Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 861

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.О т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Очмандах, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          Прокурор С.Солонго,

          Яллагдагч Ш.О ийн өмгөөлөгч А.Бүдханд

          Хохирогч Б.У

          Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

         

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 1031 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Солонгын бичсэн 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 26 дугаартай эсэргүүцлээр Ш.О т холбогдох 1706 0018 70024 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Ш.О, 1988 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 11 дүгээр гудамжны 153 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Мичид Алтай” хотхоны 62-99 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:МЬ88041408/;

 

Ш.О  нь 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” зах дотор иргэн Б.У г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх Прокурорын газраас: Ш.О ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ш.О т холбогдох хэргийг прокуророос яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шилжүүлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ. Яллагдагч Ш.О т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “... Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэж заажээ. Шүүх хуралдаанд яллагдагч Ш.О  нь “хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсныг үгүйсгэхгүй, хохирогч Б.У д тодорхой хэмжээний нөхөн төлбөрийг барагдуулж өгнө. Хохирогч надаас хэдий хэмжээний нөхөн төлбөр нэхэмжлэхийг би мэдэхгүй байна. Мөн надад торгуулийн ял оногдуулах саналтай гэдгээ тайлбарлаагүй тул би хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээс татгалзаж байна” гэх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ. Иймд Ш.О т холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэж шийдвэрлэжээ.

 

Прокурор С.Солонго бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Ш.О т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд “Зарим хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журамд” зааснаар яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлт гаргах шаардлагагүй, хуульд зааснаар заавал хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зүйл анги бүхий гэмт хэрэгт хамаарахаар байна. Мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар дээрх хэргийг шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүхээс “Шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл шийтгэх тогтоол, гэм буруугүй гэж үзвэл Цагаатгах тогтоол”-ын аль нэг эрх зүйн хэлбэрийг гаргахаар заажээ.

Гэтэл шүүхээс хуульд байхгүй “Хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж” гаргасан нь хууль зөрчсөн байна гэж үзэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан хэрэгт шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаана гэсэн ойлголтгүй хуульчилсан учир мөрдөгч дээрх хэргийг хүлээн аваад мөрдөн шалгах ажиллагаа явуулах хуулийн хугацаа байхгүй гэж үзэж байна.

Шүүх хуралдаанд Ш.О  нь “хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсныг үгүйсгэхгүй, хохирогч Б.У д тодорхой хэмжээний нөхөн төлбөрийг барагдуулж өгнө. Хохирогч надаас хэдий хэмжээний нөхөн төлбөр нэхэмжлэхийг би мэдэхгүй байна. Мөн надад торгуулийн ял оногдуулах саналтай гэдгээ тайлбарлаагүй тул би хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс татгалзаж байна гэх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ” гэж хэргийг прокурорт буцаасан нь ойлгомжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дахь хэсэгт “... урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ” гэж заасан байна. Гэтэл мөн хуулийн 17.5 дахь хэсэгт заасан дээрх төрлийн хэргийг урьдчилсан хэлэлцүүлэг хийхгүйгээр шүүхээр шийдвэрлэхээр хуульчилсан.

Гэтэл шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэргийг прокурорт буцаахаар хуульчилсан хуулийн заалтыг баримтлан хэргийг прокурорт буцаасан нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн ...” гэв.

 

Шүүгдэгч Ш.О ийн өмгөөлөгч А.Бүдханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцэлтэй холбогдуулж ярих зүйл байхгүй, эсэргүүцлийг дэмжиж байна ...” гэв.

 

Хохирогч Б.У  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Надад шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй. Би шүүх хуралдаанд оролцох ёстой гэж бодож байна. Би гомдолтой байна, их зодуулсан. Анхан шатны шүүх хуралдаанд оролцмоор байна ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт “Яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргах”, “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх” гэсэн хоёр өөр журмыг хуульчлан зохицуулжээ.

Тухайбал, яллагдагч хүсэлт гаргаснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд найман жил хүртэл хорих ялтай гэмт хэргүүд хамаарах ба яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн баримт, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн тухай баримтуудыг хавсарган ирүүлэхээр /хуулийн 17.1 дүгээр зүйл/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх, мөн шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуульд заасан ердийн хэрэг хянан шийдвэрлэх журмыг баримтлахаас гадна тухайн бүлэгт заасан тусгай журмыг баримтлахаар тус тус заасан байна. /хуулийн 17.4 дүгээр зүйл/

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан тодорхой төрлийн хөнгөн гэмт хэргүүдийн хувьд сэжигтнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол танилцуулсан даруй, эсхүл нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай бол мөрдөгч мөрдөн байцаалтыг 14 хоногийн дотор явуулж хэргийг прокурорт шилжүүлэхээр хуульчилжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох зорилгоор гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авснаас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүртэл явуулж байгаа энэ хуульд заасан ажиллагааг хэрэг бүртгэлт гэнэ” гэж зааснаас үзэхэд хуульд тусгайлан заасан зарим төрлийн хөнгөн гэмт хэргүүдийн хувьд хэрэг бүртгэлтийн ажиллагаа дуусмагц тухайн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлэх ба шаардлагатай гэж үзвэл 14 хоногийн дотор мөрдөн байцаалт явуулах журмыг хуулиар тогтоосон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсгүүдэд прокурор хэргийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор хянаж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлэх, шүүх хүлээн авснаас хойш 72 цагийн дотор эцэслэн шийдвэрлэхээр заасан ба шүүхээс гэм буруутайг тогтоосон бол Эрүүгийн хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялыг оногдуулах боломжтой.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан зарим төрлийн хөнгөн гэмт хэргүүдийг шуурхай шийдвэрлэх үүднээс ердийнхөөс богино хугацааг тогтоосноос гадна яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эсхүл хохирлоо нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрэн хэлэлцсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байхыг хуулиар шаардаагүй нь яллагдагчийн хүсэлтэд үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээс онцлог ялгаатай байна.

Ш.О ийн холбогдсон “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан гэмт хэрэгт хамаарч байх тул энэ зүйлд заасны дагуу хялбаршуулсан журмаар буюу богино хугацаанд хянан шийдвэрлэх нь зүйтэй.

Гэтэл анхан шатны шүүх “... яллагдагч Ш.О  нь хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсныг үгүйсгэхгүй, хохирогч Б.У д тодорхой хэмжээний хохирол барагдуулна, торгуулийн ял оногдуулах саналтай гэдгээ тайлбарлаагүй тул хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээс татгалзаж байна ...” гэсэн шаардлагуудыг нэрлэн зааж хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй  болжээ.

 

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ш.О т холбогдох хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 1031 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Ш.О т холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.  

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл яллагдагч Ш.О т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВ

                                 ШҮҮГЧИД                                                          Д.ОЧМАНДАХ

                                                                                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ