| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 105/2020/0714/Э |
| Дугаар | 783 |
| Огноо | 2020-04-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 783
2020 04 29 2020/ШЦТ/783
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,
улсын яллагч П.Даваасүрэн,
хохирогч Ц.Алтаншагай,
шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний 2601/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бт холбогдох эрүүгийн 2006 01074 0569 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Г.Б, Монгол улсын иргэн, 1983 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн “Хурх” суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, гагнуурчин мэргэжилтэй, “Эмээлт” зах дээр түүхий эдийн ачигч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар- Хадны 13-262-1 тоотод оршин суух, урьд 2001 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Хэнтий аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн эрүүгийн хэргийн шүүхийн 54 дугаартай таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял,
-2001 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Хэнтий аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн эрүүгийн шүүхийн 185 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар,
-2005 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Хэнтий аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн эрүүгийн шүүхийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил, 5 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, “Шар-Хад”-ны эцсийн буудал дээр орших “Нарлаг” төвийн доод давхарт байрлах билльярдны газарт иргэн Ц.Алтаншагайтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг.Шүүгдэгч Г.Бын гэм буруугийн талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.Б нь 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, “Шар-Хад”-ны эцсийн буудал дээр орших “Нарлаг” төвийн доод давхарт байрлах билльярдны газарт иргэн Ц.Алтаншагайтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь “хөнгөн” хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Г.Б гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Бын өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэхдээ хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж бодож байна. Хохирогчид эмчилгээний зардалд эхлээд 270,000 төгрөг, дахиад 200,000 төгрөгийг бэлнээр, нийт 470,000 төгрөг нөхөн төлсөн...” гэх мэдүүлэг[1],
2.Хохирогч Ц.Алтаншагай 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Шар-Хадны эцэс “Нарлаг” төвийн доод давхрын билльярданд найз нартайгаа тоглож байхад 22 цагийн үед 0,5 литрийн “Хараа” нэртэй архи аваад хувааж ууцгаан тоглож байсан чинь Г.Б тоглоомноос болж уурлаад намайг заамдан аваад боож унагаасан. Тэгэхээр нь би хөлөөрөө нүүр рүү нь жийж гарыг нь тавиулсан чинь толгой руу 2-3 цохин, үснээс зулгааж, хана мөргүүлээд “гүйцээчихье” гээд дайраад байхаар нь би “болио миний дүү” гэж хэлсэн чинь намайг хана руу 3-4 удаа савсан. Тэгээд тэнд байсан хүмүүс салгасан чинь Г.Б миний хамар руу цохичихоод гараад явсан” гэх мэдүүлэг[2],
3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн №2438 дугаартай актын Дүгнэлт хэсэгт: “...1.Ц.Алтаншагайгийн биед хамар ясны хугарал, таславчны хугарал, мурийлт, хамарт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох жумрын 2.4.1-т зааснаар “хөнгөн” зэрэгт хамаарна. 5. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[3],
4. Шүүгдэгч Г.Бын 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би дээрх ялыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө тухайн үед болсон зүйлсийг бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Надад нэмж ярих зүйл байхгүй. Шинжээчийн дүгнэлтэд бичигдсэн Алтаншагайн биед учирсан гэмтлүүдийг би учруулсан...” гэх мэдүүлэг[4],
5. Шүүгдэгч Г.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[5], Иргэний үнэмлэхний лавлагаа[6], Оршин суугаа газрын тодорхойлолт[7] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Бын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогчид 470,000 төгрөг нөхөн төлсөн, хохирогчийн зүгээс гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Г.Бт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Г.Б нь урьд ял шийтгүүлж байсан боловч 2015 оны Эрүүгийн хуулиар ялтай байдал гэсэн хууль зүйн ойлголт байхгүй болсон тул шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, зүйлчлэлийн талаар маргаагүй, хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзсан үзсэн болно.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ганхуягийн Г.Быг 450 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан, торгох ялыг 6 /зургаа/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулан шийдвэрлэсэн.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ганхуягийн Г.Быг 450 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Бын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Бт мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Бт авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 14-15 дугаар тал
[3] Хавтаст хэргийн 20-21 дүгээр тал
[4] Хавтаст хэргийн 29-30 дугаар тал
[5] Хавтаст хэргийн 35 дугаар тал
[6] Хавтаст хэргийн 52 дугаар тал
[7] Хавтаст хэргийн 53 дугаар тал