Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 201/МА2017/00007

 

                                                                   Цагдаагийн газрын хүсэлттэй

хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Д.Байгалмаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Жавзандулам, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Бямбацогт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 20-ны өдрийн 138/ШШ2016/01444 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Бямбацогтын давж заалдах гомдлоор Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын хүсэлттэй Л.Бямбацогтыг албадан эмчилгээнд хамруулах тухай иргэний хэргийг 2017 оны 01 сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь Цагдаагийн газраас шүүхэд гаргасан хүсэлт болон тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөөгч Д.Жавзандулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Л.Бямбацогт нь эмнэлгийн дүгнэлтээр хохирогчид учруулах эрсдэлийн түвшин өндөр гарсан учир Монгол Улсын Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар Согтуурах донтой этгээдийг албадан эмчилгээнд хамруулна гэсэн заалтын дагуу албадан эмчилгээнд хамруулах хүсэлт гаргаж байна. Л.Бямбацогт нь дуудлагаар эрүүлжүүлэгдэн саатуулагдан захиргааны арга хэмжээ авагддаг. Миний хувьд Бямбацогтыг сайн мэднэ олон жил архи ууж байна. Бямбацогт орцны жижүүр хийдэг. Архи уусан үедээ гэр бүл, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж оршин суугчдаас хүртэл санал хүсэлт ирдэг. Архи уугаагүй үедээ ажилд сайн. Энэ хүн өөрийгөө удирдаад архинаас гарах ямар ч чадвар байхгүй. Иймээс зайлшгүй архины эмчилгээ хийлгэж байж архинаас гарч, үр хүүхэдтэйгээ хамт байх хэрэгтэй гэж бодож байна гэжээ.

Гуравдагч этгээд Л.Бямбацогт шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие архи уудаг нь үнэн. Олон жил болж байна. Ар гэрийн байдал хэцүү байгаа учир албадан эмчилгээнд явж чадахгүй. Сүүлийн хэдэн сар архи уухгүй байгаа. Албадан эмчилгээнд явахгүй, зөвшөөрөхгүй байна гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 20-ны өдрийн 138/ШШ2016/01444 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснааар Боржигон овогт Лосолын Бямбацогтыг албадан эмчлүүлж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар албадан эмчлэх газарт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Дорнод аймаг дахь Цагдаагийн газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

             Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Бямбацогт давж заалдах гомдолдоо: ... Миний бие зарим үед найз нөхөдтэйгээ архи уудаг тохиолдол байсан. Харин шүүхийн шийдвэрээр хол өөр газар эмчлүүлэх шаардлагагүй, энд аймгийнхаа эмнэлэгт хэвтэж ар гэрийнхэнтэйгээ ойр холбоотой асарч сувилуулан эмчлүүлэх хүсэлтэй байгаа тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж аймгийн төвийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх боломж олгож өгөхийг хүсье гэжээ.

                                                               ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй байна.  Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар “Өвчтэй нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон байхаас гадна уг этгээд нь нийгмийн хэв журмыг зөрчсөн зөрчил гаргасан байх”-ыг шаардсан байдаг.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Л.Бямбацогт нь 2016 онд 2 удаа албадан саатуулагджээ. Энэ нь Л.Бямбацогтыг албадан эмчилгээнд хамруулах үр дагаварт хүргэхүйц хэмжээнд нийгмийн хэв журмыг зөрчсөн  зөрчил тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд Л.Бямбацогтын давж заалдах гомдлыг хүлээн авч, Цагдаагийн газрын хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гуравдагч этгээд Л.Бямбацогтын давж заалдах гомдлыг хүлээн авч,  Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 138/ШШ2016/01444 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2  дахь заалтуудыг хүчингүй болгож, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Л.Бямбацогтыг албадан эмчилгээнд хамруулахыг хүссэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

  1. Шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээд Л.Бямбацогт нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Л.НАРАНБАЯР

                      ШҮҮГЧИД                                                               Д.БАЙГАЛМАА

                                                                                                      З.ЭНХЦЭЦЭГ