Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 866

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

     2020        05         08                                  2020/ШЦТ/866

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч П.Мөнхтуяа,   

Нарийн бичгийн дарга Г.Хулан,

Хохирогч Э.Ананд,

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Гт холбогдох эрүүгийн 2006 01518 0888 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.Г

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 03 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянмонгол хорооллын төв хаалганы орчим иргэн Э.Анандтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/        

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2006 01518 0888 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 

Шүүгдэгч Б.Г нь иргэн Э.Анандын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан,

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Анандын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“2020 оны 03 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө найз Эрмүүн болон түүний найз охин Хасцэцэг нарын хамт 2 литрийн Сэнгүр пиво 1 ширхэгийг уусан. Тамхи дууссан учир тамхи авахаар Баянмонгол хорооллын нүхэн гарцнаас такси бариад Халдварын автобусны буудлын түргэн үйлчилгээний цэг ороход хаалттай байсан учир буцаад Баянмонгол хорооллын төв хаалганы машин ордог хаалтны урд зогссон. Эрмүүн таксины мөнгөө төлж байх үед би машины цонхоор шүлсээ хаятал хаалган дээр туссан. Тэр үед жолооч уурлаж “наад шүлсээ арч, бацаануудаа” гэж хэлээд хэл амаар доромжилсон. Би машинаас буугаад өмсөж явсан куртикээрээ шүлсээ арчаад “уучлаарай ах аа, миний буруу” гэж хэлсэн. Би цаашаа алхах үедээ халтирч унасан. Унах үедээ машиных нь хойд гүперийг хөлөөрөө өшиглөсөн. Энэ үед таксины жолооч уурлан бууж ирээд миний нүүрэн тус газарт нэг удаа цохиход би газар унасан. Намайг босоод ирэхэд жолооч “үзэх үү” гэж хэлээд дахин нэг удаа цохисон. Таксины жолооч зугтсан. Би араас нь Олимп хотхон хүртэл хөөсөн. Жолооч буцаж ирээд газарт байсан банзыг авч намайг 2-3 удаа цохиход би ухаан алдсан ба миний гар утас алга болсон.  Эрмүүнийг 2 удаа цохисон байсан. Миний гар утас алга болсон байсан тул Хасцэцэгийн утсаар залгаж үзэхэд холбогдох боломжгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/,

 

Гэрч С.Эрмүүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Анандыг хаясан шүлсээ арчих гэхээр нь би урдуур нь ороод арчсан. Тэгээд Хасцэцэг бид хоёр түрүүлээд явж байх үед ард Ананд жолооч ахтай хэрүүл хийгээд байсан. Намайг яваад очиход жолооч ах баруун гараараа Анандын зүүн талын нүд орчим нэг удаа цохиход Ананд газарт унасан. Би “та яаж байгаа юм бэ” гэж хэлэхэд миний нүүрний зүүн талын чамархай хэсэгт нэг удаа цохисон. Ананд бид хоёр тухайн жолооч ахыг хорооллын хаалга хүртэл хөөсөн боловч гүйцээгүй. Буцаж алхаж байх үед араас дуудахаар нь очиход Анандын нүүрний зүүн тал руу модоор цохиход Ананд газарт унасан. Би жолооч ах руу дайрахад миний зүүн талын хавирга руу модоор цохих үед би гараараа хаасан. Жолооч ах модоо бариад машин руугаа явсан. Хасцэцэг бид хоёр Анандыг газраас босгоход Ананд “миний гар утас алга болчихлоо” гэж хэлэхээр нь унасан газарт нь хайхад олдоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,

 

Гэрч Э.Хасцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Жолооч ах Анандыг шүлсээ арч гэхэд Эрмүүн урдуур нь ороод шүлсийг арчсан. Эрмүүн бид хоёрыг түрүүлээд алхаж байх үед ард Ананд, жолооч ах хоёр хэрүүл хийгээд эхэлсэн. Эрмүүнийг яваад очиход жолооч ах баруун гараараа Анандыг зүүн талын нүд рүү нэг удаа цохиход Ананд газарт унасан. Эрмүүн “та яаж байгаа юм бэ” гэж хэлэхэд Эрмүүний нүүрний зүүн талын чамархай хэсэгт нэг удаа цохисон. Ананд, Эрмүүн хоёр тухайн жолооч ахыг хорооллын хаалга хүртэл хөөсөн боловч гүйцээгүй. Буцаж алхаж байх үед араас дуудахаар нь очиход Анандын нүүрний зүүн тал руу модоор цохиход Ананд газарт унасан. Эрмүүнийг жолооч ах руу дайрахад Эрмүүний зүүн талын хавирга руу модоор цохих үед гараараа хаасан. Жолооч ах модоо бариад машин руугаа явсан. Эрмүүн бид хоёр Анандыг газраас босгоход Ананд “миний гар утас алга болчихлоо” гэж хэлэхээр нь унасан газарт нь хайхад олдоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29/,

 

Гэрч Э.Ламзавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Манай байранд амьдардаг хоёр залуу, нэг охин нар Соната 6 маркийн авто машинаар хүргүүлж ирсэн. Ананд гэх залуу нь машины хойд хаалганаас бууж ирээд машин руу шүлсээ хаясан. Жолооч залуу машинаасаа бууж ирээд “наад машины хаалгыг олон хүн барина, чи ингэж болохгүй” гэж хэлсэн ба Ананд гэх залуу машины хаалгыг бага зэрэг гутлаараа зурсан байсныг хараад жолооч залуу ингэж болохгүй талаар тайлбарлаж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29/,

 

Гэрч Р.Өлзийбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Баянмонгол хорооллын оршин суугч 2 залуу хар өнгийн Соната 6 маркийн машины жолооч залуу нар маргалдсан зогсож байхаар нь Ананд гэх залуугаас юу болсон талаар асуухад таксины жолоочтой маргалдсан, миний гар утас алга болсон, машин руу хаясан шүлсийг жолооч цэвэрлүүлсэн гэх мэтчилэн ярихаар нь жолоочийн бие, тээврийн хэрэгсэлийг үзэхэд гар утас гарч ирээгүй. ...Ананд надад “жолооч залуу сандалын мод авч намайг 3 удаа цохисон” гэж хэлсэн ба жолооч залуу “намайг зодох гээд хөөгөөд байхаар нь биеэ хамгаалах гэж цохисон” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 3628 дугаартай:

“Э.Анандын биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын төвгөрт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадврын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-38/,

 

Шүүгдэгч Б.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би Баянголмол хороолол ороод тухайн 3 хүнийг буулгахдаа шүлсээ хаясан хүүхдийг арч гэхэд цэвэрлэж өгсөн. Би баярлалаа сайхан амараарай дүү нар гэхэд машин руу шүлсээ хаясан залуу “би цэвэрлэчихлээ одоо яах юм чи” гэж өндөр дуугаар дуугараад байсан. Намайг машин руугаа эргээд суух үед урт үстэй залуу машины баруун хойд тал руу өшиглөх чимээ гарсан. Би “яах гээд байгаа юм бэ” гэж хэлэхэд намайг цохих гэж далайгаад дайрахаар нь угтуулаад зүүн талын шанаа луу нэг удаа цохисон. Хажуу талаас хамт явж байсан залуу нь мөн цохих гэж дайрахаар нь зугтаахад араас хоёулаа хөөсөн. Тухайн үед залуучууд миний машины хажууд зогсоод байхаар нь замын хажууд байсан модон сандалын сул модыг аваад тэдгээр залуучуудыг айлгаж машинаасаа холдуулах гээд очиход над руу дайраад байсан. Би модоор өндөр, урт үстэй залуугийн нуруу луу нэг удаа цохисон. Тэгээд машин дээрээ ирэхэд харуулын байрнаас дарга нь ирээд нөгөө хоёр залууг тайвшруулсан...

...Нэг залуу нь гар утас алга болгосон гэхээр нь би харуулын дарга гэх залуугаар өөрийн машин болон биедээ нэгжлэг хийлгэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23, 53-54/ 

 

-Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-11/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 61/, нийгмийн даалтгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 62/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 63/, эд хөрөнгөтэй эсэхийг дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 64/ зэрэг нотлох баримтыг судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Б.Гийн иргэн Э.Анандын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Э.Ананд нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 120.000 төгрөгийг нотлох баримт гаргаж нэхэмжилсэн байна. Мөн гар утас алга болсон учир нэхэмжилнэ гэжээ. Хохирогчийн дээрх нэхэмжлэлээс гар утас түүний үнийг нэхэмжилсэн хэсгийг хэлэлцэхгүй орхиж, шинжилгээ хийлгэхэд зарцуулсан 120.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгч Б.Гээс гаргуулан олгож шийдвэрлэв.

 

Хохирогч Э.Ананд нь тухайн үед гар утастай байсан эсэхийг нотолсон баримт байхгүй байх бөгөөд шүүгдэгчийн бие, тээврийн хэрэгсэлийг үзэхэд гар утас байгаагүй талаар гэрчүүд мэдүүлсэн байна. Мөн хохирогч, гэрч, шүүгдэгч нарын маргалдаж байгаа, явсан маршрут, гэмт хэргийн өрнөж байгаа нөхцлөөс дүгнэхэд хохирогчид байсан гар утсыг шүүгдэгч авах боломжтой байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

 

Иймд гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирол нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэйгээр үлдээж шийдвэрлэв.

 

Уг гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч Э.Анандын 21 насанд хүрээгүй атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж мансуурсан үедээ тээврийн хэрэгслийн цонхоор гудамж талбайд шүлсээ хаясан, хаях үйлдэл гаргасан, биеэ зүй зохисгүй байдлаар авч явсан нь нөлөөлжээ.

 

Хэрвээ Э.Ананд нь цар тахалын хорио цээрийн дэглэм бүхий нөхцөлд бие зохистой байдлаар авч явсан бол хохирогч шүүгдэгч нарын хооронд ойлголцолын зөрүүтэй байдал үүсэхээргүй байжээ. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар сиди нэг ширхэг хураагдаж хэргийн хамт ирснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хадгалуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Г нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгч Б.Гт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч Б.Гийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа байдал болон хуульд заасан дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцлийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И овогт Б-ийн Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг дөрвөн зуун дөчин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун дөчин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 1 ширхэгийг хэрэгт хавсаргуулан хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

 

6. Хэргийн учир шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гээс 120.000 /зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Э.Ананд /УК99121277/-д  олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Ананд нь уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эртэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БААСАНБАТ