Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 194

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч  Х.Анхцэцэг,

хохирогч С.А..............э

шүүгдэгч С.А..............н, түүний өмгөөлөгч Б.Мэргэн (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмдэлхийн дугаар 2553),  Л.Оргилчимэг (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмдэлхийн дугаар 2822) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүхийн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Борогжин овогт С.............угийн А..............ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 0369 91045 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянав.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Борогжин овогт С.............угийн А..............н, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1973 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, 45 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “Монголын мэргэжлийн анчдын холбоо” Төрийн бус байгууллагад амьтан асран хамгаалах, өсгөн үржүүлэгчээр ажилладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, .............................

Прокуророос тогтоосон хэргийн агуулга: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч С.А..............н нь 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар дугаар хорооны нутаг дэвсгэрт төрсөн ах С.А..............эг төмөр пайлц төмрөөр цээж, гаран тус газар нь цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

2018 оны 8 дугаар сарын 02-ноос 04-ний өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төмөр чингэлэгт төрсөн ах С.А..............эг хууль бусаар хорьж хүчээр алга болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:

Шүүгдэгч С.А..............н мэдүүлэхдээ: “...Би Төв аймгийн Дэлгэрхаан суманд байхад манай ээж бие нь муу байна гээд ярьсан. Би эхнэр рүүгээ яриад хоол цай эм тариад аваад өг гэж хэлсэн. Тэгсэн эхнэр ээжийг түргэн аваад явлаа. Ээж даралтын эм, зүрхний эм хоёроо андуурч уугаад байна гэж хэлсэн. Тухайн үед миний цалин буугаагүй байсан болохоор та тэтгэврээ авчих тэгээд эмнэлэгт хэвтчих гэсэн. Ээж “тэтгэврээ авах боломжгүй болсон А..............э банкнаас банкны хооронд шилжүүлнэ гэж намайг хуураад тэтгэврийн зээлийн хэмжээг нэмээд авсан байсан” гэж хэлсэн.  Тухайн үед нь надад хэлэхгүй яасан юм бэ гэхэд ээж хөдөө байсан болохоор хэлж чадаагүй гэсэн. Тэгээд ах А..............этэй утсаар ярих гэсэн нь хөдөө байна гээд утсаар ярихгүй байсан. Нэг холбогдсон чинь А..............э толгойтод айлын байшинд засвар хийж байгаа гэхээр нь тэр газар нь очсон чинь найзынхаа байшинд засвар хийж байсан. Ээжийн тэтгэврийг асуухад хариулахгүй болохоор нь А.............нтай хамт явж байсан гэсэн гээд А.............нтай нүүрэлдүүлэх санаатай очсон чинь А.............н байгаагүй. Тэгээд ах А..............э нь 2018 оны 3 сараас хойш гэртээ ирэхгүй байсан болохоор явуулчихвал алдана гээд гэртээ авчирсан. Гэртээ авчирхад оргож гарчих гээд байхаар нь контенерт...ор гэсэн чинь орохгүй байсан. Тэгэхээр нь гарын нь цохиод контенерт оруулсан. Цагдаагаар явж асуудлыг шийдье гэж тухайн үед бодож байсан. Контенерт оруулчихаад ээжээс яах уу гэсэн чинь ээж ахыгаа явуул гэсэн. Явуулахгүй ах удаа дараа таны мөнгийг чинь аваад байна цагдаагаар асуудлыг шийднэ гэж хэлсэн. Контенерт цоожилсны дараа ах А..............э нь орилоод байхаар нь гэмтлийн эмнэлэг дээр үзүүлэхэд хөнгөн гэмтэл гэхээр нь буцаагаад контенерт оруулсан. Гаргачихвал А.............нтай уулзаж хувилдах гээд байхаар нь буцаагаад контенерт оруулсан. Ахтай сайн ярилцахад “ээжийн тэтгэврээс 1 сая гаран төгрөг авсан түүнээс 700.000 төгрөгийг нь А.............н авсан. 300 гаран мянган төгрөгийг нь Ба....аа авсан, ах нь 100 гаран мянган төгрөг авсан. Тэгээд ээж дээр ирж чадаагүй, чи ахыгаа яахаа өөрөө мэд” гэсэн. А.............н та хоёрыг цагдаад өгнө гэсэн, удаа дараа ийм асуудал гаргаад баймааргүй байна гэж хэлсэн. Хоол цай өгч тэр орой буцаагаад контенарт цоожилсон. Маргааш нь ээжийг буулгахдаа ах дээр орж хоол хүнсний зүйл авч өгчөөд явсан. Буцаад явж байхад Амараа цагдан сэргийлэх гээд бөөн асуудал болоод байна чи эргээд хүрээд ир гэж хэлсэн. Буцаад ирсэн чинь контерийн цоожийг цохиод ах А..............эг гаргасан байсан. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирсэн...” гэв.

Хохирогч А..............э мэдүүлэхдээ: “...Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Хохирогч С.А..............эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сард ээжийн тэтгэврийн зээлийг урьдчилаад 1.400.000 төгрөгийг гаргуулж авсан юм. Тэгтэл 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр толгойтод найзынхаа хувийн байшинг засаж байтал дүү А..............н өөрийн охин болон ээж О.............оо нарын хамт ирээд машинд суучих А.............н ахынд очьё гээд намайг дагуулаад А.............нгийн гэрт очиход дүү байгаагүй. Тэгтэл шууд надтай хамт Найрамдалд байрлах гэрт очингуутаа ээжийн тэтгэврийн мөнгийг авч үрлээ гэх шалтгаанаар намайг ална гэж сүрдүүлж дөрвөн мөчийг чинь нэгийг хуга цохино гэж аашилж загнаж байснаа газраас пайлц цул төмөр авангуутаа цээж рүү цохиж намайг хашаанд байсан 20 тонны кантейнерт ор гэсэн би яаж орох юм гээд хэлтэл миний баруун гарын шуунд дахин төмөр пайлцаар нэг удаа цохиод кантейнерт хийж цоожилсон. Би гар хугарчихлаа гээд орилсон чинь онгойлгоод гэмтлийн эмнэлэг дагуулж ороод...үзүүлсэн чинь яс нь хугараагүй зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэж хэлээд тариа тарьж өгсөн. Тэгээд дүү дахин намайг авч ирээд кантейнерт хийж түгжэээд тэндээ хонуулсан. Маргааш нь дүү А..............н ирээд наанаа байж бай гэж хэлээд бие засуулаад буцаад оруулж түгжээд тэндээ дахин нэг өдөр хонуулсан маргааш нь ээж цагдаа дуудаж цагдаа нар ирж хаалга онгойлгож өгсөн...бид хоёр хамт амьдардаггүй юм урьд нь жилийн өмнө намайг дэмий тэнэж гадуур явлаа гэж нэг удаа цохиж авч байсан гэмтэл учиртал цохиж зодож байгаагүй...Дээрхи гэмтлийг төрсөн дүү А..............н төмөр пайлцаар цохиж байхдаа учруулсан гэмтэл байна...Манай ээж Г.............ннгийн О.............оо нь иргэний үнэмлэх авахдаа Ганганбуурал ургийн овог авсан. Би ээжийг дуурайгаад Ганганбуурал овгоор овоглох болсон. Харин дүү А..............н иргэний үнэмлэх авахдаа өөрөө Борогжин гэдэг ургийн овог авсан байсан. Бага байхад хүнд өргүүлсэн дүү болох Дашдэндэвийн А.............н бол Боржигон гэсэн ургийн овогтой болсон байсан. Бид гурав бол ургийн овог өөрч эцэг, эх нэгтэй ахан дүүс байгаа юм....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 109-11),

2. Гэрч М.Б.............ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэрийн урд амьдардаг найз А..............ны ээж намайг гэртээ байхад дуудсан юм. Намайг яваад очтол тэрээр “манай хүү А..............э кантейнерт цоожтой байгаа утсаараа яриулаач” гэхээр нь би кантейнерын завсраар өөрийн утсаа чанга яригч дээр нь тавиад А..............эг яриулсан. Тэгээд би гэртээ хариад байж байтал удалгүй алаг машинтай цагдаа нар ирээд кантейнерийн цоожийг цохиод А..............эг гаргаж ирж байгаа харагдсан. ...Би А..............эг утсаараа л хүнтэй яриулсан тэр ярьсан хүн нь л дуудлага өгсөн байх би бол цагдаа дуудаагүй. А..............э ямар шалтгаанаар кантейнерт цоожилогдсон талаар мэдэж байгаа зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17),

3. Гэрч Г.Э.............рын (дуудлагаар очсон цагдаа) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2-оос 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөдөлгөөнт сэлбэ-115 чиглэлд дэд ахлагч Лхагвабаяры н хамт үүрэг гүйцэтгэж байхад 14:00 цагийн үед Сэлбэ-10-аас Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Шижирийн амны орчимд байрлах хаягт дүү нь зодоод кантейнерт хоригдсон хүн байна гэхээр нь тухайн дуудлага дээр очих үед тус хаяг дээр настай эмэгтэй хүн тосож аваад хашааны ард байгаа 40 тонны кантейнерт хүн цоожтой байгаа гэж хэлсэн. Кантейнерын урд яваад очтол хаалганд завсар гарчихсан байдалтай дотор нь эрэгтэй хүн намайг манай дүү хорьчихлоо хоол ундгүй агааргүй хэцүү байна гэж хэлэхээр нь бид хоёр гэрээс нь сүх авчирч хаалганы цоожийг эвдлэн тухайн эрэгтэй хүнийг гаргатал баруун гарын шуу хэсэг хавдсан байдалтай харагдаж байсан. Сэлбэ-10 тай холбогдож байгаад тэр эрэгтэй хүнийг хэлтэс дээр авч ирсэн...Тэр хүний ярьснаар 2 хоног кантейнерт цоожлогдсон гэж байсан. Анх тэр эрэгтэй хүнийг харахад баруун гар хавдсан байдалтай харагдаж байсан. Манай дүү намайг хорьчихлоо гэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19),

4. Гэрч Г.О.............оогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр бага хүү А..............н ирэхээр нь би учир байдлыг хэлтэл хүү уурлаад А..............эгийн ажиллаж байгаа газарт нь олж очоод гэртээ авчран “битгий дэмий тэнэж алга болоод ээжийгээ орхиж яваад бай” гэж хэлээд А..............эд уурласан. Тэгтэл А..............э өөдөөс нь олон юм яриад байсан. Тэгтэл А..............н “ингээд дэмий тэнээд яваад бай” гээд хашаанд байсан жижиг төмрөөр гарыг нь нэг удаа цохиод төмөр кантейнерт хийгээд цоожилчихсон. Тэндээ хүү А..............э хоёр хоног байсан би арын айлын залуу Б.............нд хэлж цагдаа дуудаад цагдаа ирж хаалганы цоожийг эвдлэн А..............эг гаргаж ирсэн...Миний тэтгэврийн зээлийг миний хоёр хүү болох А..............э А.............н хоёр нийлж байгаад зээлж авсан....”,

“...А..............э, А.............н, А..............н гурав нэг эцэгтэй надаас гурван хүү  байгаа юм. А..............эгийн ургийн овог нь миний ургийн овогтой адилхан. А.............нг хүнд өргүүлсэн тул тухайн айлын ургийн овгоор овоглогдсон. Харин бага хүү А..............н өөрөө гүйж яваад Борогжин гэдэг ургийн овог авчихсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21, 112-113),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9560 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: Баруун хөхний дээд талд 5х5см, баруун бугалганы гадна талд 5х.5см, баруун шууны дотор талд 7х4см талбайд зулгаралт цус хуралттай...ДҮГНЭЛТ

1. С.А..............эгийн биед цээж бугалга шуунд зулгаралт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 25),

6. Шүүгдэгч С.А..............ны мөрдөн байцаалтад өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Найрамдал явах зам дагуу Баянголын аманд байрлах гэр бүлийн эзэмшлийн хашаанд миний ээж О.............оо төрсөн ах А..............эгийн хамт гэр барин амьдарч эхэлсэн юм. Би хааяа эргэж тойрч очдог хавар ажлаар хөдөө яваад 3-4 сар болоод хотод ирээд ээжийндээ яваад очтол ээж гэртээ ганцаараа биеийн байдал тааруухан. Амьдарч байгаа гэр нь усанд автчихсан, хоол ундгүй сууж байхаар нь ах А..............эг яасан юм гээд асуутал “цагаан сараас хойш гэртээ ирээгүй хаа байгааг нь мэдэхгүй” байна гэхээр нь “та ядаж тэтгэврийн мөнгөө аваад хоол унд авч болоогүй юм уу” гээд асуусан чинь А..............э, А.............н хоёр нийлээд ээжээр тэтгэврийн зээл авахуулаад үрчихсэн байсныг мэдсэн. Тэгээд би ээжийг дагуулаад ах А..............эгийн ажил хийж байгаа газрыг олж очоод А..............эг дагуулаад ах А.............н ахын гэрт очиход ах А.............н гэртээ байгаагүй. Тэгэхээр нь би ах А..............эг аваад Найрамдалд байрлах ээжтэй хамт амьдарч байсан гэрт авч ирсэн. Тэгээд ахаас ээжийн тэтгэврийн мөнгийг ямар шалтгаанаар авсан талаар асуухад тэрээр би 100.000 төгрөгийг нь л авсан үлдсэнийг нь А.............н аваад үрчихсэн гэж хэлсэн. Би ах А..............эг зугтаад алга болчих байх гэж бодоод кантейнерт ор гэтэл орохгүй хэл ам хийгээд байхаар нь газраас пайлц төмөр аваад ах А..............эгийн баруун гар орчимд нэг удаа нударч цохиод кантейнерт оруулаад түгжсэн. Өөр нэмж цохиж зодоогүй ахыг гэртээ ирэхгүй ээжийг орхиод алга болоод байхаар нь айлгах санаатай кантейнерт түр хийгээд түгжсэн тэрнээс өөр санаа байгаагүй. Тухайн өдөр амралтын өдөр байсан ах А.............нтай нүүрэлдүүлж байгаад ажлын өдөр хүртэл А..............эг алга болгочихгүй байж байгаад цагдаад хамт авч очих санаатай түгжсэн. А..............эг явуулчихаар буцаад олдохгүй байх гэж бодсон юм. Ах А..............э нь кантейнерт хоёр өдөр нэг шөнө л болсон...дээрх гэмтлийг би пайлц төмрөөр нэг удаа нударч цохин учруулсан гэмтэл байна. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 120-122),

7. Мөрдөгчийн шийдвэрийг хүчингүй болгох прокурорын тогтоол (хавтаст хэргийн 102), Доод шатны прокурорын шийдвэрийг хүчингүй болгох тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 115),

-шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 73, 46), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 70), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 50, 55-69), хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 51), Монголын мэргэжлийн анчдын холбооны тодорхойлолт, гэрчилгээний хуулбар, гишүүний анкет (хавтаст хэргийн 52-53) зэрэг  нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.А..............нд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч С.А..............н нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Шижирийн ам буюу Мишээл хотхоны ард байрлах гэр бүлийн хэрэгцээний өмчлөлийн өөрийн эзэмшлийн хашаандаа, 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр, төрсөн ах С.А..............эг “битгий дэмий тэнэж алга болоод ээжийгээ орхиж яваад бай, ээжийн тэтгэврийн мөнгийг авч үрлээ” гэх хувийн таарамжгүй сэдэлтээр, төрсөн ахыгаа айлгах зорилгоор, шууд санаатай үйлдлээр түүнийг төмөр пайлц төмрөөр цээж, гаран тус газар нь цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Мөн дээрх цаг хугацаанд буюу 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 04-ний өдрийг хүртэлх хугацаанд хууль бусаар, төмөр чингэлэгт хорьсон болох нь:

- Хохирогч С.А..............эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр...А..............н...Найрамдалд байрлах гэрт очингуутаа ээжийн тэтгэврийн мөнгийг авч үрлээ гэх шалтгаанаар намайг ална гэж сүрдүүлж дөрвөн мөчийг чинь нэгийг хуга цохино гэж аашилж загнаж байснаа газраас пайлц цул төмөр авангуутаа цээж...баруун гарын шуунд...төмөр пайлцаар...цохиод кантейнерт... хийж түгжээд тэндээ хонуулсан. Маргааш нь дүү А..............н ирээд наанаа байж бай гэж хэлээд бие засуулаад буцаад оруулж түгжээд тэндээ дахин нэг өдөр хонуулсан маргааш нь ээж цагдаа дуудаж цагдаа нар ирж хаалга онгойлгож өгсөн...бид хоёр хамт амьдардаггүй юм урьд нь жилийн өмнө намайг дэмий тэнэж гадуур явлаа гэж нэг удаа цохиж авч байсан гэмтэл учиртал цохиж зодож байгаагүй...Манай ээж Г.............ннгийн О.............оо нь иргэний үнэмлэх авахдаа Ганганбуурал ургийн овог авсан. Би ээжийг дуурайгаад Ганганбуурал овгоор овоглох болсон. Харин дүү А..............н иргэний үнэмлэх авахдаа өөрөө Борогжин гэдэг ургийн овог авсан байсан. Бага байхад хүнд өргүүлсэн дүү болох Дашдэндэвийн А.............н бол Боржигон гэсэн ургийн овогтой болсон байсан. Бид гурав бол ургийн овог өөрч эцэг, эх нэгтэй ахан дүүс байгаа юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 109-11),

- Гэрч М.Б.............ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэрийн урд амьдардаг найз А..............ны ээж намайг гэртээ байхад дуудсан юм. Намайг яваад очтол тэрээр “манай хүү А..............э кантейнерт цоожтой байгаа утсаараа яриулаач” гэхээр нь би кантейнерын завсраар өөрийн утсаа чанга яригч дээр нь тавиад А..............эг утсаар яриулсан. Тэгээд би гэртээ хариад байж байтал удалгүй алаг машинтай цагдаа нар ирээд кантейнерийн цоожийг цохиод А..............эг гаргаж ирж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17),

- Гэрч Г.Э.............рын (дуудлагаар очсон цагдаа) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 оос 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөдөлгөөнт сэлбэ-115 чиглэлд дэд ахлагч Лхагвабаярын хамт үүрэг гүйцэтгэж байхад 14:00 цагийн үед Сэлбэ-10-аас Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Шижирийн амны орчимд байрлах хаягт дүү нь зодоод кантейнерт хоригдсон хүн байна гэхээр нь тухайн дуудлага дээр очих үед тус хаяг дээр настай эмэгтэй хүн тосож аваад хашааны ард байгаа 40 тонны кантейнерт хүн цоожтой байгаа гэж хэлсэн. Кантейнерын урд яваад очтол хаалганд завсар гарчихсан байдалтай дотор нь эрэгтэй хүн намайг манай дүү хорьчихлоо хоол ундгүй агааргүй хэцүү байна гэж хэлэхээр нь бид хоёр гэрээс нь сүх авчирч хаалганы цоожийг эвдлэн тухайн эрэгтэй хүнийг гаргатал баруун гарын шуу хэсэг хавдсан байдалтай харагдаж байсан. ...Тэр хүний ярьснаар 2 хоног кантейнерт цоожлогдсон гэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19),

- Гэрч Г.О.............оогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр бага хүү А..............н...А..............эгийн ажиллаж байгаа газарт нь олж очоод гэртээ авчран “битгий дэмий тэнэж алга болоод ээжийгээ орхиж яваад бай” гэж хэлээд А..............эд уурласан. Тэгтэл А..............э өөдөөс нь олон юм яриад байсан. Тэгтэл А..............н “ингээд дэмий тэнээд яваад бай” гээд хашаанд байсан жижиг төмрөөр гарыг нь нэг удаа цохиод төмөр кантейнерт хийгээд цоожилчихсон. Тэндээ хүү А..............э хоёр хоног байсан би арын айлын залуу Б.............нд хэлж цагдаа дуудаад цагдаа ирж хаалганы цоожийг эвдлэн А..............эг гаргаж ирсэн...Миний тэтгэврийн зээлийг миний хоёр хүү болох А..............э А.............н хоёр нийлж байгаад зээлж авсан. ...А..............э, А.............н, А..............н гурав нэг эцэгтэй надаас гурван хүү  байгаа юм. А..............эгийн ургийн овог нь миний ургийн овогтой адилхан. А.............нг хүнд өргүүлсэн тул тухайн айлын ургийн овгоор овоглогдсон. Харин бага хүү А..............н өөрөө гүйж яваад Борогжин гэдэг ургийн овог авчихсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21, 112-113),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9560 дугаар дүгнэлт “..1. С.А..............эгийн биед цээж бугалга шуунд зулгаралт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...3. ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 25),

- Шүүгдэгч С.А..............ны мөрдөн байцаалтад өгсөн: “...Ээжийндээ яваад очтол ээж гэртээ ганцаараа биеийн байдал тааруухан. Амьдарч байгаа гэр нь усанд автчихсан, хоол ундгүй сууж байхаар нь ах А..............эг яасан юм гээд асуутал “цагаан сараас хойш гэртээ ирээгүй хаа байгааг нь мэдэхгүй” байна гэхээр нь “та ядаж тэтгэврийн мөнгөө аваад хоол унд авч болоогүй юм уу” гээд асуусан чинь А..............э, А.............н хоёр нийлээд ээжээр тэтгэврийн зээл авахуулаад үрчихсэн байсныг мэдсэн. ...Би ах А..............эг зугтаад алга болчих байх гэж бодоод кантейнерт ор гэтэл орохгүй хэл ам хийгээд байхаар нь газраас пайлц төмөр аваад ах А..............эгийн баруун гар орчимд нэг удаа нударч цохиод кантейнерт оруулаад түгжсэн. ...Ахыг гэртээ ирэхгүй ээжийг орхиод алга болоод байхаар нь айлгах санаатай кантейнерт түр хийгээд түгжсэн. ...Ах А..............э нь кантейнерт хоёр өдөр нэг шөнө л болсон. ...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 120-122) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч С.А..............н нь гэр бүлийн хамаарал бүхий төрсөн ах хохирогч С.А..............эг зодсон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Нөгөө талаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;” хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “тусдаа амьдарч байгаа ...ах..” тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд хамаарагдахаар тус тус хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл хууль зүйн хувьд шүүгдэгч С.А..............н, хохирогч С.А..............э нар нь хоорондоо төрсөн ах, дүү нар болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд дээрх хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд байна.

Мөн шүүгдэгч С.А..............н нь төрсөн ах С.А..............эг 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 04-ний өдрийг хүртэлх хугацаанд төмөр чингэлэгт хорьсон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.А..............н нь Монгол Улсын иргэний үндсэн эрх эрх чөлөөг зөрчин төрсөн ахыгаа хууль бусаар хорьсон болох нь тогтоогдсон.

Тодруулбал Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 13 дахь хэсэгт “/халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч...хорих,...эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно...” гэж заасныг зөрчсөн байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг хууль бусаар хорьсон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг шинжгүй бол” гэх гэмт хэргийн шинжийг мөн хангасан гэж үзнэ.

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч С.А..............ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мэргэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруу дээр маргахгүй. Харин Хүнийг хүчээр алга болгох гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй.” гэж тус тус заасан байдаг. Өөрөөр хэлбэл С.А..............ны үйлдсэн гэх гэмт хэрэг нь ах, дүү хоёрын хооронд болсон ахуйн шинжтэй маргааны улмаас болсон. Мөн хохирогчийн зүй бус удаа дараагийн үйлдлийн улмаас ахыгаа хашраах зорилгоор хорьсон болохоос ямар нэг гэмт хэрэг үйлдэх санаа зорилгогүй байдаг. Тиймээс дээрх нөхцөл байдлыг харгалзан гэмт хэрэгт тооцохгүй байх боломжтой.

Нөгөө талаас Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.” гэж, 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.” гэж заасан. Мөн Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэсэн байдаг.

Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн 7 дугаар зүйлийн i хэсэгт “хүмүүсийг хүчээр сураггүй алга болгох” гэж төрийн болон улс төрийн байгууллага, эсхүл тэдгээрийн зөвшөөрлөөр буюу дэмжлэгтэйгээр хүмүүсийг баривчлах, албадан саатуулах буюу хулгайлах, цаашдаа эрх чөлөөг нь тийнхүү хассаныг хүлээн зөвшөөрөхгүй буюу урт удаан хугацааны туршид хуулийн зүгээс хамгаалалтгүй орхих зорилгоор эдгээр хүний хувь заяа, эсхүл байгаа газрын талаар мэдээлэхээс татгалзахыг хэлнэ.” гэж,

“Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай” олон улсын конвенцид хүчээр алаг болох гэдгийг тайлбарлахдаа “алга болсон аливаа этгээдийн эрх чөлөөг хассан явдлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзcан буюу түүний хувь заяаны талаарх мэдээлэл, эсхүл оршин суугаа газрыг нуусны улмаас тухайн этгээдийг хуулийн хамгаалалт эдэлж чадахааргүй байдал хүргэхүйцээр төрийн төлөөлөгчид буюу этгээдүүд эсхүл төрөөс эрх олгогдсон, дэмжлэг буюу зөвшөөрөл авсан бүлэг этгээд тухайн этгээдийг баривчлах, саатуулах хулгайлах, эхсүл бусад хэлбэрийн эрх чөлөөг нь хасахыг хэлнэ” гэж тодорхойлоод нэгдэн орсон гишүүн улс Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцуулахаар заасан, заагаад нэгдэн орсон улсууд Эрүүгийн хуульдаа тусгахаар заасан байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүнийг хууль бусаар хорьсон нь хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийн шинжгүй...”, 2 дахь хэсэгт “мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан...” гэж хоёр ангилсан нь өмнөх 2002 оны Эрүүгийн хуульд “хүнийг хууль бусаар хорих” гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн “хүнийг хүчээр алга болгох” гэмт хэрэгт агуулгын хувьд нэгтгээд бичсэн байдаг. Олон Улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхдээ эргэлзээтэй нөхцөл байдалд оруулж хуульчилсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан ба  Олон улсын гэрээ нь ердийн дотоодын хууль тогтоомжоос илүү хүчин чадалтай зэргийг баримталж тайлбарлахад эргэлзээ үүсч байгаа тулд гэмт хэрэгт тооцуулахгүй байх саналтай байна гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй.

Учир нь дээрх Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын гэрээ, конвенц болон Монгол Улсын Үндсэн хуульд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг хууль тогтоогчоос тодорхойлсон. Нөгөө талаас тухайн Эрүүгийн хуулийг хэрэглэхэд ямар нэг эргэлзээтэй байдлаар хуульчилсан гэх асуудал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь баримтаар нэхэмжилсэн хохиролгүй, гомдол саналгүй гэх тул шүүгдэгч С.А..............ныг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч С.А..............ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгж тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.А..............н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Шүүгдэгч С.А..............н нь эрхэлсэн тодорхой ажилтай болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн биеийн байцаалт, хэрэгт цугларсан ажлын газрын тодорхойлолтоор тогтоогдож байна. Нөгөө талаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлагын дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Тиймээс шүүгдэгч С.А..............ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 450 нэгж, 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж, түүнд оногдуулсан торгох ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нэмж нэгтгэн нийт торгуулийн ялыг 1800 нэгжээр тогтоож, мөн хуулийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.  

Эрүүгийн 1808 0369 91045 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус  дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Борогжин овогт С.............угийн А..............ныг

- Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,

- Хүнийг хууль бусаар хорьсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүдэгч С.А..............ныг

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгж буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 (нэг мянга гурван зуун тавь) нэгж буюу 1.350.000 (нэг сая гурван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч С.А..............нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар оногдуулсан 450 нэгжийн торгох ял дээр мөн хуулийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1350 нэгжийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялыг 1800 (нэг мянга найман зуун) нэгж буюу 1.800.000 (нэг сая найман зуун мянга) төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.А..............нд оногдуулсан 1800 (нэг мянга найман зуун) нэгж буюу 1.800.000 (нэг сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Энэ хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдолгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөөр гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А..............нд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МӨНХЗУЛ