Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 05

 


М.Төгс-Итгэлтийн нэхэмжлэлтэй иргэний 
хэргийн тухай


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн
 давж заалдах шатны шүүхийн шүүх
 хуралдааны бүрэлдэхүүнд: 
                                                                         Даргалагч: Ерөнхий шүүгч: Ш.Баттогтох 
                                                                    Шүүгчид: М.Нямбаяр, Т.Жаргалсайхан 
Оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхжаргал
 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Мөнхнасан
Хариуцагч: Д.Нарандулам
Хариуцагчийн өмгөөлөгч: Ж.Дорждэрэм
Нарийн бичгийн дарга: О.Дэжидмаа

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Үйтүмэнгийн даргалж шийдвэрлэсэн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 386 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, М.Төгс-Итгэлтийн нэхэмжлэлтэй, Д.Нарандуламд холбогдох гэрлэлт цуцлуулж,                        2 хүүхдийн асрамж тогтоолгох тухай үндсэн, 2 хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь: 
    
    Нэхэмжлэгч М.Төгс-Итгэлт шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Д.Нарандуламтай 2010 оны 03 дугаар сарын 19-нд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас охин Т.Мишээл 2012 оны 6 дугаар сарын 28-нд, хүү М.Билэгт 2013 он 11 дүгээр сарын 19-нд төрсөн. Бидний гэр бүл болж амьдрах хугацаанд миний эхнэр Д.Нарандулам нь үүрэг хариуцлагаа умартан зугаа цэнгэл хөөж, архидан согтуурч, удаа дараалан намайг хууран мэхлэж байсан. Энэхүү байдлын улмаас цаашид бид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, 2 хүүхдийг миний асрамжинд үлдээж өгнө үү. Би Д.Нарандуламтай эвлэрэх гэж олон жил тэвчээртэй хүлээцтэй хандасны эцэст, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр орж эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцсон боловч эвлэрээгүй. Би энэхүү өргөдлөөсөө татгалзахгүй буцаахгүй. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Би хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэжээ. 
Хариуцагч Д.Нарандулам сөрөг нэхэмжлэлдээ:  Миний бие М.Төгс-Итгэлтэй 2010 оны 03 дугаар сарын 19-нд хурим хийж гэрлэлтээ батлуулсан.  М.Төгс-Итгэлт нь Япон улсаас ирж хурим хийж гэрлэлтээ батлуулчихаад буцаад явсан. Би 2010 оны 7 дугаар сард Япон улсад очиж хамтран амьдарч байгаад 2011 оны 9 сард жирэмсэн болж, 2011 оны 12 сард Монголд ирсэн. М.Төгс-Итгэлт хамт ирээгүй. 2012 оны 6 дугаар сарын 28-нд охин Т.Мишээл төрсөн. 2012 оны 10 сард би охины хамт Япон улсруу явсан. Бид 3 хагас жил хамт амьдарч байгаад 2013 оны 02 сард би жирэмсэн болоод охины хамт монголд ирсэн.   Улмаар 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүү Т.Билэгт төрсөн. 2 хүүхдийг маань төрөх үед М.Төгс-Итгэлт надтай хамт байгаагүй. М.Төгс-Итгэлттэй гэрлээд өнөөдрийг хүртэл 6 жил болж байгаа боловч, хамт амьдарсан хугацаа 2 жил 9 сар л байдаг. 

Намайг жирэмсэн байх үед болон 2 хүүхдийг маань төрөх үед, мөн хүүхдүүдээ өнөөдрийг хүртэл өсгөх хугацаанд хамт байж аавын үүргээ биелүүлээгүй. Намайг нөхөр маань үүрэг хариуцлагаа умартаж, зугаа цэнгэл хөөж, архидан согтуурч, удаа дараалан хуурч мэхэлсэн гэж байгаа нь худал юм. Ямар нэг байдлаар надаас гэрлэлтээ цуцлуулах шалтаг гэж үзэж байна. Учир нь би энэ хугацаанд 2 хүүхдээ өсгөн хүмүүжүүлж байсан. Япон улсад очиж М.Төгс-Итгэлттэй хамт амьдрах хугацаанд мөн адил хүүхдүүдээ өсгөж, хэл сурч, цагийн ажил хийж байсан. Эхнэр ээж хүний үүргээ нэг ч удаа мартаагүй. Нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлтээ цуцлуулна гэсэн шаардлагыг дэмжиж байна.  Харин миний охин Т.Мишээл, хүү Т.Билэгт нарыг миний асрамжинд үлдээж, эцэг М.Төгс-Итгэлтээс хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ. 
    
Анхан  шатны шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Сэрхийн Сэргэлэн Мөнхжаргалын Төгс-Итгэлт /РД:УП89010450/, Их дархчууд Доржсүрэнгийн Нарандулам /РД:ДЮ88102588/ нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2012 оны 6 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Төгс-Итгэлтийн Мишээлийг эцэг Мөнхжаргалын Төгс-Итгэлтийн асрамжид, 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү Төгс-Итгэлтийн Билэгтийг эх Доржсүрэнгийн Нарандуламын асрамжид тус тус үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч  М.Төгс-Итгэлт, хариуцагч Д.Нарандулам нар эцэг, эх байх эрх, үүрэг хэвээр хадгалагдахыг дурдаж, зохигчид дундаа хамтран өмчлөх хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө байхгүй, эд хөрөнгийн маргаангүй гэснийг, мөн М.Төгс-Итгэлт нь охин Т.Мишээлд хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс гэрлэлт цуцлуулах шаардлагад төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг хариуцагч Д.Нарандуламаас гаргуулан нэхэмжлэгч М.Төгс-Итгэлтэд олгохыг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар уг шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар Иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Чанцалдуламд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь  хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.    
    
Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэний хэргийн хариуцагч Д.Нарандуламын өмгөөлөгч Ж.Дорждэрэм миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 386 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж 7 нас хүрээгүй охин Т.Мишээлийг М.Төгс-Итгэлтэд асрамжлах эрхийг өгсөн нь хэт нэг талыг барьсан хууль зүйн үндэслэлгүй шийдвэр байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 2016 оны   11   дүгээр  сарын  21-ний  өдрийн  386 дугаар  шийдвэрийг  нэхэмжлэгч  бид хүндэтгэж байгаа боловч хариуцагч тал нь давж заалдах гомдол гаргаж байгаа учраас дараах өөрчлөлтийг оруулах хүсэлтэй байгаа.

Шүүх М.Төгс-Итгэлтийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байгаа. Хүү Т.Билэгтийг эх Д.Нарандуламын асрамжинд үлдээж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Нарандулам нь өндөр настай аав, ээжийн хамт тэдний тэтгэврийн мөнгөнөөс өөр орлогогүй амьдардаг. Өөрөө ажилгүй. Хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтаас харахад М.Төгс-Итгэлт нь цалин хөлсний эх үүсвэртэй, хүүхдийн хүмүүжил болон тэдний өсөж бойжих орчин, орон байрны нөхцлөөр Д.Нарандуламаас давуу байгаа нь харагдаж байгаа.
Иймд    2016 оны   11  дүгээр сарын 21-ний өдрийн  386 дугаар  шийдвэрт өөрчлөлт оруулж хүү Т.Билэгтийг аав М.Төгс-Итгэлтийн асрамжинд үлдээж өгнө үү.

Хариуцагч тал хэрвээ давж заалдах гомдлоосоо татгалзвал анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч тал бид гомдлоосоо татгалзах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч М.Төгс-Итгэлт нь хариуцагч Д.Нарандуламаас гэрлэлт цуцлуулж, 2 хүүхдийн асрамж тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг хариуцагч Д.Нарандулам нь эс зөвшөөрч мөн 2 хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.
    
    Гэрлэгчид албан ёсны гэр бүл болоод 6 жилийн хугацаанд хамтран амьдарч 2012 онд охин Т.Мишээлийг, 2013 онд хүү Т.Билэгтийг төрүүлж өсгөсөн ба энэ хугацаанд М.Төгс-Итгэлт нь эхнэр Д.Нарандуламыг хүүхдүүдийн эх байх үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй зугаа, цэнгэл хөөцөлдөх, архидан согдуурах зэрэг үйлдэл гаргадаг гэж хардах сэрдэх, доромжлох зэргээр таарамжгүй харьцаатай байсан нь зохигчдын тайлбараар нотлогджээ.

    Гэрлэгчдэд эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа явуулсан, мөн шүүхээс эвлэрүүлэх хугацаа өгсөн боловч талууд идэвх санаачлагагүй ажилласнаас уг ажиллагаа амжилтгүй болсон байна.

    Гэрлэгчдийн таарамжгүй харьцаа, эвлэрэх боломжгүй байдал нь тэдний гэрлэлтийг цуцлах шалтгаан болсон гэж анхан шатны шүүх үзэж, тэдний гэрлэлтийг цуцалсан нь буруу биш байна.

    Харин хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ цалингийн эх үүсвэртэй, хүүхдийн хүмүүжил болон өсөж бойжих орчин, орон байрны нөхцлөөр М.Төгс-Итгэлт давуу, Д.Нарандуламын тухайд ахуй нөхцлийн бололцоо, хүртээмж бага гэж дүгнэн бага насны буюу 4 нас 7 сартай охин Т.Мишээлийг эцэг М.Төгс-Итгэлтийн асрамжид үлдээсэн нь үндэслэлгүй байна.

    Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг, эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай саналаа илэрхийлэх эрхтэй” бөгөөд охин Т.Мишээл бага насны хүүхэд тул эцэг, эхийнхээ хэнтэй нь амьдрах талаар саналаа илэрхийлэх боломжгүй байна.

    Ийм нөхцөлд дээр дурдсанаар хүүхдүүдийн өсөж, хүмүүжих орчин нөхцөл давуу гэх үндэслэлээр төрсөн цаг, үеэсээ хойш төрсөн эхийн хамт байгаа бага насны хүүхдүүдийг бие биенээс нь салгаж, төрснөөсөө хойших богино хугацааг эс тооцвол өнөөдрийг хүртэл хамт байгаагүй, гадаадад /Япон улс/-д ажиллаж амьдарч байгаа эцэг М.Төгс-Итгэлтийн асрамжид үлдээсэн нь буруу бөгөөд хариуцагч эх Д.Нарандулам нь үр хүүхдээ ялгаварлан гадуурхсан, анхаарал, халамж тавихгүй байгаа байдал тогтоогдоогүй байхад бага балчир насны хүүхдүүдийг тусдаа амьдралтай хүмүүст салгаж асрамжийг тогтоосон нь үндэслэл муутай болжээ.
    Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11-д зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах, 17 дугаар зүйлийн 2-т зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар эцэг, эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд Хүүхдийн эрхийн конвенцийн 3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулах нь чухал юм.
    Мөн нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нь 3 нас 2 сартай хүү Т.Билэгтийг эх Д.Нарандуламын асрамжид өгснийг эс зөвшөөрч өөрийн асрамжид авах тухай шүүхэд гаргасан гомдлын үндэслэлээ мөн л Д.Нарандуламыг өндөр настай аав, ээжийн хамт тэдний тэтгэвэрээс өөр орлогогүй тул өөрийн асрамжид авна гэжээ. 
    
    Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. “Хүүхдээ асран хамгаалах” нь эцэг, эхийн үүрэг гэж заасан байх бөгөөд Д.Нарандулам нь хүүхдээ асран хамгаалах боломжгүй, өөрөөр хэлбэл ёс суртахуун, зан байдлын болон ахуй нөхцлийн талаар дутагдалтай гэх байдал тогтоогдоогүй байгааг дахин дурдах нь зүйтэй байна.  
    
    “Хүүхдүүдийн асрамжийг шүүхийн шийдвэрээр тогтоосныг” Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасантай адилтгаж нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзэх боломжгүй бөгөөд ингэснээр хүүхдийн эх, эцэгтэйгээ хамт амьдрах, тэдний хайр халамжийг хүртэх эрх ноцтой зөрчигдөхөд хүрнэ.
    Энэ тухай хүүхдийн асрамжийг дахин тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл болон гомдол гаргасныг буруутгах боломжгүй юм.

    Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн давж заалдсан годлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1.Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 386 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Төгс-Итгэлтийн Мишээл, 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү Төгс-Итгэлтийн Билэгт нарыг эх Доржсүрэнгийн Нарандуламын асрамжинд үлдээсүгэй ...” гэж өөрчилж, 3 дахь заалтаар “Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар Т.Мишээл, Т.Билэгт нарыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг М.Төгс-Итгэлтээс гаргуулсугай...” гэж нэмэлт өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 4, 4 дэх заалтыг 5 болгож, 5  дахь заалтын  “...хариуцагч Д.Нарандуламаас гаргуулан нэхэмжлэгч М.Төгс-Итгэлтэд олгосугай...” гэснийг “...улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг нэхэмжлэгч М.Төгс-Итгэлтээс гаргуулан хариуцагч Д.Нарандуламд олгосугай...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.   

      2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар Д.Нарандуламын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

    3.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн,хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ш.БАТТОГТОХ

                            ШҮҮГЧИД                                                   М.НЯМБАЯР

                                                                                                 Т.ЖАРГАЛСАЙХАН