С.Э над руу яриад цагдаагийн хэлтэс явах гэсэн юм. Завтай бол Батсүхийнд хүрээд ир” гэхээр нь яваад очтол С.Э, Сэлэнгэ, Батсүх нар архи уучихсан согтуу байсан. Тэгээд хэсэг байж байхад гаднаас хоёр цагдаа орж ирээд Сэлэнгээг мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан, дуудсан цагт ирээгүй тул авч явна” гэж хэлэхэд С.Э “явуулахгүй, би өөрөө цуг яваад очино” гэж хэлэхэд нэг цагдаа Сэлэнгээг аваад гарахаар нь С.Э араас нь гарах гээд нэг цагдаатай зууралдаад байсан. Тэгээд нөгөө хоёр цагдаа Сэлэнгээг аваад явсан” гэх мэдүүлэг[5],

6. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №1144 дугаартай актын Дүгнэлт хэсэгт: “...Г.Эрдэнэбатын биед баруун долоовор хуруунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[6],

7. Шүүгдэгч С.Эгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[7], оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа[8],

8. Шүүгдэгч С.Эгийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тухайн өдөр 16 цаг өнгөрч байхад манай Баасанбат, Сэлэнгэ, Батсүх бид нар архи уугаад сууж байхад гаднаас Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн хоёр цагдаа орж ирээд “Сэлэнгэ бос, хувцсаа өмс явъя” гэж хэлтэл Сэлэнгэ “ахаа би маргааш очъё” гэж хэлэхээр нь би босч ирээд “маргааш би аваад очъё. Та нар авч явахаараа уул руу авч яваад архи уудаг гэсэн биз дээ” гэхэд Батзориг “би ямар тэгсэн юм уу” гэж хэлэхээр нь би “танай Эрдэнэбат чинь тэгдэг биз дээ” гэхэд гаднаас Эрдэнэбат орж ирж таарсан. Тэгээд Эрдэнэбат “юу гээд байгаа юм бэ?” гэж хэлээд намайг барьж авахаар нь би “араас чинь очиж гомдол гаргана” гэж хэлэхэд Эрдэнэбат хаалганы дэргэд намайг дахин барьж аваад бид хоёр ноцолдсон. Тэгээд тэр хоёр Сэлэнгээг аваад явсан” гэх мэдүүлэг[9] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч С.Эгийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Хохирогч зүгээс гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч С.Эд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, зүйлчлэлийн талаар маргаагүй, хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзсан үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг заасныг журамлан шүүгдэгч С.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоон, уг хязгаарлалтыг зөрчсөн прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд мэдэгдсэн.

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг заасныг журамлан шүүгдэгч С.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч С.Эд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

            6. Шүүгдэгч С.Э нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Эд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.АМАРГЭРЭЛ

 

 

                       

 

                                                               

 

 


[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 9-10 дугаар тал

[3] Хаавтаст хэргийн 14-15 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 18-19 дүгээр тал

[5] Хавтаст хэргийн 21-22 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 26-27 дугаар тал

[7] Хавтаст хэргийн 32-33 дугаар тал

[8] Хавтаст хэргийн 58-59 дүгээр тал

[9] Хавтаст хэргийн 52-53 дугаар тал