Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 74

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Ц.Ариунтуяа,

шүүгдэгч Ө.Г....лд, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигон овогт Ө...........рахын Г....лдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1708 0208 80127 дугаартай 2 хавтаст хэргийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Ө...........рахын Г....лд, Монгол Улсын иргэн, ............ урьд ял шийтгэл:

1. Баянгол дүүргийн шүүхийн 1995 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 223 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлсэн.

2. Нийслэлийн шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №100 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.3 дахь хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт 10 жилийн хорих ял шийтгэгдсэн. 2005 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1 жил 7 сар 25 хоногийн өмнө хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Ө.Г....лд нь

- 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарыг хүртэлх хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ...................... хамтран амьдрагч гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай П.П...........үүтэй байнгын шинжтэй харгис хэрцгий харьцаж, догшин авирлан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

- 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ...................... согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай /дагавар охин/ Б.Б....................яаг цагдаа дуудлаа гэх шалтгааны улмаас нүүрэн тус газар нь гараараа цохиж, зодож, хамар, баруун нүдний дотор булан, доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

- 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ............. “чи энэ гэрээс яваач” гэсний улмаас маргалдаж иргэн Д.Н.............мыг таягаараа хөл, цээж хэсэг рүү цохиж зодож, эрүүл мэндэд нь зүүн шилбэний  цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн баруун хөх, хэвлийн цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. 2017 оны 02 дугаар сарын 1-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарыг хүртэлх хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, .............. тоотод хамтран амьдрагч гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай П.П...........үүтэй байнгын шинжтэй харгис хэрцгий харьцаж, догшин авирлан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь,

- Хохирогч П.П...........үүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ө.Г....лд нь зодоод сүйд болсон юм байдаггүй дандаа агсан тавиад ална гээд байдаг. ...Бид хоёр 2012 оноос хойш хамтран амьдарч байна. 2014 оноос хойш байнга агсан тавидаг болсон. ...Ө.Г....лд хамгийн сүүлд 2017 оны  4 дүгээр сард ...30 хоногийн баривчилгаанд явсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 23-26),

“...Ө.Г....лд бол байнга согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Архи уухаараа дарамтлаад “Би урьд нь шоронд орж байсан та нарыг ална, ...шоронд орсон ч тэндээ сайхан байж байгаад гарч ирнэ. Сайханаараа гарч ирээд нэг том хэрэг хийж байгаад шоронд орно. Б....................яагийн хүүхдийг хорлоод орно” гэх мэтчилэн ярьдаг. Ер нь бол ийм төрлийн заналхийлсэн асуудлыг тогтмол хэлж байдаг. Манайх гэрээсээ хөөсөн ч гэсэн буцаад л хүрээд ирдэг. Яагаад ч салж өгдөггүй хаалга үүдээ түгжсэн ч хашаа давж орж ирээд гэрийн хаалга үүд цохиод байдаг. Хамт байхад айдастай хэцүү...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 53-54),

“...2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 19 цагийн орчим намайг ТҮЦ дээрээ сууж байхад Ө.Г....лд согтуу ирээд цонх хагалсан. Яаж байнаа гээд гараад очтол таягаараа миний хөл рүү 2 удаа цохисон....” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 57-58),

- Хохирогч Б.Б....................яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 12 цагийн үед Ө.Г....лд ах согтуу ирсэн юм. Тэгээд намайг болон төрсөн эгч Б.........нг гэрт байхад хэл амаар доромжлоод хараалын үг хэлээд байсан юм. ...13 цагийн үед...гэрт орж ирээд хамаг хувцас хунар авч шидээд тараагаад чи муу яахаараа намайг цагдаад барьж өгдөг юм гээд дахиад хэл амаар доромжлоод байсан. Тэгснээ зурагтын удирдлага барьчихаад...шидэхээр нь би бултсан чинь зурагт оноод хагалчихсан. Би зурагт хагалахаар нь Ө.Г....лд ахыг... хувцсаа аваад яв гэж хэлсэн чинь гадаа байсан тоосгыг аваад шидээд миний зүүн гарыг оносон... Ө.Г....лд архи уухаараа агсан тавьж танхайрч байсан. Олон удаа цагдаа дуудаж бариулсан. ...2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр ээж П...........үүгийн ТҮЦ дээр Ө.Г....лд очоод зүүн хөлний өвдөгний хажуу хэсгийг хөхрүүлж, ТҮЦ-ний жижиг цонхыг хагалсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29),

 “...Ө.Г....лд нь сүүлийн 5 жил манай ээжтэй хамтран амьдрах болсон...архи согтууруулах ундааны зүйл маш их хэрэглэдэг. Архи уухаараа гэрт ирээд ээж болон манай гэр бүлийн бүхий л хүнийг байнга дарамтлаад агсан согтуу тавьдаг. Хэл, амаар болон үйлдлээрээ доромжилно. ...Гэрээсээ хөөгөөд явуулахаар орой нь архи ууж ирээд агсан тавина. Хаалга тайлахгүй байвал хашаа даваад гэрт ороод ирнэ их дарамттай байдаг...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 51-52),  

- Гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээ (1 хавтаст хэргийн 181-189),

- Ө.Г....лдын захиргааны шийтгэл хүлээж байсан шүүхийн шийдвэр (1 хавтаст хэргийн 124-125), Мөн түүний захиргааны зөрчил гарган Цагдаагийн Ерөнхий газрын бүртгэл мэдээллийн нэгдсэн бүртгэл буюу АСАП санд бүртгэгдэж байсан талаарх баримтууд (1 хавтаст хэргийн 126-140), Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 11 дүгээр гудамжны 13 тоотоос цагдаагийн байгууллагад ирүүлж 94 дуудлагын дэлгэрэнгүй бүртгэл (1 хавтаст хэргийн 203-218),

2. 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .............. согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай /дагавар охин/ Б.Б....................яаг цагдаа дуудлаа гэх шалтгааны улмаас нүүрэн тус газар нь гараараа цохиж, зодож, хамар, баруун нүдний дотор булан, доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

- Хохирогч Б.Б....................яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гэртээ буюу Сонгинохайрхан дүүргийн ............тоотод оройн хоолоо хийгээд сууж байсан юм. Хоол хийж байхдаа би ээж рүүгээ залгаад юм яриж байтал гаднаас манай хойд аав Ө.Г....лд гаднаас халамцуу орж ирээд “чи яагаад цагдаа дууддаг юм бэ” гээд орилж орж ирээд шууд гараараа миний хамар руу цохисон. Тэгээд шууд гараад явчихсан би барьж авах гэсэн боловч чадаагүй тэгээд шууд цагдаагийн 102 дугаарт залгасан чинь Ө.Г....лд зугтаагаад явчихсан....нүд хөхөрсөн мөн хамар хавдсан өөр зүйлгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52),

- Гэрч П.П...........үүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүүгийнхээ ажиллуулдаг тос, масло зардаг ТҮЦ-д сууж байхад...орой 20 цагийн үед манай охин Б....................яа над руу залгаад “Ө.Г....лд намайг харааж зүхэж байгаад...хамар луу цохисон” гэж хэлэхээр нь гэрлүүгээ Б....................яагийн эгчийг явуулсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 53-54),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 12365 дугаар дүгнэлт:

“...Хэсэг газрын үзлэгт: Хамрын нуруу, баруун нүдний дотор булан доод зовхинд хөх өнгийн цус хуралттай, тэмтрэхэд эмзэглэлтэй....ДҮГНЭЛТ

1. Б.Б....................яагийн биед хамар, баруун нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 62),

- Гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээ (1 хавтаст хэргийн 112-115), Сонгинохайрхан дүүргийн .... дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (1 хавтаст хэргийн 116-117), Аюулын зэргийн үнэлгээ (1 хавтаст хэргийн 119-120),

- Ө.Г....лдын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн

2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 12 цагийн үед...гэртээ иртэл миний дагавар охин Б....................яа нь миний хувцсыг гэрээс гарган шидээд зайл гэж хөөхөөр нь баруун гарын ар хэсгээр нүүр рүү нь алгадсан. Би гараад зугтаах гэтэл хөлнөөс чангааж би зугтаасан...Дээрх гэмтлүүд нь миний нэг удаагийн алагдалтын улмаас үүссэн...би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 75-76)

3. 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .............. “чи энэ гэрээс яваач” гэсний улмаас маргалдаж иргэн Д.Н.............мыг таягаараа хөл, цээж хэсэг рүү цохиж зодож, эрүүл мэндэд нь зүүн шилбэний  цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн баруун хөх, хэвлийн цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

- Хохирогч Д.Н..............агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр эгч П...........үүгийн гэрт очоод сууж байтал Г....лд хэл, амаар доромжлоод байсан. Гайхаад сууж байтал гэнэт таягаараа цохиод авсан. Тэгэхээр нь гэрээс нь гараад зугтаасан чинь араас хөөгөөд намайг ална гээд байсан. Тэгээд барьж аваад унагаагаад дэвссэн. Би босож зугтаагаад хэсэг байж байгаад П...........үүгийн гэр лүү орох гэтэл оруулахгүй байсан. ...Миний биед...учирсан гэмтлүүдийг Ө.Г....лд төмөр таягаараа цохиж зодсоноос үүссэн гэмтэл...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 94-95),

- Гэрч П.П...........үүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Н.............м манай гэрт орж ирсэн юм. Тэгээд бид хоёр юм яриад сууж байсан чинь Ө.Г....лд Н.............мыг хэл амаар доромжлоод зодсон...маргалдаж байгаад орон дээр байсан таягаа аваад зүүн хөл рүү нь таягаараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 88-89),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 1534 дугаар дүгнэлт:

“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн шилбэний дотор дээд хэсэгт 10х8см бүдэг хөх өнгийн цус хуралттай, бага зэрэг овойж хавдсан, зүүн хөхний дээд гадаргууд 2х2см, баруун хөхний дээд гадаргуу 1.5х1 см бүдэг шаргал ногоон өнгийн, хэвлийн өмнөд гадаргууд 1.5х1.5см тод хөх өнгийн цус хуралттай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

1. Д.Н.............мын биед зүүн шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөх баруун хөх, хэвлийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 100),  

- Ө.Г....лдын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн:

“...би хүлээн зөвшөөрч байна...хөл рүү нь таягаараа нэг удаа цохисон...Намайг хөөгөөд дайраад над руу аягаа шидээд байсан. Энэ гэрт зайгаа тавьж өг өөр хүн ирэх гээд байна гээд байхаар нь цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 108-109),

4. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоол (1 хавтаст хэргийн 34-35, 74-75, 104-105), Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол (1 хавтаст хэргийн 39, 79), яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болох тухай прокурорын тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 77-78), яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах прокурорын тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 79-80),

- Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах мөрдөгчийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн тогтоол (1 хавтаст хэргийн 66-67), цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр (1 хавтаст хэргийн 71, 72, 219, 229, 135-136, 248-252, 2 хавтаст хэргийн 24-25, 30-31, 54-55),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (1 хавтаст хэргийн 151, 123), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 хавтаст хэргийн 151, 122), шүүхийн шийдвэрийн хуулбар (хавтаст хэргийн 199, 200-201), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (1 хавтаст хэргийн 149, 170-172, 196-197), Цагдан хорих 461 дүгээр ангийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 01/739 дугаартай албан бичигт “...цагдан хоригдож байгаа Ө.Г....лд нь баруун уушигны үрэвсэл /сүрьеэгийн шалтгаантай/-ийн хүнд зэрэг амьсгалын дутагдал 2 дугаар зэрэг оношоор 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс хэвтэн эмчлүүлж байгаа болно. ...цаашид сүрьеэгийн нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө авч эмчилгээний асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа....” гэх баримт (2 хавтаст хэргийн 71) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс шүүгдэгч Ө.Г....лдод холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Ө.Г....лдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг,  

Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч болон түүний өмгөөлөгч мэтгэлцээгүй болно. 

Шүүгдэгч Ө.Г....лд нь

1. ......................, 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарыг хүртэлх хугацаанд, гэр бүлийн харилцаанд давамгай байдал тогтоох, гэр бүлийн гишүүдийг өөрийн эрхшээлд оруулах сэдэлтээр, согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг шалтгаан нөхцөлийн улмаас, шууд санаатай үйлдлээр, байнга гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч С.П...........үүд сэтгэл санааны зовиур шаналал үүсгэн, түүнтэй байнгын шинжтэй харгис хэрцгий харьцаж, догшин авирлан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь

- Хохирогч П.П...........үүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ө.Г....лд нь зодоод сүйд болсон юм байдаггүй дандаа агсан тавиад ална гээд байдаг. ...Бид хоёр 2012 оноос хойш хамтран амьдарч байна. 2014 оноос хойш байнга агсан тавьдаг болсон. ...Ө.Г....лд хамгийн сүүлд 2017 оны 4 дүгээр сард ...30 хоногийн баривчилгаанд явсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 23-26),

“...Ө.Г....лд бол байнга согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Архи уухаараа дарамтлаад “Би урьд нь шоронд орж байсан та нарыг ална, ...шоронд орсон ч тэндээ сайхан байж байгаад гарч ирнэ. Сайханаараа гарч ирээд нэг том хэрэг хийж байгаад шоронд орно. Б....................яагийн хүүхдийг хорлоод орно” гэх мэтчилэн ярьдаг. Ер нь бол ийм төрлийн заналхийлсэн асуудлыг тогтмол хэлж байдаг....” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 53-54),

- Хохирогч Б.Б....................яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г....лд архи уухаараа агсан тавьж танхайрч байсан. Олон удаа цагдаа дуудаж бариулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29),

 “...Ө.Г....лд нь сүүлийн 5 жил манай ээжтэй хамтран амьдрах болсон...архи согтууруулах ундааны зүйл маш их хэрэглэдэг. Архи уухаараа гэрт ирээд ээж болон манай гэр бүлийн бүхий л хүнийг байнга дарамтлаад агсан согтуу тавидаг. Хэл, амаар болон үйлдлээрээ доромжилно. ...Гэрээсээ хөөгөөд явуулахаар орой нь архи ууж ирээд агсан тавина. Хаалга тайлахгүй байвал хашаа даваад гэрт ороод ирнэ их дарамттай байдаг...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 51-52), 

- Ө.Г....лдын захиргааны шийтгэл хүлээж байсан шүүхийн шийдвэр (1 хавтаст хэргийн 124-125), Мөн түүний захиргааны зөрчил гарган Цагдаагийн Ерөнхий газрын бүртгэл мэдээллийн нэгдсэн бүртгэл буюу АСАП санд бүртгэгдэж байсан талаарх баримтууд (1 хавтаст хэргийн 126-140), Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 11 дүгээр гудамжны 13 тоотоос цагдаагийн байгууллагад ирүүлж 94 дуудлагын дэлгэрэнгүй бүртгэл (1 хавтаст хэргийн 203-218),

2. ......................, 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гэр бүлийн гишүүдийг өөрийн эрхшээлд оруулах сэдэлтээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч С.П...........үүгийн охин Б.Б....................яаг “цагдаа дуудлаа” гэх шалтгааны улмаас, шууд санаатай үйлдлээр, түүний нүүрэн тус газар нь цохиж хамар, баруун нүдний дотор булан, доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь

- Хохирогч Б.Б....................яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гэртээ буюу Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 13-11 тоотод оройн хоолоо хийгээд сууж байсан юм. Хоол хийж байхдаа би ээж рүүгээ залгаад юм яриж байтал гаднаас манай хойд аав Ө.Г....лд гаднаас халамцуу орж ирээд “чи яагаад цагдаа дууддаг юм бэ” гээд орилж орж ирээд шууд гараараа миний хамар руу цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52),

- Гэрч П.П...........үүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүүгийнхээ ажиллуулдаг тос, масло зардаг ТҮЦ-д сууж байхад...орой 20 цагийн үед манай охин Б....................яа над руу залгаад “Ө.Г....лд намайг харааж зүхэж байгаад...хамар луу цохисон” гэж хэлэхээр нь гэрлүүгээ Б....................яагийн эгчийг явуулсан...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 53-54),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 12365 дугаар дүгнэлт “...1. Б.Б....................яагийн биед хамар, баруун нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 62),

3. ......................, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр танхайн сэдэлтээр, Д.Н.............мын Ө.Г....лдод хэлсэн “чи энэ гэрээс яваач” гэсний улмаас маргалдаж, шууд санаатай үйлдлээр түүний хөл, цээж хэсэг рүү таягаар цохиж, эрүүл мэндэд нь зүүн шилбэний  цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн баруун хөх, хэвлийн цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь

- Хохирогч Д.Н..............агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр эгч П...........үүгийн гэрт очоод сууж байтал Ө.Г....лд хэл, амаар доромжлоод байсан. Гайхаад сууж байтал гэнэт таягаараа цохиод авсан. ...Миний биед...учирсан гэмтлүүдийг Ө.Г....лд төмөр таягаараа цохиж зодсоноос үүссэн гэмтэл...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 94-95),

- Гэрч П.П...........үүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.............м манай гэрт орж ирсэн юм. Тэгээд бид хоёр юм яриад сууж байсан чинь Ө.Г....лд Н.............мыг хэл амаар доромжлоод зодсон...маргалдаж байгаад орон дээр байсан таягаа аваад зүүн хөл рүү нь таягаараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 88-89),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 1534 дугаар дүгнэлт “...1. Д.Н.............мын биед зүүн шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөх баруун хөх, хэвлийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ....3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 100), 

4. Гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээ (1 хавтаст хэргийн 181-189), гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээ (1 хавтаст хэргийн 112-115), Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (1 хавтаст хэргийн 116-117), Аюулын зэргийн үнэлгээ (1 хавтаст хэргийн 119-120) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ө.Г....лд нь гэр бүлийн хамаарал харилцаатай хохирогч Б.Б....................яа, мөн хохирогч Д.Н.............м нарыг зодсон болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд хохирогч нар нь зодуулснаас болж хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай С.П...........үүтэй байнгын шинжтэй харгис хэрцгий харьцаж, догшин авирладаг болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдохын зэрэгцээ түүний дээрх үйлдэл гаргадаг болох нь эрх бүхий байгууллагын шийдвэр, лавлагаагаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл хохирогчийн эсрэг чиглэсэн, хэвшмэл маягтай, гурав ба түүнээс дээш удаа бие махбодын хүчирхийлэл үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон байна.

Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжүүдийг бүрэн хангасан гэж үзнэ.

Түүнчлэн “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг тодорхойлсон бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий хүн гэдэгт “...хамтран амьдрагч,...тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд...” ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах...сэтгэл санаанд нь дарамт учруулах...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно...” гэж тус тус хуульчилсан байна.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Ө.Г....лдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан”, 11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан”,  11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан” гэм буруутайд тооцуулахаар дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.П...........үү, Б.Б....................яа, Д.Н.............м нар нь хохирол, хор уршгийн талаар нэхэмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн материал танилцуулсан тэмдэглэл дээр гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас Ө.Г....лдыг

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 465 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 465.000 төгрөгөөр торгох

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 нэгж буюу 480.000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 9 сар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 9 сарын хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 465 нэгжийн торгох ялын 1 хоногийг 15 нэгжээр тооцож 31 хоног, мөн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 480 нэгжийн торгох ялын 1 хоногийн 15 нэгжээр тооцож 32 хоногийн хорих ялаар тус тус тооцож түүний нийт эдлэх ялыг 11 сар 3 хоногийн хугацаагаар оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул тэрээр бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг,

- Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгч Ө.Г....лд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.                                    

Шүүгдэгч Ө.Г....лд нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин шүүгдэгч нь нэг бүлэгт заасан гэмт хэргийг гурван удаан санаатай үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тооцсон болно.   

Шүүх Ө.Г....лдод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим буюу эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэснийг үндэслэн, шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугийн талаар маргаагүй, түүнчлэн тэрээр нийгмийн халдварт өвчин болох баруун уушигны үрэвсэл /сүрьеэгийн шалтгаантай/-ийн хүнд зэрэг амьсгалын дутагдал 2 дугаар зэрэг оношоор эмчлэгдэж байгаа, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагыг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 6 сарын хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгчид Эрүүгийн хуульд зааснаар өөр өөр төрлийн ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар Ө.Г....лдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийт 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг ажлын 8 цагаар тооцож нийт хорих ялыг 75 хоногт шилжүүлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр 75 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 8 сар 15 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.  

Шүүгдэгч Ө.Г....лд нь энэ хэрэгтээ 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс (1 хавтаст хэргийн 66-67) 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл нийт 326 (гурван зуун хорин зургаа) хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нийт түүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 326 хоног буюу 10 сар 26 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, ялаас хасах хууль зүйн үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл тэрээр шүүхээс оногдуулсан хорих ялын хугацааг биечлэн эдэлсэн байх тул ял эдэлсэнд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

Энэ гэмт хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.11, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Ө...........рахын Г....лдыг

- Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

- Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,

- Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнтэй харгис хэрцгий харьцсан, догшин авирласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ө.Г....лдыг

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Г....лдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 600 цагийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ө.Г....лдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оногдуулж, нэмж нэгтгэсэн 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын 1 хоногоор тооцож нийт 600 цагийг 75 хоногийг хорих ялд шилжүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Г....лдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600 цаг буюу шилжүүлсэн 75 хоногийг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 6 сар 75 хоног буюу 8 сар 15 хоногоор тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Г....лдод оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Г....лдын энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нийт 326 хоног буюу 10 сар 26 хоногийн хорих ялд нь оруулан, түүнийг ял эдэлсэнд тооцож нэн даруй сулалсугай.

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус  дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ө.Г....лдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гарган таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МӨНХЗУЛ