| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2019/0126/Э |
| Дугаар | 142 |
| Огноо | 2019-01-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сансарсайхан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 142
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч М.Сансарсайхан
шүүгдэгч Б.О.............р, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Хотон овогт Б.............нгийн О.............рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0065 30091 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Хотон овогт Б.............нгийн О.............р, Монгол Улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, зэвсгийн засварчин мэргэжилтэй, ..............................
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Б.О.............р нь 2018 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 8 дугаар гудамжинд иргэн А.Д.............мтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О.............р мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;:
1. Хохирогч А.Д.............мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 1 дүгээр сарын 27-ны... шөнө 23 цагийн орчим найз Э.............нгийн хамтаар 2 хүүхдэд нь амттан авч өгөх гээд Их Наранд байрлах гэрээс нь гараад дэлгүүр орчихоод буцаад явж байтал Их Нарангийн 8 дугаар гудамжинд үл таних 2 залуу зогсож байсан. Тэгсэнээ тэр хоёр залуу “энэ бацаануудыг ална” гэх шиг болохоор нь би “юу гэнээ” гэтэл “яасан янз үзээд байна уу” гээд Э.............нг цохиж аваад зууралдаад байхаар салгах гээд очтол хамт явж байсан нэг залуу нь намайг барьж аваад зодсон. Тэр үед 2 залуугийн зогсож байсан хашаа нь дотроос бас 2 хүн гараад ирэхээр нь бид хоёр зугтаад хашаа руу ортол ирээд дахиад зодож миний биед гэмтэл учруулсан...Миний зүүн нүдний доод зовхи, баруун нүдний дээд зовхи сэтэрч оёдол тавьсан. Дагзны зүүн хэсэг хагарч 5 оёдол тавьсан. Мөн баруун талын хавирга гэмтэж шүүх эмнэлэгт үзүүлсэн. Намайг зодсон залуучууд 25-28 орчим насны залуучууд байсан би нэг залууг нь сайн харсан туранхай бүлтгэр нүдтэй дан цамтай, цайвар дуу царайтай нүд хөмсөг болсон залуу байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26),
“...Б.О.............р ...гэх залуу дээрээс өшиглөж зодсон. Тэгээд бид хоёр босоод барьж явсан пиво түүнлүү шидэж зугтаад хашаа руугаа орсон чинь араас хэн нь орж ирснийг мэдэхгүй нэг нь малгайтай цамц толгой дээгүүр нөмөргөж дараад гараараа толгой руу цохиод байсан...Толгойндоо оёдол тавиулсан, зүүн нүд хөхөрсөн, хамар, нүд хөхөрч хавдсан гэмтэл учирсан...Би эмчилгээний зардалд 600.000 төгрөг авч гомдолгүй болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28)
2. Гэрч Э.Э.............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 23 цагийн үед би дүү Д.............мын хамтаар дэлгүүр орчихоод харьж явтал Сонгинохайран дүүргийн 4 дүгээр хороо Их нарангийн 8 дугаар гудамжны үзүүрт үл таних 2 залуу зогсож байсан. Тэгтэл тэр 2 араас “энэ бацаануудыг ална ш дээ” гээд хоорондоо ярилцахад нь манай дүү Д.............м “яасан гэнээ” гээд хэлчихсэн чинь нөгөө 2 залуугийн цаанаас дахиж 2 залуу гарч ирээд дөрвүүлээ бид 2 руу ирэхээр нь Д.............м бид 2 зугтаагаад хашаа руугаа ортол хойноос нөгөө 4 залуу хүрч ирээд бид хоёрыг зодсон юм. Тэр үед манай гэрийнх болон хажуу талын айлын хүмүүс гарч ирж бид нарыг салгасан бөгөөд тэд нар цагдаа нарыг ирэхээс өмнө ..... улсын дугаартай саарал өнгийн PRIUS-20 маркын машинд суугаад зугатаачихсан. Тэр 4 залуу Их нарангийн 8 дугаар гудамжны үзүүрийн хашаанаас гарч ирсэн бөгөөд цагдаа нарыг ирэхээр нь би тэр хашаа руу цагдаатай цуг очтол хашааных нь эзэн нь “наад залуучууд чинь манайхаас гөлөг худалдаж аваад явсан, би танихгүй” гэж хэлсэн. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37)
“...Д.............м руу дайраад цохисон хүний дүр төрхийг нь санахгүй байна нэг хүнтэй нь би ноцолдоод зууралдаж байгаад нэг харсан чинь А.Д.............мыг газар унагаасан бор царайтай өөрийгөө цэрэг гэсэн залуу өшиглөөд байсан. Ингээд би А.Д.............мыг аваад хашаа руугаа орсон чинь араас гурвуулаа орж ирээд би нэгэнтэй нь зууралдаад байж байхад намхан бор царайтай өөрийгөө цэрэг гээд байсан хүн А.Д.............мтай зууралдаад байсан. Нэг харахад А.Д.............мыг унасан байхад бор царайтай зууралдаж байсан хүн нь нүүр рүү нь өшиглөж, цохиж зодож байсан...А.Д.............м бусдад зодуулж гэмтсэн. А.Д.............мыг цэрэг гэх бор царайтай залуу ганцаараа зодсон. Нөгөө хүмүүс нь хажуунаас нь яаж оролцсоныг сайн хараагүй зарим нэг нь надтай зууралдаад байж байсан. А.Д.............м цагдаа дээр шалгагдах явцдаа эмчилгээний зардалд 600.000 төгрөг авч гомдолгүй болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39)
3. Гэрч Н.Т.............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Б.............нтэй хамт гадуур явж байгаад 21 цаг өнгөрч байхад Б.............нгийнд очсон. Б.............нгийнд байхад Б.О.............р ирээд бид 3 хамтдаа Их нарангийн 8 дугаар гудамжинд нэг айлд очиж нохойн гөлөг авсан. Би тэр айлын хүнийг танихгүй. Б.............н, О.............р болон нохой зарсан ах бид гурав 1 шил 0.75 грамм “Хар Экс” архи хувааж угаад байж байтал Д.............т араас ирэхээр нь бид хэд гарах болсон. Тэр айлаас Д.............т, О.............р 2 түрүүлж гараад араас нь Б.............н гарсан сүүлд нь би ард нь үлдээд нохойгоо аваад гартал гудамжны эхэнд зодоон болоод байхаар нь очтол О.............р үл таних 2 залуутай зодолдоод Б.............н гүйгээд яваад өгсөн байсан. Тэгээд би тэд нарыг салхыг нь хүлээгээд байж байтал нөгөө 2 залуугийн нэг нь гэртээ ороод нөгөөх нь О.............рыг чирж хашаанд оруулахаар нь би барьж байсан нохойгоо Д.............тад өгөөд гүйгээд очтол хашаанд О.............рыг нөгөө 2 залуу зодож байсан хажууд нь Б.............н салгах гээд дийлэхгүй зогсож байхаар нь би нэг залууг нь түлхээд нөгөөдөхийг нь болиулаад байж байтал араас нэг нь цамцны малгайнаас татаад болихгүй байхаар нь О.............р очиж миний цамцнаас зуураад байсан залууг нь болиулж удалгүй гэрээс нэг тарган 35 орчим насны ах гарч ирээд бид нар хоорондоо зодолдохоо болиод салсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42),
4. Гэрч Г.Б.............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 1 сард найз Б.О.............р, Д.............т, Н.Т.....тар бид дөрөв Их нарангийн 8 дугаар гудамжинд айлаас гөлөг авсан. Гөлөг өгсөн ахтай Б.О.............р бид хоёр 1 шил архи уусан...их согтоогүй гайгүй байсан. Орой 22:00 цаг болж байсан байх харанхуй болсон байсан. Б.О.............р, Д.............т хоёр түрүүлээд гараад явсан. Араас нь би гарсан чинь гудамжинд Б.О.............р хохирогч болон хамт явсан хүнтэй нь гурвуулаа зууралдаад цаашаа хашаа руу орсон, Д.............т очоогүй наана нь зогсож байсан. Би уг хашаа руу очиход Б.О.............р хохирогчийг доороо хийсэн зодолдсон байдалтай байсан. Намайг хашаа руу ороход гэрч Э.............н миний өөдөөс 2 пиво шидчихээд Б.О.............р дээр очоод цохиод байхаар нь салгах гэж татахад дийлдэхгүй салахгүй байсан, энэ үед Н.Т.............р ирээд гэрч Э.............нг салгаад цаашаа аваад явсан. Би Б.О.............р хохирогчийн дээр гарсан зодож байхаар нь түлхэж салгаад байж байсан чинь гэрээс настай ах гарч ирээд бид нар хашаанаас нь гараад машиндаа суугаад явсан. Зодоон болсны дараа хохирогчийн нүүр нь цус болсон байсан. Хохирогчтой Б.О.............р зодолдоод байсан бид хоёр хажуунаас нь оролцоогүй. Н.Т.............ртай хамт явсан хүнийг нь салгаад цаашаа аваад явсан, би Б.О.............рыг салгасан. Бид хоёр зодооныг салгасан бөгөөд хэн нэгнийг зодож цохиогүй. Дараа нь цагдаа дээр ирээд хохирогчид хохирол болох 600.000 төгрөг барагдуулж гомдолгүй болгосон...Дараа нь Б.О.............раас асуухад гудамжинд явж байгаад шүргэлцэж, үл ялих зүйлээс болж маргалдсан гэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49),
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 1992 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэг: “....Баруун нүдний дээд зовхинд мэс заслын 2 ширхэг оёдол бүхий 1,1х0,2см, зүүн нүдний зовхины дотор буланд мэс заслын 1 ширхэг оёдол бүхий 0,6х0,2см, зүүн зулайн ар доод хэсгийн хуйханд мэс заслын 2 ширхэг оёдол бүхий 1,8х0,2см шархтай, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд тархмал хүрэн ягаан өнгийн цус хуралттай, баруун нүдний алимны гадна буланд улаан ягаан өнгийн цус харвалттай, духны зүүн хэсэгт 1,4х0,8см, 0,8х0,5см, баруун нүдний гадна буланд 1,5х1см хүрэн ягаан өнгийн зулгаралттай.
2018.01.28-ны “ГССҮТ”-н ...Хамар ясны зүүн хажуу хана хугаралтай. Баруун гайморовын хөндийн суурийн түвшинд 1.8х1.3см зүүн гайморовын хөндийн урд хананд 0.5х0.4см хэмжээтэй полиптой. Тархины бор ба цагаан эдийн ялгарал, бага зэргийн буурсан...Зүүн зулайн ар хэсэгт зөөлөн эдэд хуйханд дор 0.5х0.7см хэмжээтэй цус хуралттай...ДҮГНЭЛТ
1. А.Д.............мын биед тархи доргилт, хамар ясны хугарал, баруун нүдний зовхи, зүүн нүдний зовхины дотор булан, зүүн зулайн хуйханд шарх, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний алиманд цус хуралт, дух, баруун нүдний гадна хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31),
6. Шүүгдэгч Б.О.............рын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр найзуудын хамт Их наранд байдаг нэг айлаас нохойны гөлөг худалдаж авахаар очсон. Очихдоо нэг шил архитай очиж нохойны эзэнтэй хувааж уучихаад орой болсон байсан цагийг нь сайн санахгүй байна. Би найз Д.............ттай гэртээ харихаар явж байгаад гудамжинд үл таних 2 хүнтэй зөрөхдөө шүргэлцээд өнгөрсөн тэгэхээр нь би зүгээр яваач хөгшөөн гэсэн чинь хохирогч хөгшин гэлээ муу бацаан минь гээд заамдалцаад зууралдаж байгаад хохирогч барьж явсан лаазтай пивоор цохиж хувцас битүү пиво болсон. Тэгээд Д.............т нөгөө хэддээ хэлнэ гээд цаашаа гүйгээд явсан. Би тэр хоёртой зууралдаад байж байхад манай найзууд гараад ирсэн чинь тэр хоёр зугтаад гэрийнхээ хашаа руу орсон. Би ганцаараа араас нь хашаа руу нь ороод хохирогчийг нүүрэнд нь гараараа хэд хэдэн удаа цохиж зодсон. Тэгтэл гэрээс хүн гараад ирэхээр нь салаад хашаанаас гараад явсан. Хохирогчтой хамт явсан хүн надруу дайрахаар нь манай найз Б.............н салгаад барьсан зогсож байсан. Тухайн үед зодоонд манай найзууд оролцоогүй бөгөөд зөвхөн хохирогч бид хоёр зодолдсон. Ингээд үүнээс хэд хоногийн дараа хохирогчид 650.000 төгрөг төлж хохиролгүй болгосон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76-78)
7. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 59, 58), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 65), ажлын газрын үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 82), хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 66) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.О.............рт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.О.............р нь Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 8 дугаар гудамжинд, 2018 оны 01 дүгээр сарын 27-ны шөнө, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй харилцааны улмаас, танхайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, иргэн А.Д.............мтай маргалдан зодолдож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч А.Д.............мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 1 дүгээр сарын 27-ны... шөнө 23 цагийн орчим найз Э.............нгийн хамтаар 2 хүүхдэд нь амттан авч өгөх гээд Их Наранд байрлах гэрээс нь гараад дэлгүүр орчихоод буцаад явж байтал Их Нарангийн 8 дугаар гудамжинд үл таних 2 залуу зогсож байсан. Тэгсэнээ тэр хоёр залуу “энэ бацаануудыг ална” гэх шиг болохоор нь би “юу гэнээ” гэтэл “яасан янз үзээд байна уу” гээд Э.............нг цохиж аваад зууралдаад байхаар салгах гээд очтол хамт явж байсан нэг залуу нь намайг барьж аваад зодсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26),
“...О.............р ...гэх залуу дээрээс өшиглөж зодсон. Тэгээд бид хоёр босоод барьж явсан пивоо түүнлүү шидэж зугтаад хашаа руугаа орсон чинь араас хэн нь орж ирснийг мэдэхгүй нэг нь малгайтай цамц толгой дээгүүр нөмөргөж дараад гараараа толгой руу цохиод байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28)
- Гэрч Э.Э.............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Их нарангийн 8 дугаар гудамжны үзүүрийн хашаанаас гарч ирсэн бөгөөд цагдаа нарыг ирэхээр нь би тэр хашаа руу цагдаатай цуг очтол хашааных нь эзэн нь “наад залуучууд чинь манайхаас гөлөг худалдаж аваад явсан, би танихгүй” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37)
“...А.Д.............мыг газар унагаасан бор царайтай өөрийгөө цэрэг гэсэн залуу өшиглөөд байсан. Ингээд би А.Д.............мыг аваад хашаа руугаа орсон чинь араас гурвуулаа орж ирээд би нэгэнтэй нь зууралдаад байж байхад намхан бор царайтай өөрийгөө цэрэг гээд байсан хүн А.Д.............мтай зууралдаад байсан. Нэг харахад А.Д.............мыг унасан байхад бор царайтай зууралдаж байсан хүн нь нүүр рүү нь өшиглөж, цохиж зодож байсан... А.Д.............мыг цэрэг гэх бор царайтай залуу ганцаараа зодсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39)
- Гэрч Н.Т.............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О.............р үл таних 2 залуутай зодолдоод...О.............рыг чирж хашаанд оруулахаар нь би барьж байсан нохойгоо Д.............тад өгөөд гүйгээд очтол хашаанд О.............рыг нөгөө 2 залуу зодож байсан хажууд нь Б.............н салгах гээд дийлэхгүй зогсож байхаар нь би нэг залууг нь түлхээд нөгөөдөхийг нь болиулаад байж байтал араас нэг нь цамцны малгайнаас татаад болихгүй байхаар нь О.............р очиж миний цамцнаас зуураад байсан залууг нь болиулж удалгүй гэрээс нэг тарган 35 орчим насны ах гарч ирээд бид нар хоорондоо зодолдохоо болиод салсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42),
- Гэрч Г.Б.............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гудамжинд Б.О.............р хохирогч болон хамт явсан хүнтэй нь гурвуулаа зууралдаад цаашаа хашаа руу орсон. ...Би уг хашаа руу очиход Б.О.............р хохирогчийг доороо хийсэн зодолдсон байдалтай байсан. ...Би Б.О.............рыг хохирогчийн дээр гарсан зодож байхаар нь түлхэж салгаад байж байсан чинь гэрээс настай ах гарч ирээд бид нар хашаанаас нь гараад машиндаа суугаад явсан. ...Хохирогчтой Б.О.............р зодолдоод байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 1992 дугаар дүгнэлт “...1. А.Д.............мын биед тархи доргилт, хамар ясны хугарал, баруун нүдний зовхи, зүүн нүдний зовхины дотор булан, зүүн зулайн хуйханд шарх, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн нүдний алиманд цус хуралт, дух, баруун нүдний гадна хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31),
- Шүүгдэгч Б.О.............рын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би ганцаараа араас нь хашаа руу нь ороод хохирогчийг нүүрэнд нь гараараа хэд хэдэн удаа цохиж зодсон. Тэгтэл гэрээс хүн гараад ирэхээр нь салаад хашаанаас гараад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76-78) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Б.О.............р нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “намайг мөргөсөн” гэх сэдэлтээр, хохирогч А.Д.............мыг цохиж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.О.............р нь хохирогч ...Д.............мын нүүрэн тус газар гараараа цохисон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба цохиулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Тиймээс шүүгдэгч Б.О.............рыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Д.............м нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч шүүгдэгч Б.О.............р нь хохирогчид 600.000 төгрөг өгсөн болох нь (хавтаст хэргийн 66) талд авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.О.............р нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Б.О.............рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгж буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.О.............рын үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр дууссан тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаар хуульчилсан бөгөөд тус зүйлийн 1.1 дэх заалтад заасан хугацаанд Б.О.............рын үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарагдаж байна гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ...” гэж заажээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид....зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон...гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж тус тус заажээ.
Иймд шүүгдэгч Б.О.............рын 2018 оны 01 дүгээр сарын 27-ны шөнө үйлдсэн гэх гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн буюу хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байх тул өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авч хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Эрүүгийн 1808 0065 30091 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хотон овогт Б.............нгийн О.............рыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.О.............рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ