Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2020/0769/З |
Дугаар | 221/МА2021/0449 |
Огноо | 2021-08-24 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2021/0449
“Б-Ү и” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч А.Сарангэрэл, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 392 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Б-Ү и” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 392 дугаар шийдвэрээр: “Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д тус тус заасныг баримтлан “Б-Ү и” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох “нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/693 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1159 дүгээр захирамжийн дагуу газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд гаргасан давж заалдах гомдолд: “... Нэхэмжлэгч компани нь Хан-Уул дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт Засгийн газрын 242 тоот тогтоолын дагуу амины орон сууц барих зориулалтаар 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр А/344 тоот нийслэлийн Засаг даргын захирамжаар 5 жилийн хугацаатай эзэмшиж ирсэн. 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр А/1159 тоот захирамжаар 15 жилийн хугацаатайгаар сунгалт хийсэн. Уг захирамжийн 2 дахь заалтад сунгалт хийсэн иргэн, аж ахуй нэгж байгууллагуудыг газар эзэмших гэрээ байгуулж, газрын гэрчилгээ олгохыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгасан байдаг.
2018 онд дагаж мөрдөж байсан Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуй нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө”, 34 дүгээр зүйлийн 34.6-д “Газар эзэмших гэрээнд дараах зүйлийг тусгана” 34.6.6-д “Газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа” гэж заасан байх тул газрын төлбөр төлөх үүрэг нь газар эзэмших гэрээний үндсэн дээр үүсэхээр байна.
Мөн газар эзэмших гэрээ байгуулж газрын төлбөрийн хэмжээг тогтоогоогүй байхад газрын төлбөр шаардаж байгаа нь хууль бус шаардлага юм. 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/344 тоот нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу байгуулсан газар эзэмших гэрээний дагуу төлбөрөө төлж байсан талаар маргаан байхгүй. Харин төлбөрийн үлдэгдэл яагаад үүссэн талаар маргаан байдаг.
Газрын төлбөрийн хэмжээнд өөрчлөлт орсон хэм хэмжээний акт гарснаар манай компанийн газрын төлбөрийн хэмжээ нэмэгдсэн гэж тайлбарладаг боловч гэрээндээ төлбөрийн хэмжээг өөрчилсөн нэмэлт өөрчлөлт оруулдаггүй. Зөвхөн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлээд л шаардаад байдаг. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй байхад бид төлбөр төлөх боломжгүй гэдгээ тайлбарласан. Ингээд манай компани төлбөрийн үлдэгдэлтэй харагддаг.
Харин гэрээ байгуулаагүй, нэмэлт өөрчлөлт хийгээгүй байж газрын төлбөр төлөөгүй үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосонд гомдолтой байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 392 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ :
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2021/0392 тоот шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу хэргийг хянав.
Нэхэмжлэгчээс “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 сарын 20-ны өдрийн А/693 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1159 дүгээр захирамжийн дагуу газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/344 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт амины орон сууцны хотхоны зориулалтаар 150 га газар эзэмшүүлж, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1159 дүгээр захирамжаар 15 жилийн хугацаагаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан байна.
Үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 сарын 20-ны өдрийн А/693 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ. Дээрх захирамжийг нэхэмжлэгч эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 сарын 20-ны өдрийн А/693 дугаар захирамж нь нэхэмжлэгч “Б-Ү и” ХХК-н газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох агуулгаар гарсан тул “сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт” гэж үзнэ.
Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг гаргахын тул зайлшгүй Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу “Сонсох ажиллагааг явуулах”, 29 дүгээр зүйлд заасан “Захиргааны шийдвэрийн хувийн хэрэг, хяналтын дагалдах хуудас” хөтлөгдөх ёстой. Гэтэл захиргааны зүгээс ямар нэгэн мэдэгдэх, сонсгох ажиллагааг хийсэн байх шаардлагатай. Гэтэл энэхүү хуульд заасан ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдаагүй байна.
Нөгөө талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01-09/5142, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01-09/5780, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 01-09/5966 тоот албан бичгүүдээр нэхэмжлэгчид мэдэгдэл хүргүүлсэн гэж тайлбарласан. Энэхүү тайлбарын дагуу бол 3 удаа мэдэгдэл хүргүүлсэн баримт байх ёстой. Гэвч хэрэгт зөвхөн ганц удаа мэдэгдэл хүргүүлсэн баримт авагдсан байх бөгөөд бусад 2 мэдэгдлийг хэзээ хэрхэн хүргүүлсэн талаар бичгийн нотлох баримт алга.
2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 01-09/5966 тоот албан бичгийн нэхэмжлэгчид хүргүүлсэн гэх боловч тухайн албан бичгийг хүлээн авсан этгээдийн гарын үсэг нь нэхэмжлэгчийнх бус харин тухайн байгууллагын бичиг хүргэгч /бичиг хэргийн ажилтан/-ы гарын үсэг байх магадлалтай байна. Өөрөөр хэлбэл тухайн өдрийн явуулж буй хэд хэдэн албан бичгийг гарын үсэг зурж хүлээн авсан байгаа нь нэхэмжлэгч бус харин тухайн байгууллагын бичиг хүргэгч байх магадлалтай болохыг харуулж байна.
Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 сарын 20-ны өдрийн А/693 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон боловч тур тухайгаагаа огт мэдэгдээгүй байна. Хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтад тухайн захирамж буцаагдсан талаар дурьдсан байгааг захирамжийг хүлээлгэн өгсөн гэж үзэхгүй. Энэ нь Захиргааны ерөнхий хууль төдийгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж заасныг мөн адил зөрчсөн байна.
Нийслэлийн Засаг дарга маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэсэн үндэслэлийг баримталжээ.
Нэхэмжлэгч талаас газрын төлбөрийн талаар маргаантай байгаа талаарай дурджээ. Хариуцагчаас гаргаж ирүүлсэн нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч компани 2014 онд газрын төлбөрт 18 сая төгрөг төлөхөөс 25 сая 500 мянган төгрөг төлсөн, илүү 7,500,000 төгрөгийн төлөлттэй байжээ. 2015 онд мөн адил 18 сая төгрөг төлөхөөс 15 сая төгрөг төлсөн байна. Өмнөх оны илүү төлөлтийг тооцон үзвэл 4,500,000 төгрөгийн илүү төлөлттэй байхаар харагдаж байна.
Гэтэл хариуцагчийн зүгээс илүү төлөлтийг огт тооцоогүй, харин ч 2015 ны дутуу төлөлт гэх 3 сая төгрөгөөс 50 хувиар алданги тооцож 1.5 сая төгрөгийн төлөлт үүсгэсэн байна.
Улмаар 2016 оны тухайд төлбөр 18 сая төгрөг, алданги 9 сая төргөг гэж тооцоолжээ. Гэтэл өмнөх оны илүү төлөлт 4.5 сая төгрөг байгаа бөгөөд тухайн 4.5 сая төгрөг хасагдахаас гадна, түүнд огдох алданги 2,.250,000 төрөг хасагдах мэтээр ойлгогдож байна.
2018 оны тухайд 6 сая төгрөг илүү төлөлттэй байх бөгөөд уг мөнгийг төлбөрийн дүнгээс хасаж тооцсон эсэх нь ойлгомжгүй байна.
Мөн нэхэмжлэгчийн зүгээс газар эзэмших гэрээ байгуулахаар санал гаргаж байсан боловч харин ч хариуцагч байгуулаагүй, үндэслэлгүй газрын төлбөр нэхэмжилсэн байж болохоор байна.
Иймд дан ганц нэхэмжлэгчийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 392 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 заасныг тус тус баримтлан “Б-Ү и” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/693 дугаар захирамжийг хүчингүй болгож, нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1159 дүгээр захирамжийн дагуу газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалган, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР