Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 774

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

  2020        04         28                                  2020/ШЦТ/774

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч М.Ариунцэцэг,   

Нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2006 00000 0808 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Б-ийн Б,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ажил дээрээ буюу “Тавантолгой түлш” ХХК дотор ажиллаж байхдаа хохирогч Г.Буянбаттай маргалдан улмаар толгойн тус газар нь станцаар цохьсон, мөн 16 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол зоог” гэх газарт хохирогч Г.Буянбаттай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа маргалдаж баруун талын чихийг нь хазаж улмаар хохирогч Г.Буянбатын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                 

                                                                 /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2006 00000 0808 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Г.Буянбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“... Би буцаж гараад холигчоо цэвэрлээд байж байхад Б ээлжийн ахлах ирсэн. Чи станцаа амандаа тулгаж яриад байна. Чиний хэлснийг андуурч сонсоод байна гэж хэлсэн. Би урдаас нь 4-2 гэж тодорхой хэлсэн ш дээ гэж хэлсэн. Тэр оператор чинь хаачсан юм бэ пизда гэж хэлсэн. Энэ үед би холигчоо цэвэрлээд байж байхад Б нь станцаараа толгойны дух хэсэгт нэг удаа цохисон. Би толгойноос цус гараад яаж байна аа гээд харахад дахин миний нүүрэн хэсэгт гараараа хэд хэд цохисон. Энэ үед Элч, Сэргэлэн гэх хоёр ажилтан ирж салгасан. Би ажлаасаа буугаад Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гэртээ ирсэн. Би Б рүү залгаад толгой өвдөөд байна, эмчид үзүүлье гэхэд Б гэрээс ирж намайг авсан. Бид хоёр эмийн сангаас өвчин намдаах эм аваад эмнэлэг дээр очиход цайны цаг нь болсон байсан. Бид хоёр хүлээгээд байж байхад Б хоол идье гээд бид хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зочин Монгол” ресторанд орсон. Бид хоёр хоол захиалаад нэг шил архи авсан. Архиа хувааж уугаад байж байсан бөгөөд хоорондоо юм яриад байж байхад Б нь би чамайг ажилгүй болгож чадна гээд байсан. Би танд юм санаагүй толгойгоо үзүүлээд салъя гэж бодож байсан гэж хэлэхэд Б нь надруу дайраад байхаар нь би дарсан. Энэ үед Б нь хүзүүгээр тэвэрч байгаад миний чихнээс хазсан. Би Бийг орхиод шууд гараад явсан бөгөөд эгчийн ажил руу явсан. Эгчийн ажил дээр очоод хамт эмнэлэг орж толгойдоо хоёр, чихэндээ нэг оёдол тавиулсан. …

... Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Санал нийлж байна. Надад учирсан гэмтлийг Б гэгч учруулсан. Би гомдолтой байна, би Бээс 3.100.000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан болохоор нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 9-10, 12/,

 

Гэрч Б.Буянхишигийн мөрдөн байцаалтад өгсөн:

“2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 12 цагийн үед ажил дээрээ байж байсан чинь манай төрсөн дүү Буянбат нь өөрийн 88245015 дугаараас миний өөрийн эзэмшлийн 88686908 дугаар руу залгаад үзүүлчихээр эмнэлэг байна уу гэж асууснаа шалтгаанаа хэлээгүй. Тэгээд 16 цагийн үед манай хадам ээж Саранцэцэг над руу залгаад Буянбат хүнд зодуулчихсан байна гэж хэлэхээр нь юу болсон талаар асуусан чинь өглөө ажил дээрээ Б гэх хүнд зодуулсан. Тэр нь “Тавантолгой түлш” компанийн ээлжийн ахлах гэж байсан. Улмаар өдөр гэртээ ирсэн байж байхад гэрээс дуудаж гаргаад дахин зодсон байна гэж хэлсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэг явсан. Одоо гэмтлийн эмнэлэгт тархины нарийвчилсан томографик хийлгэж байгаа гэж надад хэлсэн. Би өөр ямар нэгэн зүйл мэдэхгүй байгаа бөгөөд би дүү Буянбатыг одоогоор хараагүй байгаа” гэх мэдүүлэг /хх 13/,

 

Гэрч Ц.Сэргэлэнчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

2020 оны 3 дугаар сарын 17-ны үүрээр 05-06 цагийн хооронд шиг санаж байна Буянбат нь холигч төхөөрөмж дээр ажилладаг юм. Буянбатын холигч төхөөрөмж нь хахаад байхаар нь цэвэрлэж өгөхөөр очсон чинь холигч машины дээд талд Буянбатыг доош тонгойлгосон байдалтай Б дээрээс нь гар станцаар цохиж харагдсан. Би гялс очоод холигч машин дээд хэсгээс Бийг доош буулгасан. Эргээд дээш гараад харахад Буянбатын толгойны дээд дух хэсгээс цус урсаж харагдсан. ...

 ... Тухайн үед Буянбат, Б нарыг хоорондоо учраа олцгоо гэж хэлсэн. Би өдөр гэртээ унтаж байхад ажлын Батсүх гэх залуу над руу залгаад нөгөө Б өдөр хоолонд оруулна гээд Буянбаттай нэг газар ороод нэмээд зодчихсон байна гэж хэлэхээр нь би гэмтлийн эмнэлэг рүү очсон чинь Буянбатын нэг талынх нь чихийг нь хазчихсан харагдаж байсан. ...” гэх мэдүүлэг / хх 16-17/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны 3729 дугаартай:

Г.Буянбатын биед баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, дух, баруун чихний дэлбэнд няцарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх 25-26/,

 

Шүүгдэгч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“Би Тавантолгой түлш ХХК-нд ээлжийн ахлахаар ажилладаг бөгөөд 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ажил дээрээ байсан. Энэ үед надтай хамт ажилладаг Буянбат нь өөрийн хариуцан ажилладаг холигчоо хоёр удаа хахааж гацаасан. Би түүнд яагаад ажлын хариуцлага алдсан талаар хэлээд станцаараа зөв мэдээлэл дамжуул гэж хэлсэн. Энэ үед Буянбат нь надад хандаж тэр оператор чинь яасан юм пизда минь гэж хэлсэн. Үүнээс болж маргалдаад би Буянбатын толгой хэсэгт нь станцаар цохиод харилцан зодолдоод нүүрэн хэсэгт гараараа цохисон. Энэ үед хамт ажилладаг Сэргэлэнчимэг, Элч нар ирж салгасан. Энэ үед Буянбатийн толгой нь хагараад нүд нь хөхөрсөн байсан. Манай байгууллагын дээд албан тушаалтнууд мэдээд надад цалингийн 20 хувиар хасах шийтгэл хүлээлгэсэн. Манай инженер намайг Буянбатыг авч яваад эмнэлэгт үзүүл гэж хэлсэн. Харин Буянбат нь намайг орхиод түрүүлээд явсан байсан. Би араас нь холбогдоод Буянбаттай Баянзүрх дүүргийн Сансарын колонкийн орчим уулзсан. Бид хоёр Цома эмнэлэгт тархины зургийг нь авхуулах гэсэн боловч боломжгүй гэж хэлээд өрхийн эмнэлэгт очиж үзүүлэх гэхэд цайны цаг нь болсон байсан. Бид хоёр ажлаас буусан юм чинь гээд хамт хоол идэхээр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол зоог” гэдэг нэртэй пабд орж үйлчлүүлсэн. Бид хоёр хамт хоол идээд нэг шил 0.75 граммын архи авч хувааж уусан. Дахин нэг шил архи авсан бөгөөд би яг юу болсон талаар санахгүй байна. Нэг ухаан ороход би эрүүлжүүлэх байранд байж байсан. ...

... 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 1.100.000 төгрөг, 3 дугаар сарын 18-ны өдөр 2.000.000 төгрөгийг хохирогч Буянбатын эгч гэх хүний данс руу хоёр удаа хийсэн. Миний бие бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан. Тухайн үед надаас 3.100.000 төгрөг нэхсэн болохоор би нэхсэнийнх нь тоогоор өгсөн. ... гэх мэдүүлэг /хх 36-37/,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 4/,

-Цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл /хх 5/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 42/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 40/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 41/ зэрэг нотлох баримтуудийг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Б.Бийн иргэн Г.Буянбатын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Г.Буянбат нь нотлох баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй байх ба хавтаст хэргийн 12 дугаар талд авагдсан мэдүүлэгт нэхэмжлэх зүйлгүй мөн шүүх хурлын тов мэдэгдэхэд нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн талаар хийж байгаа дүгнэлт болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.           

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БААСАНБАТ