Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 847

 

 

 

 

 

 

 

  2020        05         07                                2020/ШЦТ/847

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

           улсын яллагч Н.Батзаяа,

           шүүгдэгч Э.Мнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн  холбогдох эрүүгийн 2006 01842 0974 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.                 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Б, Монгол улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Даймонд” авто угаалгын газарт угаагч ажилтай, ам бүл 5, ээж, эгч, 2 зээ дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн хуучин эцэс, Барилгын материалын 247 тоот хаягт оршин суух, урьд ял шийтг/,

           Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Э.Мнь 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр согтуурсан үедээ Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх дүүргийн автобусны буудал орчим 23 цагийн үед Д.Ууганбаяртай маргалдсаны улмаас нүүрэн тус газар нь чулуугаар цохиж, түүний биед тархи доргилт, зүүн зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

                    Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

            Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.Мнь 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр согтуурсан үедээ Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх дүүргийн автобусны буудал орчим 23 цагийн үед Д.Ууганбаяртай маргалдсаны улмаас нүүрэн тус газар нь чулуугаар цохиж, түүний биед тархи доргилт, зүүн зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Э.Мгэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

             1. Шүүхийн хэлэлцүүлэгт Э.Ммэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг[1],

             2. 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[2],

             3. 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл[3],

             4. Гэрч О.Тилегений 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 03-ны орой ажил тараад Ууганбаяр бид хоёр пабд сууж пиво ууж байгаад орой 23 цагийн үед таксигаар дүүргийн буудал дээр буугаад тамхи татаад зогсож байсан чинь эмэгтэй, эрэгтэй үл таних хоёр хүн ирээд Ууганбаяраас гал асуухад өгсөн. Гэтэл асаагуурыг нь санамсаргүй унагаачихаар нь би “500 төгрөг ш дээ” гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр цаашаа яваад нэг хүнтэй маргалдаад байхаар нь Ууганбаяр очоод “гудамжны хүнд ганц тамхи өгч чадахгүй байна уу” гээд маргаж байгаад татаж байсан тамхийг нь аваад хаясан чинь тэр залуу Ууганбаяртай барьцалдахаар нь би салгасан. Гэтэл тэр залуу газраас чулуу аваад дайрахаар нь “яв” гээд өгзөг рүү нь нэг удаа өшиглөсөн чинь чулуугаа хаясан. Тэгээд ТҮЦ-ний араас дахин чулуу аваад надтай маргалдаж байснаа Ууганбаярын хөмсөг рүү цохичихоод зугтахаар нь араас  нь Ууаганбаяр хөөж байгаад өнхөрч унасан учир барьж чадаагүй. Харин найз охиныг нь барьж авсан. Тэгээд Ууганбаярын хөмсөгнөөс цус гарсан байсан” гэх мэдүүлэг[4],

             5. Гэрч Б.Сондорын 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай найз залуу Э.Мбид хоёр Жуков худалдааны төвийн баруун талд байдаг автомашин угаалгын газарт ажилладаг юм. 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ажлын хүмүүстэй салхинд гарчихаад орой 23 цагийн үед гэртээ харихаар замын хойд талын дүүргийн автобусны буудал орчим явж байгаад Э.Мүл таних 2 эрэгтэй хүнээс гал асуугаад тамхи асаахдаа уг асаагуурыг нь унагаачихсан чинь хамт явсан хүн нь 500 төгрөгний үнэтэй асаагуур гэж хэлснээс болж тэр хоёр хүнтэй маргалдахаар нь би салгаад аваад явж байсан чинь хажуунаас гудамжны хүн гарч ирээд бид хоёроос юм асуусан. Гэтэл нөгөө хоёр хүн араас ирээд “наад хүндээ тамхи өгч чадахгүй байж ганц тамхи өгчих” гэж хэлээд Э.М татаж байсан тамхийг авснаас болж маргаан үүссэн. Тэгээд асаагуур өгсөн хүн нь Э.М нуруу руу өшиглөхөд эргээд харсан чинь хохирогчтой барьцалдаж ноцолдож байгаад Э.Мгазраас чулуу авч хохирогчийн хөмсөг рүү цохиж язалсан. Тэгээд эсрэг талд байсан цагдаагийн газар руу бүгд орсон” гэх мэдүүлэг[5],

             6. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.Ууганбаярын биед учирсан тархи доргилт, зүүн зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна. Хоёр сарвуу, баруун өвдөгт зулгаралт гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Мөн унахад үүсэх боломжтой” гэх мэдүүлэг[6] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Э.Э.М гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзсэн. 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

             Хохирогчийн зүгээс хохирол төлбөрт 160,000 төгрөг хүлээн авсан, цаашид гомдол, саналгүй болохоо илэрхийлснийг дурьдах нь зүйтэй байна.

                                        Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.

            Шүүх шүүгдэгч Э.М эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Э.Мнь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, зүйлчлэлийн талаар маргаагүй, хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзсан үзсэн болно.

Иймд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мөнхбаатарт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э.Мөнхбаатарт анхааруулах нь зүйтэй байна.

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

            Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э.М 240 цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э.Мөнхбаатарт анхааруулсугай.

           4. Шүүгдэгч Э.Мнь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

           5. Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хавтаст хэрэгт хадгалсугай.

           6. Шүүгдэгч Э.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

           7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

           9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АМАРГЭРЭЛ                                              

 


[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 3 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 8-12 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 31-32 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 33-34 дүгээр тал

[6] Хавтаст хэргийн 26-27 дугаар тал