Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 683

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус аймгийн Тариат сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын өрөөнд хийсэн  шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: эрэгтэй, 1964 оны 06 сарын 04-нд төрсөн, 52 настай, Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур багт оршин суух Боржигин овогт Рэнцэндоржийн Жамсранжавын /РД:АЗ64060411/ хүсэлттэй  

Архангай  аймгийн Тариат сумын Ялалт  нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 сарын 31, 1985 оны 10 сарын 10-ны өдрөөс 1990 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар, 1990 оны 03 сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хэвлэл түгээгчээр  тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Р.Жамсранжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн  нар оролцов.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Р.Жамсранжав шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн 1981-1982, 1985-1990 оныг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан. Би 1982-1985 оны хооронд цэргийн алба хаасан. Иймд хөдөлмөрийн дэвтэр болон бусад нотлох баримтуудыг үндэслэн миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Р.Жамсранжав Архангай  аймгийн Тариат сумын Ялалт  нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 сарын 31, 1985 оны 10 сарын 10-ны өдрөөс 1990 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар, 1990 оны 03 сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хэвлэл түгээгчээр тус тус ажиллаж байсан нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:

- Ренчендоржийн Жамсранжавын Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний 1981-1990 онуудад ажилласан хоног, авсан хөлсийг бичсэн хөдөлмөрийн дэвтэр,

- Архангай аймгийн Архивын тасгийн 2015 оны 09 сарын 24-ний өдрийн Рэнчиндорж овогтой Жамсранжавын тус аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд 1986-1988, 1989 онуудад ажиллаж байсан үеийн цалингийн 417 дугаар тодорхойлолт,

- Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн даргын 1990 оны 03 сарын 21-ний өдрийн хөдөөгийн хөдөлмөрчдийн хэвлэл шуурхай хүргэх  ажлыг сайжруулах  арга хэмжээний тухай 16 дугаар тушаалд:

1. Хэвлэл түгээгчээр  бригадад доорхи хүмүүсийг 03 сарын 01-нээс томилж ажиллуулсугай. 

1. Цагаан нуур, Үржлийн фермд Р.Жамсранжав

             

Иймд хүсэлт гаргагч Р.Жамсранжавын  Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд  ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

                                                                  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигин овогт Рэнцэндоржийн Жамсранжавын Архангай аймгийн Тариат сумын Ялалт  нэгдэлд 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 сарын 31, 1985 оны 10 сарын 10-ны өдрөөс 1990 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар, 1990 оны 03 сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хэвлэл түгээгчээр  тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Р.Жамсранжавын  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Д.БЯМБАСҮРЭН