| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2020/0250/Э |
| Дугаар | 287 |
| Огноо | 2020-04-09 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Солонго |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 287
2020 04 09 2020/ШЦТ/287
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч С.Солонго,
шүүгдэгч Б.С /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Б.С д холбогдох эрүүгийн 1911029930198 дугаар хэргийг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Бэсүд овогт Б.С , 1989 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, нөхөр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 21-785 тоотод суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Б.С нь 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Есөн-Эрдэнэ хотхоны 29-2-40 тоот хохирогч А.Гангэрэлийн гэрт байсан Хаан банкны картыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Далайхүү төвийн АТМ-ээс 500.000 төгрөг, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр 17-н автобусны буудлын хажууд байх АТМ-аас 1.500.000 төгрөгийг тус тус авч, 2.000.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 7/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-14/,
Хохирогч А.Гангэрэлийн Хаан банкны дансны хуулга /хх 15/,
Хохирогч А.Гангэрэл нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр найзуудын хамт Ойн жим нэртэй амралтын газар яваад нэг хоноод маргааш нь буюу 11 дүгээр сарын 10-ны өдөр салцгаасан юм. Тухайн үед би архи согтууруулах ундаа хэрэглэчихсэн байсан бөгөөд найзындаа очоод байхгүй болохоор нь Баянгол дүүрэг 3 дугаар хороо, Есөн-Эрдэнэ хотхонд байх гэр лүүгээ харьсан. Гэрийнхээ ойролцоо байх дэлгүүрт таксины жолоочтой хамт явсан эмэгтэйн хамт ороод эд зүйл аваад гэртээ орж амарсан тэгээд орой сэрээд гар утсаа үзэхэд Хаан банкны данснаас эхлээд 500.000, дараа нь 1.500.000 төгрөгийн зарлага хийгдсэн мессеж ирсэн байхаар нь гайхаад картаа үзэхэд байхгүй байсан бөгөөд Хаан банкны лавлах руу залгаж картаа хаалгаад хаанаас мөнгө гарсан талаар асуухад Чингэлтэй дүүрэг Далайхүү төвөөс гарсан байна, та цагдаагийн байгууллагад хандах талаар хэлж, би цагдаагийн байгууллагад хандсан. Анх гар өргөөд суухад машины ар талд бага насны 2 хүүхэд, урд талд жолоочийн хажууд нэг эмэгтэй хүн байсан. Би гэрийнхээ ойролцоо байх дэлгүүрт орж юм авахдаа картаа уншуулсан бөгөөд тэгэхэд таксины жолоочтой хамт явсан эмэгтэй надтай хамт байсан. Тэгэхэд миний картын нууц дугаарыг мэдсэн байх гэхдээ би түүнд картаа өгөөгүй бөгөөд карт надад байсан. Би харин картаа куртикний халаасанд хийсэн байх гэж бодож байсан. Би картаа хаяж гээгдүүлээгүй бөгөөд хулгайд алдсан гэж бодож байгаа. Би дэлгүүр ороод гэртээ орохдоо жолоочтой хамт явсан эмэгтэйн хамт орсон тэр эмэгтэй намайг оруулаад өгье гэхээр нь тэгье гээд хамт орсон юм. Биднийг гэрт ороход манай охин ганцаараа байсан, би куртикээ тайлаад өлгүүрт өлгөөд том өрөөндөө ороод суусан. Тэгэхэд тэр эмэгтэй хажууд сууж байгаад удалгүй гараад явсан...” гэх мэдүүлэг /хх 19-21/,
Гэрч Э.Энхбат нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...11 дүгээр сарын эхээр байхаа би хүнээс түрээслэн унаж байсан 6332 УБН улсын дугаартай аксент машинтай эхнэр хүүхдээ суулгасан халтуур хийж яваад Бүрд худалдааны төвийн урдаас согтуу эмэгтэй хүн гар өргөхөөр нь хаа хүрэхийг асуухад Нарны хороолол орно гэхээр нь би аваад явсан. Тэгээд Нарны хороололд ирээд эхлээд өөрийнхөө байрны гадаа ирээд тэгснээ дэлгүүр орно хүүхдүүдэд юм авч өгнө гээд тэр хавьд байх байрнуудын нэгэнд байсан хүнсний дэлгүүр орсон. Ингэхдээ манай эхнэрийг дагуулаад орсон удалгүй тэр 2 пиво чипс авчихсан гарч ирээд буцаад байрны гадаа хүргүүлсэн тэгсэн мөн манай эхнэрийг дагуулаад манайд хүн байхгүй бол 5-н буудалд байх аавындаа хүргүүлнэ гээд хамт гэр лүүгээ орох гээд явсан. Хэсэг хугацааны дараа эхнэр маань ганцаараа гарч ирээд тэндээс шууд гэр лүүгээ явсан. Гэртээ ирээд сууж байтал эхнэр гэнэт нэг банкны карт яриад байхаар нь гайхаад ямар учиртайг асуусан чинь надад олсон юм гэхээр нь би уурлаад аваачиж өг гээд хэлсэн. Харин сүүлд нь картаас мөнгө авсан гэдгийг мэдээд би яаралтай мөнгө хайж байгаад нөгөө авсан мөнгийг нь төлсөн юм. Картад хэдэн төгрөг байсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан нийт 2 сая төгрөг авсан байсан. Надад хэлэхдээ Хаан банкны АТМ-ээс авсан гэж хэлсэн... ...орой гэртээ байж байхад эхнэр Солонго гарчхаад ирье гэж хэлсэн бөгөөд хүү Бат-Эрдэнийн хамтаар гарч улмаар Далайхүү болон 17-ын АТМ ороодохъё гэж хэлээд орсон. Тэгээд эхнэр хүү 2 буугаад явсан, би яах гэж байгааг нь мэдээгүй. Харин орой 20-21 цагийн орчимд эхнэр мөнгө гаргаж ирэхээр нь би юун мөнгө вэ гэж асуусан, тэгээд өнөөдөр такси барьсан хүний гэрийнх нь шалан дээрээс олсон гэж хэлсэн. Тэр үед уг мөнгийг буцаагаад өг гэж уурласан...” гэх мэдүүлэг /хх 28-29/,
Насанд хүрээгүй гэрч С.Бат-Эрдэнэ нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...ээж гаднаас орж ирээд намайг машинд суулгаад улмаар надад хаан банкны карт өгөөд кодыг нь надад хэлж байсан. Уг картыг аваад 500.000 төгрөг, түүний дараа 1.500.000 төгрөгийг авсан. Уг мөнгийг аваад би ээж Солонгод өгсөн. Би хулгайн карт гэдгийг мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх 30/,
Шүүгдэгч Б.С нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...тэгээд тэдний гэрт жоохон сууж байгаад гарахын өмнө гал тогооны шүүгээн дээр байсан утасны хойно байсан картыг аваад тэдний гэрээс гарсан юм. Тэгээд машинд суугаад гэр лүүгээ явсан гэртээ ирээд нөхрөө гэрийн гадна зогсоочхоод гэр лүү орж том хүү Бат-Эрдэнийг дагуулж гараад эхлээд Далайхүү төвийн АТМ рүү хүү Бат-Эрдэнийг оруулж 500.000 төгрөг авхуулсан. Түүний дараа 17-ын автобусны буудлын баруун хойно байх АТМ-ээс 1.500.000 төгрөг авхуулсан. Энэ үед би өөрөө цуг орсон. Энэ хугацаанд манай нөхөр намайг бусдын карт хулгайлсныг мэдээгүй, харин мөнгө аваад гэрт очсоны дараа нөхөр Энхбатад “таксинд сууж явсан эмэгтэйн картыг гэрээс нь хулгайлсан гэж хэлсэн. Манай нөхөр дэмий зүйл хийсэн байна, гэрийг нь мэдэх юм чинь буцааж аваачиж өг гэж хэлсэн. Уг мөнгийг би өөрийн ээж Мягмарсүрэнгийн эмчилгээнд зориулж, тал мөнгийг нь хэрэглээндээ зарцуулж дуусгасан. Таксинд үйлчлүүлсэн хүний картын нууц дугаарыг нь би сонссон байсан. Хүү Бат-Эрдэнэ уг картыг хулгайн карт гэж мэдээгүй. Хэргийн хохирогчтой бид нар ерөөсөө уулзаагүй, харин эрүүгийн мөрдөгчөөс хохирогчийн дансны дугаарыг авч мөнгийг шилжүүлж баримтыг хэрэгт хавсаргасан байгаа...” гэх мэдүүлэг /хх 37-38/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 47/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 40/, хохирлын мөнгө шилжүүлсэн баримт /хх 25/, шүүгдэгч Б.Солонгын хувийн байдлыг тодорхойлох баримт /хх 59-63/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.С нь 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Есөн-Эрдэнэ хотхоны 29-2-40 тоот хохирогч А.Гангэрэлийн гэрт байсан Хаан банкны картыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Далайхүү төвийн АТМ-ээс 500.000 төгрөг, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр 17-н автобусны буудлын хажууд байх АТМ-аас 1.500.000 төгрөгийг тус тус авч, 2.000.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 7/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-14/, хохирогч А.Гангэрэлийн Хаан банкны дансны хуулга /хх 15/, хохирогч А.Гангэрэлийн “...Гэрийнхээ ойролцоо байх дэлгүүрт таксины жолоочтой хамт явсан эмэгтэйн хамт ороод эд зүйл аваад гэртээ орж амарсан тэгээд орой сэрээд гар утсаа үзэхэд Хаан банкны данснаас эхлээд 500.000, дараа нь 1.500.000 төгрөгийн зарлага хийгдсэн мессеж ирсэн байхаар нь гайхаад картаа үзэхэд байхгүй байсан бөгөөд Хаан банкны лавлах руу залгаж картаа хаалгаад хаанаас мөнгө гарсан талаар асуухад Чингэлтэй дүүрэг Далайхүү төвөөс гарсан байна, та цагдаагийн байгууллагад хандах талаар хэлж, би цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх 19-21/, гэрч Э.Энхбатын “...Гэртээ ирээд сууж байтал эхнэр гэнэт нэг банкны карт яриад байхаар нь гайхаад ямар учиртайг асуусан чинь надад олсон юм гэхээр нь би уурлаад аваачиж өг гээд хэлсэн. Харин сүүлд нь картаас мөнгө авсан гэдгийг мэдээд би яаралтай мөнгө хайж байгаад нөгөө авсан мөнгийг нь төлсөн юм. Картанд хэдэн төгрөг байсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан нийт 2 сая төгрөг авсан байсан. Надад хэлэхдээ Хаан банкны АТМ-ээс авсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 28-29/, насанд хүрээгүй гэрч С.Бат-Эрдэнийн “...ээж гаднаас орж ирээд намайг машинд суулгаад улмаар надад хаан банкны карт өгөөд кодыг нь надад хэлж байсан. Уг картыг аваад 500.000 төгрөг, түүний дараа 1.500.000 төгрөгийг авсан. Уг мөнгийг аваад би ээж Солонгод өгсөн. Би хулгайн карт гэдгийг мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх 30/, шүүгдэгч Б.Солонгын “...тэгээд тэдний гэрт жоохон сууж байгаад гарахын өмнө гал тогооны шүүгээн дээр байсан утасны хойно байсан картыг аваад тэдний гэрээс гарсан юм. Тэгээд машинд суугаад гэр лүүгээ явсан гэртээ ирээд нөхрөө гэрийн гадна зогсоочхоод гэр лүү орж том хүү Бат-Эрдэнийг дагуулж гараад эхлээд Далайхүү төвийн АТМ рүү хүү Бат-Эрдэнийг оруулж 500.000 төгрөг авхуулсан. Түүний дараа 17-ын автобусны буудлын баруун хойно байх АТМ-ээс 1.500.000 төгрөг авхуулсан...” гэх мэдүүлэг /хх 37-38/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Солонгыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг шүүгдэгч Б.С нь төлсөн, хохирогч нь гомдол, саналгүй гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Б.С д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.
Мөн шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлав.
Шүүгдэгч Б.С д ял оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүгдэгч Б.С д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бэсүд овогт Б.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.С д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч Б.С д нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН