Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 339

 

 

 

 

 

 

2020        04          28                                   2020/ШЦТ/339

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч П.Итгэл,

  шүүгдэгч У.Т, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт У.Т-т холбогдох эрүүгийн 1911 02697 1076 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1970 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр баг, Сүлд, тусгаар тогтнолын гудамж 99 байр, 2 тоотод оршин суух хаягтай,

-урьд 1989 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Сүхбаатарын районы шүүхийн 18 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэг, 241 дүгээр зүйлийн 241.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 1991 оны 07 дугаар сарын 01-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан,

-2000 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сум дундын шүүхийн 6 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 9 сар 27 хоногийн хорих ялаар шийтгүүлж 2001 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Шүүгчийн захирамжаар 9 сар 18 хоногийн хугацаанаас өмнө тэнсэн сулласан,

-2001 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Дорноговь аймгийн Сум дундын шүүхийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж Шүүгчийн захирамжаар үлдэгдэл 4 сар 9 хоногийн хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

-2004 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Дорноговь аймгийн Сум дундын шүүхийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 120 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

-2004 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн Дорноговь аймгийн Сум дундын шүүхийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар 25 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж, 2005 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

-2010 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Дорноговь аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

-2010 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Дорногов аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, 2010 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Дорноговь аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 60 дугаартай шийтгэх топгоолоор оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялаас үлдсэн 4 жил 9 сарын хорих ялын зарим нь болох 4 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 7 жилийн хорих ялаар шийтгүүлж 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан,

-2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 192 дугаар шийтгэх тогтоолоор 1 жилийн ял хорих ялаар шийтгүүлж 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр суллагдсан, хэрэг хариуцах чадвартай,

Боржигон овогт У.Т, регистрийн дугаар / /,  

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч У.Т нь 2019 оны 10 дугаар сарын 13-ны орой Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Улсын их дэлгүүр”-ийн хажууд хохирогч О.Оюунчимэгээс “гар утсаараа яриулаач” гэж хуурч “Honor” маркийн гар утсыг шилжүүлэн авч 80,000 /наян мянга/ төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч У.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 13-ны орой Их дэлгүүрийн хажуунаас хохирогч Оюунчимэгээс утсаар ярьчихаад ирье гэж хэлээд гар утсыг нь аваад явсан. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч О.Оюунчимэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр би найз нартайгаа төрсөн өдөр тэмдэглэж бага зэрэг архи уучихаад орой бүрэнхий болсон байхад Улсын их дэлгүүрийн яг хажууд алхаж байхад нэг залуу утсаар яриад өгье гэхээр нь би өөрийн “Ноnог” гэсэн бичигтэй саарал өнгийн гар утсаа өгчихөөд өөр тийшээ харчихаад буцаад харахад тэр залуу алга болчихсон байсан. 50 орчим насны эрэгтэй хүн байсан...Миний гар утсыг манай охин 4 жилийн өмнө 300,000 төгрөгөөр худалдан авч өгч байсан. /Ноnог che1-cl10/ гэсэн загвартай гар утас байсан. Одоо би 100,000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

Ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Мягмарсүрэнгийн “...2019 оны 10 дугаар сарын 14-ний өглөөний 10 цаг 10 минутад Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо “Монтел" худалдааны төвийн гадаа “Honor” гэсэн бичигтэй шаргал өнгийн гар утас зарах гэж байсан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг Соёмбын 15-09 тоотод оршин суух Уртнасангийн У.Т /МЧ70072616/ зарах гэж байсныг шалгахад: 2019 оны 10 дугаар сарын 13-ны оройн 2 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Улсын их дэлгүүрийн баруун талын сааданд явж байсан иргэн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 18-03 тоотод түр оршин суух Оюун овогтой Оюунчимэг/МИЭ6808Ю02/ гар утсыг хулгайлан зарах гэж явсныг тогтоон Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн жижүүрт хүлээлгэн өгөв...” гэх илтгэх хуудас /хх-ийн 14 дүгээр хуудас/,

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 30 дугаар хуудас/,

Шүүгдэгч У.Т нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Дорноговь аймгийн Замын-Үүд суманд амьдардаг юм тус суманд ажлын байр байхгүй учраас 2019 оны 10 дугаар сарын 10-ны үеэр ажил хийхээр Улаанбаатар хотод орж ирээд охин Солонгын гэрт ганц нэг хонож тэндээ байж байгаад 2019 оны 10 дугаар сарын 13-ны оройн 21 цагийн орчим санагдаж байна гараад Улсын их дэлгүүрийн ойролцоох сааданд салхилаад сууж байсан тэгээд миний хажууд 50 орчим насны согтуу эмэгтэй ирж суухаар нь нөгөө эмэгтэйтэй ойр зуурын юм ярьж байсан чинь тэр эмэгтэйн халааснаас саарал өнгийн гар утас цухуйгаад байхаар нь би дотроо гэнэт энэ согтуу байгаа юм чинь энэ хүний гар утсыг авчихъя гэж бодоод нөгөө эмэгтэйгээс гар утсаа өгчихөөч би нэгэн найзтайгаа утсаар ярьчихаад өгье гэж худал хэлж аваад ярьж байгаа дүр эсгээд цаашаа Улсын их дэлгүүрийн урд талруу зам гараад охиныхоо гэрт орж унтаад маргааш өглөө нь буюу 2019 оны 10 дугаар сарын 14-ний өглөө 10 цагийн орчим нөгөө гар утсаа зарж мөнгөтэй болъё гэж бодоод Төв шуудангийн ард талд байрлах Монтел гар утас худалдааны төвийн гадна очиж нөгөө залилж авсан гар утсаа зарах санаатай үзээд зогсож байсан чинь энгийн хувцастай цагдаагийн ажилтан гэж өөрийгөө танилцуулсан залуу хүрч ирээд наад гар утсаа аваад хүрээд ир үзье гэхээр нь аваад очтол энэ хэний гар утас юм бэ гэхээр нь миний гар утас гэсэн чинь гар утсанд хадгалсан байсан зургийг үзэж байгаад чиний гар утас биш байна шүү дээ цагдаагийн хэлтэс рүү явнаа гэж хэлээд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст авч ирсэн тэгээд би байцаалт өгөхдөө бүх үнэн зөвийг ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 29/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 28/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 81 дугаар тогтоол /хх 126/, шүүгдэгч У.Тын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 92/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.

Шүүгдэгч У.Т нь 2019 оны 10 дугаар сарын 13-ны орой Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Улсын их дэлгүүр”-ийн хажууд хохирогч О.Оюунчимэгээс “гар утсаараа яриулаач” гэж хуурч “Honor” маркийн гар утсыг шилжүүлэн авч 80,000 /наян мянга/ төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч О.Оюунчимэгийн “...2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр би найз нартайгаа төрсөн өдөр тэмдэглэж бага зэрэг архи уучихаад орой бүрэнхий болсон байхад Улсын их дэлгүүрийн яг хажууд алхаж байхад нэг залуу утсаар яриад өгье гэхээр нь би өөрийн “Ноnог” гэсэн бичигтэй саарал өнгийн гар утсаа өгчихөөд өөр тийшээ харчихаад буцаад харахад тэр залуу алга болчихсон байсан. 50 орчим насны эрэгтэй хүн байсан...Миний гар утсыг манай охин 4 жилийн өмнө 300,000 төгрөгөөр худалдан авч өгч байсан. /Ноnог che1-cl10/ гэсэн загвартай гар утас байсан. Одоо би 100,000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/, ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Мягмарсүрэнгийн “...2019 оны 10 дугаар сарын 14-ний өглөөний 10 цаг 10 минутад Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо “Монтел" худалдааны төвийн гадаа “Honor” гэсэн бичигтэй шаргал өнгийн гар утас зарах гэж байсан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг Соёмбын 15-09 тоотод оршин суух Уртнасангийн У.Т /МЧ70072616/ зарах гэж байсныг шалгахад: 2019 оны 10 дугаар сарын 13-ны оройн 2 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Улсын их дэлгүүрийн баруун талын сааданд явж байсан иргэн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 18-03 тоотод түр оршин суух Оюун овогтой Оюунчимэг/МИЭ6808Ю02/ гар утсыг хулгайлан зарах гэж явсныг тогтоон Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн жижүүрт хүлээлгэн өгөв...” гэх илтгэх хуудас /хх-ийн 14 дүгээр хуудас/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 15-16 дугаар хуудас/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 30 дугаар хуудас/, шүүгдэгч У.Т нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би дотроо гэнэт энэ согтуу байгаа юм чинь энэ хүний гар утсыг авчихъя гэж бодоод нөгөө эмэгтэйгээс гар утсаа өгчихөөч би нэгэн найзтайгаа утсаар ярьчихаад өгье гэж худал хэлж аваад ярьж байгаа дүр эсгээд цаашаа Улсын их дэлгүүрийн урд талруу зам гараад охиныхоо гэрт орж унтаад маргааш өглөө нь буюу 2019 оны 10 дугаар сарын 14-ний өглөө 10 цагийн орчим нөгөө гар утсаа зарж мөнгөтэй болъё гэж бодоод Төв шуудангийн ард талд байрлах Монтел гар утас худалдааны төвийн гадна очиж нөгөө залилж авсан гар утсаа зарах санаатай үзээд зогсож байсан чинь энгийн хувцастай цагдаагийн ажилтан гэж өөрийгөө танилцуулсан залуу хүрч ирээд наад гар утсаа аваад хүрээд ир үзье гэхээр нь аваад очтол энэ хэний гар утас юм бэ гэхээр нь миний гар утас гэсэн чинь гар утсанд хадгалсан байсан зургийг үзэж байгаад чиний гар утас биш байна шүү дээ цагдаагийн хэлтэс рүү явнаа гэж хэлээд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст авч ирсэн тэгээд би байцаалт өгөхдөө бүх үнэн зөвийг ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86 дугаар хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч О.Оюунчимэг нь “...Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би гар утсаа буцаан хүлээж авсан...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч У.Т нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч У.Т нь бусдыг хуурч эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Ингэхдээ хуульд заасан хорих ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар түүний цагдан хоригдсон 28 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт У.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Т-ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар У.Т-т оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У.Т-ын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 28 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

5. Шүүгдэгч У.Т нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Т-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.РЕНЧЕНХОРОЛ