Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 196

 

      Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Д.Цолмон,

шүүгдэгч П.Х..............л, түүний өмгөөлөгч Т.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Олохнууд овогт П..............вын Х..............лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0288 31158 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Олохнууд овогт П..............вын Х..............л, Монгол Улсын иргэн, Төв аймгийн Эрдэнэ суманд 1969 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт амьдардаг гэх, ........................................, урьд

- Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 33 дугаарт шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хорих ял шийтгүүлж,

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 492 дугаар захирамжаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсоныг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийцүүлж, эдлэх ялыг 12 жил 02 сарын хугацаагаар тогтоосон,

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 22 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлд зааснаар П.Х..............лын эдлээгүй үлдсэн 11 сар 02 хоногийн хорих ялаас хугацааны суллаж, захиргааны хяналт тогтоосон.

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч П.Х..............л нь 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүрггийн 1 дүгээр хороо Толгойтын .................... тоотод салсан эхнэр Г.А..............гтэй хамтран амьдралаа гэх шалтгаанаар хохирогч Д.Т..................гыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Х..............л мэдүүлэхдээ: “...2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр би өөрийнхөө гэрт очсон юм. Гэтэл манай гэрт Т..................а, А..............г, Хорлоо гурав байсан. Тухайн үед би Г.............гтой хамт гэрт орсон юм. Г.............г бид хоёрыг гэрт ороход Т..................а, А..............г хоёр манай зээг тэврээд унтаж байсан. Тэгээд намайг ороход Т..................а, А..............г хоёр босоод ирсэн. Гэтэл А..............г намайг хараад чамайг би шоронд чинь буцааж хийнэ, цагдаа дуудаж өгнө гэж хэлчихээд гараад явсан. Би Т..................гыг чи А..............гтэй хамт амьдрах гэж байгаа юм бол миний ач, зээ нараас хол очиж амьдар гэж хэлээд нуруун дээр нь нэг удаа алгадсан. Гэтэл Т..................а миний урдаас хуруугаараа чичлээд байхаар нь би түүний долоовор хуруунаас нь барьж байгаад нүүр рүү нь нэг удаа чичсэн. Тэгээд би гэрээс гараад явж байсан чинь хэсгийн хоёр цагдаа ирсэн. Тэгээд тэр хоёр цагдаа намайг согтуу байна яагаад айлд маргаан үүсгээд байгаа юм гэж хэлээд авч явах гэхээр нь би эрүүл байна гэж хэлж байсан...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Хохирогч Д.Т..................гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын .................... тоотод хамтран амьдрагч А..............г, бэр хоёр хүүхдийн хамт гэрт байж байхад гаднаас А..............гийн салсан нөхөр Х..............л хашааны хаалга онгойлгоод нэг хүнтэй хамт орж ирсэн. Намайг хэвтэж байхад А..............г, Х..............лыг шоронд чинь хийнэ гээд нэг хүүхдээ тэврээд гараад явсан. Түүнийг гарсны дараа Х..............л над руу ирээд намайг толгой цээж рүү цохиод байсан. Цуг орж ирсэн залуу нь хараад байж байсан. Би Х..............лд миний бие харвасан муу байдаг одоо боль гэж хэлсэн. Мөн хажуу талд байсан А..............гийн бэр болиоч наад хүн чинь үхлээ ш дээ гээд байсан. Би босоод гараад гудманд байсан худаг дээр очоод хамраас гарсан цусаа угаасан. Тэгээд эргээд харахад А..............г гэрлүүгээ орж байсан би харчихаад араас нь гэр рүү ороод...унтчихсан. ...миний биед учирсан гэмтлийг Х..............л учруулсан...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би Х..............лаас хохирлын мөнгө 300.000 төгрөг авсан... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13),

“...Х..............л надаас уучлалт гуйж эмчилгээний зардалд гурван зуун мянган төгрөг өгсөн тул одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15),

2. Гэрч Г.А..............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын .................... тоотод гэртэй бэр Норовгарав, Т..................а, 2 жоохон хүүхдийн хамт байж байхад гаднаас манай салсан нөхөр Х..............л хашаа даваад ороод ирсэн. Тэгээд гэрт Т..................гыг сууж байхад нь өшиглөж цохиод байсан... би айсандаа хүүхдээ авч гараад цагдаа дуудаад буцаад гэр рүү явж байхад...Т..................а хашааны гадна зогсож байсан. Би хажуу талаас нь түшээд гэртээ оруулсан. Маргааш бие нь өвдөөд байна гэхээр нь эмнэлэг хүргэж өгсөн... Т..................гыг Х..............л хөлөөрөө 2-3 удаа хөл рүү нь өшиглөж гараараа нэг удаа толгой руу нь цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21),

3. Гэрч Т.Д..................нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр аав Т..................а найз эмэгтэй болох А..............гийн хуучин нөхөр болох сүүлд нэрийг нь мэдсэн Х..............л орж ирээд маргалдаж байгаад аавыг зодож хөнгөн гэмтэл учруулсан байсан...2014 онд нүдний даралтаас болж нэг нүд нь муудаж группэд орсон. 2017 оны 12 дугаар сард зүрхний дутагдлаас болж тал харваж одоо гайгүй болсон. Одоо зүгээр алхаж гишгээд явж байгаа...хүн харахад бол мэдэхгүй өвчин зовиур байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23),

4. Гэрч Ө.Г.............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын .................... тоотод хуурай ах Х..............лын хамт гэрт нь очсон хашааны хаалга түгжээтэй байхад хашааны дээгүүр гараа оруулж дотор талаас нь онгойлгоод гэрт орсон...Т..................а гэх хүн газар хэвтэж байхад Х..............л ах дөхөж очоод 6 адуу хойшоо гаргасан гэсэн тэр хаана байна гэж асуухад...би аваагүй мэдэхгүй гэж хэлсэн...Х..............л ах Т..................а гэх хүнийг цохиж зодсон зүйл байхгүй...Т..................а гэх хүнийг харахад угаасаа бие муутай хүн шиг ярьж хэлэхдээ муу босоод алхаж явахдаа доголж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25),

5. Гэрч М.На......гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 13-нд хамтран амьдрагч болох Х..............л 11 сарын тэнсэн ялтай Дарьтын 433 дугаар ангиас суллагдсан юм. Түүнээс хойш надтай хамт амьдарч байсан. Тэгтэл түүний хүүгийн эхнэр энэ онд төрсөн юм. Тэгээд хүүгийнхээ хүүхдийг харах гээд хуучин гэртээ эхнэр А..............г дээрээ очих үед нь түүний эхнэр А..............г хамтран амьдрагч Т..................атай гэртээ хамт байж таараад тэд хэд хоорондоо бага зэрэг маргалдсанаас болж эхнэр А..............г нь Х..............л Т..................гыг зодлоо гээд цагдаа дуудаж өгсөн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26),

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7100 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэг: Баруун нүдний алимны салстын эвэрлэг бүрхүүлийн заагаар цус хурасан, баруун далны дээд хэсэгт 0.5х0.1см 0.5х1.5см 0.5х1см хүрэн тав бүхий зулгаралтуудтай, цээжний зүүн доод хэсгээр тэмтрэхэд эмзэглэлтэй.

2018.06.07-ны ГССҮТ-н: ...2 талын нүдний ухархайн дотор хана хуучин хугаралтай. 2 талын нүдний болорт цайралт үүссэн, зүүн талд илүү...зүүн талд зулай, чамархайн ар хэсэгт 4.2х4.3см хэмжээтэй, /+3,6/HU нягтралтай,...тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан, бага зэргийн хавантай...гэжээ

2018.06.07-ны Амбулаторийн картаас гэмтлийн эмчийн үзлэгт: онош: баруун хавчаар ясны хугарал...тархи доргилт...гэжээ.

2018.06.05-ны цээжний рентген зургаар: “...уушигны зураглал олширсон, бүтэц алдагдсан...ДҮГНЭЛТ

1. Д.Т..................гын биед тархи доргилт, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун далны дээд хэсэгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 30),

7. Шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018.06.05-ны цээжний рентген зураг, 2018.06.07-ны баруун баруун талын рентген зургыг дүрс оношлогооны эмч О.Оюун-Баясгаланд үзүүлж дүгнэлт гаргуулахад ясны хугарал байхгүй байсан тул дүгнэлт хэсэгт тусгаагүй...уг гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 2018.05.27-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33),

8. Шүүгдэгч П.Х..............лын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 16 цагийн орчим...эхнэр А..............гийн гэрт очсон. Намайг очиход эхнэр А..............г, түүний хамтран амьдрагч Т..................а, миний хүүгийн эхнэр Хорлоо хүүхдийн хамт байсан. Тэгэхээр нь би Т..................ад хандаж чи энд юу хийж байгаа юм гээд хэлтэл өөдөөс би энд амьдардаг гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи адилхан шоронд орж байсан хүн байж эзгүй хойгуур гэр эзгүйчлээд чи энд байх ёсгүй миний үр хүүхэд энд байдаг юм гээд хэлтэл би энд амьдарч байгаа гээд хуруугаа чичлээд байхаар нь гартай нь хамт нүүрийг нь нэг удаа алгадаж цохиод нуруунд нь гараараа нэг удаа зүгээр байгаарай гээд цохисон өөр нэмж цохиж зодоогүй...би Т..................атай хамт цэргийн алба хааж байсан сүүлийн хорин жил уулзаж учраагүй байсан. Би Т..................гын өвчин зовлонтойг мэдэхгүй хүн харахад зүгээр л байсан. Эхнэр А..............гтэй суугаад хамт амьдарч байгаа гэдгийг найз нөхдөөсөө сонссон байсан. А..............гийн гэрт зээ хүүгээ харах гээд ороход Т..................а А..............г хоёр орон дээр тэврэлдэээд хэвтэж байсан. Намайг орж ирэхийг хараад хоёулаа босоод суусан. Би Т..................ад хандаж чи энд юу хийж байгаа юм гэж хэлтэл эхнэр харин чи юу хийж байгаа юм би цагдаа дуудна гээд гүйгээд гарсан, би тэр үед Т..................атай маргалдаж Т..................гыг алгадаж цохих үед Т..................а А..............гийн араас нь гараад явсан, би удалгүй тэндээс гараад гудамж өгсөөд явж байтал цагдаагийн алаг машин ирээд намайг аваад явсан. Дээрхи гэмтлийг би гараараа цохиж учруулсан гэмтэл байна.... Д.Т..................аас уучлалт гуйж бид хоорондоо эвлэрсэн хохирлын талаар ямар нэгэн маргаангүй болсон тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44),

9. Хохирогчийн Нийгмийн халамжийн үйлчилгээний дэвтрийн хуулбар (хавтаст хэргийн 66-75), Г.А..............гийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 9), гэрчээр П.Х..............лын өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 46), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 48), шүүхийн шийдвэрийн хуулбар (хавтаст хэргийн 55-59), Захиргааны хяналт тогтоох тухай албан бичиг (хавтаст хэргийн 60), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 47) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч П.Х..............лд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Улсын яллагчаас шүүгдэгч П.Х..............лыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс миний үйлчлүүлэгч П.Х..............л нь хохирогч Д.Т..................гыг цохиж зодсон гэдгийг хараагүй хүн болох Г.А..............г цагдаад өргөдөл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэдүүлэг өгсөн байдаг. Гэтэл тухайн хэрэг болох цаг хугацаанд байсан Хорлоо гэх хүнээс нэг ч мэдүүлэг аваагүй байгаа тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэх дүгнэлтийг гаргаж тус тус мэтгэлцэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Д.Т..................а нь гэрчээр болон хохирогчоор мэдүүлэг өгөхдөө удаа дараа тогтвортой мэдүүлсэн буюу хэн, хаана нь, яаж цохисоныг мэдүүлсэнээс гадна дээрх мэдүүлэг нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт болох “тархи доргилт, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун далны дээд хэсэгт зулгаралт” гэх дүгнэлтээр тогтоогдсон. Мөн шүүгдэгч П.Х..............л нь мөрдөн байцаалтад хуульд заасан эрхийнхээ дагуу сонгон авсан өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөхдөө хэргээ хүлээн мэдүүлсэн байна. Харин тухайн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Г.А..............г нь шүүгдэгч, хохирогч нарын хооронд болсон цохьсон, зодсон гэх асуудлыг хараагүй байх үндэслэлтэй байх хэдий ч хохирогчийг цохиулсан байдалтай байхыг тухайн цаг хугацаанд харж мэдсэн. Түүнчлэн хохирогч нь П.Х..............лд цохиулсан талаараа өөрийн төрсөн охин Т.Д..................нд хэлж байсан зэргээс үзвэл гэрч Г.А..............г, Т.Д..................н нарын мэдүүлэг нь тухайн нотлох баримтыг дам байдлаар нотолсон нотлох баримтаар тогтоогдсон буюу хэргийг мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж үзэв.

Иймд шүүгдэгч П.Х..............л нь Сонгинохайрхан дүүрггийн 1 дүгээр хороо Толгойтын 47 дугаар гудамжны 650 тоотод, 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн үед, хувийн таарамжгүй сэдэлтээр, салсан эхнэр Г.А..............гтэй хамтран амьдралаа гэх шалтгаан нөхцөлөөр, шууд санаатай үйлдлээр хохирогч Д.Т..................гыг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун далны дээд хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Д.Т..................гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын .................... тоотод хамтран амьдрагч А..............г, бэр хоёр хүүхдийн хамт гэрт байж байхад гаднаас А..............гийн салсан нөхөр Х..............л хашааны хаалга онгойлгоод нэг хүнтэй хамт орж ирсэн. Намайг хэвтэж байхад А..............г Х..............лыг шоронд чинь хийнэ гээд нэг хүүхдээ тэврээд гараад явсан. Түүнийг гарсны дараа Х..............л над руу ирээд намайг толгой цээж рүү цохиод байсан. ...Би босоод гараад гудманд байсан худаг дээр очоод хамраас гарсан цусаа угаасан. Тэгээд эргээд харахад А..............г гэрлүүгээ орж байсан би харчихаад араас нь гэр рүү ороод...унтчихсан. ...миний биед учирсан гэмтлийг Х..............л учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13),

- Гэрч Г.А..............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би айсандаа хүүхдээ авч гараад цагдаа дуудаад буцаад гэр рүү явж байхад...Т..................а хашааны гадна зогсож байсан. Би хажуу талаас нь түшээд гэртээ оруулсан. Маргааш бие нь өвдөөд байна гэхээр нь эмнэлэг хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21),

- Гэрч Т.Д..................нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр аав Т..................а ...А..............гийн хуучин нөхөр болох сүүлд нэрийг нь мэдсэн Х..............л орж ирээд маргалдаж байгаад аавыг зодож хөнгөн гэмтэл учруулсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7100 дугаар дүгнэлт “...1. Д.Т..................гын биед тархи доргилт, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун далны дээд хэсэгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 30),

- Шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэмтлүүд нь...2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33),

- Шүүгдэгч П.Х..............лын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 16 цагийн орчим...би Т..................ад хандаж чи “энд юу хийж байгаа юм” гээд хэлтэл өөдөөс “би энд амьдардаг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи адилхан шоронд орж байсан хүн байж эзгүй хойгуур гэр эзгүйчлээд чи энд байх ёсгүй миний үр хүүхэд энд байдаг юм” гээд хэлтэл би “энд амьдарч байгаа гээд хуруугаа чичлээд” байхаар нь гартай нь хамт нүүрийг нь нэг удаа алгадаж цохиод нуруунд нь гараараа нэг удаа зүгээр байгаарай гээд цохисон өөр нэмж цохиж зодоогүй. ...Т..................атай маргалдаж Т..................гийг алгадаж цохих үед Т..................а А..............гийн араас нь гараад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44) зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл П.Х..............л нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “Г.А..............гтэй миний хүүхдүүдийн гэрт хамтран амьдарлаа,” гэх шалтгаан нөхцөлөөр, Д.Т..................гыг зодож, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х..............л нь Д.Т..................гыг зодсон болох нь тэдний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Иймд шүүгдэгч П.Х..............лыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Т..................а нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх хэдий ч шүүгдэгч П.Х..............л хохирогчид 300.000 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон буюу хохирол, хор уршгийг төлсөн талаар оролцогч нарын хэн аль нь маргаагүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч П.Х..............лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 520 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, мөн ялыг Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийг хорих ялд тооцно гэснийг үндэслэн 520 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 65 хоногийн хорих ялд шилжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 65 хоногийн хорих ял дээр Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 33 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 02 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 1 сар 7 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлд зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: П.Х..............л нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нь гомдол санал байхгүй. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 6, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч П.Х..............л нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Тиймээс шүүгдэгч П.Х..............лын гэмт хэрэг үйлдсэний улмаас учруулсан хохирол, хор уршгийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. 

Харин шүүгдэгч П.Х..............л нь урьд Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 33 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож улмаар 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хуульд нийцүүлэн түүнийг гэм буруутайд тооцсон зүйл, хэсгийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл болгон өөрчилж, түүнд 2002 оны Эрүүгийн хуулиар оногдуулсан 13 жилийн хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуульд зааснаар 12 жил 02 сарын хугацаагаар тогтоосон бөгөөд тэрээр Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 22 дугаар захирамжаар дээрх ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 02 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, захиргааны хяналт тогтоосон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...Хорих ялаас хугацааны өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ.” гэжээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэх үндэслэлтэй бөгөөд түүнд энэ тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй. Харин шүүгдэгч П.Х..............лд энэ тогтоолоор оногдуулсан ялыг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар түүнд энэ тогтоолоор оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож нийт 60 хоногийн хорих ялыг өмнө шийтгэх тогтоолоор оногдуулсан 11 сар 02 хоногийн хорих ял дээр нэмж нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 2 хоног хоногийн хугацаагаар тогтоож, мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар биечлэн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн 1808 0288 31158 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч нь гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус  дурдав

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Олохнууд овогт П..............вын Х..............лыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Х..............лыг 480 (дөрвөн зуун ная) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар П.Х..............лд энэ тогтоолоор оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож нийт хорих ялыг 60 хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Х..............лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял буюу 60 хоногийн хорих ял дээр Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 33 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй 11 жил 02 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 (нэг) жил 02 хоногоор тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Х..............лын биечлэн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7 Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Х..............лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөөр гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол
П.Х..............лд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.МӨНХЗУЛ