Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 07

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Сонинболор би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.У-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Засаг дарга, Ховд аймгийн Зэрэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/54 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэх”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай,

Ховд аймгийн Зэрэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 5/02 дугаар “Сумын Засаг дарга Б.У-г огцруулах саналыг уламжлах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ховд аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/124 дүгээр захирамжаар Ховд аймгийн Зэрэг сумын Засаг даргаар томилогдсон. Зэрэг сумын Засаг даргаар томилогдон ажиллах хугацаандаа Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх талаар гэрээ байгуулж, гэрээнд заасан ажлуудыг хийж гүйцэтгэхээс гадна Засаг даргын үндсэн чиг үүрэгт заасны дагуу сумын нийт иргэдийн эрүүл мэнд, малын бэлчээрийн даац, малын эрүүл мэнд, үйлдвэр угсааг нь сайжруулах талаар хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаж ирсэн. Мөн түүнчлэн сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтийн 100 орчим сая төгрөгийг богино хугацаанд төлүүлж  ажилласан. Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа сахилгын зөрчил гаргаж хариуцлага алдаж байгаагүй.

Гэтэл Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/54 дүгээр захирамжаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.2, 32.3, 32.7 дахь заалт, Зэрэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 5/05 дугаар тогтоолуудыг тус тус үндэслэн намайг Зэрэг сумын Засаг даргын албан тушаалаас огцруулсан.

Гэхдээ ямар үндэслэлээр уг албан тушаалаас огцруулах болсон талаар дурьдаагүй, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэдэг нь тодорхойгүй байгаа юм.

Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг зөрчсөн, мөн хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох, сонсох ажиллагаа явуулаагүй, намайг хууль бусаар огцруулсан учраас би шүүхэд нэхэмжлэлд гаргасан.

Дараа нь Ховд аймгийн Зэрэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 5/02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Энэхүү шийдвэр гаргахдаа мөн адил Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэдэг үндэслэлийн чухам аль үндэслэлээр намайг огцруулах санал гаргасан нь тодорхойгүй, Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг зөрчсөн, мөн хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох, сонсох ажиллагаа явуулаагүйд гомдолтой байна.  Миний 2017 оны үр дүнгийн гэрээг дүгнээгүй, сахилгын шийтгэл хүлээгээгүй, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас намайг чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж үзэж үүрэг чиглэл өгч байгаагүй. Гэрчүүдийн мэдүүлгээс харахад намайг хадлантай холбоотойгоор Засаг даргаас огцруулах санал гаргасан байна. Намрын хадлантай холбоотой холбогдох баримтыг би шүүхэд нотлох баримтаар өгсөн. 2017 оны 8 дугаар сарын 20-ний өдөр гэхэд хадландаа орох шийдвэр гаргасан. Зөрчлийн тухай хуульд хадлангийн талбайд малаа оруулсан тохиолдолд торгоно гэсэн заалт байдаг. Би үүнийг малчидад сурталчилж явсан. Хадланд орох асуудлыг шийдвэрлэхдээ сумын өргөтгөсөн хуралдаан хийж санал сонсож байж гаргасан. Энэ тухайгаа ч аймгийн Засаг даргад албан бичгээ хүргүүлж байсан. 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хадландаа орохыг хүндэтгэж байна гэсэн хариу ирүүлсэн. Би иргэдтэй зүй бусаар харьцаж байсан удаа байхгүй. 8 дугаар сарын 20-ноос хойш хадландаа ороод хэвшчихвэл сум орон нутагт ч гэсэн хэрэгтэй.

Ховд аймгийн Зэрэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит бус 5 дугаар хуралдааны тэмдэглэлээс харахад тус хурлын дарга нь намайг огцруулах санал гаргасан намын бүлгийн дүгнэлтийг хэлэлцэнэ гэх боловч намын бүлгийн дарга нь бүлгийн дүгнэлт байхгүй, төлөөлөгчийн санал байгаа гэх зэрэг байдал харагддаг. Энэ нь өөрөө хууль зөрчсөн үйл явдал юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-д зааснаар сумын Засаг дарга нь улс төрийн албан тушаалтан юм. Улс төрийн албан тушаалтныг томилж чөлөөлөх асуудал нь Үндсэн хууль болон Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулагддаг. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ”, мөн хуулийн 32.3-д “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ”  гэж заасны дагуу Ховд аймгийн Зэрэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 5/02 дугаар “Сумын Засаг дарга Б.У-г огцруулах саналыг уламжлах тухай” тогтоолыг үндэслэн Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/54 дүгээр захирамжаар түүнийг Зэрэг сумын Засаг даргын албан тушаалаас огцруулсан. Түүнээс биш аймгийн Засаг дарга өөрөө дур мэдэн огцруулах албан тушаалтан биш юм. Б.У-г огцруулах шийдвэр нь өөрөө улс төрийн хариуцлага хүлээлгэж байгаа улс төрийн шийдвэр юм. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д улс төрийн шийдвэр гаргах ажиллагаанд энэ хууль хамаарахгүй гэж заасан байдаг.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Зэрэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 5/02 дугаар “Сумын Засаг дарга Б.У-г огцруулах саналыг уламжлах тухай” тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандахад хөөн хэлэлцэх хугацаа яригдахгүй. Уг тогтоол гарах болсон үндэслэл нь зөвшилцөж ажиллаж чадахгүй байна гэдэг. Дараа нь Улаанбаатар хот уруу олон удаа явсан гэж тайлбарладаг. Мөн хадлантай холбоотой амьдралд нийцэхгүй шийдвэр гаргасан гэжээ. Гэхдээ Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасан үндэслэлийн аль үндэслэлээр нь огцруулах санал гаргасан нь ойлгомжгүй байна.

Аймгийн Засаг дарга нь Б.У-г сумын Засаг даргаас огцруулах шийдвэр гаргахдаа олонхийн саналаар шийдвэрлэсэн эсэхийг хянасан болохоос хууль зүйн үндэслэлийг нь хянаагүй юм.

Зэрэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 5/02 дугаар “Сумын Засаг дарга Б.У-г огцруулах саналыг уламжлах тухай” тогтоол болон Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/54 дүгээр захирамж гаргахдаа Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэдэг үндэслэлийг аль үндэслэлээр нь огцруулах санал гаргасан, огцруулах болсон нь тодорхойгүй байдаг. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.3-д “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ”  гэж заасан байхад хуульд заасан дээрх үндэслэлүүдийн хянаж шалгаагүй, хууль зөрчсөн юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт  цугларсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагчийн болон хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хуралдаанд оролцогчдоос гаргасан тайлбар зэрэгт  тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын “Ховд аймгийн Зэрэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 5/02 дугаар “Сумын Засаг дарга Б.У-г огцруулах саналыг уламжлах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, “Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/54 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.У нь Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/54 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэхээр нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Ховд аймгийн Зэрэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 5/02 дугаар “Сумын Засаг дарга Б.У-г огцруулах саналыг уламжлах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар шүүхэд шууд хандаж нэхэмжлэл гаргахаар, мөн хуулийн  15 дугаар зүйлийн 15.1-д “Нэхэмжлэлийг тухайн шийдвэр гаргасан захиргааны байгууллагын оршин байгаа газрын захиргааны хэргийн шүүхэд гаргана” гэж зааснаар Ховд аймаг дахь   захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн харьяаллын маргаан байна.

Ховд аймгийн Зэрэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 5/02 дугаар “Сумын Засаг дарга Б.У-г огцруулах саналыг уламжлах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Б.У нь Ховд аймгийн Зэрэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан “Ховд аймгийн Зэрэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 5/02 дугаар “Сумын Засаг дарга Б.У-г огцруулах саналыг уламжлах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр болсон Ховд аймгийн Зэрэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 5 дугаар хуралдаанаар Зэрэг сумын Засаг дарга Б.У-г огцруулах саналыг хэлэлцэж, “Сумын Засаг дарга Б.У-г огцруулах саналыг уламжлах тухай” тогтоол гарсан, уг хуралдаанд нэхэмжлэгч Б.У өөрөө оролцож саналаа хэлсэн болох нь тус хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна.

Мөн Ховд аймгийн Зэрэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 5/02 дугаар “Сумын Засаг дарга Б.У-г огцруулах саналыг уламжлах тухай” тогтоолыг нэхэмжлэгч Б.У гардан авсан болох нь гэрч Я.Азбилэгийн “...Зэрэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 5/02 дугаар “Сумын Засаг дарга Б.У-г огцруулах саналыг уламжлах тухай” тогтоол 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ёсчлогдон гарсан. Тэр өдөр Б.У миний 88770766 дугаарлуу залгаад уг тогтоолыг хурдан гаргаж надад авч ирж өг гэсэн,...тэгэхээр нь би уг тогтоолыг гаргаж гарын үсэг зуруулж баталгаажуулчихаад тэр өдөр нь буюу 2017 оны 8 дугаар сарын 28-ны орой Б.Ун-ын гэрт нь очиж Б.У-д өөрт нь өгсөн...” гэх мэдүүлэг,  Зэрэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2/03 дугаар албан бичигт “...Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 5 дугаар хуралдааны 5/02 дугаар тогтоолыг 2017 оны 8 дугаар сарын 28-нд Б.У-ын гэрт хүргэж өгсөн бөгөөд бүртгэл дээр гарын үсэг зуруулаагүй болно...” гэх зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “Дээд шатны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасан ба нэхэмжлэгч нь Зэрэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 5/02 дугаар “Сумын Засаг дарга Б.У-г огцруулах саналыг уламжлах тухай” тогтоолыг мэдэгдсэнээс хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д “Энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

2. Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/54 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Б.У нь Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Зэрэг сумын Засаг дарга Б.У намайг ажил, албан тушаалаас огцруулах захирамж гаргахдаа Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон...” эсэх, “...хууль тогтоомж зөрчсөн эсэх...”, эсхүл “...чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй...” гэх мэт ямар үндэслэлээр огцруулж байгаа нь ойлгомжгүй, мөн “...Зэрэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/02 дугаар тогтоол нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт хамааралтай эсэх, нотлох баримттай эсэх, бодитой эсэхийг тал бүрээс нь хянаж үзээгүй гэж,

Хариуцагч “...Зэрэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/02 дугаар тогтоолоор Б.У-г Зэрэг сумын Засаг даргаас огцруулах санал ирүүлсэн. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.2-т “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ”, мөн хуулийн  32.3-д “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/54 дүгээр захирамжаар Б.У-г Зэрэг сумын Засаг даргын албан тушаалаас огцруулсан” гэж тус тус мэтгэлцэжээ.

Ховд аймгийн Зэрэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэр бүхий 9 төлөөлөгч Зэрэг сумын Засаг дарга Б.У-г Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.2-т заасан чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй байна гэж үзэж түүнийг огцруулах саналыг тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Зэрэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад өргөн мэдүүлжээ.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.6-д “Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Зэрэг сумын Засаг дарга Б.У-г огцруулах саналыг хэлэлцэхээр Зэрэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 5 дугаар хуралдаан 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хуралдажээ.

Зэрэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн ээлжит бус 5 дугаар хуралдаанд нийт 21 төлөөлөгч 100 хувийн ирцтэйгээр оролцож, уг хуралдаанаар хэлэлцэх асуудлыг төлөвлөгөөнд тусгагдсан “Зэрэг сумын Засаг дарга Б.У-г огцруулах” асуудлыг хэлэлцэж, Зэрэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/02 дугаар “Сумын Засаг дарга Б.У-г огцруулах саналыг уламжлах тухай” тогтоол гарган Ховд аймгийн Засаг даргад хүргүүлсэн болох нь гэрч Д.Октябрийн “...Засаг дарга Б.У-г уг албан тушаалаас огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхэд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 21 төлөөлөгчөөс 18 төлөөлөгч нь огцруулах саналыг дэмжсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Баяржунаагийн “...Зэрэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлэг 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хуралдаж Засаг дарга чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй байгаа тул огцруулах санал гаргаж 9 төлөөлөгч гарын үсэг зурсан, 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит бус 5 дугаар хуралдаанд 21 төлөөлөгч оролцсоноос 18 төлөөлөгч Засаг даргыг огцруулах саналыг дэмжсэн...” гэх мэдүүлэг, гэрч Д.Ням-Очирын “...Зэрэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит бус 5 дугаар хуралдаанд 21 төлөөлөгч оролцсоноос 18 төлөөлөгч Засаг дарга Б.У-г огцруулах саналыг дэмжсэн...” гэх гэрчийн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан Зэрэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит бус 5 дугаар хуралдааны тэмдэглэл, Зэрэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 5 дугаар хуралдааны тооллогын комиссын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоол, Зэрэг сумын Засаг дарга Б.У-г огцруулах эсэх асуудлаар санал хураасан саналын хуудас, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна.

Ховд аймгийн Засаг дарга уг саналыг хүлээн авч Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/54 дүгээр “Б.У-г албан тушаалаас огцруулж, Я.Ж-д ажил хариуцуулах тухай” захирамж гаргажээ.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж хуульчилжээ.

Ховд аймгийн Засаг дарга нь Ховд аймгийн Зэрэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 5/02 дугаар “Сумын Засаг дарга Б.У-г огцруулах саналыг уламжлах тухай” тогтоолыг үндэслэн шийдвэр гаргасан нь дээрх хуулийн заалттай нийцэж байна.

Учир нь Ховд аймгийн Зэрэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 5/02 дугаар “Сумын Засаг дарга Б.У-г огцруулах саналыг уламжлах тухай” тогтоолыг эс зөвшөөрч шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргаагүй, хүчин төгөлдөр тогтоолыг үндэслэн гаргасан Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/54 дүгээр “Б.У-г албан тушаалаас огцруулж, Я.Ж-д ажил хариуцуулах тухай” захирамж нь хуульд нийцэж байна.

Иймд Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/54 дүгээр “Б.У-г албан тушаалаас огцруулж, Я.Ж-д ажил хариуцуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах...” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.У-ын Ховд аймгийн Зэрэг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 5/02 дугаар “Сумын Засаг дарга Б.У-г огцруулах саналыг уламжлах тухай” тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.
  2. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 32 дугаар зүйлийн 32.2, 32.3, 32.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.У-ын Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/54 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ       Г.СОНИНБОЛОР