Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 109/2021/0028/З |
Дугаар | 221/МА2021/0486 |
Огноо | 2021-09-08 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2021/0486
Ж.О-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Ж.О, өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн өмгөөлөгч М.Б нарыг оролцуулан, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Ж.О-ын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1.3, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн иргэн Ж.О-ын “Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Ж.О-ыг ажлаас халсан тухай Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ж.О шүүхэд гаргасан давж заалдах гомдолд: “... Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын даргын 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/10 дугаар тушаалыг гаргахдаа “2020 онд Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлуулж тайлагнахгүй ажиллаж хуулиар хүлээсэн үүрэг, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэл гаргасан нь учир дутагдалтай, яагаад гүйцэтгэлийн төлөвлөгөө батлуулаагүй, ямар шалтгаантайг нягтлан шалгалгүйгээр хуулийн заалтыг хэрэглэсэн байна. Үйл ажиллагааны төлөвлөгөө батлуулах нь 2 талын хэлцэл байх ёстой ба урьд байсан удирдлагаас тодруулах шаардлагатай болов уу.
Тэгээд ч гүйцэтгэлийн төлөвлөгөө батлуулаагүй нь төрийн албан хаагчыг халах үндэслэл болохгүй, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын16-ны өдрийн 218 дугаар тогтоолын 4.20 дэх хэсэгт “Албан хаагчийн ажлын үр дүн гурав ба түүнээс дээш удаа хангалтгүй үнэлэгдвэл төрийн жинхэнэ албанаас халах үндэслэл болно” гэж заасан байхад намайг удаа дараа буюу 3-аас дээш зөрчил гаргаагүй байхад төрийн албанаас хуулиар ажлаас халах нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Миний хувьд өөрийн ажлыг бүрэн хийж, үүнийхээ төлөө цалин урамшууллаа цаг хугацаанд нь авч байсан. Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөө, бусад холбогдох дээд шатны байгууллагуудаас гарсан хөтөлбөр чиглэлд миний эрхэлж буй ажлын байранд хамаарах ажлууд бүгд биелж хангалттай гэсэн үнэлгээ авсан байгаа.
Нөгөө талаар 2020 онд байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөө оройтож батлагдсан нь гүйцэтгэлийн төлөвлөгөө батлуулах боловсруулахад нөлөөлсөн болно.
2018, 2019 онуудад үр дүнгийн гэрээ байгуулагдаагүй ар гэрийн гачигдал, өөрийн аав, ээжийн бие хүндээр муудсан, байнгын асаргаатай болсноос миний бие цалингүй чөлөө авч байсантай холбоотой.
Г.Алтан-Очир нь улс төрийн томилгоогоор тус байгууллагын даргаар томилогдон ирснээс хойш улс төрийн агуулга гаргаж ажилчдыг намчирхан талцуулж байгууллагын уур амьсгалыг багаар ажиллах тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг үндсэндээ үгүй хийсэн. Ажил авснаас хойш нийт 4 хүн халсан нь бүгд Ардын намын удирдлагыг хийж байх үед ажилд орсон хүмүүс байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ :
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Ж.О-аас Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад холбогдуулан “Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Анхан шатны шүүхээс дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.
Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/13 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ж.О-ыг тус газрын Биологийн төрөл зүйл, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтнээр томилж, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар “... Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, холбогдох хууль тогтоомж, байгууллагын дотоод журмыг зөрчсөн” гэх үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл, 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/10 дугаар тушаалаар “Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаал “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоол “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийг тус тус баримтлан 2020 оны Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж, батлуулж, тайлагнахгүй ажиллаж хуулиар хүлээсэн үүрэг, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлж ирсэн гэх үндэслэлээр Ж.О-ыг үүрэг ажлаас нь халах тухай” тушаал гаргажээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “... гүйцэтгэлийн төлөвлөгөө батлуулаагүй нь төрийн албан хаагчыг халах үндэслэл болохгүй, миний эрхэлж буй ажлын байранд хамаарах ажлууд бүгд биелж хангалттай гэсэн үнэлгээ авсан” гэж маргасан байна.
Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 48.1.З-д “Төрийн албанаас халах”, 37 дугаар зүйлийн 37.1.8-д “Өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх”, 37.1.13-д “Албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 55 дугаар зүйлийн 55.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж, жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хэрэгжүүлнэ” гэж,
“Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.3.1-д “”Гүйцэтгэлийн төлөвлөгөө” гэж төрийн жинхэнэ албан хаагчаас энэ журамд заасны дагуу байгууллагын болон нэгжийн төлөвлөгөөг өөрийн албан тушаалын тодорхойлолттой уялдуулан боловсруулсан нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээний төлөвлөгөөг хэлнэ”, 5 дугаар зүйлийн 5.2-т “Энэ журмыг зөрчсөн албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэн” гэж тус тус заасан байна.
Тодруулбал, төрийн жинхэнэ албан хаагч нь хуульд зааснаар жил бүр гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж, холбогдох албан тушаалтнаар батлуулан, дүгнүүлэх үүрэгтэй бөгөөд албан хаагч хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангаагүй тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээхээр байна.
Хэрэгт авагдсан баримтууд болох анхан шатны шүүхээс Байгаль орчин, аялал жуулчлалын газрын бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэлд “Ж.О нь 2018, 2019 онуудад үр дүнгийн болон гүйцэтгэлийн төлөвлөгөө батлуулж, дүгнүүлсэн зүйл байхгүй”, тус газрын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 146 дугаар албан бичиг “Ж.О нь 2018, 2019, 2020 ондуудад үр дүнгийн гэрээ болон гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж, баталгаажуулж, дүгнүүлээгүй”, мөн газрын хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн М.Цэрэндолгорын мэдүүлэг, нэхэмжлэгчийн “... яагаад батлуулаагүй, ямар шалтгаантайг нягтлан шалгаагүй” гэх гомдол зэргээр Ж.О нь гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж, батлуулаагүй нь тогтоогдож байна.
Дээрхээс дүгнэж үзвэл, нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон зөрчлийг гаргасан нь тогтоогдохын зэрэгцээ 2018-2020 онд гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж, батлуулан, дүгнүүлээгүй нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болохоор байх тул уг үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас халсан нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.
Мөн нэхэмжлэгч нь “... үйл ажиллагааны төлөвлөгөө батлуулах нь 2 талын хэлцэл байх ёстой ба урьд байсан удирдлагаас тодруулах шаардлагатай, гүйцэтгэлийн төлөвлөгөө батлуулаагүй, ямар шалтгаантайг нягтлан шалгалгүйгээр хуулийн заалтыг хэрэглэсэн” гэж тайлбарлан маргах боловч 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгч нь ямар нэгэн тайлбар, санал гаргаагүй байх тул дээрх гомдол үндэслэлгүй.
“Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийн төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна” гэж заасан.
Нэхэмжлэгч нь намайг удаа дараа буюу 3 ба түүнээс дээш зөрчил гаргаагүй байхад төрийн албаны тухай хуулиар ажлаас халсан нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байх боловч 2018-2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулаагүй нь түүнийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэл болох бөгөөд хариуцагчийн ногдуулсан сахилгын шийтгэл нь нэхэмжлэгчийн үйлдсэн зөрчлийн шинжид тохирсон гэж үзэхээр байна.
Түүнчлэн Биологийн төрөл зүйл, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод зааснаар “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулж, хэрэгжүүлэх, биелэлтийг тайлагнах” үүрэгтэй боловч энэхүү үүргээ биелүүлээгүй нь маргаан бүхий захиргааны актад зааснаар албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэл болох юм.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР