| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 105/2020/0839/Э |
| Дугаар | 846 |
| Огноо | 2020-05-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 846
2020 05 07 2020/ШЦТ/846
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,
улсын яллагч Ц.Гантулгабат,
шүүгдэгч Б.И нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Ит холбогдох эрүүгийн 2006 01926 1041 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б.И, Монгол улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн “Хужирт” суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Цайз” зах дээр хөрөөчин ажилтай, ам бүл 5, гурван хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Жаргалант 16 дугаар гудамж, 189 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Б.И нь 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Мөнх-Өлзийтэй “архи уух, уухгүй” асуудлаар маргалдан, улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.И нь 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Мөнх-Өлзийтэй “архи уух, уухгүй” асуудлаар маргалдан, улмаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.И гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт Б.И мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмэж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг[1],
2. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дугаар сарын 16-ны өдрийн №4630 дугаартай актын Дүгнэлт хэсэгт: “...М.Мөнх-Өлзийгийн биед духанд шарх, зүүн чамархай, хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шарх гэмтэл нь дангаараа хөнгөн зэрэгт, зулгаралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. 5. Өөрийн гар хүрч болох бүх хэсгүүдэд өөртөө гэмтэл учруулах боломжтой байдаг” гэх дүгнэлт[2],
3. Гэрч Б.Дашнямын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “Цайз” модны зах дээр ажиллаж байсан ба орой 18 цагт ажил тарсан. Манаачид ажлаа хүлээлгэж өгөх гээд хамт ажилладаг Цэдэвсүрэн, Б.И нартай хамт зогсож байхад өмнө нь хамт ажиллаж байсан Өлзий гэх залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирээд бид нарт хандан “Архи ууя. Нэг юм аваад өгчих” гэж хэлсэн. Гэтэл Б.И ах “Архи дарс уухгүй. Мөнгө байхгүй” гэж хэлсэн чинь Өлзий “тэгвэл би аваад өгье” гэж хэлсэн. Гэтэл Б.И ах “чи авч өгсөн ч би уухгүй” гэж хэлтэл Өлзий “чи хэзээ уухаа больчихсон юм бэ?” гэж хэлээд тэр хоёр маргалдсан. Өлзий Ичнноров ахын цээж рүү гараараа нударсан. Б.И ах зөрүүлээд өөрөөсөө холдуулаад түлхсэн. Гэтэл Өлзий хувцсаа яраад “хоёулаа зодолдоё” гэж хэлээд Б.И ах руу гүйгээд очсон. Энэ үед Б.И ах нэг удаа гараараа Өлзийг цохиод авах шиг болсон. Яг хаана нь цохисоныг хараагүй. Тэгээд Б.И ах нэг удаа түлхсэн чинь Өлзий согтуу байсан тул хажууд хураасан байсан палк руу унасан. Унахдаа толгойгоороо мөргөсөн тул толгойноос нь цус гарч байсан” гэх мэдүүлэг[3],
4. Хохирогч М.Мөнх-Өлзийгийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тус өдөр Баасантай хамт “Хурд” хороололд архи уусан. Тэгээд гэр рүүгээ харих замдаа хуучин ажиллаж байсан газар болох “Цайз” модны зах дээр очиход зүс таних Норовоо, Цэдэвээ нар байсан. Би явж очоод архи уух санал тавьсан боловч тэд нар уухгүй гэж хэлсэн. Тэгээд Норовоо “чи яагаад дандаа надад томорч байдаг юм бэ?” гэж хэлсэн. Би “..би чамд томроогүй шүү дээ” гэж хэлсэн чинь Норовоо уурлаад ямар ч шалтгаангүйгээр намайг гараараа нүүрэн тус газар нэг удаа цохисон. Би доошоо суутал хажууд байсан банз руу миний толгойгоор мөргүүлсэн” гэх мэдүүлэг[4],
5. Шүүгдэгч Б.Иын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би тус өдөр “Цайз” зах дээр ажил тараад ажлаа хүлээлгэж өгөх гээд зогсож байсан. Гэтэл Мөнх-Өлзий согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирээд архи уух санал тавьсан. Би “Архи уухгүй, Ойрд уухгүй байгаа” гэж хэлсэн. Гэтэл Мөнх-Өлзий “чи хэзээ ийм болчихсон юм бэ?, Чи яахаараа уудаггүй юм” гэж хэлээд миний цээж рүү нэг удаа гараараа түлхсэн. Би цээж рүү нь нэг удаа буцаагаад түлхсэн. Гэтэл Мөнх-Өлзий “хоёулаа үзье” гэж хэлээд дайрсан. Тэгэхээр нь би нэг удаа нүүр рүү гараараа цохиод үргэлжлүүлээд түлхсэн. Гэтэл Мөнх-Өлзий архи уучихсан тэнцвэр муутай байсан бөгөөд хураалттай байсан банзыг толгойгоороо мөргөчихсөн. Ингээд толгойноос нь цус гарсан тул би машинаас эмийн сангаа авч ирээд анхны тусламж үзүүлсэн” гэх мэдүүлэг[5],
6. Хохирогч М.Мөнх-Өлзий, шүүгдэгч Б.И нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтүүд[6],
7. Шүүгдэгч Б.Иын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[7], иргэний үнэмлэхний лавлагаа[8] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Иын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзсэн.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогчийн зүгээс гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлснийг дурьдах нь зүйтэй байна.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Б.Ит эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Б.И нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, зүйлчлэлийн талаар маргаагүй, хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзсан үзсэн болно.
Иймд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ит 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 хоногийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Ит анхааруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ит 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Иын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Ит анхааруулсугай.
5. Шүүгдэгч Б.И нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Ялтан Б.Ит авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтст хэргийн 15-16 дугаар тал
[3] Хавтаст хэргийн 11-12 дугаар тал
[4] Хавтаст хэргийн 8-9 дүгээр тал
[5] Хавтаст хэргийн 31-32 дугаар тал
[6] Хавтаст хэргийн 39, 40 дүгээр тал
[7] Хавтаст хэргийн 19 дүгээр тал
[8] Хавтаст хэргийн 20 дугаар тал