Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 860

 

 

 

 

 

 

 

 

 

 

З Г Ю д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Очмандах, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          Прокурор С.Мөнхгэрэл,

          Яллагдагч З Г Ю  /З Г Ю /-ийн өмгөөлөгч Б.Зулбаяр,

          Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

         

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 828 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Мөнхгэрэлийн бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 30 дугаартай эсэргүүцлээр З Г Ю д холбогдох эрүүгийн 1709 0107 40037 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

З Г Ю  /З Г Ю /, 1988 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотын Чанпин дүүрэг, Чиншу хотхоны 11-2 дугаар байрны 402 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 62-22 тоотод түр оршин суух, гадаад пасспортын дугаар: /Е15544876/,

 

З Г Ю  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 8 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зу /Zu/ бааранд Э.Х гийн толгой руу архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: З Г Ю гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хялбаршуулан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн нөхцөл байдал хангагдсан байх нь уг хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөх нэг үндэслэл болно.

Шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн зүгээс гэмт хэргийн хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт нийт 22.840.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн байна.

Гэтэл дээрх хохирол, хор уршгийн нөхөн төлбөрийг шүүгдэгчийн зүгээс нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн гэх нөхцөл байдал хангагдаагүй, энэ асуудлаар хохирогч, шүүгдэгч нар харилцан эсрэг байр суурийг илэрхийлж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хангагдаагүй гэж үзэх үндэслэл болж байх тул шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

Прокурор хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн материалтай танилцаад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан эсэх” нөхцөл байдлыг бүрэн хяналгүйгээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх үндэслэлтэй гэж үзэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлсэн байна.

Нэгэнт хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх үндэслэлтэй гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн хэргийн ажиллагааг явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар бүлэгт заасан журмыг баримтлахгүй нь хууль зүйн үр дагавар, агуулгын хувьд “хэргийг прокурорт буцаасан шийдвэрт” прокурор эсэргүүцэл бичихгүйгээр хуульд зохицуулсан гэж шүүх үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар прокурорын дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн З Г Ю д холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорт буцаах зүйтэй гэж шийдвэрлэжээ.

 

Прокурор С.Мөнхгэрэл бичсэн эсэргүүцэлдээ болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шүүхийн буцаасан захирамжид тодорхойлсон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл нь 17.5 дугаар зүйлд заасан зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд хамаарахгүй. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл нь яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан хэрэгт хамаарах ба 17.1-17.4 дүгээр зүйлүүдэд заасан ажиллагаа нь тухайлбал хүсэлт гаргаснаас хойш 14 хоног мөрдөн байцаалт явуулах, прокурор даруй буюу боломжит богино хугацаанд шүүхэд шилжүүлэх, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж зөвшөөрвөл яллах дүгнэлт үйлдэх, шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд шууд тооцох, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хэргийг прокурорт буцаахаар заасан байдаг бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.5 дугаар зүйлд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн даруй, эсхүл мөрдөн байцаалтыг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсанаас хойш 14 хоногийн дотор явуулах, прокурор 24 хоногийн дотор яллах дүгнэлт үйлдэх, прокурор яллах дүгнэлтэд яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар саналаа бичиж, яллагдагч зөвшөөрсөн эсэхээс хамаарахгүй шүүхэд шилжүүлэх, шүүх 72 цагийн дотор шийдэх, шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзах, шүүхийн тогтоол цагаатгах, шийтгэх 2 хэлбэртэй байхаар тус тус заасан.

Өөрөөр хэлбэл, хуулийн энэхүү хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тусгай журмыг 2 янзаар томъёолсны нэг нь гэм буруугаа хүлээсэн тохиолдолд ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ял оногдуулах боломжийг яллагдагчид олгосон, нөгөө зохицуулалт нь зарим төрлийн буюу хөнгөн гэмт хэргийг богино хугацаанд түргэн шуурхай шийдвэрлэх агуулгыг илэрхийлж байна гэж үзэж байна.

З Г Ю д холбогдох хэргийн зүйлчлэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах гэмт хэрэг тул шүүгчийн захирамжид заасан нөхцөлийг хангах шаардлагагүй болно.

Мөн Шүүгдэгч З Г Ю  нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн бөгөөд мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт хор уршгийн талаар цаашид гарсан бодит зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуульд заасны дагуу хохирлоо нэхэмжлэх эрхтэй.

Шүүгч захирамждаа эсэргүүцэл бичих эрхийг буруу тодорхойлсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн 3 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулахад энэ хуулийн 33 дугаар бүлэгт заасан журмыг баримтлахгүй.” гэж заасан нь хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн тохиолдолд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх зэрэг мөн хуулийн 33.1-33.4 дүгээр зүйлүүдэд заасан ажиллагаа, хугацааг баримтлахгүй, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа “энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална.” гэсэн нь тусгай журамд заасан дээр дурдсан 33 дугаар бүлгийг баримтлахгүй асуудал нь мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хамаарч, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрт улсын яллагч эсэргүүцэл бичих эрхийг хязгаарлажээ.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн ...” гэв.

 

Яллагдагч З Г Ю -ийн өмгөөлөгч Б.Зулбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...З Г Ю  гэм буруугаа хүлээсэн. Хохирогчийн зүгээс гаргаж өгсөн 22.840.000 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, яллагдагчаас эдгээр баримтыг хууль ёсны баримтаар гаргаж өгөх юм бол төлөх боломжтой гэж мэдүүлсэн. Шүүхээр хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байсан гэж үзсэн, эсэргүүцлийг дэмжиж байна ...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт “Яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргах”, “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх” гэсэн хоёр өөр журмыг хуульчлан зохицуулжээ.

Тухайбал, яллагдагч хүсэлт гаргаснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд найман жил хүртэл хорих ялтай гэмт хэргүүд хамаарах ба яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн баримт, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн тухай баримтуудыг хавсарган ирүүлэхээр /хуулийн 17.1 дүгээр зүйл/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх, мөн шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуульд заасан ердийн хэрэг хянан шийдвэрлэх журмыг баримтлахаас гадна тухайн бүлэгт заасан тусгай журмыг баримтлахаар тус тус заасан байна. /хуулийн 17.4 дүгээр зүйл/

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан тодорхой төрлийн хөнгөн гэмт хэргүүдийн хувьд сэжигтнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол танилцуулсан даруй, эсхүл нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай бол мөрдөгч мөрдөн байцаалтыг 14 хоногийн дотор явуулж хэргийг прокурорт шилжүүлэхээр хуульчилжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох зорилгоор гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авснаас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүртэл явуулж байгаа энэ хуульд заасан ажиллагааг хэрэг бүртгэлт гэнэ” гэж зааснаас үзэхэд хуульд тусгайлан заасан зарим төрлийн хөнгөн гэмт хэргүүдийн хувьд хэрэг бүртгэлтийн ажиллагаа дуусмагц тухайн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлэх ба шаардлагатай гэж үзвэл 14 хоногийн дотор мөрдөн байцаалт явуулах журмыг хуулиар тогтоосон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсгүүдэд прокурор хэргийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор хянаж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлэх, шүүх хүлээн авснаас хойш 72 цагийн дотор эцэслэн шийдвэрлэхээр заасан ба шүүхээс гэм буруутайг тогтоосон бол Эрүүгийн хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялыг оногдуулах боломжтой.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан зарим төрлийн хөнгөн гэмт хэргүүдийг шуурхай шийдвэрлэх үүднээс ердийнхөөс богино хугацааг тогтоосноос гадна яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эсхүл хохирлоо нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрэн хэлэлцсэн байхыг хуулиар шаардаагүй нь яллагдагчийн хүсэлтэд үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээс онцлог ялгаатай байна.

З Г Ю -гийн холбогдсон “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан гэмт хэрэгт хамаарч байх тул энэ зүйлд заасны дагуу хялбаршуулсан журмаар буюу богино хугацаанд хянан шийдвэрлэх нь зүйтэй.

Гэтэл анхан шатны шүүх “... хохирогчийн зүгээс гэмт хэргийн хохирол, хор уршгийн төлбөр нийт 22840000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн байна. Шүүгдэгчийн зүгээс нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн гэх нөхцөл байдал хангагдаагүй, энэ асуудлаар хохирогч, шүүгдэгч нар харилцан эсрэг байр суурийг илэрхийлж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хангагдаагүй ...” гэсэн шаардлагуудыг нэрлэн зааж хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, З Г Ю д холбогдох хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... шүүхийн шийдвэрт ... улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.” гэж гомдол гаргах эрхийг хязгаарлаагүй хуульчилсан байхад шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн болохыг цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 858 дугаар захирамжийг хүчингүй болгож, З Г Ю д холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай. 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл яллагдагч З Г Ю д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.МЯГМАРЖАВ

                                 ШҮҮГЧИД                                                          Д.ОЧМАНДАХ

                                                                                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ