Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 70

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

    Ерөнхий шүүгч                    Б.Батзориг

    Шүүгчид                              Ц.Амаржаргал                                       

                                                                             Д.Буянжаргал

                       Оролцогчид:

                                                  Прокурор                            А.Ариунзаяа

Хохирогчийн өмгөөлөгч      Д.Энхбаяр

Шүүгдэгч                                О.Оргилболд

                                    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцож, Сэлэнгэ  аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Нолхоосүрэн даргалж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс  гаргасан, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 302 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Отгондалайн Оргилболдод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201718000171 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд 1991  оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт,  Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сум 2 дугаар баг Харанхуй гэх газар оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Отгондалайн Оргилболдод /Регистрийн дугаар: УХ90093029/

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

О.Оргилболд нь согтуугаар 2017 оны 06 дугаар сарын 09-ний орой 23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Буудай” караоке баарны гадна Э.Түмэндэлгэрийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх О.Оргилболдод холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд 302 дугаартай шүүгчийн захирамжаар:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-д зааснаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Отгондалайн Оргилболдод холбогдох 201718000171 тоот хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцааж,

-Яллагдагч Отгондалайн Оргилболдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт очтол хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Прокурор А.Ариунзаяа давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Анхан шатны шүүхээс гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг тогтоогоогүй, хохирогчийн мэдүүлгийг газар дээр туршилт хийж шалгаж, хохирогч, яллагдагч, гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэм хэмжээг тогтоох, гэрч нараас асууж авсан мэдүүлэг болон яллагдагчаар асууж авсан мэдүүлгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан эсэх нь учир дутагдалтай, дээрх мэдүүлгүүдээр яллагдагчийн гэм бурууг тогтоох боломжгүй гэх үндэслэл дурдаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх”, 1.3 “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх хуулийн заалтыг удирдлага болгон хэргийг прокурорт буцаасан байна. Уг захирамжийг дараахь үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна. Үүнд:

1.Гэрч Д.Мөнх-Эрдэнийн өгсөн /хх-ийн 17 дугаар хуудас/ “...Түмэндэлгэр Оргилболдыг чам шиг пацаан мэдэхгүй юм байна, чамайг харнаа гэх зэргээр дээрэлхүү зан гаргаад байхаар нь би Түмэндэлгэрийг – чи болио, битгий маргалд гэхэд согтуурхаад Оргилболдыг өдөө байсан. Түмэндэлгэрээс өөрөөс нь болжмаргаан үүссэн” гэх, гэрч С.Наранцогтын өгсөн /хх-ийн 27 дугаар хуудас/ “...Түмэндэлгэр гэж залуу нилээн согтуу онгироо дээрэлхүү зан гаргаад Оргилболдтой маргалдсан, согтуу хүмүүс бие биенийгээ ойлгохгүй хэрүүл үүсгэсэн” гэх, яллагдагч О.Оргилболдын өгсөн /хх-ийн 34 дүгээр хуудас/ “...Түмэндэлгэр намайг элдвээр хэлээд онгироод намайг заамдсан” гэх мэдүүлгээр хохирогч Э.Түмэндэлгэрийн зүй бус харьцаа, бусдыг өдөөн хоргоосон байдал гэмт хэрэг гарахад нөлөөлсөн болох нь тогтоогдсон байна.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хэрэгт ач холбогдолтой тодорхой нөхцөл байдал, үйл явдлыг эсргээн дүрслэх шаардлагатай тохиолдолд мөрдөн шалгах туршилт хийж болно” 2 дахь хэсэгт “мөрдөн шалгах туршилт хийхэд хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулах ба яллагдагч, хохирогч, гэрчийг оролцуулж болно”, мөн хуулийн 25.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “илэрсэн нөхцөл байдлыг шалгах, явсан замыг тогтоох, зааж өгсөн газрыг шалгах, урьд өгсөн мэдүүлгийн үнэн зөвийг харьцуулан тогтоох зорилгоор яллагдагчийн зөвшөөрснөөр, эсвэл мөрдөгч өөрийн санаачилгаар мэдүүлгийг  газар дээр нь шалгаж болно” гэж тус тус заасан.

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл мөрдөн шалгах тургилтанд хохирогчийг оролцуулахыг хуулиар зөвшөөрсөн, харин мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг зөвхөн яллагдагчийн зөвшөөрснөөр явуулахаар заасан байх тул хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь туршилт хийж шалгах тухай шүүгчийн захирамжийн заалтыг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд уг мөрдөн шалгах ажиллагаануудыг нэг дор явуулах нь хууль зүйн хувьд боломжгүй байна. Хохирогч Э.Түмэндэлгэр нь мөрдөн байцаалтын шатанд намайг 3 залуу нийлээд зодсон гэж мэдүүлдэг боловч хэн хэн биеийнх нь аль хэсэгт хэдэн удаа, юугаар хэрхэн зодож, гэмтэл учруулсан талаар хэлж мэдүүлдэггүй, өөрөөр хэлбэл мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан байна. Хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй тул мөрдөн шалгах туршилт явуулах боломжгүй байна. Харин болсон хэрэг учралын тлаар яллагдагч, гэрч нарын мэдүүлэг нь хоорондоо зөрүүгүй байна. хэрэв шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8, 35.10, 35.11 дүгээр зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, гэрчүүдийг оролцуулах боломжтой.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ гэмт хэргийн хохирол нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 7850 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Өөрөөр хэлбэл Э.Түмэндэлгэрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч түүний өмгөөлөгч нараас учирсан хор уршгийн талаар холбогдох баримтыг гаргаж ирүүлээгүй, шүүхэд иргэний нэхэмжлэлийг баримтын хамт өгсөн ба хохирогч уг баримтаар яллагдагчаас 30 сая төгрөг нэхэмжилж буй талаар дурьдсан байна.

Шинжээчийн 7850 дугаартай дүгнэлтээр хохирогчийн биед учирсан гэмтэл нь 3 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэсэн нь тухайн гэмтлийг 2 болон түүнээс дээш хүн учруулсан гэж үзэх үндэслэл болохгүй. Хэрэгт авагдсан яллагдагч О.Оргилболдын өгсөн /хх-ийн 34 дүгээр хуудас/ “...Түмэндэлгэр бид хоёрын хооронд зодоон болсон, дээрх гэмтлийг би учруулсан, Мөнх-Эрдэнэ, Наранцогт нар Түмэндэлгэрийг цохиогүй” гэх, гэрч С.Наранцогтын өгсөн /хх-ийн 27 дугаар хуудас/ “...Мөнх-Эрдэнэ бид 2 маргаанд оролцоогүй, Түмэндэлгэрийг цохиогүй” гэх, гэрч Х.Бямбасүрэнгийн өгсөн /хх-ийн 25 дугаар хуудас/ “Оргилболд, Түмэндэлгэр нарыг маргалдаж зодолдож байхад хажууд нь өөр хүн байгаагүй. Түмэндэлгэр гэж залууг Мөнх-Эрдэнэ, Наранцогт нар нийлж, бүгдээрээ тал талаас нь өшиглөж цохиогүй” гэх, гэрч Д.Мөнх-Эрдэнийн өгсөн /хх-ийн 17 дугаар хуудас/ “...Түмэндэлгэр, Оргилболд хоёр л хоорондоо маргалдаж, зодолдсон. Түмэндэлгэр босоод зогсчихсон миний эрүү рүү Оргилболд цохьсон, Мөнхдэлгэрийн гэрт очъё гэхэд нь Бямбасүрэн эгч танихгүй машинд суулгаж өгөөд явуулсан” гэх мэдүүлгүүдээр О.Оргилболд Э.Түмэндэлгэрийн эрх чөлөөнд халдсан, дээрх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийг зөвхөн О.Оргилболд учруулсан болох нь нотлогдсон байна.

4.Анхан шатны шүүх мөрдөн хохирогч, гэрч, яллагдагчаас хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан эсэх нь учир дутагдалтай гэж дүгнэсэн байна. Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлд заасан мэдүүлэг авах тухай хуульд заасан үндэслэл журмыг хэхэн зөрчсөн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий тайлбар хийгээгүй байна. Гэрч Б.Мөнхдэлгэр, Х.Бямбасүрэн нарын мэдүүлэг нь агуулгын хувьд ижил боловч мэдүүлэг авсан огноо, газар өөр өөр бөгөөд Б.Мөнхдэлгэр, Х.Бямбасүрэн нарыг гэрчээр байцаахаас өмнө Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулсан нь хууль зөрчөөгүй байна. Гэрч Х.Бямбасүрэн 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр, С.Наранцогт нарыг гэрчээр 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр тус тус байцаасан тэмдэглэлийн өдрийг гараар зассан гэх үндэслэлээр нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзвэл Х.Бямбасүрэн, С.Наранцогт нарыг 2017 оны 06 дугаар сарын 30, 07 дугаар сарын 15-ны өдрүүдэд дахин гэрчээр байцаасан тэмдэглэлийг шүүх үнэлэх боломжтой. Дээрх мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүгүй, хэрэв анхны мэдүүлгүүдийг үнэлэх боломжгүй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар нотлох баримтын зарим хэсгийг нотлох баримтаар тооцохгүй байх хуулийн заалтыг хэрэглэн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэх боломжтой байсан. Мөн анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээ тайлбарлаагүй болно. Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 302 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын  эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Прокурор ямар үндэслэлээр эсэргүүцэл гаргаснаа тайлбарлалаа. Мөрдөн байцаалтанд буцаах тухай асуудал нь мөрдөгч мөрдөн байцаалт явуулах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн байсан. Энэ юунаас харагддаг вэ гэхээр шинжээчийн дүгнэлтээр нилээн олон тооны гэмтэл учирсан гэж гардаг. Гэтэл шүүгдэгч нэг удаа дарж авсан, нэг удаа өшиглөсөн өөр үйлдэл хийгээгүй гэдэг. Ганц өшиглөлөө гэхэд хохирогчийн эрүү нь 2 хугарсан, шүд нь мултарсан, цээжинд нь гэмтэл учирсан. Гэтэл бусад гэмтэл нь ямар үйлчлэлээр хэн яаж учруулсан гэдэг нь тодорхойгүй. Мэдүүлгээрээ өгөөгүй өөр үйлдэл байгаад байна. Шинжээчийн дүгнэлтээр 3-4 удаагийн үйлчлэлээр энэ гэмтэл үүснэ гэдгийг тогтоосон. Тэгэхээр хохирогчийн мэдүүлгийг зайлшгүй шалгах шаардлагатай.

…Оргилболдоос гадна бааранд байсан бусад хүмүүсийг сэжигтнээр татаж шалгаагүй, зөвхөн гэрчээр асуусан. Гэрчээр асуухдаа хуульд заасан журмыг зөрчсөн. Мөнхдэлгэрийг анх байцаахдаа хууль сануулалгүй тайлбар авсан байдаг. Энэ байцаалтаа он сар өдрийг нь засварлаад 06 сарын 25-ны өдөр дахин байцаахдаа гараар он сарыг нь засаад тэр чигээр дахин хуулбарлаад тавьсан байсан. Өмгөөлөгчийн зүгээс Мөнхдэлгэрийг хууль сануулж байцаалт авсан гэж үзэхгүй байна. Энэ хүн тайлбараар гэрч болоод байгаа юм уу? аль эсхүл хууль сануулаад би худал мэдүүлэг өгч болохгүй юм байна хуулийн хариуцлага хүлээх нь юм байна гэдгийг ухамсарлаад гэрчээр байцаалт өгсөн нь эргэлзээтэй. Бямбасүрэнгээс анх 06 сарын 11-ний өдөр тайлбар аваад 06 сарын 23-ны өдөр хууль сануулж гэрчээр байцаалт авсан боловч түүний мэдүүлэг яг адил. Энэ байдал хаана давтагдсан бэ гэхээр Оргилболдыг сэжигтнээр асууж байцаалт авсан. Тэр нь яллагдагчаар байцаасантай яг адил байдаг.

Иймэрхүү байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж хуурамчаар хэрэг материал бүрдүүлж байгаа нь зөв зүйтэй талаар прокурор хэлж байгаад үнэхээр гайхаж байна. Хуулийн ямар заалт зөрчсөн бэ? гээд байна. Энэ хуулийн заалтыг хэлж өгье. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх ёстой. Мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 5 Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно. Үг үсгийн зөрүүгүй хуулбарлаад тавьсныг хууль ёсны гэж үзэх юм уу?  Мөн дээр нь он сар өдөр нь засвартай дараад биччихсэн. Бичиг үсгийн алдаа нь хүртэл яг адил байгаа учраас үүнийг хуулийн дагуу бэхжүүлсэн нотлох баримт гэж үзэж чадахгүй. Хууль бус аргаар бэхжүүлсэн энэ хуурамч нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болчихдог. Ийм нотлох баримтаар гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломж байхгүй. Шүүх хурал дээр тэр гэрч нарыг авчраад хууль сануулаад мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах боломжгүй. Шүүх гүйцэтгэх боломжгүй ажиллагаа, шүүх хэрэгт авагдсан хууль ёсны дагуу бэхжигдсэн нотлох баримтанд дүгнэлт өгч оролцоно уу гэхээс мөрдөн байцаалтын шатанд хийх ёстой гэрчийн байцаалтыг шүүх ажиллагаа хийгээд явах эрх үүрэгтэй субъект биш юм.

Прокурор төрийн нэрийн өмнөөс хууль хэрэгжүүлж хохирсон хүний нэр төр алдар хүндийг хамгаалж оролцох үүрэгтэй. Гэтэл хохирогчийг буруутгаад шүүгдэгчийг өмгөөлөөд байна. Прокурор хяналт тавих үүргээ биелүүлээгүй байна. Хууль бус аргаар цуглуулсан нотлох баримтыг хянаж шалгах, түүнийг засуулах үүрэгтэй байтал шүүхэд оруулж ирж байгаад гайхаж байна. Хор уршгийн асуудлын талаар дурдах шаардлага байхгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй түүнийг буцаах хууль зүйн үндэслэл байхгүй тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Тодорхойлох нь

              

О.Оргилболд нь согтуугаар 2017 оны 06 дугаар сарын 09-ний орой 23 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Буудай” караоке баарны гадна Э.Түмэндэлгэрийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх О.Оргилболдод холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд 302 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-д зааснаар Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Отгондалайн Оргилболдод холбогдох 201718000171 тоот хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцааж  шийдвэрлэсэн байна.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 02 тоот эсэргүүцлийн дагуу О.Оргилболдод холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад: Прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болсон гэрч Х.Бямбасүрэнгээс  2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр авсан тайлбар болон 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гэрчээр байцаасан гэх өдрийг нь гараар зассан, тайлбар авсан, өгсөн гэж гарын үсэг зуруулсан тэмдэглэл /хх-ийн 12, 23-24-р ху/, гэрч Б.Мөнхдэлгэрээс 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр авсан тайлбар болон 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэрчээр байцаасан гэх өдрийг нь гараар зассан,  тайлбар авсан, өгсөн гэж гарын үсэг зуруулсан тэмдэглэл зэрэг нь хоорондоо үг, үсгийн зөрүүгүй, тайлбар авсан болон байцаалтын ажиллагааг эхэлсэн, дуусгасан цаг, минут ижилхэн байгаа зэрэг нь өмнөх тайлбарыг хувилж хуулбарласан шинжтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан нотлох баримт гэж үзэх боломжгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулахад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин шүүгчийн захирамжинд заагдсан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг тогтоох, хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь туршилт хийж шалгаж, хохирогч, яллагдагч, гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж, хэм хэмжээг тогтоох зэрэг ажиллагаануудыг хийх шаардлагагүй байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийн холбогдох заалтуудыг хүлээн авах боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын  2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 302 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын  2017 оны 10 дугаар сарын     05-ны өдрийн 02 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 302 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

                                         ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                             Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                    Д.БУЯНЖАРГАЛ