Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 08

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Янжиндулам би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.Б, Д.А, Ц.Г, Ж.Ц нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Ховд аймгийн Засаг дарга, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга, Жаргалант сумын Хот тохижуулах газрын дарга нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/191 дүгээр захирамж, 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/373 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/18 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол болох 2017 оны 01 дүгээр сараас хойших хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Б, Д.А, Ж.Ц шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/191 дүгээр захирамж, 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/373 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/18 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол болох 2017 оны 01 дүгээр сараас хойших хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/18 дугаар захирамжийг Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/293 дугаар захирамжаар, Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/373 дугаар захирамжийг Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/602 дугаар захирамжаар хүчингүй болгосон. Тийм учраас бид энэ нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нэмж хэлэх тайлбар байхгүй. Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/373 дугаар захирамжийг Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/602 дугаар захирамжаар хүчингүй болгоход Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/191 дүгээр захирамж эргээд сэргэж, бидний эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа юм. 1995 онд Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу Хотын захирагчийн ажлын алба гэх байгууллага байгуулагдсан байдаг. Энэхүү байгууллага 1995 оноос хойш өдгөө болтол ажиллаж ирсэн байгууллага. Гэтэл Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/191 дүгээр захирамжаар хот тохижуулах гэж байгуулагдаагүй байгууллагад төсөв баталж өгсөн нь хууль бус юм. Жаргалант сумын харъяа байгууллагыг орон тоо, төсвийг аймгийн Засаг даргын харъяа байгууллагын орон тоо, төсөвтэй хүчээр нийлүүлээд баталсан байдаг. Манай байгууллагын салгасан, тусгаарласан, нэгтгэсэн, шилжүүлсэн ямар нэгэн Засгийн газрын тогтоол, хууль тогтоомж гараагүй.  Орон тоо төсвийг нь нэгтэн батлахдаа 4 мэргэжилтэн гээд баталчихсан. Хэн нь ямар ажил хийх ёстой, ажил үүргийн хуваарь байхгүй, ажлын байрны тодорхойлолт гэж байхгүй байсан. Хот тохижуулах байгууллага нь үйлчилгээний байгууллага. Гэтэл төрийн захиргааны байгууллагын салбарыг нэгтгээд тэнд ажиллаж байсан төрийн захиргааны албан хаагчийг ямар ажил хийх нь тодорхойгүй үлдээчихсэн байсан. 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр болсон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар аймгийн Засаг даргын харъяанд байсан байгууллагын төсвийг Жаргалант сумын харъяанд төсвийг нь шилжүүлж баталсан. Гэхдээ Ховд аймгийн Засаг даргын 2017 оны А/191 дүгээр захирамжаа одоо болтол хүчингүй болгоогүй тул хүчин төгөлдөр мөрдөгдөж байна гэж үзэхээс өөр аргагүй. 2017 оны 8 дугаар сараас бидний цалингийн шатлалыг ТЗ-ийн 3 дахь шатлалаар цалинжуулж, үүнтэй холбоотой зэрэг дэв, удаан жилийн нэмэгдлийг дутуу өгсөн. 2017 оны 12 дугаар сард бидэнд энэхүү дутуу олгосон цалинг нөхөж бага хэмжээний мөнгө өгсөн байгаа. Хот тохижуулах газрын дарга 2018 оны төсвийг батлуулахдаа 21 сая төгрөгийг нэмж батлуулсан байгаа. Ингэхдээ бидний дутуу олгосон цалинг нэмж оруулаад батлуулах боломж байсан. Жаргалант сумын Засаг даргын 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/195 дугаар захирамжаар бидний цалинг нөхөж олгохоор гаргасан боловч энэхүү захирамжийг бүрэн биелүүлээгүй. Иймд нэхэмжлэгч Х.Б олгоогүй 597510 төгрөг, Ж.Ц-д 787000 төгрөг, нэхэмжлэгч Д.А-д 465000 төгрөгийн дутуу олгосон цалин гаргуулахаар нэхэмжилж байна. Харин нэхэмжлэгч Ц.Г-д дутуу олгосон цалингийн зөрүү байхгүй тул уг асуудлаар хариуцагч талтай эвлэрэх боломжтой гэдгээ бичгээр илэрхийлсэн байгаа.

Иймд бидний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга Д.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 3 дугаар хуралдаанаар аймгийн 2017 оны төсөвт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн Ингэхдээ хот тохижуулах газрын төсвийг Жаргалант суманд олгох санхүүгийн дэмжлэгт тусган баталснаар нэхэмжлэгч нарын шүүхэд маргах болсон үндэслэл арилсан. Аймгаас олгох санхүүгийн дэмжлэгт тусгагдсан хот тохижуулах газрын төсвийг захиран зарцуулах, түүгээр захирагчийн ажлын алба санхүүжүүлэх эсэх  асуудал нь Жаргалант сумын Засаг дарга, түүний тамгын газрын эрх хэмжээнд хамааралтай болно гэжээ.

 

Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга Ц.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2/06 дугаар тогтоолоор /Хотын захирагчийн ажлын албаны төсөв, орон тоо Жаргалант сумын төсөвт батлагдаж ирээгүй/ Ховд хотын захирагчийн ажлын албаны бүтэц орон тоо, цалингийн төсөв аймгийн Засаг даргын дэргэдэх хот тохижилтын газар шилжсэнтэй холбогдуулан тухайн албаны дарга мэргэжилтнүүдийг Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу баталгааг хангах зорилгоор цалин хөлс шилжсэн газар буюу Хот тохижуулах газарт Захирагчийн ажлын албаны дарга, мэргэжилтнүүдийг шилжүүлсэн шийдвэрийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/18 дугаар захирамж гарсан. Иймд учирсан хохирлыг бид хариуцах хууль зүйн үндэслэл байхгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч Х.Б, Д.А, Ц.Г, Ж.Ц нар Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Ховд аймгийн Засаг дарга, Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Жаргалант сумын Засаг дарга, Жаргалант сумын хот тохижуулах газрын дарга нарт холбогдуулан

1. Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны12 дугаар сарын 02-ны өдрийн 2/06 дугаар тогтоол илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох , уг тогтоолын “Гурав” дахь хэсгийн 3.2 дугаар хүснэгтэд байгаа “Хот тохижуулах газар“ болон түүний төсөв баталсан хэсгийг, “Зургаа” дахь хэсгийн 6.17 дугаар хүснэгтэд байгаа “Жаргалант сум “ болон түүнд олгох санхүүгийн хэмжээг баталсан хэсгийг тус тус хүчингүй болгуулах

2. Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 сарын 16-ны өдрийн 2/05 дугаар тогтоол нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, уг тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах

3. Ховд хотын Захирагчийн ажлын албаны орон тоо ,төсвийг аймгийн Засаг даргын төсвөөс салган Жаргалант сумын төсөвт тусгайлан батлуулахаар аймгийн 2017 оны төсвийн төслийг боловсруулан Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн барихыг Ховд аймгийн Засаг дарга Д.Г-д шүүхээс даалгах

4. Ховд хотын Захирагчийн ажлын албаны орон тоо төсвийг аймгийн Засаг даргын төсвөөс салган Жаргалант сумын төсөвт тусган аймгийн 2017 оны төсвийг батлахыг Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд шүүхээс даалгах

5. Ховд хотын Захирагчийн ажлын албаны орон тоо ,төсвийг Жаргалант сумын 2017 оны төсөв баталсан тогтоолын “Гурав “ дахь хэсэгт нэмж оруулан батлуулахаар сумын 2017 оны төсвийн төслийг боловсруулан Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлэхийг Жаргалант сумын Засаг дарга Д.Ганданповронд шүүхээс даалгах

6. Ховд хотын Захирагчийн ажлын албаны орон тоо .төсвийг Жаргалант сумын 2017 оны төсөв баталсан тогтоолын “Гурав “ дахь хэсэгт нэмж батлахыг Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд шүүхээс даалгах

7. Хууль бус шийдвэрийн улмаас бидэнд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх. Үүнд: 2017 оны 01 , 02, 03 сард бидэнд олговол зохих үндсэн цалин болон төрийн алба хаасан хугацааны , зэрэг дэвийн нэмэгдэл , унаа хоолны хөнгөлөлтийн мөнгө нийлээд Ховд хотын Захирагчийн ажлын албаны дарга Ж.Ц-д 1 272 832 төгрөгийн , ахлах мэргэжилтэн Д.А-д 1022 553 төгрөгийн , мэргэжилтэн Х.Б-д 1051 471 төгрөгийн, мэргэжилтэн Ц.Г-д 609 162 төгрөгийн буюу бүгд 3 956 018 төгрөгийг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх

8. 2017 оны 04 сард болон түүнээс хойш энэхүү нэхэмжлэл шүүхээр шийдэгдэх хүртэл хугацаанд олгогдоогүй цалин хөлс, нэмэгдэл , нэмэгдэл хөлсийг бүрэн тооцож олгох асуудлыг шийдвэрлүүлэх

9. Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г. П , Ховд аймгийн Засаг дарга Д.Гг нарын Захиргааны актыг хуульд нийцүүлэн гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоохоор нэхэмжлэл гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 5 дугаар сарын 18-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж,

  • Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2/06 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгож, уг тогтоолын гурав дахь хэсгийн Хот тохижуулах газар болон түүний төсөв баталсан хэсэг, зургаа дахь хэсгийн Жаргалант сум болон түүнд олгох санхүүгийн хэмжээг баталсан хэсгийг хүчингүй болгуулах,
  • Жаргалант сумын Иргэдийн төлөөлөгчдийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2/05 дугаар тогтоол нь хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож хүчингүй болгуулах
  • Ховд хотын захирагчийн ажлын албаны орон тоо төсвийг аймгийн Засаг даргын төсвөөс салган, Жаргалант сумын төсөвт тусгайлан батлуулахаар аймгийн 2017 оны төсвийн төслийг боловсруулан Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн барихыг аймгийн Засаг дарга Д.Г-д даалгах,
  • Ховд хотын захирагчийн ажлын албаны орон тоо, төсвийг аймгийн Засаг даргын төсвөөс салган Жаргалант сумын Засаг даргын төсөвт суулган аймгийн 2017 оны төсөв батлахыг Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд даалгах,
  • Ховд хотын захирагчийн ажлын албаны орон тоо төсвийг Жаргалант сумын 2017 оны төсөв баталсан тогтоолын “Гурав” дахь хэсэгт нэмж оруулан батлуулахаар сумын 2017 оны төсвийн төслийг боловсруулан Жаргалант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлэхийг Жаргалант сумын Засаг даргад даалгах,
  • Ховд хотын захирагчийн ажлын албаны орон тоо төсвийг Жаргалант сумын 2017 оны төсөв баталсан тогтоолын “Гурав” дахь хэсэгт нэмж батлахыг Жаргалант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд даалгах,
  • Хууль бус шийдвэрийн учирсан хохирлыг Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргаас гаргуулах,
  • Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарын захиргааны актыг хуульд нийцүүлэн гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/191 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахыг хүсчээ.

Улмаар 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа дахин өөрчилж, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/18 дугаар захирамж, Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/191 дүгээр захирамжийг хүчингүй болгож, хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол болох 2017 оны 01 дүгээр сараас хойших хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн,

 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан “Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/373 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн байна.

Мөн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “...хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол болох 2017 оны 01 дүгээр сараас хойших хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх...” нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Жаргалант сумын Хот тохижуулах газрын даргад холбогдуулан гаргаж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

 

  1. Нэхэмжлэгч нарын “Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/18 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/293 дугаар захирамжаар Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/18 дугаар захирамжийг хүчингүй болгон хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.

Иймд “Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/18 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

  1. Нэхэмжлэгч нарын “Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/373 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/602 дугаар захирамжаар Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 30-ний өдрийн А/373 дугаар захирамжийг хүчингүй болгон хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.

Иймд “Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 30-ний өдрийн А/373 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

3.Нэхэмжлэгч нарын “Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/191 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нар “...Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 30-ний өдрийн А/373 дугаар захирамжийг Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн А/602 дугаар захирамжаар хүчингүй болгосон боловч Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/191 дүгээр захирамж сэргэж байгаа тул уг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа...” талаар шүүх хуралдаанд тайлбарлажээ.

Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/191 дүгээр “Хот тохижуулах газрын бүтэц, орон тоо батлах тухай” захирамжаар Ховд аймгийн Хот тохижуулах газрын бүтэц орон тоог баталжээ.

Улмаар Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 75 дугаар “Ховд эрч хүч” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгах тухай” тогтоолын 2 дахь заалтаар Хот тохижуулах газрын бүтцийг Жаргалант сумын бүтцэд оруулан баталжээ.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 “ж”-д “орон нутгийн өмчит хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргах, дүрмийг батлах” эрх нь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрх байх ба хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу Хот тохижуулах газрын бүтцийг Жаргалант сумын бүтцэд оруулан баталсан бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.7-д “сумын засаг дарга тухайн шатны төсвийн байгууллагын орон тоог төсвийн захирагч бүрээр батлах” гэж заасан тул Хот тохижуулах газрын бүтэц орон тоог Жаргалан сумын засаг дарга батлах бүрэн эрхтэй байна.

Хэдийгээр Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Ховд эрч хүч” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгах тухай” тогтоолын 2 дахь заалтаар Хот тохижуулах газрын бүтцийг Жаргалант сумын бүтцэд оруулан баталсан тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа хэдий ч аймгийн засаг дарга урьд гаргасан 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/191 дүгээр “Хот тохижуулах газрын бүтэц, орон тоо батлах тухай” захирамжийг хүчингүй болгоогүй  нь Төсвийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д “тухайн шатны төсвийн байгууллагын орон тоог төсвийн захирагч бүрээр батлах.” гэж заасантай нийцэхгүй байх тул  Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/191 дүгээр “Хот тохижуулах газрын бүтэц, орон тоо батлах тухай” захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

4.Жаргалант сумын Хот тохижилтын газрын даргад холбогдох “хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол болох 2017 оны 01 дүгээр сараас хойших хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хариуцагч Хот тохижуулах газрын дарга Т.Мягмартүвшин нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд тайлбараа бичгээр гаргаагүй ба шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт тайлбарлахдаа “...Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/195 дугаар “Албан тушаалын цалин, нэмэгдлийг үргэлжлүүлэн олгох, цалингийн зөрүүг нөхөн олгох тухай” захирамжийн дагуу Хот тохижуулах газрын 2017 оны төсөвт үлдсэн бүх мөнгөнөөс  нэхэмжлэгч нарын цалингийн зөрүүг олгосон, одоо өгөх мөнгө байхгүй...” гэж тайлбарлажээ.

Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/195 дугаар Албан тушаалын цалин, нэмэгдлийг үргэлжлүүлэн олгох, цалингийн зөрүүг нөхөн олгох тухай” захирамжийн дагуу нэхэмжлэгч Ж.Ц-д цалингийн зөрүү 1299260 төгрөг, нэхэмжлэгч Д.А-д 774020 төгрөг, нэхэмжлэгч Х.Б-д 245625 төгрөг, нэхэмжлэгч Ц.Г-д 171590 төгрөг тус тус олгосон нь Хот тохижуулах газрын “Цалингийн тооцооны хүснэгт”-ээр нотлогдож байна.

Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/195 дугаар захирамжаар нэхэмжлэгч нарын албан тушаалын цалингийн шатлал, дутуу олгосон цалингийн зөрүүг нөхөж олгохыг Хот тохижуулах газрын даргад зөвшөөрсөн ба Жаргалант сумын Засаг даргын захирамж хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Иймд нэхэмжлэгч нарын 2017 оны 01 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны цалингийн зөрүүг   тус бүрээр тооцон нийт дүнгээс нэхэмжлэгч Ж.Ц-с 1299260 төгрөг, нэхэмжлэгч Д.А-с 774020 төгрөг, нэхэмжлэгч Х.Б-с 245625 төгрөг, нэхэмжлэгч Ц.Г-с 171590 төгрөгийг тус тус хасаж тооцон хариуцагч хот тохижуулах газраас гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасны тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас “Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/18 дугаар, Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/373 дугаар захирамжуудыг хариуцагч нар хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Төсвийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/191 дүгээр “Хот тохижуулах газрын бүтэц, орон тоо батлах тухай” захирамжийг хүчингүй болгосугай.
  3. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын 2017 оны 01 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны цалингийн зөрүүг  тус бүрээр тооцон нийт дүнгээс нэхэмжлэгч Ж.Ц-с 1299260 төгрөг, нэхэмжлэгч Д.А-с 774020 төгрөг, нэхэмжлэгч Х.Б-с 245625 төгрөг, нэхэмжлэгч Ц.Г-с 171590 төгрөгийг тус тус хасаж тооцон хариуцагч хот тохижуулах газраас гаргуулж нэхэмжлэгч нарт олгох, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
  4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас /Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газраас/ 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.
  5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийн 1 дэх хэсэгт заасан хэсэгтэй холбогдуулан давж заалдах гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурьдсугай.
  6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЯНЖИНДУЛАМ