Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 431

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: А.Дүүрэнбилэг,

Шүүгдэгч: Э.У-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.У-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005001350497 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.У-, 1996 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Рутан” ХХК-д засварчин ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Э.У-нь 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Экостар” караоке дотор хохирогч Д.О-ын нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний нулимсны сувгийн тасрал, зовхинд няцарсан шарх, зүүн нүдний ухархайн хана, самалдагийн хөндийн хана, хамар ясны нийлмэл хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.У-шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Д.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 28-ны орой 20 цагийн үед ажлын хүмүүстэйгээ хоол идээд тэгээд бид караоке орохоор болж Баянгол дүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол Экостар кароаокед 21 цагийн үед ажлын газрын нягтлан Ичинхорлоо, хүний нөөц Одноо, туслах нярав Отгонцэрэн, Гантулга, Санжаа бид нар орсон. Караокед 2 цаг дуулаад бид тарахаар болж би тооцоо хийгээд эргээд ирэхэд коридорт нягтлан Ичинхорлоо эгч согтуу хана налаад зогсож байхад гаднаас орж ирсэн залуу Ичинхорлоо эгчтэй маргалдаад тэгээд би яагаад байгаа юм гэхэд нөгөө залуу болон хүмүүс бөөгнөрөөд тэндээс бид салах гэтэл нэг залуу миний нүүр рүү цохиод би тэр дундаас арай гэж гарч ирсэн. Намайг цохиод л бөөгнөрсөн хүмүүс гараад яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 23-24/,

Гэрч Г.Санжмятавын мөрдөн байцаалтад өгсөн: “...бид нар хоорондоо маргалдаж байтал хажуу талаас 24-25 орчим насны туранхай 165 см өндөртэй залуу О-ын зүүн нүд рүү гараараа цохитол хөмсөгнөөс нь цус гараад нүүрийг нь дагаад урсаад байхаар нь би О-ыг дагуулаад ариун цэврийн өрөө рүү орж цусыг нь угаалгаад гараад иртэл цохисон залуу нь гараад явчихсан” гэсэн мэдүүлэг /хх-н 26/,

Гэрч Т.О-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгтэл О-ын нүд рүү хэнийг нь мэдэхгүй нэг хүн цохичихлоо гээд нүднээс нь цус гарчихсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 28/,

Шинжээчийн 1308 тоот дүгнэлтэд: “...Д.О-ын биед зүүн нүдний нулимсны сувгийн тасрал, зовхинд няцарсан шарх, зүүн нүдний ухархайн хана, самалдагийн хөндийн хана, хамар ясны нийлмэл хугаралтай гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэсэн дүгнэлт /хх-н 33-34/,

Сидинд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хохирогч Д.О- доош болоод хүмүүсийн дунд орчихсон цаанаас хар куртиктэй залуугийн гар орж ирээд цохиж байгаа дүрс ...Хохирогч Д.О-ыг хөх саравчтай малгайтай хар куртик өмссөн залуу гараараа цохиж байгаа. Хохирогч Д.О- доош болоод хүмүүс дундаас гарч ирж байгаа дүрс” гэжээ /хх-н 18-21/,

Яллагдагчаар Э.У-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би караоке руу ортол Төгсөө ах хэсэг хүмүүстэй маргалдаж байхаар нь аваад гарах гээд үүд рүү явж байтал Төгсөө ах буцаад явчихсан. Нөгөө хүмүүс дээрээ дахиж очоод маргалдаад байхаар нь дахиад аваад гарах гэтэл нэг залуу нь намайг мөргөөд би хажуу талын хаалга нь онгорхой байсан караокены өрөө рүү унаад босч ирэхдээ хэнийг нь мэдэхгүй нэг залуугийн нүүр рүү цохисон” гэсэн мэдүүлэг /хх-н 49-50/,

Гэмт хэрэг, зөрчлийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-н 5/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 9-12, 37, 54/, хохирлын баримтууд /хх-н 44-45/, хохирол хүлээлгэн өгсөн тухай баримт /хх-н 55/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Э.У-нь 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Экостар” караоке дотор хохирогч Д.О-ын нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний нулимсны сувгийн тасрал, зовхинд няцарсан шарх, зүүн нүдний ухархайн хана, самалдагийн хөндийн хана, хамар ясны нийлмэл хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.О-ын: “...хүмүүс бөөгнөрөөд тэндээс бид салах гэтэл нэг залуу миний нүүр рүү цохиод би тэр дундаас арай гэж гарч ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 23-24/, гэрч Г.Санжмятавын: “...бид нар хоорондоо маргалдаж байтал хажуу талаас 24-25 орчим насны туранхай 165 см өндөртэй залуу О-ын зүүн нүд рүү гараараа цохитол хөмсөгнөөс нь цус гараад нүүрийг нь дагаад урсаад байхаар нь би О-ыг дагуулаад ариун цэврийн өрөө рүү орж цусыг нь угаалгаад гараад иртэл цохисон залуу нь гараад явчихсан” гэсэн мэдүүлэг /хх-н 26/, гэрч Т.О-гийн: “...Тэгтэл О-ын нүд рүү хэнийг нь мэдэхгүй нэг хүн цохичихлоо гээд нүднээс нь  цус гарчихсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 28/, шинжээчийн 1308 тоот дүгнэлт, хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сидинд үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.У-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.У-нь хохирогчийг цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.О-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд хохирлын 2.000.000 төгрөг хүлээн авсан гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Э.У-гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.У-нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвсөөрсөн, хохирогчийн хохирлыг барагдуулсан, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан улсын яллагчийн саналаас доогуур хэмжээгээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.У-г “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-г 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.У-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР