Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 195

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч С.Оюунжаргал,

хохирогч Б.Б...........д, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0440)

шүүгдэгч Б.Э...........р нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигон овогт Б...........үүгийн Э...........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалт, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1803 0093 10486 дугаартай 1 хавтаст хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Б...........үүгийн Э...........р, Монгол Улсын иргэн, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 1988 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй суурь боловсролтой, хөргөлтийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг гэх, ......................

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Б...........үүгийн Э...........р нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 16 цагийн үед Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тахилтын гүүрний арын замд ............ УБА улсын дугаартай Тоуота corolla маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан.. “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдийг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Б.Б...........дын эрүүл мэндэд хүнд хохирол, Д.Э............гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулаад хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:

Шүүгдэгч Б.Э...........р мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул таних мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хохирогч Б.Б...........д мэдүүлэхдээ: “...Би шүүгдэгчтэй төрөл саданыг хүн учраас мэдүүлэг өгөхгүй...” гэв

 Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Хохирогч Б.Б...........дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дүүгийнхээ хамт грүппээ сунгуулчихаад өдөр 14 цагийн орчимд худ Э............гийнд ирсэн юм. Тэгээд манай худ Э............г хүү Э...........рын хамт нүүрсэнд явна гэхээр нь би бас гэртээ нүүрс авах санаатай худ Э............г хүү Э...........р нарын хамт Э...........рын машинд нь суугаад бид гурав Тахилтын эцсийн буудлаас шатахуун аваад буцаад явж байгаад л гэнэт замаас гараад л онхолдсон юм. Тэгээд юу болсон мэдэхгүй нэг мэдсэн гэмтлийн эмнэлэгт ирчихсэн байсан...Э...........р миний садан төрөл биш манай худ Э............гийн төрсөн хүүхэд нь байгаа юм...би автомашины зүүн хойд талд сууж явсан. Автомашиныг Э............гийн хүү Э...........р нь өөрөө барьж явсан юм...би гаднаас Э............г эгчийнд ирэхэд Э...........р, Э............г эгч нар ямар нэг согтууруулах ундааны зүйл уугаагүй байсан би өөрөө архи дарс уудаггүй...Энэ ослын улмаас хүзүү хугарсан байгаа...миний эмчилгээнд хэдэн төгрөгийг зарцуулсныг би мэдэхгүй манай дүү Батхуяг мэдэж байгаа. ...Миний биеийг Э...........рын ээж Э............г нь өөрөө намайг асарч байгаа тул одоогоор санал хүсэлт байхгүй байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19),

2. Д.Э............гийн мөрдөн шалгах ажиллагаанд;

- гэрчээр өгсөн: Би 2018 оны 11 дүгээр сарын 01-ний...өдөр 16 цагийн орчимд байх хүү машинаа засчихлаа маргааш би ажилтай одоо шатахуун аваад таньд түлээ нүүрсийг чинь бэлдэж өгье гэхээр нь би хүүгийн хамт гэрээсээ гарах болсон. Тэгтэл манай хүргэний ах..Б.Б...........д нь тухайн үед манайд сууж байсан. Хүү бид хоёрыг гарах гэтэл өө би цуг явъя гээд хүү бид хоёрын хамт машинд суугаад явсан. Тэгээд бид гурав Тахилтын ШТС-аас 15000 төгрөгөнд шатахуун аваад буцаад доошоо уруудаад явж байтал гэнэт машин замаас гараад онхолдох шиг болсон...миний хүзүү хөл байнга өвддөг учраас өглөө оройд 100 грамм дарсан архи уудаг юм. Тухай өглөө би 100 грамм архи уучихсан байсан...осол болох үед манай хүү машинаа орхиж явсан байсныг би сүүлд нь мэдсэн тэрнээс хойш гэртээ ирэхгүй би сургийг нь гаргаж чадаагүй байсан. Тэгтэл Баянзүрх дүүргийн цагдаа нар барьж ирсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39),

- иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...Би автомашины хажууд буюу урд суудалд сууж явсан...ослын улмаас миний биед хөнгөн гэмтэл учирсан одоо миний биед зовиур байхгүй...би 20000 төгрөгөөр эм авч уусан, өөр эмчилгээ хийлгээгүй. Харин хүү бид хоёрын автомашинд сууж явсан Б...........дыг би гэртээ аваачиж 1 сар 10 хоног хажуудаа байлгаж асарч байсан. Мөн эмчилгээний зардалд хүү Э...........р бид хоёр 710.000 төгрөгийг зарцуулсан...миний хүү Э...........р манай бага хүү байгаа юм огцом ууртай, ямар нэг муу зуршилгүй, архи уух дуртай, тогтсон ажил төрөл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36),

3. Гэрч А.М............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр 02-ны өдөр 16 цаг өнгөрч байсан байх “Таван шар” орох гээд гэрээсээ гараад Тахилтын эцсийн буудлаас таксинд суугаад хойноосоо урагшаа зүгт явж байтал Тахилтын гүүрний баруун хойд талын жалганд нэг суудлын автомашин онхолдсон байсан юм. Би таксийг зогсоогоод яваад очтол эрэгтэй, эмэгтэй хоёр хүн машинаасаа гараад ирчихсэн жалган дотор эрэгтэй нь нилээн бэртэл авчихсан бололтой, эмэгтэй нь түшчихсэн сууж байхаар нь өөр хүн байгаа юм уу гэхэд байхгүй гэсэн би тухайн үед гар утасгүй явж байсан тэгтэл бас нэг залуу гүйж ирээд тэр залуу бид хоёр 102 болон 103-д дуудлага өгсөн гэтэл удалгүй түргэний эмч нар ирээд гэмтсэн гэх хоёр хүнийг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан юм. Нөгөө залуу бид хоёр цагдааг иртэл ослын газарт байж байтал Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн хэлтсийн нэг цагдаа эхэлж ирсэн залуу бид хоёр тэр цагдаад нэр хаягаа өгөөд явсан байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40),

4. Гэрч Г.Н............жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр 02-ны өдөр 15 цаг өнгөрч байсан байх гэрээсээ гараад Тахилтын эцсийн буудлаас ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа зүгт явж байтал Тахилтын гүүрний хойд талын буюу зүүн талын үерийн усны жалганд саарал өнгийн суудлын автомашин онхолдсон байсан юм. Би машинаасаа буугаад уг машин дээр очиход онхолдсон машины хажууд нэг эмэгтэй, нэг эрэгтэй хоёр хүн хэвтэж байсан, эрэгтэй хүний толгойноос цус гарчихсан байхаар нь би биеийн байдлыг нь асуугаад шууд өөрийнхөө гар утсаар 102 болон 103-д дуудлага өгсөн, удалгүй түргэний эмч нар ирээд нөгөө хоёр хүний биед үзлэг хийгээд би түргэний машинд суулгаж өгөөд явуулсан юм. Түргэний эмч нарыг байхад Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн эргүүлийн цагдаа нар ирсэн би өөрийнхөө гар утасны дугаар болон нэр хаягаа өгөөд явсан юм...автомашиныг онхолдож байгааг нь хараагүй, намайг хойноос ирэхэд л жалганд онхолдсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 13379 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний дээд зовхинд 0.6см, 0.9см урт шархтай, оёдол тавьсан, дагзны төвгөрт мөн шархтай, оёдол тавьсан, баруун зулайгаар хүрэн өнгийн тав бүхий эдгэрч эхэлсэн зулгаралттай, хүзүүнд бэхэлгээ зүүсэн, баруун сүүжний дэлбэнгийн урд дээд хэсэгт мэс заслын шархтай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.

ГССҮТ-ийн ХННГТ-ийн 14410 дугаартай өвчний түүхэнд: ...Өвчний түүх нээсэн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 1945 цаг...өвчин эхэлсэн 2018 оны 11 сар 02 өдөр 1700 цаг..Эмчид үзүүлсэн 2018 он 11 сар 02 өдөр 1940 цаг...

Хэвтэх үеийн зовиур: Нуруугаар өвдөнө....

Ерөнхий үзлэг: Биеийн ерөнхий байдал дунд. Ухаан санаа саруул. Орчиндоо харьцаатай. Байрлал албадмал...

Хэсэгт газрын үзлэг: Дагзны зүүн талд 2 см орчим шархтай, зүүн нүдний дээд зовхинд няцарсан шархтай, сээр нуруу орчим маш их өвчин эмзэглэлтэй. Мөчдөд саа саажилтгүй...

2018.11.01-ны Толгойны томограммуудад гавал ясанд хугарал тодорхойлогдохгүй. Хамар ясны зүүн хажуу хана 0.4 см зөрөөтэй хугаралтай. Зүүн нүдний ухархайн дотор хана этмойд хөндий рүү 1.8 см өргөн хэсэгт 0.4 см цөмөрсөн хугаралтай. Этмойд болон ухархайд бага хэмжээний хийтэй. Хугарлын харалдаа нүүрний хэсэг, зөөлөн эдэд хамрын эргэн тойронд, зүүн нүдний эргэн тойронд хаван хавдартай...2 талын тухны дэлбэнд тархины эдэд 3.0х1.5 см хэмжээ бүхий тархиы эдийн нягтрал буурсан голомттой. Тархины бор ба цагаан эдийн ялгарал жигд буурсан бага зэргийн хавантай. Дагзны ар хэсэгт зөөлөн эд хуйхандаа бага хэмжээний хаван хавдартай, жижиг хийтэй...

КТГ: ...С3-н нугалаа их биеийн урд гадаргуу хугаралтай мөн зүүн хөндлөн сэртэн дайрсан хугаралтай. Энэ түвшинд арын хана бүрэн бүтэн байдлаа алдаагүй. С5-н нугалам арын сэртэн хугаралтай. С6-н нугалам их бие болон зүүн хөндлөн сэртэн дайрсан бяцарсан, салсан хугаралтай. Урагш мултралтай. Уг нугалмын арын хана дайрсан бяцарсан, салсан хугаралтай. Урагшаа мултралтай. Уг нугалмын арын хана бүрэн бүтэн байдлаа алдаж нугасны суваг руу түрж орсон, энэ түвшинд АР хэмжээ- 0.7см...

2018.11.6-ны мэс заслын тэмдэглэл: ...Хүзүүний баруу урд хэсгээр хөндлөн зүслэг хийн.. С 6/7 нугалмын задарсан дискийг авч нугасыг дарах холбоосыг авч нугасыг чөлөөлөв. Ясны мөгөөрсийг авч декортикаци хийв...Сүүжний баруун урд дэлбэн орчим... Зүслэг хийн...Ясны хэм авав.... Авсан ясны хэмээ С6/7 нугалмын завсар хавчуулан титан ялтсаар С6 С7 нугаламд бэхлэв... гэжээ...ДҮГНЭЛТ

1. Б.Б...........дын биед хүзүүний 3-р нугалмын их бие, зүүн хөндлөн сэртэн, 5-р нугалмын арын сэртэн, 6-р нугалмын их бие, зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, 6-р нугалмын мултрал, нугасны дарагдал, хамар яс, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамар, зүүн нүд, дагзны хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, дагзанд шарх, баруун зулайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

...3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

...5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 47)

6. Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 838 дугаар дүгнэлтэд

1.“...Т.Королла маркийн ............ УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б...........үү овогтой Э...........р нь МУ-ын ЗХД-ийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 51),

7. Жолоочийн лавлагаа мэдээлэлд “...Б...........үү овогтой Э...........р ...жолооч болсон огноо 2018 оны 11 дүгээр сарын 17...” гэх баримт (хавтаст хэргийн 84),

8. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “...17 цаг 50 минутад ...осол болсон газар очиход...машины жолооч нь ослын газраас явсан байсан... жолооч ослын газраас автомашинаа орхиж явсан байсан...” гэх баримт (хавтаст хэргийн 3-4), 

9. Шүүгдэгч Б.Э...........рын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр 01-ний шөнө 02 цагт байх Налайхаас гэртээ ирж хоноод тэгээд маргааш өглөө нь унтаж байгаад өдөр босоод ээжид нүүрс түлээ авч өгөх гээд 15 цагийн орчимд байх ээж бид явах болсон юм. Энэ үед манайд манай ээжийн дүүгийн нөхрийн нь ах Б...........д манайд байж байсан, ээж бид хоёрыг гарах гэтэл би хамт явъя гээд ээж бид хоёртой хамт нүүрс авахаар гараад бид гурав Тахилтын эцсийн буудал дээр байдаг “МТ-ШТС"-аас 15000 төгрөгөнд шатахуун аваад буцаад доошоо уруудаад явж байтал миний зүүн гар талаар хар өнгийн суудлын автомашин шахаад ороод ирсэн би сандраад баруун гар тийшээ дарсан, баруун талын замын хашлага мөргөөд буцаад эсрэг урсгал руу ороод чигээрээ зогсож чадалгүй хашлага даваад замын цаад талын жалга руу орж онхолдсон юм. Тэгээд би машинаасаа гарч ирээд ээжийг татаж гаргаад хажуугаар явж байсан хүмүүс хүрч ирээд миний машиныг түлхэж байхад нь би айгаад ослын газрыг орхиж явсан юм... Би зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд 50-60 км/цагийн хурдтай явж байсан...Манай ээж миний хажууд буюу зүүн урд суудалд, Б...........д ах автомашины хойд суудалд сууж явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-63),

10. Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-11), зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 12-13), ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Дуудлага лавлагааны хуудас Шуурхай удирдлагын хэлтэс-103-ын MCJK16660535, MCJK16660579 дугаар хуудас (хавтаст хэргийн 80 81), тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 66),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 65, 78), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 64), жолоочийн түр зөвшөөрөл (хавтаст хэргийн 77) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Э...........рт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Э...........рыг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан, мөн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах, хохирогчид энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь өөрт учирсан хүнд гэмтэлтэй холбоотой хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэх дүгнэлтийг, 

Хохирогч, түүний өмгөөлөгч, шүүгдэгч нар нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Б.Э...........р нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тахилтаас Орбит чиглэлд явах замд буюу үерийн ус зайлуулах гүүрэн гарцаны орчим,  2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 16 цагийн үед тээврийн хэрэгсэл жолоодох эрх аваагүй байхдаа ............ УБА улсын дугаартай “Тоуота corolla” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар зүйлд заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас онхолдож, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Б.Б...........дын эрүүл мэндэд хүнд хохирол, Д.Э............гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Мөн дээрх цаг хугацаанд шууд санаатай үйлдлээр, зам тээврийн осол болсон хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь:

1.Хохирогч Б.Б...........дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр...14 цагийн орчимд худ Э............гийнд ирсэн юм. Тэгээд манай худ Э............г хүү Э...........рын хамт нүүрсэнд явна гэхээр нь би бас гэртээ нүүрс авах санаатай худ Э............г хүү Э...........р нарын хамт Э...........рын машинд нь суугаад ...явж байгаад гэнэт замаас гараад л онхолдсон юм. ...Автомашиныг Э............гийн хүү Э...........р нь өөрөө барьж явсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19),

- Д.Э............гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: ...Хүү бид хоёрыг гарах гэтэл Б...........д би цуг явъя гээд хүү бид хоёрын хамт машинд суугаад явсан. Тэгээд бид гурав...шатахуун аваад буцаад доошоо уруудаад явж байтал гэнэт машин замаас гараад онхолдох шиг болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39),

- Гэрч А.М............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр 02-ны өдөр 16 цаг өнгөрч байхад...Тахилтын эцсийн буудлаас таксинд суугаад хойноосоо урагшаа зүгт явж байтал Тахилтын гүүрний баруун хойд талын жалганд нэг суудлын автомашин онхолдсон байсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40),

- Гэрч Г.Н............жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр 02-ны өдөр...Тахилтын эцсийн буудлаас ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа зүгт явж байтал Тахилтын гүүрний хойд талын буюу зүүн талын үерийн усны жалганд саарал өнгийн суудлын автомашин онхолдсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 13379 дугаар дүгнэлт “...1. Б.Б...........дын биед хүзүүний 3-р нугалмын их бие, зүүн хөндлөн сэртэн, 5-р нугалмын арын сэртэн, 6-р  нугалмын их бие, зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, 6-р нугалмын мултрал, нугасны дарагдал, хамар яс, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамар, зүүн нүд, дагзны хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхи, дагзанд шарх, баруун зулайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 47), 

- Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 838 дугаар дүгнэлтэд “...1.“...Т.Королла маркийн ............ УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б...........үү овогтой Э...........р нь МУ-ын ЗХД-ийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.....” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 51),

- Жолоочийн лавлагаа мэдээлэлд “...Б...........үү овогтой Э...........р ...жолооч болсон огноо 2018 оны 11 дүгээр сарын 17...” гэх баримт (хавтаст хэргийн 84),

2.Э............гийн мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...манай хүү машинаа орхиж явсан байсныг би сүүлд нь мэдсэн тэрнээс хойш гэртээ ирэхгүй би сургийг нь гаргаж чадаагүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39),

- Гэрч А.М............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тахилтын гүүрний баруун хойд талын жалганд нэг суудлын автомашин онхолдсон байсан юм. Би таксийг зогсоогоод яваад очтол эрэгтэй, эмэгтэй хоёр хүн машинаасаа гараад ирчихсэн...байхаар нь өөр хүн байгаа юм уу гэхэд байхгүй гэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40)

- Гэрч Г.Н............жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тахилтын гүүрний хойд талын буюу зүүн талын үерийн усны жалганд саарал өнгийн суудлын автомашин онхолдсон байсан. Би машинаасаа буугаад уг машин дээр очиход онхолдсон машины хажууд нэг эмэгтэй, нэг эрэгтэй хоёр хүн хэвтэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44),

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “...17 цаг 50 минутад ...осол болсон газар очиход...машины жолооч нь ослын газраас явсан байсан... жолооч ослын газраас автомашинаа орхиж явсан байсан...” гэх баримт (хавтаст хэргийн 3-4),

- Шүүгдэгч Б.Э...........рын мөрдөн байцаалтад өгсөн: “...Манайд манай ээжийн дүүгийн нөхрийн нь ах Б...........д...байсан. Ээж бид хоёрыг гарах гэтэл би хамт явъя гээд ээж бид хоёртой хамт нүүрс авахаар гараад бид гурав Тахилтын эцсийн буудал дээр байдаг “МТ-ШТС"-аас 15000 төгрөгөнд шатахуун аваад буцаад доошоо уруудаад явж байтал миний зүүн гар талаар хар өнгийн суудлын автомашин шахаад ороод ирсэн би сандраад баруун гар тийшээ дарсан, баруун талын замын хашлага мөргөөд буцаад эсрэг урсгал руу ороод чигээрээ зогсож чадалгүй хашлага даваад замын цаад талын жалга руу орж онхолдсон юм. Тэгээд би машинаасаа гарч ирээд ээжийг татаж гаргаад хажуугаар явж байсан хүмүүс хүрч ирээд миний машиныг түлхэж байхад нь би айгаад ослын газрыг орхиж явсан юм. ...Манай ээж миний хажууд буюу зүүн урд суудалд, Б...........д ах автомашины хойд суудалд сууж явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-63) зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь захиргааны хэм хэмжээ тогтоосон акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар зүйлийг зөрчсөн болохыг Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн дүгнэлтээр, зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгслээр зорчиж явсан зорчигчид хүнд зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоосон.

Түүнчлэн шүүгдэгч Б.Э...........р нь зам тээврийн осол болох цаг хугацаанд буюу 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасан “механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жолоодох эрхийн үнэмлэхээр баталгаажуулна” гэсэн шаардлагыг хангаагүй байхдаа зөрчин тээврийн хэрэгсэл жолоодож явсан байна.

Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг.

Мөн зам тээврийн осол болсон хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь гэрч Д.Э............г, А.М............р, Г.Н............ж нарын мэдүүлэг болон зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл хэсэг, заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б...........д нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, нөгөө талаас шүүгдэгч Б.Э...........р хохирол, хор уршгийн зардалд хохирогчид 710.000 төгрөг төлсөн болох нь тэдний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Тиймээс шүүгдэгч Б.Э...........рыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Харин тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б...........дод учирсан хохирол, хор уршиг бүрэн арилаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон түүний хувийн байдлаас харагдаж байх тул хохирогч нь өөрт учирсан хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

- Улсын яллагчаас шүүгдэгч Б.Э...........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож уг торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасны дагуу торгуулийн ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож нийт торгуулийн ялыг 30 хоногийн хорих ялаар сольж, 2 жил 1 сарын хорих ял дээр 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 2 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлд зааснаар биечлэн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Э...........р нь хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Э...........р нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид...бусад туслалцаа үзүүлсэн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Тодруулбал шүүгдэгч Б.Э...........рын холбогдсон эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба тухайн гэмт хэрэг нь мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар болгоомжгүй үйлдэгддэг. Нөгөө талаас шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б...........дын (хавтаст хэргийн 63), эмчилгээнд сайн дураараа 710.000 төгрөг зарцуулсан гэх үндэслэлүүдээр улсын яллагчийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд “Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах” талаар хуульчилсан бөгөөд шүүхээс шүүгдэгч Б.Э...........рт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэрэгт нь хэд хэдэн төрлийн ял оногдуулж шийвдэрлэсэн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжийн торгох ялын 15 нэгжийг 1 хоногийн хорих ялаар тооцож нийт оногдуулсан 450 нэгжийг 30 хоногоор сольж мөн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан 1 жилийн хорих ял дээр 30 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоох хууль зүйн үндэслэлтэй. Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн нийт эдлэх ялын хэмжээг тогтоосон учир түүний хорих ял эдлэх дэглэмийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээллтэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэжээ авав. 

Тус хэргийн хэрэг бүртгэлтийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нээсэн байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Э...........р нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1255715 дугаартай  “В” ангилалын жолооч болсон байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа...тоолно” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Б.Э...........рт оногдуулсан эрх хасах ялыг түүний хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн 1803 0093 10486 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Б...........үүгийн Э...........рыг

- Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан,

- Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Э...........рыг

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2,3 дахь заалтад тус тус зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял, 

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгж буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар шүүгдэгч Б.Э...........рт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгж буюу 15.000 төгрөгийг 1 хоногоор тооцож, оногдуулсан нийт торгох ялыг 30 хоногийн хорих ялаар сольсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э...........рт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 1 жил 30 хоног буюу 1 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Э...........рын оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э...........рт оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хассан ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

7. Энэ хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө байхгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг дурдаж хохирогч нь өөрт учирсан хохирол хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Э...........рт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөөр гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Э...........рт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.МӨНХЗУЛ