| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2020/0734/Э |
| Дугаар | 775 |
| Огноо | 2020-04-28 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | О.Баярсайхан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 775
2020 04 28 2020/ШЦТ/775
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч О.Баярсайхан,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2006 00000 0896 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хялбаршуулсан журмаар, нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б.Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бага Дарь-Эхийн 8-1328 тоот хашаанд Я.Оюунсүрэнгийн цээж, хэвлийн тус газар өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдэснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;
Шүүгдэгч Б.Б нь хохирогч Я.Оюунсүрэнгийн хэвлийн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь хэвлийн битүү гэмтэл, давсагны ар ханын урагдал, хэвлийн хөндийн цус хуралдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч Я.Оюунсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн:
Мөнбаяр эхнэрээсээ салаад 4 хонож байна. Сэтгэл санаа хэцүү байна хамт архи ууя гээд 0,75 литрийн архи, 2,5 литрийн пиво хоёрыг авч архиа Мөнхбаяр ууж би пивоо уусан. Мөнхбаярын ээж Баярмаа орж ирээд та 2 нийлж архи уулаа гээд намайг гэрээс гар гэсэн. Гарах үедээ Баярмаа эгчтэй бага зэрэг маргалдсан. Гарч машины урдуур нь гэр рүүгээ алхаж байх үед Баярмаа эгч нөхөр Бт чи наадахаа явуул гэх шиг болсон. Тэгээд араас Б ах ирээд хашаан дотор намайг цээж рүү 1 удаа өшиглөсөн. Тэгээд би амьсгал авч чадахгүй болоод газарт өвдөглөж суугаад гараа өргөсөн. Тэгэх үед хэвлий хэсэгт 2-3 удаа өшиглөсөн. Би Аймаар өвдөж байсан. Мөлхөөд хашаанаас гарч 10 минут хэвтэж байгаад нэг амьсгал аваад хадамд орж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 11/,
Гэрч П.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтад өгсөн:
2020 оны 03 дугаар сарын 11-ний орой 21 цагийн үед гаднаас хүргэн Я.Оюунсүрэн манай гэрт согтуу орж ирээд Б миний цээж рүү өшиглөөд элэг бяцарчихлаа гэсэн. Тэр үед би итгээгүй. Юу болсон талаар мэдэхээр баруун талын Бын хашаанд ороод явж байх үед Баярмаа хүү Мөнхбаярын гэрээс гарч ирсэн. Түүнээс би юу болсон юм бэ Б Оюунсүрэнг зодсон гээд байна гэхэд Баярмаа тийм зүйл болоогүй. Манай хүү Мөнхбаярын гэрээс гарахгүй болохоор нь би Баятбаярыг дуудаж гаргуулсан гэсэн. Тэгэхэд манай нөхөр Тэрбиш Оюунсүрэнг гэрээс гараад явчихлаа гэж хэлсэн. Араас нь гудамжинд гарах үед 96 дугаар худагын урд хэвтэж байсан. Баярмаа, Золзояа, бид 3 гэрт нь оруулж би 102 болон 103 дуудлага өгсөн. Оюунсүрэн согтуу байсан өөрөө бол Б миний цээж рүү өшиглөөд элгэ бяцалчихлаа гээд ориллоод байсан. Гэр орж ирээд үүдэнд эвхэрээд унаад өгсөн. Хөл дээрээ явж чадахгүй мөлхөөд байсан. Амьсгал нь хурдан хэрнээ гүйцэт гаргаж чадахгүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 17/,
Шүүхийн шинжилгээний үндэсний 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 3712 дугаартай:
Я.Оюунсүрэнгийн биед хэвлийн битүү гэмтэл, давсагны ар ханын урагдал, хэвлийн хөндийн цус хуралдалт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-22/,
-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/,
-шүүгдэгч Б.Бын “миний бие 2020 оны 03 дугаар сарын 11-нд Оюунсүрэнг зодсон гэх хэрэгт 1.950.000 төгрөг өгч хохирол барагдуулсан. Гэм буруутайгаа сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 65/,
-хохирогч Я.Оюунсүрэнгийн “хохиролын мөнгө болох 1.800.000 төгрөг авсан. Хохиролыг барагдуулсан тул ямар нэг гомдол, санал байхгүй. Тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 66/,
Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн:
Би 2020 оны 03 дугаар сарын 11-нд Баянзүрх дүүргийн 21-р хороо Бага дарь Эхийн 8-1330 тоотод гэртээ байж байсан. Тэр үед манай хүү болох Мөнхбаярын гэрт манай баз хүргэн Я.Оюунсүрэн Мөнхбаяртай архи уусан байсан. Манай эхнэр Баярмаа надад хандаад хүү Мөнхбаяртай Оюунсүрэн хамт архи ууж байна энийг гаргаад гэрлүү нь оруул гэсэн. Тэр үед би эхнэр болох Баярмаагийн хамт Мөнхбаяр, Оюунсүрэн хоёр дээр очсон. Оюунсүрэн гэрээс гар гэхэд гарахгүй агсам тавиад байсан. Тэр үед би Оюунсүрэнг чирээд гадагш гаргаад эргээд гэртээ орох гэхэд Оюунсүрэн эхнэр Баярмаатай маргалдаад зууралдаад байхаар нь буцаж очоод эхнэрээсээ салгаад Оюунсүрэнг цааш нь түлхээд хэвлий хэсэгт нь нэг удаа өшиглөөд гэрлүүгээ орсон. Хадам ээж орж ирээд Оюунсүрэнгийн бие нь өвдөөд байна гээд түргэн тусламж дуудаад би Гэмтлийн эмнэлэгт хүргэж өгөөд тэр өдөр эхнэр бид хоёр сахиж хоносон гэх мэдүүлэг /хх-ийн 32/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс Б.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт зэрэг хувийн байдлын талаарх баримтуудыг /хх-ийн 34-61/ шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хуулийн шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийг гэрч, ялллагдагчаар асууж байцаалт авахдаа, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул үнэн зөвд тооцож эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Бт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцсон болно.
Шүүгдэгч Б.Бын хохирогч Я.Оюунсүрэнгийн хэвлийн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь хэвлийн битүү гэмтэл, давсагны ар ханын урагдал, хэвлийн хөндийн цус хуралдалт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж болон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарагдаж байх ба мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын газраас шүүгдэгч Б.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна.
Хохирогч Я.Оюунсүрэн нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг эмчлүүлсэн, энэ гэмт хэргийн улмаас Б.Баас 1.800.000 төгрөг хохиролд авсан, нэхэмжилэх зүйл, гомдол, санал байхгүй болохоо илэрхийлсэн нь хавтаст хэргийн 66 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгч Б.Быг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон эсэх” гэх хуулийн шаардлагыг хангасан байх тул шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан, хохирогчийн нэхэмжилсэн хохиролыг бүрэн төлж барагдуулсан байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүнд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан торгох ялыг оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршидог.
Уг зорилгоо хэрэгжүүлэх үүднээс эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ, ял оногдуулах нөхцөл зэргийг хуульчлан зохицуулсан.
Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохиролыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зориолготой.
Шүүх торгох ялыг оногдуулахдаа тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож шийдвэрлэснээрээ Эрүүгийн хуулийн зорилго, эрүүгийн хариуцлагын зорилгогыг хэрэгжүүлдэг болно.
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг нэг жил зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэргийн учир шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ