Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 288

 

 2020        04          09                                  2020/ШЦТ/288

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч Г.Ууганбаатар,

  шүүгдэгч Т.Э  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Өлзий овгийн Т.Э эд холбогдох эрүүгийн 1911019440192 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Өлзий овгийн Т.Э , 1983 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, урлагийн менежмент мэргэжилтэй, Авто телевизэд маркетингийн албаны дарга ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо 203-183 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Т.Э  нь 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, 23 дугаар байрны 1 дүгээр давхарт К.Айсипатай маргалдан баруун гараараа үснээс нь зулгааж, хөлөөрөө толгойн хэсэг рүү өшиглөж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Т.Э  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би хэрэг гарах үед хохирогчийн толгой руу өшиглөөгүй, үснээс зулгаасан. Тухайн үед би хөлөө хугалчхаад суга таягтай явж байсан. Гэхдээ миний үйлдлийн улмаас гэмтсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч К.Айсипа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 11 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 23 дугаар байр 1 давхрын үйлчилгээний төвд Батзориг гэх найзтайгаа уулзах гэж очсон. Очиход Эрдэнэсүх болон Батзориг нар байсан. Тухайн үед очиход архи уусан үгүйг мэдэхгүй, архи уух гэж байгаа юм шиг байсан. Би Батзоригоос утасны сим карт аваад явсан. Тэгтэл 14 цагт нэг дугаараас залгаад ажил дээр чинь согтуу хүн байна гэж хэлсэн. ...Намайг очиход найз болох Батзориг архи ууж согтоод унтсан байсан. Мөн Эрдэнэсүх архи уусан согтуу байсан. Гэнэт Эрдэнэсүх гэх эрэгтэй намайг янхан минь гэх мэтээр харааж хэлж эхэлсэн. Тэгээд би хэрэлдэж газарт унасан чихэр ундаа гэж зүйлсийг авч цэвэрлэх гээд доошоо тонгойтол Эрдэнэсүх баруун гараараа миний толгойн зүүн талын хэсгийн үснээс зулгааж татсан. Энэ үед би доош тонгойход Эрдэнэсүх хөлөөрөө миний толгой руу цохиж гэмтээсэн. Яг аль хөлөөрөө цохисон болохыг хараагүй. Би орилж эхлэхэд Эрдэнэсүх миний үснээс зулгааж татахаа болиод гараад явсан...” гэх мэдүүлэг /хх 20-21/,

Гэрч Б.Батзориг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би найз Эрдэнэсүхтэй хамт ажил дээрээ 2 шил архи уусан. Тэгээд архи ууж байгаад тасарсан байсан ба нэг сэрэхэд ажлын ширээний хөл хугарч газраар ундаа асгарсан байсан. Тэгээд сэрэхэд хажууд найз Айсипа сууж байсан бөгөөд би юу болсон яасан юм бэ гэж асуухад танай найз Эрдэнэсүх чинь намайг зодчихоод явчихлаа гэж хэлсэн. Тэгээд яахаараа чамайг зоддог юм яасан юм бэ яриад бай гэсэн чинь чамд хамаагүй би та нарыг чадахдаа л чадна бүгдийг чинь шоронгийн хадаас болгоно гэж хэлээд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх 26-27/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 8477 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...К.Айсипагийн биед тархи доргилт, толгойн зулай хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх 28/,

Шүүгдэгч Т.Э  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Айсипа гаднаас цоожлоод явсан байсан ба  Батзориг утасдаад уурлаад хаалга онгойлго гээд уурлаад хэрүүл хийсэн. Тэгж байгаад Айсипа хүрч ирээд хаалга онгойлгоод ороод ирсэн. Тэгээд тэр 2 дахиад хэрүүл хийгээд байсан тэгэхээр нь би чи ямар аваад сууцан эхнэр нь биш биздээ ийм зан гаргахаа болиоч гэж хэлсэн чинь чи юу юм гээд над руу дайраад эхэлсэн. Тэгээд бид 2 зууралдаж байгаад хамт ширээн дээр унасан ба би доор нь орж унасан. Тэгээд босож ирээд дайраад байхаар нь би гараас нь татаад үсдээд толгойноос нь доош дарчихсан юм...” гэх мэдүүлэг /хх 33-34/, 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 42/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 36/ зэргийг шинжлэн судлалаа.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Шүүгдэгч Т.Э  нь 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, 23 дугаар байрны 1 дүгээр давхарт К.Айсипатай маргалдан баруун гараараа үснээс нь зулгааж, хөлөөрөө толгойн хэсэг рүү өшиглөж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч К.Айсипагийн “...Гэнэт Эрдэнэсүх гэх эрэгтэй намайг янхан минь гэх мэтээр харааж хэлж эхэлсэн. Тэгээд би хэрэлдэж газарт унасан чихэр ундаа гэж зүйлсийг авч цэвэрлэх гээд доошоо тонгойтол Эрдэнэсүх баруун гараараа миний толгойн зүүн талын хэсгийн үснээс зулгааж татсан. Энэ үед би доош тонгойход Эрдэнэсүх хөлөөрөө миний толгой руу цохиж гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хх 20-21/, гэрч Б.Батзоригийн “...Айсипа сууж байсан бөгөөд би юу болсон яасан юм бэ гэж асуухад танай найз Эрдэнэсүх чинь намайг зодчихоод явчихлаа гэж хэлсэн. Тэгээд яахаараа чамайг зоддог юм яасан юм бэ яриад бай гэсэн чинь чамд хамаагүй би та нарыг чадахдаа л чадна бүгдийг чинь шоронгийн хадаас болгоно гэж хэлээд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх 26-27/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 8477 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 28/, шүүгдэгч Т.Э ийн “...босож ирээд дайраад байхаар нь би гараас нь татаад үсдээд толгойноос нь доош дарчихсан юм...” гэх мэдүүлэг /хх 33-34/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Т.Э ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх, шүүгдэгч Т.Э эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э ийг оногдуулсан торгох ялыг түүний цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхөөр тогтоож, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Т.Э эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Хохирол төлбөрийн хувьд хохирогч К.Айсипа нь гомдолтой гэх боловч хохирлын талаар баримт ирүүлээгүй тул нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Т.Э ээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Өлзий овгийн Т.Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э эд 500 /таван зуу/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э ээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Хохирогч К.Айсипа нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Т.Э ээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Э эд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ХАЛИУН