Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/01001

 

Ц.Цгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 133/ШШ2018/00023 дугаар шийдвэр,

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаар магадлалтай,

Ц.Цгийн нэхэмжлэлтэй

Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх ОНӨГт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ц.Цгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Ц нь Говь-Алтай аймгийн ИТХ-ын дэргэдэх ОНӨАнд 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн ажиллаж байгаад 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 55 дугаартай тогтоол, 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн аймгийн Засаг даргын А/418 дугаартай захирамж, ОНӨГын Б/01 дугаартай тушаалуудыг тус тус үндэслэн ОНӨА татан буугдсан гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн. Уг асуудлаар сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны үр дүнд 2017 оны 03 дугаар сарын 7-ны өдрийн 86 дугаартай Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, мөн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 14 дугаартай Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал зэргээр ажилдаа эргэн орж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар болсон байна. Үүний үр дүнд 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ОНӨГын даргын Б/10 дугаартай тушаал гарч, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байнгын ажлын байран дээр Хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ажлаа хүлээлцэн ажиллаж эхэлсэн юм. Ингээд ажлаа хийж байтал 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр дахин дээрх үндэслэлээр ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудас өгсөн бөгөөд уг мэдэгдэх хуудсыг миний бие хүлээн зөвшөөрөөгүй тул гарын үсэг зураагүй юм. Мэдэгдэх хуудас өгснөөс хойш 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ОНӨГын даргын А/14 дугаартай тушаал гарч намайг чөлөөлсөн явдал нь хуульд нийцэхгүй байна. Учир нь дээрх байгууллага татан буугдсан гэсэн үндэслэлээр намайг ажлаас чөлөөлөөд энэ асуудал шүүхээр шийдэгдсэн байхад дахин дээрх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэг үндэслэлээр 2 удаа ажлаас чөлөөлж байгаа нь хуульд нийцэхгүй байгаагаас гадна Аймгийн ОНӨГын дарга З.Мөнхнасан нь шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэж хэлбэрийн төдий биелүүлж иргэн намайг хохироож байгаад гомдолтой байна. Иймд ОНӨГын даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/14 дугаартай тушаалыг хүчингүй болгож, намайг ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн ОНӨГ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус аймгийн шүүхэд Ц.Ц нь нэхэмжлэл гаргаж, хариуцагчаар ОНӨГын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг татсан байна. Нэхэмжлэгч Ц.Цгийн шүүхэд гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн нэхэмжлэлд дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг буюу ОНӨГыг шинээр байгуулахаар шийдвэрлэсэн. Хуучнаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Орон нутгийн өмчийн албыг Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 55 дугаар тогтоолоор татан буулгаснаар аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн А/418 дугаар захирамжаар аймгийн ОНӨА нь Худалдан авах ажиллагааны албатай нэгдэж ОНӨГ болон зохион байгуулагдаж бүтэц, орон тоог тогтоож өгсөн ба энэ захирамжаар манай газар нягтлан бодогчгүй болж, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогчийг хавсран гүйцэтгэхээр бүтцийг баталж өгсөн. Гэтэл тус газрын шинээр батлагдсан уг албан тушаал дээр татан буугдсан ОНӨАны нягтлан бодогч Ц.Ц, худалдан авах ажиллагааны албаны нягтлан бодогч Я.Знарыг сонгон шалгаруулах журмаар ажиллуулах зайлшгүй шаардлага гарсан тул Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэгт "Төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагч нь төсвийн ахлах нягтлан бодогчийг дараах байдлаар зөвшилцөн, томилж, чөлөөлнө", 19.6.3 дахь заалтад "аймаг, нийслэлийн төсөвт харьяалагдах байгууллагын төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагч нь өөрийн төсвийн нягтлан бодогчийг аймаг, нийслэлийн төрийн сангийн хэлтсийн даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө" гэж заасныг үндэслэн аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэст хүсэлт хүргүүлж, зөвшилцсөний үндсэн дээр тухайн ажлын байранд тус хэлтсээс сонгон шалгаруулалтыг зохион байгуулж хамгийн өндөр оноо авсан, тухайн ажлын байранд тавигдах ерөнхий болон бусад шаардлагыг хангаж буй А-3 гэрчилгээтэй Я.Зогсохжаргалыг санал болгосны дагуу худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогчоор ажиллуулахаар шийдвэрлэсэн юм. Я.Знь ажлын байранд тавигдах ерөнхий шаардлагыг бүрэн хангаж, шалгалтад өндөр оноо авсан төдийгүй тухайн үед жирэмсэн байсан юм. Нэхэмжлэгч Ц.Ц нь Я.Зогсохжаргалыг жирэмсэн, жирэмсэн хүнийг ажлаас халахгүй, шалгалтаар илүү оноо авсан, ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага хангаж байгаа, төсөв санхүү орон тоо байхгүй гэдгийг мэдэж байсан ба тухайн үед өөрөө ч ажлаас гарахаа хүлээн зөвшөөрч тэтгэмжээ авах тухай өргөдлөө бичиж өгсний үндсэн дээр тухайн үед ОНӨГын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч миний бие тэтгэмж олгох тушаалыг өргөдлөө өгснөөс хойш 1 хоногийн дараа гаргаж, тэтгэмжийг олгож байсан. Гэтэл Ц.Ц нь "өргөдөл дээрээ тэтгэмжийнхээ дүнг буруу бичсэн байна, засаад өгье" гэж хэлж аваад, тэр дор нь манай байгууллагын мэргэжилтэн Н.Цэвэлмаа бид хоёрын дэргэд урж хаяж, өөрийн гаргасан шийдвэрээсээ буцан удаа дараа шүүхэд хандаж байгаад гайхаж байна. Нэхэмжлэгч Ц.Ц нь дээрх шийдвэрүүдийг хууль зөрчсөн буруу шийдвэр гаргасан гэж үзэн аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж үүний үр дүнд аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 86 дугаартай шийдвэрээр Ц.Цг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсгийг баримтлаагүй байх тул нэхэмжлэгчийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэн нэхэмжлэгч Ц.Цг Аймгийн Засаг даргын дэргэдэх ОНӨГын худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогчийн ажилд эргүүлэн тогтоосон. Гэтэл нэхэмжлэгч Ц.Ц нь хуучнаар /татан буугдсан/ ОНӨАны нягтлан бодогчоор ажиллаж байсан ба шинэчлэгдэн байгуулагдсан аймгийн Засаг даргын дэргэдэх ОНӨГын Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогч гэсэн албан тушаал дээр томилогдоогүй, ажиллаж байгаагүй байхад анхан шатны шүүх уг албан тушаал дээр эгүүлэн томилох шийдвэр гаргасан. Тус шийдвэрийг нэхэмжлэгч Ц.Цгийн гаргасан нэхэмжлэлээс хальсан, "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судлаагүй, хэтэрхий нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангахын тулд гарсан нэг талын шийдвэр байна гэж үзэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан хэдий ч аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 86 дугаартай шийдвэрийг үндэслэлтэй хэмээн хэвээр үлдээсэн. Гэтэл уг албан тушаал дээр ажлын байрны ерөнхий шаардлагыг хангасан болон аймгийн Санхүү, төрийн сангийн хэлстийн шалгалтад хамгийн өндөр оноо авсан, жирэмсэн Я.Зтомилогдсон байсан ба тухайн үед жирэмсэн амаржсны амралттай байсан. Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэн Ц.Цг уг албан тушаалд томилон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад холбогдох хууль журмын дагуу сонсох ажиллагааг зохион байгуулж мэдэгдлийг өгч /Ц.Ц уг мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй гээд гарын үсэг зураагүй/ ажилласан болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Пүрэвдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Цгийн гаргасан нэхэмжлэлтэй танилцсан байгаа. Уг нэхэмжлэлээр манай ОНӨГ нь хоёр алба нэгдэж газар болсон. Хоёр алба нэгдэхэд хоёр нягтлан бодогч байсан учир хууль журмын дагуу санхүү, төрийн сангийн хэлтэст хүсэлт гарган ирсэн шийдвэрийн дагуу сонгон шалгаруулалт зарлан Я.Зогсохжаргалыг нягтлан бодогчоор томилсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу мэдэгдэл өгөөгүй чөлөөлсөн гэх шалтгаанаар хоёр ч шүүхээр орж унасан учир ОНӨГаас шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд Ц.Цг 2017 оны 5 дугаар сараас авч ажиллуулсан. Тухайн үед нягтлан бодогч Я.Зжирэмсний амралттай байсан. 2017 оны 10 дугаар сараас Я.Зжирэмсний амралтын хугацаа дуусч ажилдаа орж шүүхийн шийдвэрийг биелүүлж Ц.Цг ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч хууль зөрчсөн гэж байсан ямар хууль зөрчсөнөө сайн мэдэхгүй байна. Хууль журмын дагуу ОНӨГаас дээрх үйл ажиллагаанууд зарлагдсан байгаа гэжээ.

Гуравдагч этгээд Я.Зшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 онд Худалдан авах ажиллагааны алба гэж байхад ажиллаж байсан. 2016 онд хоёр байгууллага татан буугдаад нэг нягтлан бодогчтой байх шаардлага үүссэн. Худалдан авах ажиллагааны нягтлан бодогчоор шалгаруулалтад ороод тэнцсэн учир нягтлан бодогчийн ажилдаа үлдсэн. Би 7 сартай жирэмсэн байсан мөн худалдан авах ажиллагаагаар мэргэшсэн учир тухайн ажлын байрны шаардлагыг хангасан гэж үзэж байна. Төрийн сангаас шалгалт аваад тэнцсэн. Ц.Цгийн хувьд 03 дугаар сард шүүхийн шийдвэр гараад намайг жирэмсний амралттай байх хугацаанд 6 дугаар сард ажилдаа орсон байсан. Би 10 дугаар сард жирэмсний амралтын хугацаа дуусаад ажилдаа орсон гэжээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 133/ШШ2018/00023 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх ОНӨГт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай нэхэмжлэгч Тайж овогтой Цацралтын Ц.Цгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаар магадлалаар Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 133/ШШ2018/00023 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Ц хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалуудыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэгч миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байна. Учир нь: 1. ОНӨА нь 2016 оны 10-р сарын 20-ны өдрийн аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 55 тогтоолоор татан буугдаж Худалдан авах ажиллагааны албатай нэгдэж ОНӨГ нэртэй болсон. Ингээд 2016 оны 12-р сарын 20 нд миний ажлыг байгууллага татан буугдсан гэсэн үндэслэлээр буюу Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар намайг ажлаас чөлөөлсөн. Тухайн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхийн шийдвэрээр 2017 оны 06-р сарын 13-ны өдрийн ОНӨГын Б/10 дугаартай тушаалаар ажилдаа буцаж орсон. Гэтэл яг энэ үндэслэлээр буюу байгууллага татан буугдсан Өөрөөр хэлбэл “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” гэх үндэслэлээр намайг дахин 2017 оны 10-р сарын 12-ны өдөр дахин ажлаас чөлөөлсөн байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Яагаад нэг үндэслэлээр 2 удаа ажлаас чөлөөлөх болсон асуудалд дүгнэлт хийгээгүй. Миний бие татан буугдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөөд эргээд ажилдаа орсны дараа дахин байгууллага татан буугдаагүй болно. 2. Шүүх “Аймгийн засаг даргын тамгын газрын 2016 оны 12-р сарын 20-ны өдрийн албан бичиг, Ц. Ц.Ц, Я. Я.Знараас авсан шалгалтын материал зэргээр тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь уг шалгалтыг хэрхэн яаж авсан. Шалгалт авах ерөнхий журмыг баримталсан эсэх тал дээр анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй. Тухайлбал төрийн албаны шалгалтыг тусгай журам баримтлан авах ёстой. Энэхүү журмыг Төрийн албаны зөвлөлөөс 2013 онд 86 дугаартай тогтоолоор баталсан бөгөөд энэхүү журмын 2.6 дах хэсэгт Төрийн албаны зөвлөл Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1. 17.4. 17.5 дахь хэсэгт заасныг хангах, үүднээс сул орон тооны захиалгыг Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур, чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид болон төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн иргэдэд 10-аас доошгүй хоногийн хугацаанд Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар мэдээлнэ гэж заасан байхад шүүх энэ журмын дагуу уг шалгалт явагдсан эсэх талаар үнэн зөв үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Үнэхээр 2 нягтлан бодогчийг сонгон шалгаруулж хэн нэгнийг нь авах байсан бол энэ талаар эхэлж заавал мэдэгдэх ёстой байсан. 3. Анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлд заасан журмыг зөрчсөн байна гэж үзэж байна. Учир нь дээрх шалгалтын материал нь нотлох баримтын шаардлага хангахгүйгээс гадна уг шалгалттай холбоотой шинэ нотлох баримт илэрсэн байхад шүүх хүлээж аваагүй. Мөн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах хүсэлт гаргахад шүүх хүлээж авахгүй иргэн намайг хохироож байгаад гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалуудыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх ОНӨГт холбогдуулан тус газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж бичилт хийлгэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжтой гэж үзэв.

Ц.Ц нь Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх ОНӨАнд нягтлан бодогчоор ажиллаж байсан ба Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн А/418 дугаар захирамж, ОНӨГын Б/01 тоот тушаалаар ОНӨА татан буугдсан гэсэн үндэслэлээр Ц.Цг ажлаас нь чөлөөлсөн, нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 86 дугаар шийдвэрээр Ц.Цг ажилд нь эгүүлэн тогтоосон, уг шийдвэрийг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 14 дүгээр магадлалаар хэвээр үлдээжээ.

Шүүхийн шийдвэрийг биелүүлж, Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх ОНӨГын даргын 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар Ц.Цг аймгийн Засаг даргын дэргэдэх ОНӨГын худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогчоор томилсон боловч  2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “...аймгийн Засаг даргын 2016 оны А/418 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын дэргэдэх ОНӨГ байгуулагдаж, бүтэц орон тоог шинээр баталсан, Үүнд худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогч гэсэн орон тоо батлагдснаар ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдөж, давхардаж байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, аймгийн санхүү, төрийн сангийн хэлтсийн албан бичиг, сонгон шалгаруулалт зохион байгуулсан дүнг үндэслэн гэрээг дуусгавар болгох ” тухай мэдэгдэл өгсөн, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар ажлаас нь чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгч нь ажил олгогч нэг үндэслэлээр хоёр удаа ажлаас халсан гэж 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг хууль бус гэж үзсэн байна.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл нэхэмжлэгч Ц.Цгийн ажиллаж байсан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Орон нутгийн өмчийн албыг Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн А/418 дугаар захирамжаар Худалдан авах ажиллагааны албатай нэгтгэж, аймгийн Засаг даргын дэргэдэх ОНӨГыг байгуулсан, дээрх хоёр албанд ажиллаж байсан нягтлан бодогчийн орон тоо 1 болж, “худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогч” гэсэн албан тушаал бий болсон үйл баримт тогтоогджээ. 

Шинээр бий болсон Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх ОНӨГын дарга 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар Ц.Цг аймгийн Засаг даргын дэргэдэх ОНӨГын худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогчоор томилж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн боловч 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар ажлаас нь чөлөөлжээ.

Ц.Цг өмнө нь байгууллага татан буугдсан гэсэн үндэслэлээр 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ажлаас чөлөөлөхдөө ажил олгогч нь Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн А/418 дугаар захирамж, ОНӨГын бүтцийг баталсан захирамжийн хоёрдугаар хавсралт, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн сонгон шалгаруулалтын дүнг баримталсан бөгөөд шүүхийн шийдвэрийг үндэслэн ажилд авсны дараа дахин дээрх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн А/418 дугаар захирамжаар Иргэдийн төлөөлөгчдийн дэргэдэх Орон нутгийн өмчийн албыг, Худалдан авах ажиллагааны албатай нийлүүлж “ОНӨГ”ыг байгуулж, бүтэц, орон тоог баталсан, нэгдсэн хоёр алба нь нэг нягтлан бодогчтой болж, ОНӨАны нягтлан бодогч Ц.Ц, Худалдан авах ажиллагааны нягтлан бодогч Я.Знарыг сонгон шалгаруулах журмаар ажиллуулах нь зүйтэй гэж үзэн аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэст хүсэлт хүргүүлж, зөвшилцсөний үндсэн дээр тухайн ажлын байранд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, илүү оноо авсан, тухайн ажлын байранд тавигдах ерөнхий болон бусад шаардлагыг хангаж буй Я.Зогсохжаргалыг худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогчоор ажиллуулж, Ц.Цг ажлаас чөлөөлсөн гэсэн үйл баримт өмнө нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэл болсон байхад нэхэмжлэгчийг шинээр бий болсон ОНӨГт ажилд авсны дараа дахин дээрх үндэслэлээр чөлөөлснийг хоёр шатны шүүх эрх зүйн хувьд дүгнэж чадаагүй байна. 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Ц.Цг ажлаас чөлөөлсөн үйл баримтыг  хууль бус гэж тогтоосон байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан журмыг биелүүлсэн гэж, өмнөх үндэслэлээр дахин ажлаас чөлөөлж, ажил олгогч нь хуульд заагаагүй үндэслэлээр тушаал гаргажээ. Тушаалыг хууль бус гэж үзэх ойлголтод тушаалын үндэслэл, тушаалыг гаргах эрх бүхий этгээд, тушаал гаргах хуульд заасан урьдчилсан нөхцөл аль аль нь багтах бөгөөд аль нэг нөхцөл нь зөрчигдсөн нөхцөлд тушаал бүхэлдээ хууль бусд тооцогдоно.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг болох ОНӨГыг шинээр байгуулахыг шийдвэрлэсэн байх боловч аймгийн Засаг дарга уг үүргийг хэрэгжүүлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчих ёсгүй.

Иймд ажил олгогчийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/14 дүгээр тушаалын үндэслэл хуульд нийцээгүй тул нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн сарын дундаж цалин 839 757 төгрөг, нэг өдрийн цалин 39 059 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 14 хүртэлх хугацааны ажлын хоног 175 өдөр, олговор 6 835 325 төгрөгийг хариуцагчаас гаргуулна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говь-Алтай аймгийн Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаар магадлал, Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 133/ШШ2018/00023 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан Ц.Цг Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх ОНӨГын худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 6 835 325 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасугай” гэж, шийдвэрийн 2 дах заалтад ..дурьдсугай гэснийг дурьдаж, хариуцагчаас 124 315 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА