Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 338

 

 

 

 

 

 

2020        04          28                                   2020/ШЦТ/338

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч М.Энхбаатар,

  шүүгдэгч Т.Б /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хиуд овогт Т.Б-д холбогдох эрүүгийн 2011 00776 0344 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1957 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 63 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тэтгэвэрт байдаг, ам бүл 2, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 44-27 тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

Хиуд овогт Т.Б, регистрийн дугаар /ХГ57122774/.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Т.Б нь 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн хажууд байрлах сагсан бөмбөгийн талбай дээр сагс тоглож байгаад хохирогч О.Анхбаяртай маргаж улмаар түүний зүүн нүд орчимд гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би одоо тэтгэвэрт байдаг сард 350.000 төгрөг авдаг. Хохирол төлбөр төлсөн байгаа. Нүдний шил, томографик хийж өгсөн. 300.000 орчим төгрөг болсон. Өөрөө бол одоо болсон л гэж хэлсэн. Анх удаагаа л ийм хэрэгт орооцолдчихлоо. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч О.Анхбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 50-р сургуулийн хажуугийн сагсан бөмбөгийн талбай дээр тоглож байсан чинь өмнө нь бид нартай цуг тоглож байсан нэг настай эргтэй хүн ирээд би цуг тоглоё гэхээр нь багаа бэлдчихээ, дараагийн багт ороод ирээрэй гэж хэлсэн. Тэгээд тоглож байгаад нөгөө эрэгтэй настай ах дүрэм зөрчөөд, алдаа хийгээд намайг түлхээд байхаар нь би алдаагаа авъя гэсэн чинь, би алдаа хийгээгүй, чи өөрөө ирж намайг мөргөсөн гэсэн. Тэгээд үргэлжлүүлээд тоглож байгаад дахин алдаа гаргаад байхаар нь чимээгүй тоглоод байсан. Тоглох явцдаа би довтлоод тоглоод намайг түлхээд байхаар нь би буцаагаад түлхсэн. Тэгээд би бөмбөгөө шийд рүүгээ шидэж оруулчихаад зогссон чинь эргэж хараад миний зүүн нүд орчимд гараараа нэг удаа цохисон. Настай хүнтэй маргалдаад яахав дээ гэж бодоод 102 дугаарт дуудлага өгсөн. Тэр хүн миний зүүн нүд орчимд цохисон. Би зүүн нүднийхээ доод хэсэгт 15 оёо тавиулсан. Шүүх эмнэлэгт үзүүлсэн байгаа. Намайг бид нартай цуг тоглохоор ирсэн настай ах нэг удаа цохисон. Бид сагс тоглож байгаад тэр хүнийг алдаа гаргаад байна, цэвэрхэн тоглоо чээ, алдаагаа авъя гэдгээс болоод түлхэлцээд байсан. Тэгээд тэр ах намайг тоглож байхад эргэж хараад нэг удаа цохичихсон. Би гомдолгүй, соривны тос авч соривоо бүдэгрүүлмээр байна...” гэх мэдүүлэг./хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Гэрч Ч.Хонгорзул нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 17 цагийн үед Ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн хажуугийн сагсны талбай дээр манай найз залуу Анхбаяр нь сагс тоглож байсан. Тэгтэл нэг настай хүн ирээд цуг тоглоё гээд тэд нартай багт хуваагдаад тоглож байх үедээ үгээр идэлцээд, тоглоом шоглоом болоод тоглож байсан. Тэгээд тэр настай ах манай найз залууг бөмбөг шидэх үед түлхээд алхаад хийгээд байхаар нь О.Анхбаяр битгий алдаа хийгээд байгаа чээ, би алдаагаа авъя гэхээр нь би алдаа хийгээгүй, хөл халтирчихлаа гээд бөмбөгөө өгөөгүй. Тэгээд дахин тоглож байгаад тэр настай ах Анхбаярыг бөмбөг шидэх гэж байхад нь Анхбаярын зүүн нүд орчим гараараа нэг удаа цохисон. Тэр үед Анхбаярын шил хагарсан нүднийх нь доод зовхи орчмоос цус гарсан. Тэгээд Анхбаяр цагдаа дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Туяагийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 3933 дугаартай шинжээчийн “...О.Анхбаярын биед зовхинд няцарсан шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Уг гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт /хх-ийн 17-18 дугаар/,

Шүүгдэгч Т.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 50-р сургуулийн хажуу талын Сагсны талбай дээр сагс тоглож байгаад 20 орчим насны нэг залуутай муудалцаад уурандаа нөгөө залуугийн нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохичихсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 22/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 29/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 28/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 91 дүгээр тогтоол /хх 41/, шүүгдэгч Т.Б-гийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 36/, хохирогч О.Анхбаярын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 37/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Б нь 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн хажууд байрлах сагсан бөмбөгийн талбай дээр сагс тоглож байгаад хохирогч О.Анхбаяртай маргаж улмаар түүний зүүн нүд орчимд гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч О.Анхбаярын “...Тоглох явцдаа би довтлоод тоглоод намайг түлхээд байхаар нь би буцаагаад түлхсэн. Тэгээд би бөмбөгөө шийд рүүгээ шидэж оруулчихаад зогссон чинь эргэж хараад миний зүүн нүд орчимд гараараа нэг удаа цохисон. Настай хүнтэй маргалдаад яахав дээ гэж бодоод 102 дугаарт дуудлага өгсөн. Тэр хүн миний зүүн нүд орчимд цохисон. Би зүүн нүднийхээ доод хэсэгт 15 оёо тавиулсан. Шүүх эмнэлэгт үзүүлсэн байгаа. Намайг бид нартай цуг тоглохоор ирсэн настай ах нэг удаа цохисон. Бид сагс тоглож байгаад тэр хүнийг алдаа гаргаад байна, цэвэрхэн тоглоо чээ, алдаагаа авъя гэдгээс болоод түлхэлцээд байсан. Тэгээд тэр ах намайг тоглож байхад эргэж хараад нэг удаа цохичихсон. Би гомдолгүй, соривны тос авч соривоо бүдэгрүүлмээр байна...” гэх мэдүүлэг./хх-ийн 12-13 дугаар хуудас/, гэрч Ч.Хонгорзулын “...Тэгээд тэр настай ах манай найз залууг бөмбөг шидэх үед түлхээд алхаад хийгээд байхаар нь О.Анхбаяр битгий алдаа хийгээд байгаа чээ, би алдаагаа авъя гэхээр нь би алдаа хийгээгүй, хөл халтирчихлаа гээд бөмбөгөө өгөөгүй. Тэгээд дахин тоглож байгаад тэр настай ах Анхбаярыг бөмбөг шидэх гэж байхад нь Анхбаярын зүүн нүд орчим гараараа нэг удаа цохисон. Тэр үед Анхбаярын шил хагарсан нүднийх нь доод зовхи орчмоос цус гарсан. Тэгээд Анхбаяр цагдаа дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Туяагийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 3933 дугаартай шинжээчийн “...О.Анхбаярын биед зовхинд няцарсан шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Уг гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт /хх-ийн 17-18 дугаар/, шүүгдэгч Т.Б-гийн “...2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 50-р сургуулийн хажуу талын Сагсны талбай дээр сагс тоглож байгаад 20 орчим насны нэг залуутай муудалцаад уурандаа нөгөө залуугийн нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохичихсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогч О.Анхбаяр нь “...Би Т.Бтэй эвлэрсэн. Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Т.Б нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч Т.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгийн торгох ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хиуд овогт Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-г 460 /дөрвөн зуун жар/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Т.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.РЕНЧЕНХОРОЛ