| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2020/0254/Э |
| Дугаар | 286 |
| Огноо | 2020-04-09 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Солонго |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 286
2020 04 09 2020/ШЦТ/286
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч С.Солонго,
хохирогч С.Чойжинхорлоо,
шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зуутраг овгийн Б.О т холбогдох эрүүгийн 2011001240273 дугаар хэргийг 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Зуутраг овгийн Б.О , 1979 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Говьсүмбэр аймаг Сүмбэр сум, 3 дугаар баг 5 дугаар байрны 40 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоогоор Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 50 дугаар байрны подволд түр оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Б.О нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Чойжинхорлоогийн Хаан банкны картыг авч, Теди төвийн 3 давхарт байрлах АТМ-аас 1.500.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, хохирол төлөхөө илэрхийлж байна...” гэв.
Хохирогч С.Чойжинхорлоо нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний жолооны үнэмлэхийг мөн хамтад нь авч явсан. Би үүнийг авмаар байна. Б.О надад хэлэхдээ мөнгө чинь байгаа жолооны үнэмлэхийг чинь ээждээ хадгалуулчихсан удахгүй өгнө гэж хэлсэн боловч өгөөгүй. Надад гомдол, санал байхгүй, 1.500.000 төгрөгөө нэхэмжилж байна...”
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 7/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 15/,
Хохирогч С.Чойжинхорлоогийн Хаан банкны дансны хуулга /хх 26-27/,
Хохирогч С.Чойжинхорлоо нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр би Дархан хотоос ажлаа дуусгаад Улаанбаатар хотод ирэхдээ нийтийн байрны нөгөө өрөөнд амьдардаг байсан Бат-Өлзийгийнд ирсэн. Бат-Өлзийгийн гэрт тэрний танил Оюунаа гэх эмэгтэй байсан. Бид 3 Хараа нэртэй 0.75 граммтай архи хоёрыг уусан. Бат-Өлзийд ах нь Дарханд барилгын ажил хийгээд приус машины урьдчилгаатай болоод ирсэн гэж хэлээд байж байхад Оюунаа гэх эмэгтэй “Приус-30” маркийн машин түрээсэнд явуулаад шилжүүлж өгдөг гэр бүлийн найзууд байгаа гэхээр нь би “найдвартай хүмүүс мөн үү” гэж хэлэхэд Солонгос улсад ажиллаж байгаад ирсэн хүмүүс гэж хэлсэн. ...Оюунаа миний утсыг аваад тэр хүмүүстэйгээ ярьчхаад болно гэж байна. 16 цагийн орчим уулзъя гэж байна. Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхээ канондуулаад, ял эдэлж байгаагүй гэсэн лавлагаа аваад ир гэж байна гэхээр нь Бат-Өлзий, Оюунаа бид 3 гараад Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын хажууд ирсэн. Би Оюунаа гэх эмэгтэйд өөрийн жолооны үнэмлэхээ өгөөд чи үүнийг канондуулаад ир гэж хэлээд би өөрөө тодорхойлолт явдаг газар луу очоод буцаад гараад ирсэн чинь Бат-Өлзий ганцаараа зогсож байсан. “Оюунаа хаачсан юм бэ” гэж асуухад мэдэхгүй гэж хэлсэн. Би яг тэр үед жолооны үнэмлэхийнхээ ард талд байсан Хаан банкны картаа хамт өгснөө санасан. Би “Хаан” банк руу залгаад хаалгах гэхэд миний 5029591233 тоот данснаас 1.500.000 төгрөг Теди төв дотор байрлах АТМ-с авсан байсан. ...бид 2 дэлгүүрээс хиам, гоймон авч байхад миний картын дугаарыг мэддэг болсон. Одоогоор миний хохирлыг барагдуулаагүй байгаа...” гэх мэдүүлэг /хх 11-12/,
Шүүгдэгч Б.О нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би Далай гэх залуутай маргалдаад гарах үед Чойжоо ах бас гарч ирээд бид 2 алхаад Тэнгис кино театрын хажуу талд ирээд Чойжоо ах тодорхойлолт гээд нэг цэгийн үйлчилгээ рүү орсон. Орохдоо миний жолооны үнэмлэхийг канондуулчих гээх хавтастай бичиг баримтаа өгсөн. Чойжоо ахын надад өгсөн хавтас дотор хаан банкны карт нь байхаар нь АТМ ороод мөнгийг нь аваад явсан. Тухайн үед би согтуу байсан болохоор зарим нэг зүйлийг санахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх 20-21/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 23/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 22/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.О нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.Чойжинхорлоогийн Хаан банкны картыг авч, Теди төвийн 3 давхарт байрлах АТМ-аас 1.500.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 7/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 15/, хохирогч С.Чойжинхорлоогийн Хаан банкны дансны хуулга /хх 26-27/, хохирогч С.Чойжинхорлоогийн “...Би “Хаан” банк руу залгаад хаалгах гэхэд миний 5029591233 тоот данснаас 1.500.000 төгрөг Теди төв дотор байрлах АТМ-с авсан байсан. ...бид 2 дэлгүүрээс хиам, гоймон авч байхад миний картын дугаарыг мэддэг болсон. Одоогоор миний хохирлыг барагдуулаагүй байгаа...” гэх мэдүүлэг /хх 11-12/, шүүгдэгч Б.О ийн “...Чойжоо ахын надад өгсөн хавтас дотор хаан банкны карт нь байхаар нь АТМ ороод мөнгийг нь аваад явсан. Тухайн үед би согтуу байсан болохоор зарим нэг зүйлийг санахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх 20-21/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.О ийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Б.О ээс гаргуулан хохирогч С.Чойжинхорлоод олгуулж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Б.О т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол, мөн шүүхээс хүлээлгэсэн хохирлоо төлж барагдуулах үүргийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.
Шүүгдэгч Б.О т ял оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Зуутраг овгийн Б.О ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.О т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарласугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О ээс 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 1а хэсэг цэргийн хотхоны 1-116 тоотод оршин суух Санжидын Чойжинхорлоо /РД: ОН64031276 /-т олгосугай.
6. Шүүгдэгч Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О т хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН