Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 06

 

ХАРИУЦАГЧИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ  БАТАЛЖ,

 ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сонинболор би Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багийн иргэн Б.Э-ийн Ховд аймгийн Дуут сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан “Ховд аймгийн Дуут сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 4/02 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид нь “Хурлын хуралдааны товыг зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төслийг боловсруулах, хэлэлцэх” асуудлыг шийдвэрлэдэг.

Дуут сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 35 дугаар тогтоолоор сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 4 дүгээр хуралдааныг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хуралдуулж, 6 асуудал хэлэлцэхээр товлосон байсан. Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр явагдсан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 4 дүгээр хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтанд багтаагүй, нэхэмжлэгч Б.Э намайг сумын хурлын төлөөлөгчөөс төлөөлөх асуудлыг хэлэлцсэн нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн. Мөн хуулийн 24.1-д “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 24.3.Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасныг зөрчсөн.

Иймд Ховд аймгийн Дуут сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 4/02 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ховд аймгийн Дуут сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4, 160 дугаар зүйлийн 160.4 дэх хэсэгт зааснаар үзэхэд бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн төлөөлөгчдийг нэр дэвшигчийн хувьд нэрийн жагсаалтаас хасах эсэх асуудлыг тухайн шатны сонгуулийн хороо шийдвэрлэдэг.

Дуут сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Э-ын бүрэн эрхийн дуусгавар болгох  эсэх асуудлыг Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал шийдвэрлэх эрх хэмжээгүй.

Дуут сумын Сонгуулийн хороо нь Б.Э-г нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгосон, төлөөлөгчийн түр үнэмлэх олгосон, Дуут сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн тогтоолууд хуулийн хүчин төгөлдөр байна.

 

Эдгээр тогтоолуудыг хүчингүй болгосон ямар нэг шийдвэрийг шүүхээс гаргаагүй, Б.Э нь нэр дэвшигчийнх нь хувьд нэрийн жагсаалтаас хасагдаагүй тул төлөөлөгчийн бүрэн эрхийг дуусгавар болохгүй.

Иймд танай шүүхээс гардуулсан нэхэмжлэгч Б.Э-ийн Ховд аймгийн Дуут сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 4 дүгээр хуралдааны төлөөлөгчөөс чөлөөлөх тухай 4/02 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Э нь Ховд аймгийн Дуут сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан Ховд аймгийн Дуут сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 4/02 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, Ховд аймгийн Дуут сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 4/02 дугаар тогтоолыг хүчингүй болгохоо бичгээр илэрхийлэн маргаанаа дуусгавар  болгож байгаа нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар Б.Э-ийн Ховд аймгийн Дуут сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан “Ховд аймгийн Дуут сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 4/02 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Дуут Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

            4.Энэ захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Г.СОНИНБОЛОР